“Нобелийн” эдийн засагч хоёр мянган хүний амь аварчээ

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 16

Эдийн засгийн салбарт энэ оны Нобелийн шагналыг хүртсэн эрдэмтэн Элвин Рот эрхтэн шилжүүлэн суулгах үйлсэд хувьсгал хийсэн хэмээн америкийн эмч нар үзэж байна. Түүний боловсруулсан алгоритм бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг шинэ шатанд гаргасан аж.

 Америкийн судлаач эрдэмтэн Элвин Рот энэ оны Нобелийн шагналтнууд дотроос хамгийн “хүлээн зөвшөөрөгдсөн” эрдэмтнээр тодорч байна. Тэр хэдийгээр анагаахын хүн биш боловч эрхтэн шилжүүлэн суулгах мэс ажилбарт хувьсгал хийн мянга мянган өвчтөнд амьдрал бэлэглэсэн ачтан аж.

Рот бөөр шилжүүлэн суулгах донорыг сонгох алгоритмыг боловсруулж, түүний ачаар сүүлийн жилүүдэд 2000 өвчтнийг аварч чадсан байна.

Анх Рот 2003 онд АНУ-д энэхүү системээ нэвтрүүлэх үед жилд ердөө л 19 донорын бөөрийг шилжүүлэн суулгадаг байжээ.  Харин 2004 он гэхэд 2 дахин нэмэгдэн, 2011 оны үед 443 болтлоо өссөн хэмээн Reuters агентлаг мэдээлжээ.

Донорын эрхтэн хүлээн авагч өвчтөнд удаан хугацаанд амьдрахын тулд цусны бүлэг болон бусад хэдэн үзүүлэлтээр зайлшгүй таарч тохирсон байх ёстой. Ротын компьютерийн программыг ашигласнаар эмч нар маш хурдан хугацаанд нэг нэгэндээ тохирох хүмүүсийг сонгож олон, мэс заслыг амжилттай гүйцэтгэдэг болсон аж.

Йелийн Их сургуулийн бөөр шилжүүлэн суулгах хөтөлбөрийн захирал Ричард Формика: “Түүний алгоритм бидэнд ажиглагдахгүй үлдчихдэг байсан тийм нэгдлүүдийг харах боломжийг олгосноороо бидний ажил үйлсд агуу хувьсгалыг хийсэн ачтан” хэмээн өгүүлжээ.

Д.Мигаа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top