Дарханы төмөрлөгийн үйлдвэрлэлд 81,3 тэрбумын хөрөнгө оруулалт хийжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 10

 Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Үйлдвэр, хөдөө аж ахуйн дэд Б.Цогтгэрэл болоод Уул уурхайн яам, АМГ-ын холбогдох албаны хүмүүс Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт үйл ажиллагаа явуулж байгаа төмрийн хүдрийн уурхай болон үйлдвэрийн ажил байдалтай танилцлаа. Энэ үеэр Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Баянголын төмрийн хүдрийн ордын “Болд Төмөр Ерөө гол” ХХК, “Төмөртэй” төмрийн хүдрийн ордын үйл ажиллагаатай танилцав.

 Дарханы төмөрлөгийн үйлдвэр ашиглалтад ороод 20 жил болж байгаа ч энэ хугацаанд хүчин чадлынхаа дөнгөж 50-60 хувийг ашиглаж ирсэн аж. Хэдийгээр 100 мянган тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай ч жилдээ 50-60 мянган тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байна. Энэ нь хаягдал төмрийн олдоцоос шалтгааж байгаа гэдгийг тус үйлдвэрийн ерөнхий захирал П.Эрдэнэцогт танилцуулгадаа дурьдлаа. 2009 онд тус үйлдвэр 3 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байсан бол 2012 онд 6,4 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна. Манай улс 2005 оноос өмнө хаягдал төмрөө урд хөршид гаргасан. Харин 2005 оноос барилгын салбар хөгжиж төмрийн хэрэгцээ нэмэгдэх үед хаягдал төмрийн нөөц багассан байсан гэдгийг үйлдвэрийн дарга онцолж байлаа.

 2010-2015 онд Дарханы төмөрлөгийн үйлдвэрлэлийг өргөтгөн Уул уурхай хар төмөрлөгийн цогцолбор байгуулахаар дотоодын хөрөнгө оруулагч “Кью Эс Си” компанитай хамтран ажиллаж одоогоор 81,3 тэрбумын хөрөнгө оруулалт хийгээд байгаа юм байна. Дарханы Төмөрлөгийн үйлдвэр нь Төмөртолгой, Төмөртэй, Хуст уулын төмрийн хүдрийн ордуудаа түшиглэн шинээр уурхай нээх, Дарханы төмөрлөгийн үйлдвэрлэлийг өргөтгөн шинэчлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлыг эхлүүлээд байна. Энэ хүрээнд Төмөртэйн уурхайд Хуурайн соронзон баяжуулах үйлдвэр байгуулах, Төмөртолгойн уурхайд хуурай аргаар баяжуулах шинэ шугам барих, Дарханы Төмөрлөгийн үйлдвэр дээр нойтон аргаар баяжуулах үйлдвэр, Гангийн үйлдвэрийн өргөтгөл барихаар төлөвлөж байгаа талаараа Дархан төмөрлөгийн үйлдвэрийн дарга П.Эрдэнэцогт танилцууллаа. Агуулга өндөртэй төмрийн хүдрийг хуурай аргаар, харин агуулга багатайг нь нойтон аргаар баяжуулт хийх нь төмрийн агууламжийг нэмэгдүүлдэг. Ингэж агуулга багатай төмрийн хүдрийг нойтон аргаар баяжуулснаар борлуулалтын үнэ 1 тн тутамд 40-45 ам.доллараар нэмэглэх боломж бүрдэх юм байна.

 Сайд нарын дараагийн очсон уурхай Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 2007 оноос хойш Төмрийн хүдэр олборлон экспортолж байгаа “Болд Төмөр Ерөө гол” компани байлаа. Гадаадын хөрөнгө оруулалттай уг компани 82,4 сая тн-ын нөөцтэй Баянголын ордод 1,54 тэрбум ам.долларын хөрөнгө оруулан төмрийн хүдэр олборлох үйл ажиллагаа явуулж байна. 2007 оноос хойш 10 сая орчим тн төмрийн хүдэр экспортолж байгаа.

 Өнгөрсөн 2012 онд 3,4 сая тн хүдэр экспортлосон байна. Жилд 4 сая тн хүдэр боловсруулах хүчин чадалтай Төмрийн хүдрийн баяжуулах үйлдвэрийн 6 шугам ажиллаж байна. Мөн уурхайгаас гарсан төмрийн хүдрийг тээвэрлэж төмөр замд хүргэх 83,7 км төмөр замыг барьж байгуулсан байна. Тус компанийн удирдлагын зүгээс үйл ажиллагаа явуулахад төмөр замын өртөг өндөр байдаг талаараа дуулгаж байлаа. Тиймээс энэ талаар төрөөс зохицуулалт хийж болох эсэхийг тодруулж байлаа. Мөн үйл ажиллагаагаа өргөтгөж борлуулалт сайтай байдаг хорголжин төмөр, цаашдаа ширэм үйлдвэрлэх зорилготой байгаагаа сайд нарт танилцууллаа.

 Тус уурхайн үйл ажиллагаатай танилцсаны дараа Дархан төмөрлөгийн үйлдвэрийн Төмөртэйн төмрийн хүдрийн уурхайн ажил байдалтай танилцав. Тус уурхай нь 229,3 сая тонны нөөцтэй. Үйл ажиллагаагаа өргөтгөж АНУ-ын Trio фирмийн “Хуурай соронзон аргаар баяжуулах үйлдвэр”-ийг захиалан тоног төхөөрөмжийг татаж дууссан. Үйлдвэрээ энэ онд багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна.

 Уул уурхайн сайд Д.Ганхуяг цаашдаа Монгол Улс төмөрлөгийн салбарт ямар бодлого баримталж ажиллах талаар саналаа хэллээ. “Аль ч оронд төмөрлөгийн салбар стратегийн салбар байдаг. Тийм ч учраас энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, уурхайчидаа дэмжих шаардлагатай байна. Манай төмөр замын тээврийн зардал бусад орнуудтай харьцуулахад өндөр байгаа нь уул уурхайн салбарын бүтээгдэхүүний өрсөлдөх чадварт сөргөөр нөлөөлж байна. Нөгөө талаас төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд хэрхэн хамтарч ажиллах, энэ талаар төрөөс ямар бодлого баримталж ажиллахаа зохицуулах шаардлагатай юм байна гэсэн үндсэн хоёр ажил гарч ирж байна. Манай улс зах зээлийн багтаамж багатай учир экспортын чиглэлийн үйлдвэрлэлийг дэмжих ёстой. Энэ хүрээнд хийгдэх зохицуулалт дэмжлэгийг төр, хувийн хэвшил, иргэд олон нийт бүгдээрэй хамтран оролцож шийдвэрлэх шаардлагатай гэсэн дүгнэлтэд хүрлээ” гэв.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top