”Онол ойлгох” хугацаа

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 07

УИХ Дархан, Эрдэнэт зэрэг олон аймгийг хот болгоно гэнэ ээ. Та нар байсан байгаагүй эд чинь хот. Энэ талаар 1992 онд хэлэхэд Та нар өөдөөс “түй” гэсэн. Дараа нь 2008.10.05-нд “Аль МАХН нь вэ” гэсэн өгүүлэлд ахин хөндөхөд “хамт олноороо” хараасан. Өнөөдөр л “ойлгож” гэнэ. Энэ мэтээр 10-20 жилийн дараа “ойлгоод” байвал цаашдаа нэг их “ойлгох” гэсний хэрэг гарахгүй л дээ. Асуудал миний ухаантайд биш, төрийн удирдлагын ухаанд байдаг юм. Тухайн үедээ “хоосон онол” гэж доромжлуулсан өгүүллээ бага зэрэг товчилж дахин нийтлэв.

Учир нь одоо Та нар “хэтрүүлж ойлгох” гээд байгааг чинь сануулах гэсэн юм. Дарга нар сүүлийн үед “онолд” жигтэйхэн дуртай болж байгаа нь яав ч сайны ёр биш, иймээс хэр хэмжээгээ мэдэж болгоомжтой л “онолдоорой” гэж хэллээ шүү. Ер нь эд нарт “ойлгуулах” гэж ядаж байснаас сармагчинд зааж байсан бол өдийд сурчихсан байхгүй юу…

Төвийн хийгээд орон нутгийн засаглал
Засаглалыг төвийн хийгээд орон нутгийн гэж ангилдаг. Бидний сайн муу хэлж, харааж ерөөж, шүтэж, бас тэмцэж байдаг монголчуудын төр гэж нэрлэдэг УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгчийг мэдэхгүй хэн байхав…Эднээс гадна Монгол Улсын нутаг дэвсгэр дээр төрийн эрх мэдлийг хэрэгжүүлж байдаг төрийн олон байгууллагууд энэхүү төвийн засаглалд орно.

Дараа нь нутгийн өөрөө удирдах ёс гэж бидний нэрлэдэг одоо сонгож байгуулах гээд байгаа бүх байгууллагуудыг орон нутгийн засаглал гэж нэрлэнэ. Энийг ч бас бүгдээрээ мэднэ дээ.

Энэхүү төвийн болон орон нутгийн засаглал хоёр зохицон ажиллаж баймаажин л төр гээчийн гаргасан шийдвэр сая нэг амьдралд хэрэгждэг юм. Одоо болтол төр гэдэг юм нь шийдвэр гаргадаг, тэр шийдвэр нь салбарласан, шаталсан, мэргэшсэн, олон түвшний олон байгууллагын гар нийлсэн ажиллагаанаас хамаардаг юм. Үүнийг улс төр судлалд артикуляци гэж нэрлэдэг. Яг энэ асуудал дээр манайхан бүтэц л яриад байхаас биш, функци гэсэн хамгийн гол юмыг нь ярьдаг ч үгүй, мэддэг ч үгүй. Үүнийг үйл ажиллагаа гэж орчуулдаг боловч яг утга нь монгол хэлэнд буудаггүй юм. Одоохондоо зориулалт, үүрэг, зорилт гэсэн гурван ухагдахууны нийлбэр гэж л бүдүүн тоймоор хэлэхээс биш дээ.

Анатоми яривал заавал физиологийг ярьдагтай адил эд л дээ. Төвийн засаглалын шийдвэр заавал орон нутгийн засаглалаар дамжин амьдралд хэрэгждэг бөгөөд одоо хэрэгждэг хууль, биелдэг шийдвэр гэж ор мөргүй алга болсон нь энэхүү функци байхгүйтэй (функциональ хамаарал ч гэдэг -Д.Г.) шууд холбоотой юм.

Төр хаана дуусч, нийгэм хаана эхэлдэг вэ гэсэн бараг гүн ухааны асуулт энд үүсдэг юм л даа. Өөрөөр хэлбэл орон нутгийн засаглал бол шууд утгаараа төр биш гэсэн утга энд бий. Манайд бол сум, багийн засаг дарга нар байтугай хорооны нийгмийн ажилтан нь БИ ТӨР гэж солиорох хэмжээнд хүртлээ асуудал гажжээ.

Энэ гаж нөхцөлд сонгууль олигтой болно гэж л лав байхгүй. Ардчилсан Намыг бол одоо ярилт байхгүй. Сонгууль болгоноор сайн дураараа очиж МАХН-ын өвөрт унтчихаад намайг хүчиндээд байна гэж орилдог хүүхэн бол янхнаас долоон дор л гэж би хэлэх байна.

Хэдийгээр үлэмж эргэлзээтэй боловч Монголын нийгэмд шинэчлэл гээч зүйл болдог л юм бол МАХН дотроос л гарна. Энд МАХН-ыг магтсан гэж намайг зэмлэхгүй байх найдна.

Удирдахад амархан байдгийм… 
Эхлээд Үндсэн Хууль, улмаар 1992 оны 8 дугаар сард УИХ “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль”-ийг гаргасан юм. Эндээс л эхлээд хамаг юм бантан болсон доо.

Жишээ авъя. Энэ хуулинд: “Монгол Улсын нутаг дэвсгэр засаг захиргааны хувьд аймаг, нийслэлд, аймаг нь суманд, сум нь багт, нийслэл нь дүүрэгт, дүүрэг нь хороонд хуваагдана” гэж заасан.
Хуучны БНМАУ засаг захиргааны хувьд 18 аймаг, 3 хот, орон нутгийн 17 хоттой жирийн нэг улс байлаа. Энэ хуулиар бүх хотуудыг аймаг болгов. Орон нутгийн хотуудыг бүгдийг нь устгав. Говьсүмбэр гэсэн ганцхан сууринд аймаг болох хувь заяа ногдсон юм. Энэ ч гэсэн завхрал байсан.

Одоо ч гэсэн Дархан хот, Эрдэнэт хот, Зүүнхараа хот гэхэд юу нь болохгүй байна. Аль ч улсад хэмжээндээ тохирсон хотууд байх бөгөөд эдгээрийг улсын хэмжээний болон орон нутгийн хот гэж хуваадаг юм. 

Цомхон нутаг дэвсгэрт төвлөрсөн, мал аж ахуйгаас өөр олон юм хийдэг, нийгмийн зохион байгуулалтын уламжлалт хэлбэрээс хавьгүй илүү дэвшилттэй нийгмийн зохион байгуулалтын хэлбэрийг л би хот гэж ойлгоод гээд байгаа юм л даа. Мэдээж шинжлэх ухааны өөр олон тодорхойлолт байгаа ч гэсэн манай нөхцөлд энэ нь илүү ойлгомжтой гэж санана.

Энэ хуулийг тэр үед хариуцаж байсан Ж.Бямбадоржоос би тухайн үед: “Чи Дархан, Эрдэнэт хотгүй Монгол Улсыг төсөөлөөд үз дээ” гэж асууж байсан минь тэмдэглэгдэн үлджээ. Тэр нөхөр хариуд нь: “Бүгдийг нь адилхан аймаг болгочихвол удирдахад амархан байдгийм” гэж хариулж билээ. Одоо бүгдийг нь дайны байдалд оруулчихаад ёстой амархан удирдаж харагдаач…

Аа бас тэр үед төрт ёсны уламжлалаа сэргээнэ гэж бөөн юм болж байсан юм байна. Баахан түүхчид, хажуугаар нь баахан мэдэмхий юмнууд гарч ирээд ёстой нэг солиорч өгсөн дөө. “Та нар төрт ёсны уламжлал гэдэгтээ Хүннү, Чингис, Богд хааны үеийн алийг нь яриад байна” гэж асуухад л “уламжлалаа мэдэхгүй муу хоцрогдсон амьтан” гэсэн хоч шууд л зүүчихдэг байна ш дээ. Уг нь уламжлал гэдэг бол хамгийн тодорхойгүй ойлголтын нэг байдаг юм л даа. 

Ингэж байгаад толгойдоо орсон “уламжлал”-ынхаа дагуу орон нутгийн засаг захиргааг байгуулсан санаатай. Чингэхдээ нөгөө муу нэртэй социализмын үед Дархан, Эрдэнэт, Чойбалсан, Зүүнхараа, Налайх, Багануур, Чойр зэрэг манайдаа л тов гэсэн хотууд байгуулсан гэдгээ марчихсан байгаа юм даа…
Юун сүртэй юм, хотыг аймаг гэж нэрлээ л биз гэж зарим нөхөр одоо хэлж болох юм. Сөнөөсөн л юм даа, гэхдээ энэ бол жичдээ ярих сэдэв юм аа.

Цорын ганц хот 
Энэ бол мэдээж Улаанбаатар. Цэвэр социологийн утгаараа Улаанбаатар хот маань 1960-аад оноос л сая нэг орчин үеийн хотын дүртэй болсон юм. Хотыг хүний тоо ч биш, газар нутаг ч биш, бүтээн байгуулалт л тодорхойлдог юм.

Мэдээж Оросыг дуурайж нийслэл, дүүргийн зохион байгуулалтад орсон. Москвагийн нэг дүүрэг дунджаар 2 сая хүнтэйг жишээд үзэхэд манай дүүрэг ч чааваас л байна.

Тухайн үед МАХН төвлөрүүлэн удирдаж байсан болохоор хот, дүүргийн ажилд шууд л оролцдог байсан. Энэ хэт их оролцоог багасгаж, тодорхой эрх мэдлийг нийслэл дүүрэгт нь олгох нь мэдээж хэрэг зөв байсан. Гэхдээ энэ нь тэднийг бүр мөсөн хараа хяналтаасаа гаргана гэсэн үг огтхон ч биш байлаа. Гэхдээ л алдаж орхисон юм даа. Яагаад?

МАХН нийслэл, дүүрэгт хуваагдаж, түүгээрээ дамжуулан удирддаг байлаа. Энд МАХН-ын боловсон хүчний системийн давуу болон дутагдалтай тал оршино. Давуу тал нь хамгийн чадалтай нь яам, газруудад, түүнээс арай доогуур нь нийслэлд, бүр муу нь дүүрэгт ажилладаг зарчимтай байсан. Ер нь боловсон хүчнийг анхан шатнаас нь эхлүүлэн шат дараалан дэвшүүлэх зарчим бол манай нөхцөлд хамгийн тохирсон хэлбэр байсан нь одоо ч илт харагддаг.

Ардчилал ялснаас хойш төвийн засаглалын төлөө улс төрийн дайн үргэлжлэх болж иргэдийн ч, төрийн ч хамаг анхаарал түүнд чиглэх болов. Их Хурал, Засгийн Газар унах гэж байхад юун аймаг, нийслэлтэй мантай. Манай онцлогийг огтхон ч үл мэдэх барууныхны дэмжлэгээр нэг хэсэг “Төвлөрлийг сааруулах үндэсний хөтөлбөр” гээд сүйд майд болж байсныг олон хүн санаж байгаа байх. Харамсалтай нь одоо энэ хөтөлбөрөө ХЗДХЯ нь ч олохоо байчихсан нь бас баримт юм. Чаддаг юм бол гаргаад ирээрэй л дээ. Ингээд манайд төвлөрлийг сааруулсан уу гэдэг асуулт ихээхэн эргэлзээтэй болж байгаа юм.

Эхлээд нийслэл өмч хувьчлал, дараа нь газрын наймаагаар ихээхэн хүч чадлыг олов. Дээр дурдсан төвлөрлийг сааруулах, орон нутгийг бэхжүүлэх уриан дор дүүргүүд ч ихээхэн эрх мэдэл олсон нь ийм байдалд хүргэсэн юм. Гэхдээ газар нутгаасаа шууд зарчихдаг нутгийн удирдлагын байгууллага энэ дэлхийн хаана ч байхгүй байх…

Өнөөдөр л гэхэд дархан цаазтай Богд хан ууланд газрыг зөвшөөрөлгүй 300 гаруй аж ахуйн нэгж ажиллаж, улсын хэмжээнд 5000 гаруй хайгуулын, 1000 гаруй ашиглалтын лицензыг гадаадынхан ашиглаж байгаагаа нэг их төрийн нууц мууц гээд байвал нэр нэрээр нь гаргаж болох л юм…Энэ нь манайд нутгийн удирдах ёс бүрэн дампуурсныг тод харуулдаг. 

Нийслэл, дүүргээ ахиад ярихад тэдний орлого нь өмч хувьчлал, газрын наймаа, зам гэхчлэн нийслэлийн элдэв тендер, бас бараг ёс заншил болтлоо хөгжсөн авилгын сүлжээ байдаг юм. Мэдээж энэ нь ихээхэн далд гэж дарга нар боддог боловч Монголд ямар нууц юм гэж байх биш дээ…
Орон нутгийн байгууллагуудыг эхлээд төвийн засаглалын зүгээс эвдрэлд оруулсан юм. Миний тэрийг ч энийг ч ажилд аваач гэсээр байтал нутгийн удирдлагын байгууллагууд томчуудын амраг садан, найз нөхөд, үр хүүхдээр дүүрэн болчихсонд хамаг лай ланчиг оршдог юм.

Яваандаа төвийн засаглалын эсрэг орон нутгийн, ялангуяа нийслэлийн засаглал бүрдэж эхлэв. Үндсэн Хуулийн дагуу Монгол Улс унитар буюу төрийн байгууламжийн хувьд нэгдмэл улс байтал хэрэг дээрээ аймгууд болон дүүргүүдийн холбоо гэсэн хачин гаж хувиралд орсон юм.

Ямар ч хяналтгүй учраас нийслэл, дүүрэгт байх нь эдийн засгийн хувьд бараг УИХ-ын гишүүнээс илүү болсон учраас л үхэн хатан дайтаж байгаа нь энэ юм. Нийслэл дүүргийн төрийн захиргааны алба нь боловсрол, соёл, туршлага, мэдлэг гээч юм огт хэрэг байхгүй адгийн бохир газар болно.

Тэгээд хийх юм нь олдохгүй болохоороо “Баянгол дүүргийн дуу”, “Чингэлтэй дүүргийн цагдаагийн дуу” гэх мэтчилэн хэнд ч хэрэггүй новшийн юм зохиохдоо сайныг нь яана. Жишээлбэл Баянголчууд бол утаа, хогон дундаасаа:

“Эрин зууны аялгуунд түрлэг өргөн нэмсэн
Айзам яруу дуутай
Ирээдүйн гэгээн бүхний түүхийн хүрдийг эргүүлэх
Ашдын сайн мөртэй
Бид Баянголчууд аа”
гээд дуулаад байх л үлдэж байгаа юм.
Харин Хан -Уулынхан бол ширгэж байгаа Туул, шингэрч байгаа Хан-Уулаа харж байгаад:
Хүүхэд төрж, ирээдүйд дөтөлсөн
Хэтийн заяатай Хан-Уул дүүрэг (ээ)
Хан -Уул (аа) манай дүүрэг
Хаа холоос санах нутаг (аа) гэж дуулна шүү дээ.

Дүүргийн дуулал гэж нэрлэдэг энэ юмыг нь би тэдний вэб сайтаас авсан юм шүү. Энэ тэнэглэлийг дуурайгаад хөдөө сум болгон дуутай, есөн хөлт цагаан туг хийж дөвчигнөх бол энүүхэнд болсон.

Улсынх нь Ерөнхийлөгч 10 уул тахиж болоод байхад нийслэл, дүүргийнхэн яаж дутахав. Ингээд л уул овоо тахина, бурхан, суваргууд хаа сайгүй босгоно. Энэ чинь XXI зуун гэж хэлээд байхад лам хар нь мэдэгдэхгүй маанаг юмнууд төрөөр пиг дүүрэхээр ажил нь уналгүй яадаг юм…

Ингээд Монгол Улс ганц хоттой, бие даасан аймаг, дүүргүүдийн нийлбэр болчихож байгаа юм даа. Энийг феодлууд уламжлалаа сэргээж байна гэж нэрлэх байх. Харин би бол XXI зууны шинэ феодализмын бутрал л гэж нэрлэнэ… 

Судлаач Д.Ганхуяг 

Эх сурвалж: "Улаанбаатар таймс" сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top