Долгорын Нямаа
Монгол Улсын төрийн шагналт, СГЗ, нэрт зохиолч Д.Нямаа Дундговь аймгийн Өлзийт сумын харьяат, 1939 онд төрсөн. 1966 онд Горькийн нэрэмжит утгазохиолын дээд сургууль төгсчээ.”Тэнгэрийн хаяа”, “Галуун цуваа”, “Тэмээний нутаг”, “Их газрын чулуу”, “Шөнийн талд адуу янцгаана” зэрэг яруу найргийн 10 гаруй ном, Атлантын түрлэг, Тэнгэрийн хаяа зэрэг дуртгал, тэмдэглэлийн ном туурвижээ. Эссэ дуртгалын “Тэнгэрин хаяа” ном нь ихэд нэрд гарсан сонирхолтой сайхан бүтээл юм. Эл номноос “Могойн чуулган” хэмээх бичил хэсгийг энд толилуулъя.
Могойн чуулган
Говьд бороо орж байгаад зогссоны дараа могойнууд ташуур хаячихсан мэт эв эгцхэн болоод хэвтэж байдаг. Солонго татахыг харж байгаа юмуу гэмээр. Нарлаж буй царай нь тэр юм байлгүй.
Ургаж байгаа наран доогуур харахад нүх болгоны аман дээр могой хэвтсэн нь борооны ус тогтсон юм шиг гялтайж харагддаг гэж эмэг ээж минь ярьдаг байв. Багадаа би хад бутан дунд хурга хариулж яваад юм юмыг шагайж хардаг, сонирхдог байжээ. Хүүхдийн саваагүй зангийнх биз. Нэг удаа нисэх онгоцны өрөөсөн далавч шиг тэнгэр өөд гозойсон том хадны доогуур орсон нүх хонгилыг шагайж харж яваад толгойн үс зарсхийж билээ. Хадны хонгилд олон могой цуглажээ. Цагаан сарын боов өрчихсөн юм шиг харагдлаа. Түүнээс хойш би элдэв агуй хонгил руу харах гэж дурладаггүй болсон. Харин морьтой явж байхад бут сондуул шүжигнүүлээд том могой шургахад морь үргээд байдаг.
Бас 1930-аад онд анчин Лүүсэр гэдэг хүн Хөнжлийн уулын баруун хойно байдаг Мүүлэнгийн цавд сууж байтал чөдөртэй морь нь нэг жалганы зүгээс хүчтэй соролтод татагдаад байх шиг санагдахаар нь ажиглавал нэг шавар хонгилоос тэмээнийхээс дутуугүй нүдтэй том могой амаа ангайчихсан харагдахыг үзээд сандрахдаа буудаж орхисон юм байна. Дараа жил нь тэр шавар нүхнээс их тос урсаж эвгүй үнэр гараад байсан гэжээ. Энэ бол хүмүүсийн ам дамжсан яриа. Гэхдээ газар усны нэр, байрлал, нутгийн хүмүүсийн нэр хаяг тохирч байгаа нь сонин.
Баруун булгаас холддоггүй улсын аварга малчин Түмэндэлгэрийн Чимидийн гадаа 1970-аад оны дундуур нэг том могой хүрч очсон тухай яриа байдгийг дуулаад сураг тавьсаар 2002 оны дөрөвдүгээр сард Дундговь дээр ирэхэд нь уулзаж ярилцлаа. “Тэр зун манайх Шандны улаан овоонд байв. Баруун талдаа гүү зэллээстэй. Цаана нь нэг мухар эрэгтэй юм. Хонинхүү эмнэг байдастай ирж манайд айраг уудаг байлаа. Нэг ирээд мордоод явснаа буцаад айсуй. Унаа нь хоргодоод явж өгсөнгүй юм байх гэж бодлоо. Гэтэл “Энэ баруун талаас нэг лус амьтан айсуй” гэв. Тэр нь могой байжээ. Бид гэрийн гаднаас харж зогстол зэлний цаанаас нуруу нь гүвэлзээд ирж яваа нь тод байна. Тэгснээ гүүн зэлний хойгуур тойроод гараад ирлээ. Ээж байсан. Хүүхэд хөтлөөд овоо өөд зүг бурууллаа. Могой явсаар хотны толгой дээр ирээд хэвтэхээр нь бид ойртож очлоо. Бүдүүнээрээ бол хөдөө айлын ацтай баганын дайтай л юм. Урт нь лав хоёр метр хүрнэ. Сүрхий том хар нүдтэй. Уурганы үзүүр хүргэсэн чинь ер уурлахгүй юм. Тэр уургүй нь их сонин санагдсан. Би ч төдхөн малын хойноос мордоод явчихлаа. Орой ирэхэд алга байв. Сураглавал “хойшоо явсан” гэлцэв.
Дээр өгүүлсэн хэдэн баримтууд бол дандаа манай нутаг дээр болсон явдлын тухай. Ямар ч гэсэн санаанд оромгүй том могой хааяа үзэгддэг гэж ойлгохоос аргагүй. Харин могойн чуулганы тухайд бол аль ч нутагт ярьдаг. Үзсэн хүн ч байдаг. Яруу найрагч П.Пүрэвсүрэн багадаа могойн чуулгантай яаж тааралдсанаа бичсэн байна. Могойн чуулгантай тааралдвал нар гарах талаас нь хормойгоо дэвсэн мөргөнө үү гэхээс биш айлгаж цочоож болохгүй гэдгийг манай аль ч нутагт өвгөчүүд ярьдаг. 1980-аад онд Өмнөговь аймгийн Ноён сумын Цагаан мааньтад болсон нэг явдлыг дуулаагүй хүн байхгүй биз. Чуулганд хурсан олон могой дээр шатахуун цацаж дэлбэлсний улмаас пинхийсэн эвгүй дуу гарч хэргийн эзэд нь ум мани бадми хум болсон эмгэнэлт явдал билээ. Тэр үед Өмнөговьд сууж байсан яруу найрагч Э.Хархүү хожим нь энэ тухай:
Бөөрөнхий улаан гал задарч
Бөмбөг тэсрэх шиг их дуу гарав гэсэн дүрслэл бүхий айхтар шүлэг бичсэн. “Байгальтай тэрсэлдэж болохгүй, тэгвэл алуулна” гэж Оросын зохиолч Юрий Бондаревийн бичсэн нь тэр үед санаанд орж байсан. Байгалийг хүндэтгэх дорнын соёлоос улбаатай энэ асуудал үеэс үед сануулга сургамж болж үлдсэн буй за гэж би боддог.
“Могой бие биенээ хэрхэн хүндэтгэдэг болохыг нутгийн хүмүүс гайхаж байна. “Хаан могой” голд нь өндийн “илтгэл тавьж” чуулганыг удирдана. Түүнийг нягт хүрээлсэн олон могой нэг нь нөгөөгийнхөө дээгүүр огт гардаггүй бөгөөд ирэх буцах, байраа солих шаардлага гарваас дороо мурилзан арагшаа ухарч гардаг нарийн дэгтэй” гэсэн байх юм. Говь бол могойн орон. Могойн чуулганы их танхим билээ. Ямар сайндаа Америкийн эрдэмтэн Р.Ч.Эндрюс /1933/ Монголын говийн тухай тэмдэглэлдээ “Бид майхан дотроосоо 47 могой барьж аваад хорт могойн бууц гэж нэрлэв” хэмээн бичиж байхав. Аягүй бол “харийн” тэр майхныг лусын эзэд бүсэлж аваад байсан ч билүү, хэн мэдлээ. Юм гэдэг учиртай.
Сэтгэгдэл ( 2 )
Үнэхээр гоё байлаа могойн чуулган гэж мэдэж авлаа\n
Гоё \:D/