Монголын хамгийн олон уншигчтай "Хүмүүс" сонинд аймшигт өвчинд нэрвэгдсэн нь ч, үүнийгээ гэтлэн давж чадаж байгаа авьяаслаг жүжигчин, СТА Б.Баатархүү ярилцлага өгчээ.
-“Халуун сэтгэл”-ээ харамгүй зориулсан хайртай жүжигчин нь ингээд эргээд ирсэнд монголчууд маань үнэхээр баярлаж байгаа байх. Таны бие тэнхээ данги уу?
-Баярлалаа, ахынх нь бие сайжирч байгаа. Юуны өмнө намайг гээд миний төлөө сайхан сэтгэлээ харамгүй хайрласан ард түмэндээ “Хүмүүс” сониноор дамжуулан халуун мэндээ хүргэж байгаадаа үнэхээр баяртай байна. Түмэн олныхоо сэтгэл юугаар ч үнэлшгүй анд нөхдийнхөө буян, сайн эмч эмнэлгийн ачаар бие маань бага багаар тэнхэрч л явна. ХБНГУ-ын Берлиний Шарита эмнэлэгт гурван удаа хагалгаанд орж, 45 хоног эмчлүүлээд ирлээ. Одоо зургаан сарын дараа дахин эмнэлэгтээ очиж, шинжилгээ өгөх ёстой. Химийн эмчилгээ хийлгэхгүй, эмчийн хяналтанд байгаа. Хүн эрүүл саруул байхдаа сохорсонтой адил аливаад хайнга хандаж, амьдралыг өнгөцхөн дүгнэдэг юм байна гэдгийг өөрийн биеэр мэдэрлээ. Ёстой өнөө “Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусал” гэсэн ардын сайхан үгийн утгыг маш сайн мэдэрлээ гэж болно.
- “Халуун сэтгэл” тоглолтыг үзээд аргагүй л олны хайр хүндэтгэлийг хүлээсэн жүжигчин юм гэх сэтгэгдэл эрхгүй төрж байлаа?.
-Үзэгчдийн хайр хүндэтгэлийг хүлээсэн жүжигчин болжээ гэж өөртөө бардахаас илүү намайг урлагт хөтөлж өдий зэрэгт хүргэсэн хүмүүст л баярлаж байлаа. Миний багш Драмын эрдмийн театрын найруулагч Ч.Найдандорж болон “Х Түц” хамтлагийн хамт олон, ер нь урлагийн тогоонд хамт буцалж ирсэн хамтран зүтгэгч хамт нөхөд минь л намайг өдий зэрэгт хүргэсэн. Тэдэнгүйгээр Баатархүү миний бие урлагийн тайзан дээр оршихгүй шүү дээ. Ер нь энэ зохион байгуулагдсан ажил Б.Баатархүүг ямар хүн гэдгийг биш, харин монгол хүнд л заяасан тийм халуун сэтгэлийг л харуулсан. Монголчуудын нэгнээ гэсэн энэ сайхан чанар магадгүй дэлхийн өөр улс оронд байхгүй байх. Бяр чадал минь хүрвэл эргээд би ядарч зовсон хүн бүхэнд бушуухан тусалмаар байна.
-Монголд болсон хандивын тоглолтыг үзэх үеэрээ мэдээж сэтгэл огшиж, олон л зүйл бодогдож байсан байх?.
-Тэгэлгүй яах вэ дээ. Тэр олон хүн намайг гээд нэг дор цугласан байхыг хараад огшихгүй байхын аргагүй шүү дээ. Сэтгэл минь маш их хөдөлсөн. Үзэгчид, мэргэжил нэгт анд нөхөд, дуучид, урлагийнхныг хараад өөрийн эрхгүй нулимс урсаад эхлэхэд сувилагч маань сандарч яаралтай тусламжийн хонхоо дараад тэрүүхэндээ л бөөн бужигнаан болоод авсан. Тоглолтыг надаас гадна хамт эмчлүүлж байсан гурван хүн, бас сувилагчид хамтдаа интернэтээр үзсэн. Тэд үнэхээр их гайхсан. Намайг анхандаа Монголоос ирсэн жаахан ядруу хүн гэж дотроо бодоцгоож байсан юм билээ. Тэгээд тоглолтын тайзан дээр байрлуулсан миний зураг, хөргийг хараад бүр гайхаад “Чи ямар учиртай хүн бэ” гээд бүгдээрээ шалгааж гарсан. Манай өрөөнд 87 настай саятан өвгөн хамт хэвтэж байсан. 1945 оны дайны дараа газар худалдаж авч газраар баяжсан юм билээ л дээ. Тэр хүн намайг Монголын баян гэж бодсон гэсэн. Тэгээд намайг яг юу хийдэг юм, энэ тэр гээд орчуулагчийг маань хэдэн өдөр ээрсэн шүү. Монголын тухай интернэтээс мэдээлэл хайгаад л. Би тэдэнд өөрийгөө жирийн л нэг жүжигчин, харин манай монголчууд зовсон нэгэндээ ингэж тусалдаг юм гэж тайлбарлаж байлаа. Тэр үед монголчуудаараа, найз нөхдөөрөө үнэхээр их бахархсан. Аав ээж, ах дүү, эхнэр, гурван хүүхдийнхээ өмнөөс та бүхэндээ ахин дахин баярлалаа гэдгээ хэлмээр байна.
-“Халуун сэтгэл-д цугласан олон хүнийг хараад магадгүй гайхсан байх. Европчууд халуун цустай хүмүүс биш шүү дээ?
-Ер нь яахав хэн нэгэндээ тусалдаг ч гэлээ яг манайхан шиг ингэж нийтээрээ хүч хавсран нэгдэж, хөдөлдөггүй хүмүүс шиг санагдсан. Итгэж ядаад, их л сонирхоод байх шиг санагдсан. Асуудал гарвал ерөнхийдөө гэр бүлийн хүрээнд л шийднэ. Нийтээрээ бол улс орныг хамарсан гамшиг, аюулын өмнө л нэгдэх байх. Онцлог чанар нь ийм гэж тэднийхэн ярьж байсан. Тийм ч болохоор босоо заяатай монголчуудаараа бахархахгүй байхын аргагүй.
-Хагалгаанд орохоос өмнө таны биеийн байдал ямар байсан бэ. Эмчилгээнийхээ талаар?
-Тэнд хүний төлөө яаж анхаарал тавьж байгааг жинхэнэ утгаар нь мэдэрлээ. Эмнэлэгт, ер нь Герман улсад ар өврийн хаалга гэж алга. Эмчдээ авлига, хээл хахууль өгч царай алдах ч шаардлагагүй. Тийм зүйл байх үндэслэл ч алга. Монголд бол эсрэгээрээ шүү дээ.Миний хэвтэж эмчлүүлсэн эмнэлгийн эмч Бээр гэдэг хүн надад хагалгаа хийснийхээ дараа "Чи ч нөгөө ертөнцөд очиход үнэхээр ойрхон байлаа шүү" гэж хэлж байсан. Монголчуудын миньбуян заяа намайг түшиж, нөгөө ертөнцийн хаалгыг хаасан байх гэдгийг л дотроо тунгааж явна даа, ах нь.
-Европт аялан тоглолтоор явж байхад бие тань муудсан гэсэн байх аа. Гэнэт л ийм болчихов уу?
-Базаахгүй өвчин туссан гэдгээ Монголд байхдаа мэдэж байсан. Гэхдээ тэгтлээ хүндэрсэн гэдгийг нь огт гадарлаагүй ээ. Эрүүл мэндэд тустай гэсэн бараг бүх л витаминуудыг ууж байсан байх шүү. Манайхан чинь ер нь жаахан хэнэггүй талдаа хүмүүс шүү дээ. Эцсийн мөчид л эмнэлэгт хандчих гээд байдаг муухай дутагдалтай. Үүний горыг ч би өөр дээрээ амслаа. Үхлийн ирмэг дээр зогсчихоод “Эмч ээ, амь авар” гэдэг. Хэдийгээр хорт хавдрын талаар мэдээлэл их гардаг ч хүмүүс ер нь сайн хүлээж авдаггүй байх. Монголын нийгэм өнөөдөр ямар байгаа билээ дээ. Баян ядуугийн ялгаа хэтэрхий их гарчихсан. Өнөө маргаашийнхаа хоолны мөнгийг яая гэж яваа хүмүүс эрүүл мэнддээ анхаарч чадах уу. Эрүүл мэндээ л хойш нь тавиад байдаг. Хэнэггүйгээсээ болж би өөрийгөө алах шахлаа. Хэдийгээр манай монгол эмч нар чадалтай ч гэлээ оношилгооны багаж төхөөрөмж тал дээр асуудалтай. Миний онош ч буруу байсан.
-Хүний газарт явахдаа өвдөж зовно хамгийн хэцүү асуудлын нэг байх?
-Тийм ээ, хэл ус мэдэхгүйгээс эхлээд бэрхшээл их гарч байлаа. Ер нь л миний бие тийм ч сайнгүй яваад байсан л даа. Голландад явж байхад бие өвдөөд тэсэхийн аргагүй болоод ирсэн. Тэгээд Нараа гэдэг сэхээн амьдруулахын эмч эмнэлэгтээ үзүүлсэн. Монголд яригдаж байснаас шал өөр онош гараад ирсэн. Харин бие маань базаахгүй байгааг мэдэх үед хамт явсан Дооёо, Зулаа, Өлзийхүү гурав маань сэтгэл санаагаар дэмжиж, хань минь болж байлаа. Энд би бас нэг хүнийг дурсахгүй өнгөрч болохгүй. Германд байдаг монголчууд бол манай Сампилын Дэлгэрийг андахгүй. Тэнд 16 жил ажиллаж, амьдарч байгаа монгол бүсгүй байгаа юм. Гадаадын иргэдийн өмгөөллийн байгууллагад нарийн бичгийг даргаар ажилладаг. Хууль, бичиг баримтын зөрчил, орчуулга, бизнес, цагдаа гээд бүх зүйлд зөвлөгөө өгч өөрийнхөө чадах хэмжээгээр элэг нэгтнүүддээ тусалж явдаг. Яг л герман сэтгэлгээтэй маш ажилч, сэргэлэн. Олон ч хүн түүний буянаар хүний газарт ажиллаж, амьдрах арга ухаанаа олж авсан байх. Одоо бол Монголдоо ирчихсэн байгаа. Хүний газарт бие муудаад тэвдэж, хэцүүхэн явахад минь 20 мянган евро олж өгч тусалсан миний ачтан.
- Эмчилгээний зардалд хичнээн төгрөг шаардлагатай байсан бэ?
-Нийтдээ 43265 евро шаардлагатай байсан. Миний хэвтэж эмчлүүлсэн эмнэлгийн нэг өдрийн зардал нь л гэхэд 205 евро. Надад хаанаасаа тийм их мөнгө байх билээ. Үүнийг сонсоод хань ижил, үр хүүхэд, эцэг эх маань ч сэтгэлээр унаж гүйцсэн дээ. Миний найзууд ч надад их хэмжээний мөнгө байхгүй гэдгийг мэдэж басан. Тэгээд нэг өдөр 40 гаруй найз нар маань нэг дор цуглаад яахав, ийхэв гэж ярилцсан гэсэн. Тэгээд энэ халуун сэтгэл хандивын тоглолтыг хийхээр шийдэж л дээ. Дооёо, Зулаа, Аглуу, Хүрлээ гээд найз нарынхаа миний төлөө гэсэн тэр хүмүүсийн нэрсийг бүгдийг нь хэлнэ гэвэл дуусахгүй. Зүгээр л баярлалаа гэдэг үгийг мянга түмэнтээ хэлээд баршгүй, та нарынхаа өмнө их өртэй болсон гэдгээ л хэлье.
-Хагалгаа амжилттай боллоо. Эх орондоо хөл тавьчихлаа. Энд ямар эмчилгээ хийлгэж байна вэ. Яаж гам барьж байна?
-Хамгийн чухал зүйл бол мэдээж гам барих асуудал. Германаас ирэхэд эмч маань бүхий л зааварчилгаа, зөвлөгөөг өгсөн. Түүнийг нь ягштал барьж байгаа. За одоо энэ хүний хагалгаа дууссан, нутаг буцлаа гээд тэд хаячихдаггүй. Бүр онгоцонд суух хүртэл анхаарал халамж тавьсаар байсан. Тэгээд заавал дахин эргэж үзүүлэхийг хүссэн. Би 3-6 сарын дараа дахин шинжилгээнүүд өгөх ёстой.
-Удахгүй бүрэн илааршиж, үзэгч олныхоо мэлмийг баясгахын ерөөл тавья. Сүүлчийнхээ асуултыг мэдээж танд нээлттэй үлдээж байна?
-Маш их баярлалаа. Үзэгч олон минь л надад ажлын байр өгч, миний амьдралыг тэжээж явдаг. Би ч тэднээсээ урам зориг авдаг. Тийм болохоор удахгүй та бүхэнтэйгээ эргэн уулзана гэдэгт итгэлтэй байна. Урлагийн тайзнаа дахин гаргах мөч минь тийм ч хол биш байх. Түмэн олны минь ач буянаар бие минь илааршиж байна. Зөвхөн Баатархүү төдийгүй гэр бүлийнхээ өмнөөс ахин дахин баярласнаа уламжилж байна. Өвдөж зовсон хэнд ч болов бүгдээрээ халуун гараа сунгаж, амьдаръя. Амьдрал гэдэг чинь үнэхээр сайхан шүү дээ. Эцэст нь эрүүл энхийг та бүхэндээ хүсье.
Эх сурвалж: "Хүмүүс" сонин
Сэтгэгдэл ( 0 )