Төр өөрөө гуйлга гуйхаар шийдчихэж...

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 11

Саяхандаа, Японы Ерөнхий сайд манайд айлчлахдаа Дархан-Газрын тос боловсруулах үйлдвэрийг өндийлгөж ирэхэд дэмжлэг үзүүлнэ гэдгээ хэлсэн. Тэгвэл манай засгийн нөхдүүд өчигдөр хуралдаад Дархан-Газрын тос боловсруулах үйлдвэрийн төрийн өмчийн оролцоо 51, түүнээс дээш хувьтай байна гэсэн шийдвэрийг Засгийн газраас гаргажээ. Уг нь өмнө нь энэ компанийн 40 хувийг төрийг төлөөлөн Төрийн өмчийн хороо, харин 60 хувийг нь хувийн хэвшлийг “Петровис”, “Магнай трейд”, “Жаст групп” ХХК болон, Монголсэкию компаниудын оролцоотой байгууллаа гэх мэдээллийг өгч байсан билээ.

Тэгвэл одоо эл үйлдвэр байгуулах төслийн санхүүжилтийг Япон Улсын холбогдох банк, санхүүгийн байгууллагатай зээлийн хэлэлцээр хийж санхүүжүүлэхээр тогтсон учраас газрын тос боловсруулах үйлдвэрийн төрийн өмчийн оролцоо 51, түүнээс дээш хувьтай байх эрх зүйн болон бусад зохицуулалтыг яаралтай шийдвэрлэх шаардлагатай болсон гэж байгаа юм. Түүнчлэн энэ талаар хувь нийлүүлэгчидтэй тохиролцож, төрийн өмчийн оролцоо 51, түүнээс дээш хувь байхаар холбогдох арга хэмжээ авахыг Уул уурхайн сайд Д.Ганхуягт даалгасан. Мөн  энэ үйлдвэрт  газрын тос боловсруулах тусгай зөвшөөрөл олгох асуудлыг холбогдох хуульд заасны дагуу шийдвэрлэхийг даалгачихаад байна.

Жилд 2 сая тонн газрын тос үйлдвэрлэх хүчин чадалтай уг үйлдвэрийн санхүүжилтийн эх үүсвэрийг Японы Засгийн газрын Олон улсын хамтын ажиллагааны банк, Марубени корпорациуд хамтран урт хугацааны хүү багатай эргэн төлөгдөх зээлийн нөхцөлөөр санхүүжүүлэх юм. Харин цаашдаа 100 хувь Монголын үндэсний компани болно гэж байгаа. Тэгэхээр энэ үйлдвэрийн тухайд хамгийн гол асуудал нь боловсруулах түүхий тосоо хаанаас авах вэ гэдэгт байгаа юм. Жилдээ  500 мянган тонн нефтийг Тамсаг, Тосон-Уулын ордоос авах бололцоо бий гэж байгаа ч,  үйлдвэр хүртэл машинаар тээвэрлэхэд 1000 орчим км тул эцсийн бүтээгдэхүүн өндөр үнэтэй гарна гэж мэргэжилтэн байр сууриа илэрхийлж байгаа бол үйлдвэрийн захирал Т.Намжим   “Эхний жилдээ гаднаас түүхий тосоо импортоор авч байгаад цаашид Монголын нутаг дэвсгэрт Тамсаг булагт ч юм уу хангалттай их хэмжээний олборлолт явагдвал дотоодоосоо түүхий тосоо авах чиглэлтэй”  гэж байсан. Хэрэв тэгээд энэ үйлдвэр байгуулагдчих юм бол улсын хэмжээнд бензин шатахуун, дизель түлш, нисэх онгоцны түлш, түлшний мазут, авто замын асфальт, битум зэрэг 7 төрлийн бүтээгдэхүүнүүдийг  дотооддоо үйлдвэрлэн хэрэгцээгээ хангах  боломжтой болно гэнэ. Арвантаван оноос үйл ажиллагаагаа эхлэх энэ үйлдвэр монголчуудын өнөөдөр хэрэглэж буй  80, 92-ын октантай  бензин үйлдвэрлэхгүй. Харин Евро-4 стандартын шаардлагыг хангасан 95-100-гийн октантай бензинээр дотоодын зах зээлээ хангах аж.

Жилд  1 их наяд гаруй нэмүү өртөг бүтээх, улсын төсөвт 470 тэрбум  төгрөгийн орлого оруулж ДНБ-ий өндөр өсөлтийг хангахад дорвитой   хувь нэмэр орууллах эдийн засгийн томоохон ач холбогдолтой  тус үйлдвэр 4.5-5 жилийн дотор анхны хөрөнгө оруулалтаа нөхөх ашигтай ажиллах тооцоо судалгааг төслийнхөн  гаргасан байгаа.

Уг нь энд сануулан өгүүлэхэд Дорнод аймгийн Чойбалсан хотод газрын тос боловсруулах “Дорнод газрын тос” төрийн өмчийн оролцоотой компани байгуулахаар Засгийн газар шийдвэрлэсэн билээ. гэсэн ч улстөржөөд гацаачихсан.  Түүхий эд нь ойр байгаа үйлдвэрийг гацаагаад нөгөөх л Оросоосоо царай алдах зам руу түрүүлээд алхаж байгаа харагдана. Мэдээж манайд өөрийн гэсэн газрын тос боловсруулах үйлдвэртэй байх нь чухал гэдэг дээр талууд санал нэгдэж ирсэн ч, шийдэх тал дээр улстөржүүлсээр ирсэн юм. Түүнчлэн манайхан дотооддоо ингээд жонхууруулж ирсэн зэрэгцэн  Далайд гарцгүй Монгол Улсын хувьд газрын тос боловсруулах үйлдвэртэй байх шаардлагагүй гэсэн агуулгатай байр суурийг ч гадныхан хэлж ирсэн. Тухайлбал, Дэлхийн банкны зүгээс “...Газрын тос боловсруулах үйлдвэрийн нөхцөл нь ямар байх мөн энэхүү үйлдвэрийг ашиг орлоготой ажиллуулахад Засгийн газрын бодлого ямар байхаас шалтгаална... Түлшний хатуу чанга техникийн үзүүлэлт болон дэлхийн нийтээр түлшний эрэлт хэрэгцээ тогтворгүй байгаагаас жижиг бөгөөд энгийн газрын тос боловсруулах үйлдвэрүүд ашиг багатай болсоор байна. Олон улсын өрсөлдөөний үр дүнд газрын тос боловсруулах үйлдвэрүүд ашигтай ажиллахад хүндрэлтэй байдалд байгаа бөгөөд зарим тохиолдолд томоохон иж бүрэн үйлдвэрүүдийн ашиг ч гэсэн хасахтай байна. Жишээлбэл, 2009 оны 1 дүгээр сараас эхлэн Азийн гол төв болох Сингапурын газрын тос боловсруулах бүх хэлбэр, хэмжээний үйлдвэрүүдийн ашиг бага байсан байна. Бусад улс орнуудын туршлагаас харахад дэлхийн стандартаас бага хэмжээний эдийн засгийн хэмнэлттэй гэж үзсэн жижиг газрын тос боловсруулах үйлдвэр шинээр байгуулах нь далайд гарцгүй улс оронд ч мөн санхүүгийн хүндрэлүүдийг үүсгэж болзошгүй юм.

Суурь арчилгаа үйлчилгээнд анхаарлаа сайн хандуулах нь зүйтэй яагаад гэвэл хамгийн сайн ажилладаг боловсруулах үйлдвэрүүд ч гэсэн байнгын арчилгаа үйлчилгээний үеэр хаагдах хэрэгтэй болдог тул ганц газрын тос боловсруулах үйлдвэрт найдах нь тухайн үйлдвэрийг хаагдах үеэр боловсруулсан бүтээгдэхүүний хомсдол үүсч бий болно гэсэн үг. Эцэст нь, дотоод зах зээлийн үнийг хиймлээр тогтоовол газрын тос боловсруулах чадвар сайтай гол томоохон экспортлогчид хүртэл түлш шатахууны хомсдолд орж болно. Дээр дурьдсан улс орнуудаас гадна Аргентин, Иран , Ирак, Нигериа орно.  Эдгээрээс харахад дотооддоо боловсруулаагүй газрын тосны нөөц ихтэй болон боловсруулалтын өндөр чадвартай улс орнууд ч гэсэн зах зээлийн журмаар тогтоогддог үнийг бууруулах оролдлого хийх нь эдийн засгийн хувьд өндөр алдагдал хүлээх аюултай байгаа” гэсэн зүйлийг хэлж яриад байгаа юм.

Тэгэхээр манай тухайд энэ мэтийг харах л хэрэгтэй. Дархан-Газрын тос боловсруулах үйлдвэрийн тухайд ингээд манай талын давамгайлал түлхүү болох нь тодорхой болж байх шиг байна. Энэ нь нөгөө талаас санхүүжүүлэгч Япончуудтай сайтар ойлголцолд хүрчээ гэсэн ойлголтыг дагуулж байна. Мөн нөгөөх л Оросоосоо түүхий тосоо гуйх ажлаа төр өөрөө хийх нь тодорхой болж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
c,has(182.160.8.158) 2013 оны 05 сарын 13

delhiin bank bidniig neptin uildvertee boloh n geed*****aldaj bgaadaa urgelj yaduugaar n balgaj bgaad hamag bayalagiiig n dald ezdiinhee halaasruu gulguulah sanaatai dagaa

0  |  0
Top