Энэ зун өмнөх жилүүдийг бодвол хур бороо тэгширсэн сайхан зун болж байна. Гэсэн хэдий ч өнгөрсөн долоо хоногийн борооноор Сэлэнгэ аймгийн Хушаат сумын зарим иргэдийн тариалангийн талбай үерт автжээ. Тэд Орхон гол дагуу хүнсний ногоо тариалдаг байна. Одоогоор урьдчилсан байдлаар 48 айлын 45 га талбай үерт автсан хэмээн тооцоолжээ. Энэ тоо сумын хэмжээнд тариалсан ногооны 50 хувь бөгөөд, цаашдаа ч өсөх хандлага их байгаа юм. Ногооны талбай үерт автсанаас хойш хоёр хоноход хүнсний ногоо агааргүйдээд ялзардаг байна. Тиймээс худалдаанд гаргах ямар ч боломжгүй болсон гэнэ. Хушаат сумын жижиг дунд үйлдвэрлэл эрхэлдэг тариаланчид ямар ч тоног төхөөрөмжгүй голын эрэг дагаж ногоо тарьдаг аж. Энэ нь тэдэнд хамгийн их гарз учруулж байгаа юм. Харин том хөрөнгө оруулалттай компаниуд усалгааны системтэй учраас хамгийн аюулгүй талбайд ногоогоо тарьдаг байна. Ургацаа алдсан тариаланчид Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүлийн санаачилгаар байгуулсан “Сэлэнгэ сан”-гаас кг тутмыг нь 750 төгрөгөөр тооцож, төмсний үр зээлээр авчээ. Тэд үүнийгээ намар буцааж төлөх ёстой байсан хэдий ч тариалангийн талбай нь үерт автсан учир сум даяараа өртэй үлдэж байна гэж халаглаж байв.
Мөн ногоочид тариалангаа тариалахын тулд банкнаас зээл авсан байна. Хушаат сумын тариаланчид хэлэхдээ “Бид банкнаас хамгийн багадаа хоёр сая төгрөгийн зээл авсан. Одоо ногооны талбай үерт автаад ургац хураах ямар ч найдлагагүй үлдлээ. Банкнаас бас “Сэлэнгэ сан”-гаас авсан өрөө яаж төлөхөө мэдэхгүй байна. Аймгийн удирдлагууд ногоочидтой уулзаж бидний байдалтай танилцсан хүн ч алга. Хамгийн гол нь жижиг дунд үйлдвэрлэл эрхэлдэг жирийн иргэн бидэнд их гарз тохиолоо. Зөвхөн ногоо тарьж амьдардаг бид бүтэн жилийн турш ямар ч орлогогүй, дээрээс нь бөөн өртэй үлдлээ шүү дээ” хэмээн ярьж байв. Сэлэнгэ аймаг үр тарианы 40 орчим хувийг үйлдвэрлэдэг, хүнсний ногооны дийлэнхийг нийлүүлдэг аймаг. Монгол улсын сүүлийн дөрвөн жилийн ногоо, тарианы 27-53 хувийг нийлүүлсэн. Нийт өрхийн 3.1 нь газар тариаланд суурилсан өрхийн үйлдвэрлэлтэй юм байна. Сэлэнгэ аймгийн зарим тариаланчдад учраад байгаа хохирлын талаар тус аймгийн Хүнс хөдөө аж ахуй, жижиг, дунд үйлдвэрлэлийн газрын дарга Х.Даваахүү хэлэхдээ “Орхон гол дагуу ногоо тариалсан тариаланчид ургацаа алдсан гэсэн мэдээлэл ирсэн. Хушаат, Алтанбулаг сумын тариаланчид юм шиг байна. Бидэнд нарийн мэдээлэл ирээгүй ч судалгаа хийж байна. Гэхдээ энэ нь Сэлэнгийнхэн нийтээрээ ургацаа алдсан гэсэн үг биш. Учир нь энэ хоёр сумын тариалсан ногоо аймгийн нийт багахан хувийг бүрдүүлдэг. Хушаат, Алтанбулаг сумын тариаланчид ургацаа алдсан нь өөрсдөд нь хохиролтой. Харин улсад хохирол учруулахгүй. Халуунд халж, хүйтэнд хөрч яваа тэд үер уснаас болж ургацаа алдана гэдэг харамсалтай л даа” гэж байв.
Д.Шинээ
Сэтгэгдэл ( 0 )