Хятадын Ерөнхий сайд Вэнь Зябаогийн санхүүгийн булхайг илчилжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 30

Хятадын Ерөнхий сайд Вэнь Зябаод чиглэсэн олон нийтийн анхаарал улам хурцдаж байна. Америкийн The New York Times хэвлэлд Вэнь Зябаогийн гэр бүл, ойр дотныхон бизнес бүлэглэлийн сүлжээ маягаар 2,7 тэрбум доллар олж авсан талаар нийтэлжээ.

Их удирдагчийн зүгээс энэхүү хэвлэлтэй өөрийг нь гүтгэсэн хэмээн заргалдахаа  амлан, тухайн нийтлэл бүхий сайтыг блоклон, БНХАУ-ын нутаг дэвсгэрт түүнд нэвтэрч унших бүх боломжийг хаасан байна.

Өнгөрөх Баасан гаригт нийтлэгдсэн уг материал нь Хятадад улс төрийн том скандалыг үүсгэжээ.

The New York Times-ийн сэтгүүлчийн бичсэн уг нийтлэлийг олон нийтийн хүртээл болохоос сэргийлэн яаралтай блоклож, Гонконгийн South China Morning Post сонинд энэхүү авлигалтай холбоотой асуудлыг үгүйсгэн, гэр бүлийн гишүүдийнх нь ашиг орлогын өсөлт түүний 2003 оноос хашиж эхэлсэн өндөр албан тушаалтай нь ямар ч холбоогүй гэдгийг мэдэгдсэн байна.

Ерөнхий сайдын хуульчдын зүгээс, Вэнь Зябаогийн гэр бүлийнхний “нуугдмал баялаг” гэсэн ойлголт байхгүй, иймээс The New York Times-ийн сэтгүүлчийн нийтлэлийг үнэнд нийцэхгүй байна хэмээн үзэж уг хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хуулийн хариуцлага хүлээлгэнэ гэж мэдэгджээ.

Үнэн хэрэгтээ, Вэнь Зябао тэдгээр бизнесийн сүлжээнд шууд хутгалдаагүй гэдгийг уг нийтлэлд өгүүлсэн байна. Гэвч түүний ойр дотныхон болон найз нөхдийнх нь хөрөнгө оруулалтын болон даатгалын фирмүүдийн сүлжээ нь толгой эргүүлмээр сонин бөгөөд, яг нарийн задлан шинжилгээ хийгээд үзэхээр өөрийн эрхгүй сонирхол төрүүлэхээр байгаа аж. Ингээд нийтлэлд дурдсан зүйлсээс өгүүлбэл:

Ерөнхий сайдын ээж, дээр үед хөдөөний багш байсан 90 настай эмээ дэлхийн даатгалын хүчирхэг компани Ping An Insurance-ийн 120 сая доллартай тэнцэх хувийг эзэмшдэг бөгөөд уг хатагтай Вэнь Зябао Ерөнхий сайдын орлогчоор томилогдсон 1998 онд гэнэт хурдтай баяжсан байна.

Хятадад шинээр байгуулагдаж буй олон компаниас ялгаатай нь Вэнь сайдын гэр бүлийн фирмүүд нь хятадын хамгийн том үүрэн оператор China Mobile мэтийн улсын компаниудаас санхүүгийн дэмжлэг хааяа авдаг аж. Мөн зарим санхүүгийн дэмжлэгээ засгийн эрхэнд байгаа олигархиудын тусламжтайгаар авдаг гэжээ.

Гэр бүлийнхний хөрөнгө оруулалтын үндсэн салбар нь банкуудын хувьцаа, гоёл чимэглэлийн бизнес, аялал жуулчлал, харилцаа холбоо болон дэд бүтцийн төслүүд аж. Тэд дэд бүтцийн томоохон объектуудыг барьж байгуулах эрх авч байсны тод жишээ нь 2008 оны Олимпид зориулсан хэд хэдэн стадион юм байна.

Ерөнхий сайдын гэргий Жан Бейли “Алмаазын хатан хаан” хэмээн нэрлэгддэг ба хятадын алмаазын зах зээлийг бүхэлд нь хянадаг аж. Түүний хүчтэй өрсөлдөгчид, тэр бүү хэл дэлхийн гигант De Beers хүртэл хятадын зах зээлд амжилт олохын тулд зайлшгүй түүнтэй хэл амаа ололцох шаардлага тулгардаг байна. Гэвч дээд зиндааны хатагтай “нууц ноёнтон” маягаар ажилладаг ба хэвлэл мэдээллийнхнээс зайлсхийн, эр нөхөртэйгөө бараг хамт явдаггүй аж.

Ерөнхий сайдын бага дүүгийн компани том хотуудын цэвэрлэх төхөөрөмж болон эмнэлгийн чиглэлийн засгийн газрын гэрээний хэрэгжилтээс 30 сая гаруй доллар олж чаджээ.

Түүний хүү Вэнь Юнсонг өөрийн технологийн компаниа Гонконгийн баян Ли Ка-Шингд 10 сая доллараар заржээ.Ингэснээр Юнсонг гэр бүлийнхэн болон ойр дотныхон нь дам байдлаар хувьцааг нь эзэмшдэг New Horizon Capital-д хөрөнгө оруулах боломжтой болж компанийн активын 200 сая доллартай тэнцэх хувийг эзэмшдэг болсон байна.

Хятадын санхүүгийн зах зээл дээр Вэнь Зябао маш хүчирхэг эрх мэдэлтэй аж. Бирж дээр ажиллахыг хүссэн нэг ч компани Вэнь Зябаогийн дэмжлэггүй бол яаж ч чаддаггүй гэнэ. Тэрээр эрчим хүч, телекоммуникаци мэтийн стратегийн салбаруудын хөрөнгө оруулалтад шийдвэрлэх нөлөө үзүүлдэг юм байна...

Дашрамд дурдахад, энэ оны зургаадугаар сард Bloomberg агентлаг Хятадын орлогч дарга Си Зиньпинийг мөрдсөн материал нийтэлж шуугиан тарьж байсан билээ.

Мэдээний эх сурвалж: http://www.vestifinance.ru/articles/18580

Д.Мигаа 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top