Амьдралд намайг хөтөлдөг нэгэн дулаахан гар байдаг юм. Тэр гар миний гарт хүрэхэд би тайвширч, энэ орчлонд намайг хамгаалах, өмөөрөх түшиг тулгуур байгааг мэдэрдэг. Тэр гар миний гарыг атгахад би өөрийгөө энэ дэлхий дээрх хамгийн азтай хүн гэж тайвширдаг.
Тэр гар ажилд нухлагдаж ядарсан ч, хүйтэнд даарч улайсан ч хүрэх бүртээ хайрын илчээр намайг дулаацуулдаг. Тэр гарыг би өдөр бүр атгахдаа үргэлж анх удаагаа атгаж байгаа мэт догдолдог.
Тэр гар хүрсэн бүхнээ сэргээж байдагт нь би хайртай. Тэр гар хүрч, засаж, сэргээдэг учраас энэ гэрийн юм бүхэн надад үнэтэй санагдаж, сэтгэлд баяр хөөр авчирдаг... Энэ дулаахан гарыг атгасан учраас би амьдралын олон олон жилийг, урт удаан хүлээлтийг, хүний нутагт хүнд өдрүүдийг зоригтойгоор давсан. Энэ гар намайг амьдралын өндөрлөг өөд ядрангуй авирахад минь татаж, элгэндээ наан чанга тэвэрдэг. Халуун атгалт яагаад ямарч шагнал, эд хөрөнгөөс илүү эрхэм байдгийг тэгэхэд би ойлгосон. Энэ гар намайг буух замаа олохгүй тэмтчиж явахад урдаас минь тосч, зөв гарцаар алхуулдаг. Ямар ч үнээр сольж болохгүй итгэл энэ гартай хамт намайг тосдог учраас буруу гишгэж болохгүйгээ би мэдэрсэн.
Орчлонгийн олон сайхан сүмбэн хуруу, гоолиг гарыг биш эгэл миний жижигхэн гарыг олж атгасанд чамд би талархнам. Өөр хэний ч гарыг ингэж зүрх сэтгэлээсээ атгахгүй учраас би энэ гарны төлөө, сайхан амьдрахыг хичээдэг. Үрчлээтэж хөгширсөн ч, өвдөж хатингаршсан ч зөвхөн миний гарыг чангаас чанга атгах дулаахан тэр гаранд чинь би хайртай.
Өөр нэгэн танхил гарт алдахгүйн төлөө би чиний дулаахан гарын ядам хуруунд хуримын бөгж зүүснийг чи анзаарсан уу?
Бэлтгэсэн Д.Мигаа
(Жич: Arolob хэмээх энэ бүсгүйн бичлэг хүмүүст уярал ухаарал, сэтгэлийн эрч хүч бэлэглэдэг учраас амралтын өдрөөр сонирхуулахаар орууллаа)

Сэтгэгдэл ( 0 )