Д.Энхбаяр: Манай улсад анх удаа модерн бүжиг тавигдана

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 06

Үндэсний дуу бүжгийн “Түмэн-Эх” чуулгын уран бүтээлчид өмнөхөөсөө илүү ажилтай байгаа нь ажиглагдсан. Тиймээс тус чуулгаар орж хэрхэн ямар бүтээл туурвих гэж байгааг нь сонирхохоор орлоо. Бэлтгэлийн зааланд бүжиг дэглээч М.Мөнгөнцэцэг багш бүжигчидтэйгээ урьд үзэж байгаагүй өвөрмөц хөдөлгөөн давтуулж байв. Түүнтэй мэнд усаа мэдэж учрыг асуувал өнгөрсөн хоёрдугаар сарын эхээр Монголын урлагийн зөвлөлөөс санаачлан нийслэлд уран бүтээлээ туурвиж байгаа театр, чуулгын дунд бүжгийн шалгаруулалт явуулсан аж. “Энержи Ресурс” компаниас 20 сая төгрөгийн хандивтай босох тус шалгаруулалтад тэд “Дөрөө” нэртэй төсөл боловсруулснаар түрүүлжээ. Иймд тэд тэрхүү төслөө үзэгчдэдээ толилуулахаар энэ сарын 24-25-нд ДБЭЧ-ын тайзнаа тоглох гэж байна. Энэ бүжиг нь модерн бүжгэн жүжиг тул манай улсад анх удаа тоглогдох гэж буйгаараа онцлог. Тус бүтээлийг Д.Энхбаяр продюсерлож, найруулж байгаа юм билээ. Түүнтэй ярилцсанаа хүргэе.

-Тоглолтын бэлтгэл хэдэн хувьтай явж байна вэ?

-80 хувь гэхэд болно. Бүжигчид маань өдөр бүр 18:00 цагт жуулчдад зориулж тоглолт хийдэг хэрнээ үдээс өмнө бэлтгэлээ хийж байгаа нь энэ. Гар, сэтгэл нийлсэн сайхан хамт олонтой ажиллаж байгаадаа таатай байна. Эд нар маань их мэрийлттэй. Яавал улам сайхан болох нь вэ, шинэлэг зүйл юу байна гээд байнга эрэл хайгуулж хийдэг нь таалагддаг. Тэгээд ч залуучууд болохоор эрч хүчтэй, тэднээсээ энерги байнга авдаг.    

-Ер нь анх энэ уралдаанд хэдэн бүтээл өрсөлдсөн юм бэ?

-Арваад бүтээл ирсэн гэж урлагийн зөвлөлөөс хэлсэн. Бид төсөлдөө анхаарч бүтээлээ хэрхэн сайхан болгох вэ гэж л хичээсэн болохоор чухам хэдэн бүтээл өрсөлдөж байгааг мэдсэнгүй. Бид “Тогорууны хараал” нэртэй бүжгээр өрсөлдсөн.

-Зохиолыг нь Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн гуай бичсэн гэсэн. Хэзээ захиалгаа өгсөн бэ?

-Өнгөрсөн хоёрдугаар сарын эхээр захиалгаа өгч 10 хоногийн дараа авсан. Гэхдээ би анх түүнд хэлэхдээ “Манай чуулга “Дөрөө” нэртэй төсөл боловсруулж байгаа юм. Та энэ үгийг бодож байгаад зохиол бичээд өгөөч” гэж хэлсэн. Гэтэл маргааш нь над руу утсаар залгахдаа “Бодоод байтал чиний яриад байгаа ярианд чинь “Тогорууны хараал” нэртэй зохиол таарах юм байна” гэсэн. Тэгж хэлэхэд нь надад тийм нэртэй зохиол сүрдмээр санагдсан. Гэвч Б.Лхагвасүрэн гуайн хэлж байгаа нь тогоруу гэдэг амьтан үрдээ маш харам учир хэрэв хэн нэгэн өндгийг нь санаатай, санаандгүй няцалвал ган дөрөөг сэтэртэл харааж чаддаг амьтан гэдгийг илтгэсэн байна билээ. Зохиолыг нь дараа нь уншаад надад сайхан санагдаж, өмнөх сүрдмээр бодлоо гээсэн.    

-Хөгжмийн зохиолчоор хэн ажиллаж байгаа вэ?

-Би өмнө нь С.Сансаргэрэлтэхтэй тохирчихсон байсан юм. Гэтэл тэр залуу маань хувийн ажилтай болчихоод завгүй болсноо мэдэгдсэн. Тэгсэн ч Монголын хөгжмийн урлагт шинэлэг бүтээл туурвиж байгаа Ш.Өлзийбаяр ажилласан. Түүнийг Б.Лхагвасүрэн гуай “Сайн уран бүтээлч залуу бий. Түүгээр зохиолгуулсан нь дээр” гэж хэлсэн юм. Сайхан ч хөгжим зохиосон байна билээ. Бүжиг дэглээчээр тус чуулгын бүжиг дэглээч, СУИС-ийн бүжгийн ангийн багш, манай эхнэр М.Мөнгөнцэцэг ажиллаж байгаа.

-Бүжиг тавилтын хувьд…

-Бас л шинэлэг хэлбэрээр тавигдаж байгаа. Модерн биелгээ гэж юуг хэлдэг юм бэ гэдгийг үзэгчид үүнээс мэдэрч болно. Бүжигчдийн хувцас ч гэлээ модерн өнгө төрхөнд автагдсан. Шууд хэлэхэд тайзан дээр бүжиж байгаа бүжигчид хүн шиг харагдах ч нөгөө талаараа тогорууг санагдуулна. Үүгээрээ хүн эсрэг, байгаль эерэг дүр болж байгаа.

-Бүжгэн жүжиг юуг илэрхийлэх вэ?

-Хүн байгаль хоёр хэл, үйл хөдлөлөөрөө ойлгоцгүй ч нэг л эргэлдэх ертөнцөд хамт байдаг гэдгийг илэрхийлнэ. Тодруулбал энэ жүжигт Хүннүгийн үеийн цэргүүд ав хийж яваад тогорууны өндгийг мориороо санаандгүй гишгүүлдэг. Түүнээс болж тэр цэргүүд төд удалгүй аян дайндаа мордохдоо ялагддаг. Тэр ялагдал нь тэдэнд дайснуудаасаа хүч дутуу байгаад л ялагдсан мэт төсөөлөгддөг ч гол учир нь өмнө нь тогорууны өндгийг мориороо бяц гишгүүлснээс үүдсэн хэрэг. Тогорууны хараал тэдэнд туссан гэсэн үг л дээ. Энэ хэсэг хүн, байгаль хоёрын далд ухамсрын асуудал шууд үйлчилж байгаа юм.  

-Хувцас сонгохдоо судалгаа их хийсэн гэсэн үү?

-Тийм. Тэгснийхээ хүчинд энэ модерн бүжигт яг зохицсон хувцас сонгосон. СУИС-ийн дизайнер урлагийн багш Б.Мөнхцэцэг урлаж өгсөн. Тайзны чимэглэлийг Хүннү улсын олдворуудаас санаа авч дүрсэлсэн.

-Бүжиг хэдэн хэсэгтэй вэ?

-Долоо. Эхний хэсэг нь цэнгэлийн хэсэг буюу тогоруунууд дэгдээхэйнүүдтэйгээ хөөрөн баясч, тоглож байгааг үзүүлнэ. Дараагийн хэсэг нь ан ав, энэллийн дуу гэх мэтчилэн.  

У.Баярсайхан

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top