Монгол түмэн морин хуураа дээдэлдэг ч хуур урлаачдаа төдийлөн анзааралгүй өнгөрдөг тал бий. Бид энэ удаа Мэргэжлийн морин хуур урлаачдын холбооны тэргүүн, морин хуур урлаач Б.Баярсайхантай ярилцлаа.
-Анх морин хуур урлаж эхэлсэн талаар тань яриагаа эхлэх үү?
-Би 1992 оноос морин хуур урлаж эхэлсэн. Одоо 20 жил болчихсон байна шүү. Анх мастер Б.Жүгдэр багшдаа шавь орж, морин хуур урлаж эхэлсэн дээ. Үүний дараа Улсын үндэсний хөгжмийн үйлдвэр гэж байхад мастер н.Энхболд багшдаа дагалдангаар орж жинхэлснээр өөрийн мастерийн гарааг эхэлсэн түүхтэй. Дараа нь Bayraa&brothers буюу "Баяраа болон түүний ахан дүүс" нэртэй компаниа төрсөн ах, дүү хоёртойгоо хамтарч байгуулсан. Тэд маань ч мөн морин хуур урлаач мастерууд. Өдгөө ч урлан маань бид гурвынх гэж явдаг. Дүү Б.Баярсүрэн тусдаа хуурын урлантай. Харин ах маань гадаадад амьдардаг даа.
-Мэргэжлийн морин хуур урлаачдын холбоог яагаад үүсгэн байгуулах болов?
-Холбоогоо 2010 онд байгуулсан. Манай улсад мэргэжлийн морин хуур урладаг голлох зургаан урлан бий. Энэ зургаан урланд мастер урлаачид мөн тэдний удирдлагад залуу мастерууд төрөн гарсаар байгаа. Холбоонд бүртгэлтэй 12 мэргэжлийн хуур урлаач мастер байдаг бөгөөд тэд ч мөн урландаа хуур урладаг. Хөгжимчдийн ард урлаачид маань хоцорчихдог тал ажиглагддаг л даа. Сайн урлаачид байхгүй бол хуур сайхан дуугарахгүй. Хуур байхгүй бол ардын хөгжим дэлхийд гайхагдаж хүмүүст хүрэхгүй шүү дээ. Хуур урлалыг хэв загвар, нэг стандарт хэмжээнд оруулах тал дээр арга хэмжээ авах зорилготойгоор холбоогоо байгуулсан.
-Холбооны зөвлөлд ямар ямар хүмүүс багтдаг вэ?
-Хийцийн зөвлөл гээд бүрэлдэхүүн бий. Тухайлбал, "Эгшиглэн" үйлдвэрийн захирал П.Байгалжав, мастер урлаач, багш н.Энхболд, Б.Энхжаргал, Б.Баярсүрэн, язгуур хөгжим талаасаа урладаг урлаач н.Дэмчиггарав гэсэн мастер урлаачид бий.
-Холбооны вэб сайтдаа ямар чиглэлийн мэдээ, мэдээлэл тавьдаг юм бэ?
-Сайтаа урлангаасаа байгуулсан. Үүндээ холбооныхоо мэдээ мэдээллийг тавьж байя гэж шийдсэн. Мөн мэргэжлийн морин хуурыг дэлхийд сурталчлан таниулах, анх сурч байгаа хуурчдад туслалцаа дэмжлэг үзүүлэх зорилготой байгуулсан.
-Морин хуур хөгжим хөгжлийн хэд хэдэн шатыг давж байх шиг байна?
-Тийм шүү. 2002 онд Ерөнхийлөгч асан Н.Багабанди айл, албан байгууллага бүр хоймортоо морин хуураа залах, тоглож сурах зарлиг гаргаж байсан. Анх айл болгон гэртээ морин хуур залж байх ёстой гэж ойлгодог байсан бол одоо мэргэжлийн хуур залахыг сонирхдог болсон шүү дээ. Хүүхэд, залуус төдийгүй ахимаг насныхан морин хуур тоглож суръя гэж бодох болжээ. Үүнийгээ дагаад морин хуурын сургалтууд ч олон болсон. Морин хуурыг зөв талаас нь ойлгож эхэлснээр хуур хөгжиж байгаа юм.
-Та морин хуур урлалын болоод холбооны цаашдын хөгжлийн чиг хандлага, зорилгыг хэрхэн харж байна вэ?
-Морин хуур урлал сайн хөгжиж байгаа гэж боддог. Манай мастерууд хуурыг сайхан урладаг болсон. Морин хуур тоглодоггүй хөгжмийн зохиолч ч гэж байхаа больсон. Бололцоогүй гэж боддог байсан тэр аялгууг тоглодог боллоо. Үүнийгээ дагаад урлал нь давхар хөгжиж байгаа. Морин хуур ганцхан Монголын биш дэлхийн хэмжээнд хөгжиж байгаа хөгжмийн зэмсэг. Морин хуур урлаачид нэг урланг дагаж нэг нэгэндээ үлгэрлэдэг. Цаанаас нь заадаг сургууль гэж байхгүй. Тэгэхээр цөөхөн хэдэн мастеруудаа дагаад сурч үлдэхгүй л бол байхгүй болчихно шүү дээ. Манай холбооны зорилго бол мастеруудаа түшиглэж зөв дуугаралттай морин хуурын темпийг авч үлдэхийг л чухалчилдаг.
-Холбооны дэргэдэх “Pegasus” студи ямар хүрээнд үйл ажиллагаа явуулж байна. “Pegasus” гэдэг үгийн утгыг тайлбарлахгүй юу?
-Энэ үг нь далавчтай морь, жигүүрт хүлэг гэсэн үг л дээ. Хөхөө Намжил буюу морин хуур анх үүссэн домог байдаг шүү дээ. Энэ утгаар нь нэрлэсэн. Студийн хувьд дэлхийн хөгжмийн үйлдвэрлэл тэр дундаа морин хуур голчилж үйлдвэрлэдгээс гадна ардын урлагийн захиалгат тоглолт зохион байгуулах, морин хуур, төгөлдөр хуур, гитарын сургалт явуулдаг. Морин хуурын боловсролыг мэргэжлийн түвшинд биш ч гэсэн Монгол хүн болгон морин хуураа тоглодог байх түвшинд сургаж байна. Дэлхийн морин хуурын холбооноос санаачлан зохион байгуулдаг Олон улсын морин хуурын фестиваль хоёр жил тутамд явагддаг. Фестивальд энэ жил 9 орноос, тухайлбал Японоос л гэхэд 40 орчим морин хуурч оролцсон. Үүгээр морин хуур Монголд төдийгүй дэлхийд тархаж, хүмүүс хуурыг хэрхэн сонирхож байгааг харж болно.
-Морин хуур урлахаас гадна тоглодог байх. Хэрхэн тоглож сурсан бэ?
-Урлаж байгаад л тоглож сурсан даа. Нэртэй мастер хуурчид урлангаар үйлчлүүлдэг. Миний хувьд МУСТА Т.Шагдаржав, Х.Алтантуг багш нараасаа сурсан. Мэргэжлийн хуурчидтай харьцдаг байсан минь нөлөөлсөн.

-Мэргэжлийн болон сонирхогчийн морин хуур ямар ялгаатай байдаг бол?
-Ялгаа их бий дээ. Наад зах нь сонгож хийж байгаа материал, стандарт хэмжээсүүд, дуугаралт, тохиргоо гэх мэт. Дуугарсан болгоныг мэргэжлийн хуур гэж үзэж болохгүй юм. Дуугаралтын чанга сул, өтгөн шингэн гэх зэрэг мэргэжлийн шалгуурууд бий. Мэргэжлийн хууранд янз бүрийн хээ хуар нэг их байдаггүй. Учир нь аль болох хуурчид саад, төвөггүй байхаар бодолцож хийх ёстой. Энд тэнд нь хээ наавал тоглоход бэрхшээлтэй болдог. Ялангуяа морин хуур шиг агаар дээр түлхэж тоглодог хөгжим дэлхий дээр байхгүй. Тэгэхээр цохилтыг бодож урлах ёстой. Хоёр чавхдас эрчлээсгүйгээр нэг чавхдсандаа 100-150 ширхэг адууны сүүлээс бүрддэг нь хуурын дэлхийд гайхагддаг ганц зүйл. Гэхдээ сувинерийн хуур урладаг хүмүүсийг буруутгахгүй л дээ. Үүгээр худалдан авалт хийдэг хүн олон бий.

-Дуугаралтад хийцээс гадна тухайн түүхий эд их чухал байх. Ямар түүхий эдээр яаж хийсэн хуур илүү дуугаралт сайтай болдог вэ?
-Холд хэр их хүчтэй дуугарч байна, зөөлөн хэрнээ хүчтэй темптэй, гүн дуугаралттай бол сайнд тооцогдоно. Ихэнхдээ морин хуурын иш, арыг нь хусаар, нүүр буюу дуугаралтын хамгийн гол хэсгийг нарс, гацуур зэрэг зөөлөн модоор урладаг. Харахад бага материал ордог юм шиг харагддаг ч материал их чухал. Одоо чавхдасыг сатуркан утсаар хийдэг болсон ч сүүлний дуугаралтыг гүйцэхгүй. Голдуу мэргэжлийн хуурыг цагаан эр адууны сүүлээр хийдэг.


-Морин хуур хэлбэртэй хэрнээ толгойг нь өөр амьтнаар хийчихсэн байдаг л даа. Ингэж болдог юм уу?
-Болохгүй зүйл байхгүй л дээ. Хөгжих ёстой юм чинь хөгжиж л байгаа. Тэглээ гээд морин хуур алга болохгүй. Цөөн хүмүүс тэгж хийж байгааг үгүйсгэх аргагүй. Хуучин бол морин хуур гэхээр залуучууд нэг их тоодоггүй байлаа шүү дээ. Одоо ямар ч насныхан сонирхож байна шүү.
-Хийл хөгжим цахилгаан болсон шүү дээ. Морин хуур цахилгаан болох боломж бий юу?
-Боломж байлгүй яахав. Олон хамтлаг цахилгаан хуур тоглож байна шүү дээ. Манай үйлдвэрийн хувьд цахилгаан хуур ч хийдэг. Цахилгаан хуурыг хийхэд мэргэжлийн хуурнаасаа амархан. Мэргэжлийн хуур цэвэр модыг дуугаргаж байгаа бол цахилгаан хуур нь эрчим хүчээр дуугаралтыг гаргадгаараа ялгаатай. Би 2002 онд Франц улсад хийл урлалаар сертификат хамгаалж, ажиллаж байгаад ирсэн. Анхныхаа хийлийг морин толгойтой хийж байлаа.
-Морин хуурын үнэ янз бүр байх шиг байдаг. Ямар шалгуураар үнээ тогтоодог вэ?
-Урласан мастер, материал, дуугаралтаасаа шалтгаалаад л өөр өөр үнэ тогтоодог.
-Хамгийн үнэтай хуураа хэзээ урлаж байв?
-Төмөр рамгүй, мөнгө, алтан тохиргоогүй хуур гэхэд л 8,5 сая төгрөг болж байсан. Ямар мастераар, ямар түвшинд хийлгэснээсээ шалтгаална.
-Холбоо болоод үйлдвэрлэл дээрээ түшиглээд хэчнээн хүнийг ажлын байраар хангаад байна. Хуур урлаачид тань маргэжлийн сийлбэрч хүмүүс байх уу?
-Сийлбэрээр төгссөн хүн байхгүй. Заавал сийлбэрээр төгссөн байх ч шаардлагагүй. Хамгийн гол нь өөрөө их мэдрэмжтэй, өөрийгөө хөгжүүлэх сонирхолтой, тэсвэр тэвчээртэй л байвал болно доо. Манай энэ урланд гэхэд тав, дүүгийн маань үйлдвэрт дөрвөөс таван урлаач бий. Олон зуугаар нь үйлдвэрлээд байдаг газар биш учраас чанар муутай хуур хийхээс татгалздаг.
-Захиалга хэр их ирдэг вэ?
-Гол нь их үйлдвэрлээд байх сонирхол байдаггүй. Болж өгвөл гайгүй дуутай болгохыг хичээдэг. Харин зав гараад, захиалга бага байвал хуурынхаа дуу дуугаралт дээр шинжилгээ судалгаа хийдэг.
Ярилцсан: Х.Бямбазаяа
Сэтгэгдэл ( 2 )
Яг ажил практик тал дээрээ амнаасаа зөрдөг юм уу гэж бодсон. Бас бусдийг үгүйсгэсэн бодолтой хүн шиг санагдсан. Энэ хүний хийсэн хуурийг би өөрт нь итгээд 1500000аар авч дүүгээ СУИС төгсөхөд нь авч өгч байсан.Тэгэхэд дүү жигтэйхэн баярлаж байсан мөртлөө дараа нь тэр хуурийг барихаа байсан. Хувь хүнээс 450000 р авсан хуураа барьдаг болсон. Яагаад барихгүй байгаам гэхэд та өөрөө сонс доо Энэ хамаагүй хямд мөртлөө таны өгсөн хуурийг дагуулахгүй сайхан дуутай хуур гээд л . Би хуур мэдэхгүй юм болохоор ялгааг нь мэдэхгүй юм билээ. Дүү маань мэргэжлийн хүн болохоороо мэдэж байгаа байлгүй. Баярсайханд хэлэхэд муулаад байсан. тэгж болохгүй.Бусдий
амжилт хүсье. улам ихийг хийж бүтээгээрэй