Дуэль: Д.Батбаяр & С.Төмөр-Очир / МУИС хандивын ангитай юу? Эсвэл.../
Дуэль булан аливаа асуудалд эсрэг байр суурьтай хүмүүсийг оролцуулдаг билээ. Энэ удаа боловсролын салбарын авлига гэгдэх хандивын ангийн талаар МОХ-ны дэд Ерөнхийлөгч Д.Батбаяр болон МУИС-ийн ректор С.Төмөр-Очир нараас тодруулга авсан юм.
МУИС-ийн ректор С.Төмөр-Очир: МУИС-д хандивын анги байдаггүй
-МУИС-ийг хандивын анги нээж мөнгө идсэн гэдэг. Энэ үнэн үү?
-Манай сургууль энэ жил 4115 оюутан нэгдүгээр курсд элсүүлэхээр төлөвлөсөн байсан. Гэтэл оноо өндөр ч МУИС-д орж чадаагүй хүүхдүүдийг нэмж элсүүлэх БСШУ-ны сайдын 2012 оны 7-р сарын 23-ны тушаалаар 253 оюутан нэмж элсүүлэхээр болсон. МУИС тушаалын дагуу нийт 4350 оюутан шинээр элсүүлэх ёстой байсан бол 4259 оюутан элсүүлсэн байна. Тэгэхээр бид ямар ч хандивын анги нэмж мөнгө аваагүй. Элсэгчдийн тоо тушаалаас дутуу байгаа шалтгаан нь хөдөө орон нутгаас бүртгүүлчихээд ирээгүй оюутнуудтай холбоотой.
Ш.Сүрэнжав найрагчийн “Хөшөө тийш явсан ардын зам баларсангүй” гэдэг шиг шинэ Засгийн газар гараад ирэхээр энэ албан тушаалд гарах сонирхолтой нөхөд бий болдог. Тэгээд одоо ажиллаж байгаа хүмүүсийг халах зорилгоор янз бүрийн буруу ташаа мэдээлэл хэвлэлээр цацдаг учраас бодит байдалд ийм биш гэдгийг тайлбарлаж байгаа юм. Тиймээс буруу ташаа мэдээлэл өгч буй хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчтэй хариуцлага тооцно.
-МУИС-д хандивын анги байдаггүй гэлээ. Нэмж авч байгаа оюутнуудаас хандив авдаг уу?
-25 оюутан бүгд хандив өгч орсон бол хандивын анги болно. Харин нэмж орж байгаа хүүхдүүд мөнгө хандивлах асуудал шал өөр. МУИС энэ асуудлыг зохицуулсан дүрэмтэй. Яамны тушаалын дагуу өргөдөл гарсан оюутнуудын оноо манай сургуулийн босго оноотой ойролцоо байвал бага, хэт доогуур байвал их мөнгө төлдөг. Жишээлбэл, эдийн засаг, хуулийн ангид мөнгө төлөх нь өндөр хувьтай байдаг бол тасалдаад байгаа ангиудад нэмж элсэгчдээс 200, 300 мянган төгрөг авдаг. Гэхдээ эцэг эх нь өргөдөл гаргасан хүүхдүүдээс яамны тушаалын дагуу 235-даа багтаагаад авч байгаа.
-ЭЗС МУИС-ийн 70 жилийн ойгоор оюутнуудаас 100 мянган төгрөг төлбөр дээр нь нэмж авсан гэж хэвлэлүүд мэдээлж байна. Үнэн үү?
-Ямар ч тийм зүйл байхгүй. Их сургуулийн ойтой холбогдуулан оюутнуудаас төлбөр авсан тохиолдол огт байхгүй. Энэ талаар бичиж байгаа хүмүүс эзэнтэй нь хамт ярих ёстой.
-Жил болгон их сургуулиуд сургалтын төлбөрөө нэмдэг. МУИС-ийн хувьд төлбөр нэмэх хамгийн гол шалтгаан нь юу вэ?
-МУИС зардлынхаа 6.8 хувийг төрөөс авдаг. Өөрөөр хэлбэл тогтмол зардлын мөнгөө төрөөс авдаг гэсэн үг. Үлдсэн 93.2 хувийг оюутны төлбөр, гэрээт эрдэм шинжилгээний ажил, сургуулийн аж ахуйн нэгж /эмнэлэг, хэвлэх газар/ гэх зэргээс олдог. Энэ жил төлбөр нэмсэний гол шалтгаан нь багш нарын цалинг нэмэхтэй холбоотой. Төрийн албан хаагчийн цалинг 50 хувь нэмэх ёстой гэсэн тогтоол гарсан. Үүний дагуу манай сургууль өнгөрсөн жилийн 10-р сарын нэгнээс багш нараас бусад албан хаагчдын цалинг 15 хувь нэмсэн. Нэгдүгээр сарын нэгнээс бүх албан хаагчдынхаа цалинг 80 мянга, тавдугаар сарын нэгнээс 20 хувиар нэмсэн. Одоо бол өнгөрсөн жилийн 10-о сарынхтай харьцуулахад 50 хувь нэмсэн байгаа. Гол шалтгаан нь багш нарын цалинг нэмэх асуудал байсан.
Түүнтэй ярилцсаны дараа бид МОХ-г зорьсон юм. Улмаар МОХ-ны дэд Ерөнхийлөгч Д.Батбаяраас тодруулга авлаа.
МОХ-ны дэд Ерөнхийлөгч Д.Батбаяр: МУИС-ийн ЭЗ, Хууль зүйн сургууль хандив авдаг
- Хандивын анги яг ямар сургуульд байна вэ?
- Одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг Ерөнхий сайд байхад МОХ-ноос боловсролын салбар дахь авилгал болох хандивын ангийг болиулах хүсэлт явуулсан. Улмаар БСШУ-ны сайд захирамж гарч хандив авахыг хориглосон. Тэгтэл өнгөрсөн найман жилд энэ байдал ил цагаандаа гарсан. Тэр бүрт МОХ болиулах гэж албан бичиг явуулсан ч нэмэр болоогүй.
Эрүүл мэндийн сургуулиуд голлон хандивын ангитай байдаг. Мөн МУИС-ийн ЭЗ, Хууль зүйн сургууль хандив авдаг. Хувийн сургуулиудаас бол Хүмүүнлэг, Ач, Этүгэн дээд сургууль хандив авдаг.
- Хандивын анги нэг талаараа шударга бус ч нөгөө талаараа цөөн оюутанд боломж олгож байгаа хэрэг юм биш үү?
- Өнөөдөр их, дээд сургуульд ороход залуус багагүй хугацаа зарцуулдаг. Тэдгээр залуусыг авсан оноогоор нь жагсааж, яамнаас олгосон тоогоор нь элсүүлэх ёстой. Нэмэлтээр хүүхэд авах бол онооны дарааллын дагуу авах ёстой. Тэгтэл элсэлтийн шалгалт өгөөгүй, өгсөн ч маш бага оноо авсан оюутнуудыг хахууль өгч сургуульд авч байгаа гэх мэтчилэнгээр нийтэд ил зарладаг болсон.
-Тэгвэл өнөөдрөөс хандивын анги гээчийг байхгүй болговол одоо сурч байгаа хүүхдүүд яах вэ?
-Хууль зөрчиж авсан тэр хандивын мөнгөө гэр бүлд нь буцаан олгож, оюутнуудыг төгсгөх хэрэгтэй. Нэг хүүхдээс саяас таван сая төгрөгийг хандив гэж авдаг. МУИС-д бол МУИС-ийг хөгжүүлэх сан гэж байгаа. Энэ сангийн мөнгийг оюутнуудад зарцуулж тайланг нь олон нийтэд гаргаж байх ёстой. Мэдээж төр засаг хуультай болохоор шинэ сайд нар арга хэмжээ авах байх. Бид үүний төлөө ажиллах болно.
-Баримт байна уу?
-Манайд хандсан өргөдлүүд үүнийг батална.
-Үүнийг зогсоохын төлөө та бүхэн ямар арга хэмжээ авсан бэ?
-Бид БШУЯ болон АТГ-т газарт дээрх их, дээд сургуулиудын захирлуудыг шалгуулах талаар албан ёсны хүсэлтээ гаргаж, хандахаар болоод байна.
- Сургалтын төлбөрийг жилийн жилд нэмдэг. Нэмэх нь зүйтэй юу?
- 500 багшийн амьжиргааг дээшлүүлэхийн төлөө 5000-10,000 хүний амьжиргааг доошлуулна гэж байж болохгүй. Нөгөө талаас төлбөр нэмбэл сургалтын чанар тэр хэмжээгээр нэмэгдэх ёстой. Оюутнуудаас энэ талаар асуухад ямар ч тийм зүйл байхгүй. Засварын ажил хийсэн нэр зүүгээд өнгөрсөн. Ядаж багш нараа гадаадад сургасан зүйл байхгүй, сургалтын хөтөлбөртөө өөрчлөлт оруулаагүй, багш нарын ажиллах цаг нь нэмэгдээгүй, ядаж нэг компьютер нь шинэчлэгдээгүй.
Тэд өөрсдийн байр суурийг ингэж илэрхийллээ. Харин уншигч та бүхэн тэдний ярилцлагаас хандивын анги байгаа эсэхийг дүгнэх биз ээ.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )