Энэ хавар урьдынхаас өөр болж байна. Хааяа хүйтэн жавар үлээнэ. Салхи хуйларч, шороо босно. Нэг л таагүй. Улс төрийн амьдрал бүр ч тааруухан. Жил жилийн хавар эхэлдэг улс төрийн синдром гээд дээр байгаа дарга нар тоохгүй царайлж байснаа сүүлийн өдрүүдэд арга буюу “Энэ иргэний хөдөлгөөнүүд ер нь юу болоод байна аа” гэсэн шиг ордныхоо цонхоор нийслэлийн төв талбай руу нүд бэлчээх болжээ. “С.Батболдын Засгийн газар огцор” гэсэн шаардлагыг “Гал үндэстэн холбоо”, “Гол нууруудын нэгдсэн хөдөлгөөн”-өөс тавьж байна. Эдгээр хөдөлгөөний удирдагч нар буюу Ц.Мөнхбаяр тэргүүтэй хүмүүс Түнхэл дэх гадаадын компаний үйл ажиллагааг зогсоож, газар шороо, хүн ардаа эсэн мэнд авч үлдэхийн тулд хорь гаруй удаа техник сэлт рүү нь буудсан хэргээр эрүүгийн хариуцлага хүлээхэд хүрээд байгаа юм. Тэд эх орноо харийнханаас хамгаалсан гэх ганц тайлбарыг тавиад байна. Хэрвээ эрүүгийн хэрэгтэн болцгоовол араас нь босоод ирэх, босч ирэхдээ бүр нэлээд хатуу тэмцэл хийх хүмүүс тэдний ард байгаа бололтой. Шаардлагыг нь Засгийн газар биелүүлэх эсэхийг хэн ч одоогоор хэлэх аргагүй. Тэдгээр хөдөлгөөн холбоодууд бас УИХ-ыг ч тараах саналтай байгаа ажээ. Үүний хажуугаар УИХ дахь АН-ын бүлгээс С.Батболдын Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн биелэлтэнд дүн тавих З.Энхболдоор толгойлуулсан ажлын хэсэг байгууллаа. Энэ ажлын хэсэг долоохон хоногт багтаан маш шуурхай байдлаар үнэлгээ дүгнэлт хийж УИХ-д танилцуулах юм байна. Тэдний ярьж байгаагаар С.Батболдын Засгийн газар өнгөрсөн 3 жилийн хугацаанд хүний нүдэнд харагдаж, гарт баригдахаар олигтой, бодитой юм бараг хийгээгүй гэнэ. Уг нь 2008 оны 11дүгээр сард 343 бүлэг, зүйл бүхий 1151 заалттай том хөтөлбөр хийж, УИХ-аар батлуулсан байжээ. С.Батболд саяхан энэ хөтөлбөрөө урьдчилсан байдлаар өөрөө дүгнээд “Сайн” гэсэн дүн тавьсан нь З.Энхболд тэргүүтнийг ихээхэн бухимдуулсан бололтой. Жил бүр 60 мянган ажлын байр шинээр бий болгоно гэсэн мөрөөдлийн заалт нь огт хэрэгжээгүй бөгөөд ажилгүйдэл 9,3 хувиар өссөн байна. 100 000 айлын орон сууц барих ажил нь удааширч, газраа ч товлоогүй барилгуудын төсөл дарга нарын ширээнд дээр дарайтлаа өрөөстэй байгаа аж. Энэ том бүтээн байгуулалт ийнхүү саатсан нь цаанаа томчуудын хувийн эрх ашиг дагуулаад байгаатай холбоотой гэнэ. Олз хайсан тэд бие биедээ гох дэгээ тавьсаар өдий хүрчээ. Япон улсаас манайд барилга барих санал тавьж л байсан юм билээ. Тэднийг тоохгүй өөрсдөө хоорондоо уралцаж байтал хэдэн төгрөг саах боломж гарах гэж дарга нар тооцсон бололтой. Мөн ядуурал буурсангүй. Зарим улс төрчид өнөөдөр ядуурал 40 гаруй хувьтай болсон гэж байна. Иргэдийнхээ цалинг энэ Засгийн газар гурав дахин нэмж, дунджаар нэг хүн 1 сая гаруй төгрөгийн цалинтай болно гэсэн нь мянгуужингийн үлгэр болов. Цалинг дөнгөж 30 хувиар нэмээд инфляцийг хөөргөдөж орхисон. Дээр нь сонгуулиар амласан бэлэн мөнгөө хэд тасалж тараасан нь бүр гай боллоо. Хаана л бол хаана архидалт хөвөрч байна. Дэд бүтцээ хөгжүүлж, 5000 км зам тавина гээд дахиад бүтэлгүйтэж байна. Стратегийн ордуудаа эдийн засгийн эргэлтэнд оруулна гэсэн боловч Оюу толгойн гэрээг Канадуудтай хуйвалдаад үндэсний эрх ашигтаа харш, эсэргүүний ажил мэт аймаар юм болгоод хаячихсан гэдгийг З.Энхболдын ажлын хэсгийнхэн түрүүчээсээ хэлээд байгаа. Үүний адил 1997 онд гадаадын эдийн засгийн алуурчдын бэлтгэж өгсөн Ашигт малтмалын тухай хуулиа шинэчлэнэ гэж мөрийн хөтөлбөртөө оруулсан хэрнээ одоо болтол гар хүрээгүй байна. Гашуун сухайт, Цагаан суварга, Хөшөөт зэрэг орд газраа ч хувь хүмүүсийн мэдэлд өгчээ. Засгийн газар эдгээр ордыг ард түмэндээ илүү ашигтайгаар шийдэж болох л байлаа. Тавантолгой, Оюу толгойгоос гадна Асгат, Төмөртэй, Мардай, Шивээ овоо зэрэг ордуудыг үр ашигтайгаар ашиглах ажил ч муу хийгджээ. Стратегийн ордуудын эрчим хүчний хангамж удааширсаар байгаа аж. Байгаль орчиндоо ээлтэй хууль гаргаж, уул уурхайг чанартай технологиор тоноглохыг Засгийн газар тоосонгүй. “Урт” нэртэй хууль гаргаснаар байгаль орчныг хамгаалсан гэж үзвэл тэрүүн шиг эндүүрэл байхгүй. Энэ хуулиар голын эх, нуур цөөрмүүдийн дэргэд ажиллаж байгаа уурхайнуудыг хааж нөхөн төлбөрийг нь олгох ёстой байлаа. Өнөөдөр тэдгээр уурхайн эзэд харин хуулийг дахин засч янзлах юм яриад Засгийн газрын гишүүдийг канад, англичуудаар лоббидуулж яваа сурагтай. Энэ мэтээр С.Батболдын Засгийн газрын мөрийн хөтөлбөр бараг хэрэгжсэнгүй. Зүгээр л цаасан дээр үлджээ. Тиймээс Засгийн газарт дүн тавих ажлын хэсэг ихээхэн хатуу дүгнэлт хийж, тооцоог нарийн гаргахаас аргагүй болж байна. Эс тэгвээс иргэний хөдөлгөөнүүд УИХ-тай нь хамт дахин шахаанд оруулж, аягүй бол хоёуланг нь огцруулж таарах бололтой.
Х.Тулга.Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )