Нобелийн шагналтнуудын нээлт хорт хавдрыг эмчилж, шинэ шүд ургуулна

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 09

Стокгольм хотноо Нобелийн долоо хоног нээгдэн, уламжлал ёсоор анагаах ухаан, физиологийн салбарын шагналаар эхэллээ. Энэ онд уг шагналыг Британи эрдэмтэн Гердон, Япон иргэн Яманаке нар хүртлээ.

Тэд боловсрон, насанд хүрсэн эсийг ахин программчилж хүүхэд насанд буцаан, эдгээрээс үр төл бий болгон, өөрөөр хэлбэл нейроныг лимфоцит болгоход өөрсдийн мэдлэг чадвараа зориулжээ.

Тэдний бүтээлээс харахад, ирээдүйд энэ салбарт хязгаар үгүй болж, юуг ч бүтээх боломжтой болох аж. Тэр ч бүү хэл шүдний эмч нар хүмүүст шинэ шүд ургуулах чадвартай болох юм.

Гердоны хувьд Нобелийн шагнал зөвхөн шинжлэх ухааны ялалт бус, бас хувь хүнийх нь ч ялалт болж байна. Учир нь түүнийг дунд сургуульд байхад биологийн багш нь ямар ч авьяасгүй хэмээн дүгнэж, хэзээ ч анагаах ухаанаар оролдохгүй байхыг зөвлөж байжээ.

Сүүлийн хоёр жилийн анагаахын салбарын Нобелийн шагнал ихээхэн зөрчилтэй байсан аж. 2010 онд зохиомлоор үр тогтоох салбарын мэргэжилтэн, нэгэн ялагчийн нэр сонин дээр гарсан цуу ярианаас болж  цагаасаа эрт тодорсон. Дараа жил нь бүр дордсон: ялагчаар тодорсон, 68 настай Ральф Штайнман шагналаа гардахаас өмнө нас баржээ.

Энэ жилийн ялагч, 79 настай Жон Гердон шинжлэх ухаанд өөрийн хувь нэмрийг 50 жилийн өмнө оруулсан байна. Кембриж, Оксфордын их сургуулиудын алдартай профессор энэ эрхэм анх удаа амьтны эд эрхтэн хувилан, өмнөд африкийн мэлхий түүнд алдрыг авчирсан аж.

Шинжлэх ухаанд сенсааци дэгдээсэн түүний амьтдыг хувилах талаар хийсэн туршилтуудыг хамгийн амжилттай боллоо хэмээн албан ёсоор зарлаж байжээ.

Япон эрдэмтэн Синъя Яманака- анагаахын салбарын хоёр дахь Нобелийн шагналтан бөгөөд түүнийг Гердоноос ч хол явна хэмээн үзэж байна. Киотогийн анагаах ухааны Институтын профессор энэ эрхэм хулгануудын ачаар алдар хүндэд хүрчээ. Тэрээр боловсорч гүйцсэн эсийг эмбрионы төлөвт буцааж болохыг нээсэн аж.

2012 оны Нобелийн шагналтнуудын нээлт нь трансплантологийн салбарт гарсан хувьсгал хэмээн нэрлэгдэж байна.

Д.Мигаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top