“Монгол брэнд” сэдвээр дагнан хэлэлцэж байгаа Монголын эдийн засгийн чуулганы эхний өдөр гурван салбар хуралдаан боллоо. Хүнс, хөнгөн үйлдвэрлэл, аялал жуулчлалын салбарт Монголын гэх ямар брэнд гаргах, дотоод гадаадын зах зээлд яаж таниулах, төрийн зүгээс хэрхэн дэмжих талаар хэлэлцүүлэг өрнөлөө.
“Хөнгөн үйлдвэрийн бүтээгдэхүүн Монгол брэнд болох нь” салбар хуралдааныг Үйлдвэр, хөдөө аж ахуйн дэд сайд Б.Цогтгэрэл удирдаж, сэтгүүлч тоймч М.Оюунчимэг хөтлөн явуулав. Энэ салбарт брэнд бий болгох хязгааргүй боломж бий ч одоогоор сууриа хэдийнэ тавьчихсан арьс шир, ноос ноолуурын бүтээгдэхүүнээ дэлхийд гаргах нь нэн тэргүүний алхам гэж оролцогчид үзэж, үүний тулд банкны зээлийн хүүгийн бодлогоор дэмжих хэрэгтэй байгааг онцлов. Дээрх хоёр гол салбараас гадна оёмол, сүлжмэлийн салбар хөгжих нөөц бололцоо манайд хангалттай бийг үйлдвэрлэгчид санууллаа. Мэдээллийн технологи гэх мэт шинэ салбарт ч Монголчууд амжилт олох боломж гарцыг зарим нь санал болгосон юм. Хамгийн олон ажлын байр бий болгодог, хамгийн их нэмүү өртөг шингээдэг хөнгөн үйлдвэрийн салбарынхан түүхий эдээ өөрсдөө боловсруулж эцсийн бүтээгдэхүүн болгон гаргавал арав дахин нугалж ашиг олох зах зээл харагдаж байна. Гэвч бодит байдал дээр түүхий эдийнхээ 30-хан хувийг дотооддоо боловсруулж, үүнийхээ дөнгөж 10 гаруйхан хувиар л эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Энэ байдлыг өөрчлөх нь хөнгөн үйлдвэрлэлийн салбарын өмнө тулгамдсан асуудлын нэгдүгээрт эрэмбэлэгдэх ёстой гэдэгт оролцогчид санал нэгдэж байв. Гол нь энэ удаагийн чуулганаар сэдэвчилж ярьсан эдгээр асуудлыг ойрын хугацаанд бодитой үр дүнд хүргэн хэрэгжүүлэх, үүний тулд төр, хувийн хэвшлийн оролцогч талууд харилцан хариуцлагатай ажиллах хэрэгтэй байгааг салбар хуралдааны оролцогчид тодотголоо.
“Монгол хүнс Монголд брэнд болох нь” салбар хуралдаанаар мах болон сүүн бүтээгдэхүүнээ эхний ээлжинд эх орондоо брэнд болгох өргөн хэрэгцээ байгааг дотоодын үйлдвэрлэгчид, холбоодын төлөөлөл хэллээ. Мах бэлтгэх тогтолцоог шинэчлэх, урамшууллын хэлбэр нэвтрүүлэх, үйлдвэрлэлийн технологийн шаардлагыг өндөржүүлэх зэрэгт төрийн оролцоо дэмжлэг хэрэгтэй байна. Төрийн дэмжлэг нөлөөгөө үзүүлбэл орон нутгийн болон үндэсний хэмжээнд брэндээ бий болгоход хувийн хэвшлийнхэн өөрсдийн зүгээс тодорхой алхмууд хийж амжилт гаргах боломжтой хэмээн үйлдвэрлэгчид үгээ дуулгав. Ноос ноолууран бүтээгдэхүүнд урамшуулал олгож эхэлсэн шиг мах, сүүн бүтээгдэхүүний салбарт ийм бодлого нэн яаралтай хэрэгтэй байна гэсэн үйлдвэрлэгчдийн хүсэлтийн хариуд “Хүнсний үйлдвэр цехэд тушаасан мах, сүүнд урамшуулал олгох талаар оны өмнөхөн хуульчилсан, энэ сардаа багтаан эцэслэн шийдвэрлэснээр энэ бодлого хэрэгжиж эхэлнэ” хэмээн салбар хариуцсан яамнаас мэдээлж байв. Ийнхүү мэдээллээ харилцан солилцож, бодлого чиглэлээ нэгтгэсэн салбар хуралдааны үеэр гарсан чухал санааны нэг бол сүүлийн үед дэлхий дахинаа “happy animal” буюу ямар нэг албадлагагүйгээр, тааваараа бэлчээрлэдэг мал аж ахуйн бүтээгдэхүүнийг илүү үнэлэх болсон нь манай улсад өөрийн брэндээ гаргах өргөн боломж олгож байгааг онцлон ярилцсан явдал байв. Орон нутаг, үндэсний хүрээнээсээ хальж дэлхийн зах зээлд брэндээ гаргая гэвэл мах болон сүүн бүтээгдэхүүнээ чухам ямар төрөл, хэлбэрээр боловсруулж савлавал эрэлттэй байх тухай чухал гарц шийдлүүдийг судлаачдын зүгээс санал болгосон нь сонирхол татаж байлаа. Төрийн зүгээс ч энэ чиглэлд бодлогоо чиглүүлж эхэлсэн, гагцхүү хувийн хэвшил, үйлдвэрлэгчид маань хоршиж, санаачилгатай ажиллах хэрэгтэй байна гэж салбар хуралдааныг удирдан явуулсан Үйлдвэр, хөдөө аж ахуйн дэд сайд Ц.Туваан онцолсноор хуралдаан өндөрлөв. “Монгол хүнс Монголд брэнд болох нь” салбар хуралдааныг ТМ телевизийн Ерөнхий редактор С.Эрдэнэбаяр хөтлөн явуулсан юм.
“Аялал жуулчлал Монгол брэнд болох нь” салбар хуралдаанаар Монголын нүүр царайг илтгэх брэндийн талаар оролцогчид тодорхой санал гарган хэлэлцлээ. Монгол гэх нэрийн тодотгол болдог нүүдэлчин ахуйгаас гадна дэлхий дахины анхааралд өртсөн Монголын говь-үлэг гүрвэл, олон улсын зах зээлд танигдсан Засгийн газрын бондтой холбогдуулан “Чингис” гэх нэрсийг брэнд болгон сурталчлах саналыг оролцогчдын зүгээс тавьж байв. Гэвч маркетинг, зар сурталчилгааны хөрөнгө дутмагаас үүдэн аялал жуулчлалын салбарт брэндээ таниулж чадахгүй байна гэж салбарынхан санал нэгтэй дүгнэж, төрөөс зарим асуудлаар дэмжлэг үзүүлэх хэрэгтэйг чухалчиллаа. Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд аялал жуулчлалын салбарын бодлогыг аль нэг яамны харъяанд авч үзэж ирсэн нь салбарын хөгжилд тушаа болж ирсэн гэж тэд мөн үзлээ. Харин Шинэчлэлийн Засгийн газар энэ салбарыг тусгайлан хариуцах яам байгуулан ажиллаж байгаа нь бодлого, хөрөнгө санхүүжилтээс эхлэн ихээхэн дэвшил гаргах болов уу гэсэн итгэл төрүүлж байгааг ч оролцогчид дурьдаж байв. Энэ тухайд Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл “Шинэчлэлийн Засгийн газраас аялал жуулчлалын салбарт эхний ээлжинд дорвитой хөрөнгө гаргах гурван чиглэл гаргасан. Палентологийн музей байгуулан үлэг гүрвэлийн аялал жуулчлал хөгжүүлэх, биет бус соёлын өвийг нүүдэлчин ахуйгаар дамжуулан сурталчлах аялал жуулчлалын төрлүүд хөгжүүлэх, дэлхий нийтэд тайлагдашгүй оньсого хэвээр байгаа Чингис хаантай холбоотой археологийн судалгааны мэдээллийг аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгоход төрөөс дорвитой дэмжлэг үзүүлэх бодлого барьж байгаа” хэмээн тайлбар өглөө. Салбар хуралдааны оролцогчид өөр нэг асуудалд санал нэгдсэн нь энэ жилээс аялал жуулчлалын байнгын цаглабар гаргах тухай байв. Гадаад зах зээл рүү огтмол сурталчилгаа явуулж чадахгүй байгаа манай улс хөдөлгөөнгүй хөтөлбөртэй аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулах нь жуулчдаа тогтвортой татах үндэс гэж тэд үзлээ. Байгальд халгүй, эрсдэлгүйгээр хамгийн өндөр ашиг олж болох аялал жуулчлалын салбартаа Монголын брэнд гаргахад тулгамдаж буй санхүүгийн болон хүний нөөц, чадавхийн олон асуудлаар оролцогчид ийнхүү хэлэлцсэний эцэст саналаа нэгтгэн тодорхой зөвлөмж гаргахаар тогтлоо. Салбар хуралдааныг Ийгл телевизийн тоймч, хөтлөгч Э.Дөлгөөн хөтлөн явууллаа.
Монголын эдийн засгийн чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаан хөгжлийн санхүүжилт, хөдөлмөрийн зах зээл ба хүний нөөц, хууль эрх зүйн орчин зэрэг сэдвийн хүрээнд Төрийн ордонд үргэлжилж байна. Маргааш эдийн засгийн төрөлжилт, бизнесийн орчны талаар үргэлжлүүлэн хэлэлцэхээс гадна ногоон эдийн засаг, усны санаачилга сэдвээр тусгайлсан хэлэлцүүлгүүд явагдана. Хоёр дахь өдрийн хуралдаанд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, манай оронд айлчилж буй Голландын Ерөнхий сайд асан Вим Кок нар хүндэт зочноор оролцох болно гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )