Хөгжлийн хөшүүрэг байж чадах хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхийн тулд хөрөнгийн бирж реформын шинжтэй томоохон өөрчлөлтийг хийх ёстой. Тэр дундаа хууль эрх зүйн орчны өөрчлөлтөө даруйхан хийх шаардлагатай гэдгийг бид өнгөрсөн жилүүдэд ярьж ирсэн. Түүнчлэн Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг энэ хаврын чуулганаар эцэслэгдэн батлагдчих вий гэсэн хүлээлт байгаа. Тэгвэл энэ мөрөөдөл биелэгдэж тун болзошгүй байна. Учир нь энэ хуулийн төсөл болон уг хуулийг дагалдан гарах хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хийлээ. Гишүүдийн хувьд хуульд олон улсад хэрэглэгддэг нэр томьёог хэрхэн тусгасан, олон улсад хэрэглэгддэг гэдгээр нь гадаад нэр томьёог авч ашиглах юм уу, эсвэл монголчлох уу хэмээн лавлахад Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан монгол хэлнээ буулгаад, хэрэглээд хэвшчихсэн нэр томьёонуудыг хуульд тусгаад, гарцаагүй олон улсад хэрэглэдэг, монгол хэлнээ байхгүй нэрийг монгол хэлээр буулган, ард нь хаалтад гадаад нэр томьётой нь хамтад нь хуульд тусган боловсруулсан гэж байв. Мөн гишүүд Үнэт цаасны зах зээлд гарсан маргааныг шийдвэрлэх талаар хуульд хэрхэн тусгасан талаар сонирхоход, хуульд маргаан таслах зөвлөлийг ажиллуулах асуудлыг оруулан тусгасан гэж СЗХ-ны дарга хэллээ. Тэрбээр хөрөнгийн зах зээлийн хөгжлийн гол суурь болсон Үнэт заасны зах зээлийн тухай хууль хүлээгдсээр байгаа гэдгийг онцолж байсан. Улмаар энэ хууль Эдийн засгийн байнгын хорооноос дэмжлэг авснаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар орох эрхээ олж авлаа.
Манай улсын тухайд Үнэт цаасны тухай хуулийг 1996 онд баталж, 2002 онд шинэчлэн найруулж батлаж байжээ. Харин хөрөнгийн зах зээлд шинээр хувьцаа гаргах /IPO/ замаар олон нийтээс хөрөнгө татах явдал сүүлийн жилүүдэд нэмэгдсэнтэй холбоотойгоор зах зээлийн хэмжээ өсч, хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 2009 оны эцэст 620,7 тэрбум төгрөг байсан бол 2010 оны эцэст 1329,9 тэрбум, 2011 оны 2 дугаар сард 3219,2 тэрбум, 2011оны 11 дүгээр сарын байдлаар 2100,7 тэрбум төгрөгийн хэмжээтэй байна. Түүнчлэн компаниуд хувьцаагаа давхар бүртгэлтэйгээр дотоод болон гадаадын зах зээлд гаргах эрэлт, хэрэгцээ нэмэгдэж байгаа ч үнэт цаасны давхар бүртгэлийн асуудал одоогийн хууль тогтоомжийн хүрээнд зохицуулалтгүй байгаа нь уг хуулийн төслийг боловсруулах шаардлага үүсгэсэн гэдгийг хуулийн төсөл санаачлагч хэлж байгаа юм.
Энд мэдээж манай ашигт малтмалын ордуудыг барьцаалж мөнгө босгож буй компаниудын хувьцааг давхар Монголын хөрөнгийн бирж дээр арилжаалах асуудал тод томруунаар тавигдаж байгаа гэсэн үг. Гадаадын компаниуд Монголын хөрөнгийн бирж дээр хувьцаагаа гаргахын тулд Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй, ХК байх ёстой. Хэрэв тэгж бүртгэгдэх эрхзүйн орчныг нь бүрдүүлчихвэл 30 хол давсан компаниар манай хөрөнгийн зах тэлнэ.
Ер нь бол хөрөнгийн зах зээлийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн үнэт цаасны зах зээлийн мэргэжлийн оролцогчдод тавигдах шаардлагыг нэмэгдүүлэх, анхан шатны үйлчилгээний стандарт, зохион байгуулалтыг сайжруулах шаардлага бий гэдгийг төслийг санаачлагчид эхнээсээ хэлээд байгаа юм.
2006 оны байдлаар 25, 2010 оны байдлаар 51 брокер, дилерийн компани үнэт цаасны зах зээлд үйл ажиллагаа явуулж байсан бол энэ тоо 2011 оны 11 дүгээр сард 88 болтлоо эрс өсчээ. Энэ нь хөрөнгийн зах зээлийн эрэлт хэрэгцээтэй холбоотой хэдий боловч одоогийн хуульд дээрх төрлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авахад тавигдах шаардлага төдийлөн өндөр биш байгаа гэдгийг Н.Батбаяр сайд хэлж байсан. Өөрөөр хэлбэл 50 сая төгрөгтэй этгээд энэ төрлийн үйл ажиллагааг эхлэх боломжтой байдаг нь хөрөнгө оруулагчдад учирч болох эрсдлийг нэмэгдүүлж байгаа аж. Үнэт цаасны зах зээл дэх улсын байцаагчийн эрх хэмжээ тодорхойгүй, хууль зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага хэт бага хэмжээний торгуулиас хэтрэхгүй байгаа аж. Тиймээс шинэ хуулийн төслөөр Үнэт цаасны зах зээлд оролцох, үйлчилгээ үзүүлэх мэргэжлийн байгууллагын төрөл, бүртгэлийн үндсэн дээр эрхлэх үйл ажиллагаа, тавигдах нөхцөл, шаардлагыг шинээр тогтоож, нарийвчилсан дүрэм журмаар зохицуулахаар заажээ. Мөн Төрийн эрх бүхий байгууллага үнэт цаасны зах зээл дэх бүрэн эрх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх арга хэмжээний төрөл, хэлбэр, ялгааг заахаас гадна өөрийгөө зохицуулах байгууллагын эрх зүйн байдлыг тодорхойлж, тэдгээрийн бүрэн эрх, гишүүнчлэлийн асуудал зэргийг ч тусгасан байна.
Түүнчлэн үнэт цаасыг нийтэд санал болгоход тавигдах шаардлага, танилцуулгад тусгах мэдээлэл, уг ажиллагаанаас үүсэх эрсдлийг бууруулахад чиглэсэн хариуцлага, мэдээлэх үүрэг, суурь үнэт цаасыг үндэслэн хадгаламжийн бичиг гаргахтай холбогдсон харилцааг нарийн тодорхойлсон байгаа нь хүлээлт үүсгэсэн асуудлуудыг шийдвэрлэх гарц болно гэж ойлгогдож байгаа.
Тэгэхээр ийм маягаар авч үзвэл яах аргагүй хүлээлт үүсгээд байгаа хуулийг эцэслэн баталж, хөрсөн дээр буулгах үүргийг түшээд албан ёсоор хүлээж авлаа. Ер нь бол улстөржиж элдэв тээг саад болоод байлгүй урагш нь түлхэх ёстой хуулиудын нэг гэдгийг сануулахад илүүдэхгүй биз ээ.
Б.Билэгт
Сэтгэгдэл ( 0 )