Яг 90 жилийн өмнө боловсруулсан нэгэн гайхамшигт баримт бичгийг толилуулж байна. “Эдийн засгийн үндсэн бодлого” хэмээх энэ баримт бичгийг МАН тэртээ 1923 оны 7 дугаар сарын 24-нд боловсруулсан юм. Үлэмж хоцрогдсон улс орноо дэлхий дахины хөгжил дэвшилд хүргэх гэсэн бидний өвөг дээдэс ямархүү цэцэн цэлмэг ухаан, ямар их итгэл үнэмшил, агуу их мөрөөдөлтэй байсан нь илт харагдана. Одоо өөрийгөө XXI зууны шинэ шилдэг хэмээн магтдаг манай наманцаруудын алинд нь ч ийм лут баримт бичиг байхгүй бөгөөд хийж чадахгүй гэдгийг би баттай хэлж чадна. Одоогийн МАН бол бүр ч чадахгүй. Төрд ч гэсэн ийм системтэй хөтөлбөр байхгүй. Иймээс өнөө үеийнхэн ичих хэрэгтэй л дээ…
Зарим нэг үг хэллэгийг нь одоо үед тохируулаад засчихвал одоо ч аль нэг намын программ болгох бүрэн боломжтой. Хамгийн харамсалтай нь энд дэвшүүлэн тавьсан зорилтуудын ихэнхи нь биелээгүй байгаа. Харин энэ бол жинхнээсээ бодох сэтгэх асуудал мөнөөсөө мөн…
ЭДИЙН ЗАСГИЙН ҮНДСЭН БОДЛОГО
Нэг. Мал адуулах тухай. Үүнд байцаавал бүх монгол улсыг хязгаар дотор автономитын үед малыг тоолоход арван гурван сая байсан хэмоомой. Таван хошуу малын дотроос чухам аль малыг өсгөвөл ашиг үлэмж болохыг хянавал үхэр, хонь эрхэм болоод адуу дараа орно. Бас монголын мал адуулах нь маш бүдүүлэг учраас цас шуурга, мялзан, дэлүү, цээж, боом, хатайрь, хамуу, ям, хулгана, чөдөр зэргийн эмгэг ба чоно хийгээд усгүй мэтээс жил бүх хэд хэдэн сая тооны мал үхэж хорогдож байтал, үүнд тус бүр арга хэрэглэхгүй байж үл болно. Цас шуурганд шивээ бууц барих ба хөх өвс хадвал зохино. Өвчний тухайд малын эмч хэрэглэвэл зохино. Чоныг алан устгавал зохино. Усгүй газар худаг эрэх ба суваг татах хийгээд цас борооны усыг цугларуулах зэргээр оролдвол зохино. Ер малын ажлыг орон нутагт тааруулж боловсронгуйгаар явуулбал зохих тул улсын Засгийн Газраас буюу Судар Бичгийн Хүрээлэн, ардын хоршоо мэтийн газраас зохих нутагт олны үзэж дуураймаар боловсон ажил байгуулж үзүүлбэл зохино.
Хоёр. Монголын хязгаар дотор Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Ховд зэрэг газраа тариа будаа ургуулах нь буй авч, бүх монголын хэрэглэгдэхүүнийг хангаж чадахгүй тул эрхбиш гаднаас авчрахад хүрнэ. Үүнд хянавал чухам ямар ямар газраа ямар ямар төрлийн тариа будааны зүйлийг эрхэлбэл ашигтай явдлыг хэлэлцвэл зохино. Үүнд: буудай, арвай, будаа, сулихар, төмс зэргийн идэх зүйл ба олс, илээ, цана мэтийн эд боловсруулах ургамлын зүйл, малын идэх хиаг, овъёос, царгас зэргийн тэжээл ихэт өвс аль нэгийг эрхлэх явдлыг хөгжүүлбэл зохино. Эдүгээ монгол газрын тарианы байдлыг ажиглавал маш бүдүүлэг тул зүй нь боловсноор үйлдвэл зохино. Үүнд газар орны ус уур хөрс шороонд зохилдуулж, шилдэг үр тарих ба газар юугаа элдэхэд боловсон анжис, нараг, үр сацах сацуул, тариа хадах хадуур машин, цохих машин, боловсон гар усан тээрэм зэргийг бэлтгэн хэрэглүүлэх ба ус суваг татаж дэвтээх ба газрын шимийг малын хохир өтөг зэргээр тэтгэх хийгээд ногоо тариа тарихад зүй зохисоор ээлжилж таривал газрын хөрсийг гамнах арга мөн тул хэрхэн ээлжлэх явдлыг тогтооно. Нимгэн хөрстэй ба элс хайр хийсдэг нурдаг газруудыг харгана, алтаргана, турлаг, тэмээний эрс мэтийн ургамлын зүйлийг тарьж хөрсийг торлон дарж бэхлэх аргыг сүвэгчилбэл зохино.
Гурав. Элдэв үйлдвэрлэлийн учир хоёр зүйл бөгөөд нэгэн бөгөөс түүхий эд гарган авах, хоёр болбоос түүхий эд боловсруулж шинэ эд бүтээх хэрэгтэй. Үүнд монгол газар ямар ямар түүхий эд гаргавал үлэмж ашигтай болоод алсын ач үрийн хувьд харшгүй буй хэмээн хянавал, нэгэнт нээгдсэн алтны уурхайн үйлдвэр ба эрдэнийн чулуу, давс, хужир, будгийн шороо, зэсийн зэргийг урьдал боговол зохино. Түүхий эд боловсруулах явдлыг хянавал таван зүйлийн малаас гарах арьс шир, ноос хялгас, сүү тос ба өөх мах зэргийг эрх биш хязгаар дотор аль чадахуйц боловсруулбал зохих тул булигаар, савхи, илэг үйлдэх газар ба ноос хялгасыг угаах ялгах ба цэмбэ тэрэм хивс зэргийн эд нэхэх, сүлжих үйлдвэрийг хөгжүүлбэл зохино.
Сүү тосны зүйлийг боловсруулж, тараг айраг, машины шар цагаан тос үйлдэж, дотор идэхээс гадна гадагш нэвтрүүлэн худалдахаар болговол зохино. Өөхний зүйлийг боловсруулж элдэв зүйлийн саван, лаа мэтийг үйлдвэл зохино. Тарваганы өөх хурааж, эмийн тос бэлтгэж дотор хэрэглэх ба гадаадад худалдаалбал зохино. Олс, идээ, цана мэтийг боловсруулж эд бөс нэхэх ба гадаад дотоодод худалдвал зохино.
Дөрөв. Худалдааны учир хянавал монгол улсын бүх худалдааны байдал төлөв нь гадагш гаргах зүйлийн гаднаас оруулах зүйлийн үнэ хоёрыг зэрэгцүүлэн үзвэл, гаднаас ирэх нь жил бүр таван сая лан үлэмж мэт тул худалдааны засгийг эрх биш нарийвчлахгүй болбаас үл болно. Хэзээ монгол ард түмний эрхэлсэн ажил үйлдвэр бат лут болоод, эдийн үйлдвэр хөгжиж чадаагүй цагт монголын худалдааны явдал эрхбиш гарзтай байх учиртай тул улсын эдийн засгийн бодлогод гүнээ холбогдоно. Өнөө маргаашийн худалдааны байдлыг хянавал аливаа жигнүүр хэмжээ тогтворгүй дээрээс худалдааны иргэн хятад ов гаргаж өгөх зүйлийг хөнгөн жигнүүр бага хэмжээгээр өгөөд авах зүйлийг хүнд жигнүүр ба их хэмжээгээр авах тул жил бүр олон түмэн монголчуудаас арван таван сая лан хонждог бололтой. Үүнд бүдүүвчилсэн нь хятадын худалдаачин арван лангийн худалдаа хийхэд өгөх авах зуур гагцхүү жигнүүр хэмжээ тогтворгүйн уршигт итгэж гурван лан хонжвол монголын нэгэн жилийн бүх худалдаа тавин сая лангаас доош бус тул тийнхүү манай монгол арван таван сая лан хий алдах болой. Бас монгол улсын тогтоосон зоосон мөнгө ба тэмдэг цаас угаас байхгүйн харгайгаар цөм хятад, орос зэрэг гадаад улсын зоос мөнгө ба тэмдэгт цаас мэтийг хэрэглэсээр цагийн ханш холбирхой учир өдөр бүр алдах нь багагүй болох явдлыг хэн ч болов мэднэ.
Манай олон монголчууд төрөлхийн худалдааны үйлсэд чадамгайгүй ба алба татварын явдал тогтсон цаг хэмжээ магадгүй тул мөнгөнд хавчигдаж, өөрийн түүхий эдийг сайн үнэ хүргэлгүй хямдханаар худалдана. Бусдаас худалдан авах аливаа хэрэглэгдэхүүн зүйлийг өндөр үнээр авна. Учир энэ тул Засгийн газар нийтэд хэрэглэх жигнүүр нэгэн хэмжээ тогтоож зарлан дагаж явуулбал жигнүүр хэмжээний далимын алдагдал устана. Улсын сангаас алтан, мөнгөн, зэс зэргийн зоос хэвлэж, зохих тооны тэмдэгт цаас гаргаж, улсын бүх хөрөнгөөр батлан хязгаар дотор бусад улсын тэмдэгт цаасны зүйлийг явуулахыг хэмнэж, алтан мөнгөн зэргийн хатуу эдийг улсын санхүүд хураан агуулбал зохино. Монголын мөнгөний гачигдлыг туслуулахаар мөнгөн тэтгэврийн банк мэтийг нээвэл зохино.
Монголын түүхий эдийг сайн үнэ хүргэн худалдах ба хэрэглэгдэхүүн зүйлийг хямдаар авахад тус болгосугай хэмээн зохих гол газруудад цаг цагийн худалдаа яармаг байгуулбал зохино. (энд биржийн тухай ярьж байна-Х.Д.Г.)
Бас энгийн хятад, орос, америк зэргийн худалдаачдад дуустал бүү идэгдсүгэй хэмээн ардын хоршоо байгуулсан нэгэн хэргийг идэвхитэй сайнаар хөгжүүлбэл зохино.
Тав. Арвилах хэмнэхийн учир, байцаавал аливаа улсад харъяат улсын дэлхийн баялгийг арвилах хэмнэх явдлыг эрхэм болгожээ. Хааяа зарим бүдүүлэг их бага улс арвилах хэмнэх засгийг үл хэрэгсэн, харъяат дэлхийн баялгийг үрж бүрэлгэснээр гал усны зовлонд унасан нь үзэгдэнэ. Ялангуяа монгол улсад газар шороо ба ус уурын эрхээр аливаа дэлхийн баялгийг үл арвилах хэмнэх болбаас огт болохгүй нэгэн учир буй агаад, эс арвилан хэмнэсний гэм нь даруй түргэн үзэгдэж, үүрд засаж залруулахын замгүй болох нь аюултай. Жишээлбэл монгол газраа ой мод ховор бөгөөд ургах нь удаан, хэрэв ой модыг гал түймэр түлбэл буюу эсвэл хүн сүх хөрөөгөөр гам гэмгүй огтчин хядвал тэр ой дахиж ургах нь бэрх. Ой модонд шүтэж хур цас орох ба булаг горхи урсч гол мөрөн болно. Мөн ой хөвчид үслэг хэрэм, булга зэргийн ан шивээлэн оршино. Ой модыг боловсон ёсоор ашиглаж зохихыг нь бүрмөсөн цаазлан дархалж, заримыг нь маш боловсноор арвилан хэмнэж эс хэрэглэвэл даруй ой хөвчийн оронд халзан уул болж, эрэг ганга нурж, элс шороо хийсээд, ус булаг хатаж, цас бороо тасалдан ган зуд шуурга шамарга үргэлж бууж ирнэ. Ан гөрөөс аяндаа үгүй болно.
Үлгэрлэвэл одоо маргааш Туулын голын мод, Хараагийн мод, Ивцэгийн ой, Ононгийн эхний хөвч зэрэг модыг ойр хэдэн жилийн үед ямар ч арвилах хэмнэхийг мэдэхгүйгээр огтолж сүйтгэсэн нь мөнгө болгож бодвол нэг жил бүр арваад сая төгрөгийн модон дэмий үрэгдэж буй, арван жилийн дотор нэг зуун сая төгрөгийн хөрөнгө үрэгдсэн болно.
Ганц Ононгийн эхний зузаан хөвчийг сийрэг болтол огтолсны харгаагаар Хэнтийн ард орсон бөөн цасан мөндөр борооны ус хайлан урсахад торох хаагдах юмгүй болсон тул Ононгийн ус гэнэт үерлэж саваас бялхан гарч, арван таван алд хүртэл өндөр урсаж, Онон дахь суусан орос, буриадын хот шивээ, тариалан хадлан өтөр бууц, хүн малыг гэмтээх нь тасралтгүй болжээ. Учир энэ мэт тул ой модыг боловсноор ашиглавал зохино.
Бас нүүрс түлэх ба үйс холтос авах зэргээр амьд мод алахыг цаазлавал зохино. Хашаа байшин зэргийг шавар, тоосго, чулуу мэтээр барих явдлыг удирдвал аяндаа мод сүйтгэхийг хэмнэж болно. Ан гөрөөсийг мөнхүү боловсноор арвилан хэмнэж, жил бүр өсгөж, олон болгон үүрд тасралтгүй ашиглахад бэлтгэвэл зохино. Мөн тэрчлэн загас болно. Ой мод зузаатгах ба тустай ан гөрөөс өсгөхийг бодож, хэд хэдэн уул, ус зэрэг газрыг онгон сүлд дархан газар болгож, огтлох, агнахыг цаазалбал зохино.
Зургаа. Налайхын чулуун нүүрсний учир хянавал, Нийслэл хүрээний олон амьтны түлэх түлш ба олон албан яам, үйлдвэрийн газраа түлэх түлшинд жил бүр тоо томшгүй олон мод орох ба бас хашаа байшинд хэмжээлшгүй их мод хэрэглэж буй тул эрхбиш арга сүвэгчилж дан ганц түлшний зүйлийг бэлхэн малтаж бүхий Налайхын чулуун нүүрсээр гүйцэтгэж төдий олон модыг арвилан хэмнэж ургуулбал зохино. Хэрэв чулуун нүүрсний түлш түлээнээс үнэ хямд болоод айл гэр болгонд чулуун нүүрсний зуух буй аваас эрхбиш олон түмнээр аяндаа чулуун нүүрс хэрэглэнэ.
Долоо. Гаалийн хэрэг болбаас уг бодлого нь эдүгээ монголын газраас арьс шир, ноос, унгас, үс, мал, адуу, өөх, тос, мод, чулуу, хунчир, мөөг хүртэл дан түүхий эд гаргаж, гаднаас боловсруулсан эд оруулах явдлыг өөрчилж, монголын түүхий эдийг бүрнээ буюу эсвэл заримдаг төдийгөөр боловсруулж гадагш гаргах ба гаднаас аливаа ажил боловсролд тустай машин тоног, онц сайн мал, үр зэргийг амархан оруулах. Бас олон түмэнд тус багатай зүйлийг зүйлийг хэмжээлж, хорлолтой зүйлийг цаазлах мэт байвал зохино. Алсдаа улсын сан хөмрөг зузаармагц дотоодын гаалийг устгаж, дан ганц хязгаар давж гарах орох зүйлээс хураах ба дотоодын аливаа татвар гувчуурыг нарийн нягтаар явуулбал зохино. Ердийн гаалийн байдлыг нягт дүрэмтэй журамтай боловсноор эс засвал болохгүй.
Найм. Монгол улсын нэвтрэлцэх зам харгуйн учир, хянавал Монгол улсын газар орон нь асар уудам, хүн амьтан нь даанч цөөн, хот балгад ховор тул хүн нэвтрэлцэх дардан дэргүүр зам заасан нь үгүй. Гол мөрөнд гүүргүй, намаг шавартай газарт салгүй, хол ойрыг холбож хэл мэдээ авалцах тогтмол шуудангийн өртөөгүй, ийм тул аливаа албан амин хэргээр амархан нэвтрэлцэж үл болохын харгайгаар уналга мал, тэрэг чарга, хүний бие хэчнээн үрэгдэх сүйдэхээс гадна хэчнээн өдөр сар гээгдэж буйг нь мөнгө болгож бүдүүвчлэн бодвол эрхбиш жил бүр гурав дөрвөн сая лан хий хаягдаж байгаа нь илт биш үү. Тийм тул эдийн засгийг ард түмэнд тустай сайнаар явуулсугай хэмээвээс арга буюу олон газрын нэвтрэлцэх хэргийг хүндэтгэн үзэж, муу замыг сайн болгох ба гүүргүйд гүүр, онгоц зэргийг байгуулах хийгээд төмөр утас, телефон татаж, шуудангийн өртөө хэдэн замд тогтоох зэргээр арвилах хурдлах явдлыг хичээвэл зохино.
Ес. Монгол ард иргэний уран дархны үйлдвэрийн учир хянаваас, эдүгээгийн монголчууд аливаа дарханы үйлдвэрийг чадах нь урьдынхаасаа доройтож, цөм хятад үйлдвэрийн иргэний гар харах болжээ. Унгас ноосоор эсгий хийх, цэмбэ дарах нэхэх, өөрсдийн өмсөж эдлэх дээл хувцас зэргийн зүйлийг өөрсдөө эсгэх, оёх болоод төмрөөр ирт мэс хийх, модоор гэр бараа хийх ба эмээл, хом, тэрэг, тоног зэргийг өөрсдөө оролдвоос хийж чадах бөгөөтөл цөм хятадын гараар хийлгэж өндөр үнээр худалдан авах болсон нь чухам сайнгүй шинж мөний тул эрх биш арга сүвэгчилж, олон монголчуудын уран дархны ажил үйлдвэрийг хөгжүүлбээс зохино.
Арав. Улс төр ба ард түмэн хийгээд амин бие хэнд ч тусгүй ямар ба ажил үйлдвэргүй сул явах лам хар эрчүүдийг эрхбиш чадах зохих ажил үйлдвэр, хичээлгэх арга хэрэглэж, эрхбиш тустай нэмэртэй явах болговол зохино.
Арван нэг. Монголын өрх ам, хөрөнгө малын тоо авахын учир, улсын аливаа алба үүрэг тэгшлэх хуваах, буурай чадалтайг нь мэдэх, улсын аливаа засгийн бодол хийх эл явдалд харъяат улсын хязгаар дотор хэчнээн хүн, хэчнээн хөрөнгө буйг нь мэдэх хэрэгтэй тул тоолол явдлыг зохих хугацаа тогтоож, осолгүй нарийнаар авч байх арга хэрэглэвэл зохино.
Арван хоёр. Албан татварын учир, үүнд монголын ард түмнээс гаргуулах алба татвар хоёр зүйл бөгөөд нэгэн болбаас улсын нэгэн болбаас аймаг хошууны хэрэгт гаргуулсан нь боловч, хараахан хуваахад тэгшгүй, тогтсон цаггүй, өдий төдий нь хэмжээгүй тул чухамхүү цаг бусын аюул мэт нэгэн болжээ. Иймийн харгайгаар бүх ард түмний үрэгдэл хохирлыг тоолбол барахгүй, учир тиймийн тул нэгэнд болбаас албан татвар хураахад эрхтэн дархтан, лам хар, аймаг шавь, жас сүрэг хэмээн ялгаварлахгүй цөм хүний чадал ба хөрөнгө зузаан нимгэнийг харгалзуулж, чадал хөрөнгө зузаатгах тутам татвар гувчуурыг улмаар өсгөн хураавал зохино.
Жишээлбэл, нэгэн зуун бодтой хүнээс нэгэн бод авах бөгөөс, хоёр зуун бодтой хүнээс хоёр бод авах бус дөрөв тав буюу авбаас зохино. Учир юун хэмээвээс нэгэн зуун бодтой хүний нэг бодыг авахад ерэн ес үлдэнэ. Хоёр зуун бодтой хүнээс хоёрыг авбал нэгэн зуун ерэн найм үлдэх тул албаны хувийг өсгүүлж тав буюу дээш авбаас энэ хүний хөрөнгө мөн ихээхэн үлдэх тул малаас өөр хөрөнгөтэй хүнээс мөн энэ мэт. Хоёрт болбаас алба тушаах хүмүүс урьдаар албаны зүйлийг аажмаар бэлтгэж байваас зохих тул зүй нь ард олны ашиг бүхий цагийг тохиолдуулж зуны дунд, өвлийн дунд сар мэтээр тогтоож зарлавал зохино. Гуравд болбаас албан тушаах хүн урьдаар түүний хувьд хэчнээн хэмжээний алба ирэхийг мэдэж байвал эрхбиш бэлтгэн чадна за.
Арван гурав. Улсын сан ба орон нутгийн хэрэгт зориулсан орлого зарлагын зүйлийг эрхбиш эсэргэн жилийн нь урьдаар төсөөлж өнгөрсөн жилийн хойно тайлж төсөөлсөн тайлсныг дээд газраас хянан тогтоолгож байвал бүх улс дотор аливаа алба татвар, орлого зарлагын зүйл эмхтэй болно. Хэрэв нийтэд төсөөлөх тайлах явдлыг цаг хугацааны дотор осолгүй нарийн нягтаар үйлдэж, бүгдээр журам болгон дагавал гэнэт дээрээс тэнгэрийн аянга мэт ниргэн ирэх нүдгүй нэргүй албаны аюулаас хэлтэрч, цөм цаг хэмжээ тэгш гурвыг эдэлж болно. (Энд дурдаж буй цаг, хэмжээ,тэгш гурав бол монголын гүн ухааны нэн чухал ойлголт юм-Х.Д.Г.)
Арван дөрөв. Улсын Засгийн газраас онц эзэрхэн ашиглавал зохих зүйлүүдийг эртнээс бодол хийж тогтвол зохино. Үүнд санавал аливаа цахилгааны утас, телефон, шуудан өртөө, аливаа тэмдэг бүхий марк, пиоз хийгээд зоос мөнгөн цутгах ба жигнүүр хэмжээ зэргийг онц эзэрхэн явуулбал сайн болно. Бас аливаа уурхайн зүйлийг онц зузаан ой модны зүйл, монгол газраас гарах эмийн зүйл, хужир давсны зүйл, булга, буга, хүдэр хэрмийн зүйл, загас, ус ба хуурай их замууд зэргийг цөм Засгийн газраас онц эзэрхэн ашиглавал болох мэт.
Арван тав. Монгол улсын аливаа боловсон ажлын учир, малын ажил ба газар тариалангийн ажил хийгээд чулуун нүүрс, алтан мөнгө зэргийн уурхай ба элдэв гарын уран дархны үйлдвэр хийгээд түүхий эд боловсруулах үйлдвэрт цөм аль болохуйц оньст хүрдний машин багаж тоног зэргийг хэрэглэвэл үржил их бөгөөд хүний хүчийг машид арвилна.
Тиймийн тул Нийслэл хүрээний газраа буюу бусад бусад аль зохих газраас олон зүйлийн үйлдвэрийг бүртгэсэн бага жасааны сургууль нэгийг сайнаар нээж, олон монголчуудаас дуртайг нь сургавал аяндаа харь улсын гарыг харахгүй болж, аливаа ажил үйлдвэрийг монголчууд өөрсдөө хийж чадах зам нээгдэнэ. Олон үйлдвэрийн дунд ба дээд эрдмийг гадагш явж сурахгүй болбаас болохгүй болов уу.
Арван зургаа. Монголын харъяат хүний тоо олон болгохын учир, үүнд байцаавал, монголын газар орон нь уудам, хүн нь цөөн тул улсын хүчин буурай, хөрөнгө нимгэн, сүр бага ажгуу. Тиймийн тул зүй нь буриад, торгууд, дотоод монгол, баргын зэрэг монгол үндэстнийг монгол улсын хязгаар дотор дуртай аваас оруулан авч, газар нутаг гарган олгож үүрдийн харъяат болгон монгол улсын соёлд багтаавал зохино. Хэрэв албат олон болбаас дүндээ улсын эд хөрөнгө арвин зузаан болно.
Бас монголчууд дотор яр шарх, заг хүйтэн дэлгэрсний харгайгаар хүний бие бялдар доройтож, үр тасран хомсорно. Хар цагаан бодоо ба улаан шар эсэргэнэ, сахуу, боом, уруу суулга, гэдэс чацга зэргийн халдвартай тахал томуугаар олон их бага насны хүн үхэж буй тул ард түмний амь биеийг аврах тэнхрүүлэх саналаар ардын эмнэлэг тарилгыг эрхэм чухал болгон, Засгийн газраас сэдэв гарган оролдвол зохино.
Нийслэл хүрээний дотор хэдэн түмэн хүн суугаад бузар буртаг хог шавар нь балчиг тамуугаас (энд “о” үсэг эндүүрээгүй-Х.Д.Г.) хэтэрсэн тул ялаа батгана ба тахал хижгийн нян хорхой үүрлэж, манан будан мэт түгсний харгайгаар жилийн дөрвөн цагт ханиад гамшиг томуун үл тасран, хуяг цэрэг хүүхэд шуухад, эр эм, лам хар үгүй хэдэн мянгаар өвдөх үхэх барагдахыг нь мөнгө болгон бодвол нэгэн жилд хэдэн түмэн ба буман лан хүрнэ. Бусад хүрээ хот газраа үлгэр дуу адил буй.
Иймийн тул Нийслэл хүрээний бузар буртгийг хэрхэвч цэвэрлэн арилгаж, хог шороог тусгаар хол газраа агуулан, үргэлж ариун цэвэр эсэн мэнд сууцгаавал мөн ч улсын санд тус болно.
Арван долоо. Монгол улсын гадаад худалдааны учир байцаавал, Орос, Хятад, Рибин, Америк, Англи, Герман зэрэг зэргийн олон их бага улс дотроос зарим нь эзэрхэг шунахай бөгөөд бага буурайг дарламтгай ба залгимтгай, зарим нь хурц эрдэмтэй, зарим бүдүүлэг байх мэт чанар дүрс адилгүй учраа зүй нь харилцан худалдаа ашиг, эрдэм соёлын тухай гэрээ болзоо тогтоон нэвтрэлцэхэд хүрвэл эрхбиш хэдэн давхар хянаж тогтоовол зохино. Герман, Англи, Орос, Америк, Хятад, Рибин хэмээн шилэх сонгоход хүрвэл аль талаар Герман, Орос, Америк хэмээх мэтээр дэс дараалан орно заа. (Энд Герман нэгдүгээрт орж байна-Х.Д.Г.)
Арван найм. Ер сургуулийн учраа, үүнээс дээш тоочсон олон зүйлүүдийг бүрэн сайнаар ёсчлон явуулсугай хэмээхүл ард түмэн даяар ерийн эрдэмд боловсрох хэрэгтэй. Урьд эдүгээ аль ч цагт орон газар хаана ч атугай эрдмээр илүү нь эрх биш түрүүлдэг учиртайг дэлхий дээрх олон улс ухамсарлан мэдэж, эрдэмд боловсруулахыг засгийг бодлогын манлай болгожээ. Улс эрдэм мөхөс болбаас ажил үйлдвэр нь бүдүүлэг, эд хөрөнгө ба сүр хүчин буурай, хэрэв эрдэм дэлгэрсэн болбаас элдэв зүйлийн боловсон арга хэрэглэж, эд хөрөнгө зузаан, сүр хүчин их болно.
Герман улсын ард түмэн нэгэн түмэн эр эм хүн дотроос дөрөвхөн нь бичиг үл мэдэх, английн уул улс дотор нэгэн түмэн хүний арваад хүн бичиг үл мэдэх буй. Оросын түмэн хүний дотор долоон мянга нь бичиг үл мэдэх, Рибин улсын түмэн хүн дотор нэгэн зуун хүн бичиг үл таних мэт үлгэртэй бөгөөд эрдэм соёлоор баялаг нь эд хөрөнгө чадал хүчнээр аяндаа баялаг ажгуу.
Учир тийм тул эдийн засгийг бат нот арвин зузаан болгоё хэмээвээс ард түмнийг эрхбиш ерийн үсэг бичиг, утга уянга ба тустай ашиг тус бүхий эрдмүүдэд сургахыг урьдал болговол зохино. (Энд “утга уянгийн эрдэм” гэдэг нь соёл, урлаг, боловсрол, хэл түүх зэргийн ухааныг хэлж байна, харин “тустай эрдэм” гэдэг нь техникийн болон аж ахуйтай холбоотой ухааныг хэлж байна- Х.Д.Г.)
Зургаан сарын арван нэгэн Олноо Өргөгдсөний арван гуравдугаар он Европын долоон сарын хорин дөрвөн Нийслэл хүрээ.
Дахин сийрүүлсэн: Судлаач Х.Д.Ганхуяг.
Сэтгэгдэл ( 0 )