Галсангийн Болормаа
Говь-Алтай аймгийн Төгрөг сумын уугуул, МҮОНР-ийн урлаг соёл, уран сайхны албанд редактор-сэтгүүлчээр ажиллаж байгаа зохиолч Г.Болормаа “Арсайн цэнхэр зэрэглээ”, “Богцонд ирсэн шагай”, “Нойр хулжсан шөнө” зэрэг өгүүллэг, туужийн ном бүтээжээ. Хөдөөгийн амьдралын толь болсон олон сайхан өгүүллэг нь 2000-аад оны Монголын үргэжжилсэн үгийн зохиолд тодорхой байрыг эзлэх болсон түүний өгүүллэг танд таалагдана гэж итгэж байна.
Отрын нутагт ирсэн огтор шар наран
Мөнхлөнг хазаарын толгой бөхөлж амжаагүй шахам байтал зожиг хөхтэй хэдэн хонь нь захалсаар гүдэн давсан байлаа.
-Зоргоор нь явуулж болохгүй. Аав дурандаж, “цатгалан малыг дураараа явууллаа. Хөлийг нь гайгүй сайн хорьж байхгүй бол горьгүй” гэж үглэж сууж мэднэ. Ерөөсөө энэ хөх бусдыгаа дагуулж захалж явах юм, чамайг даа. Ингэж бодсоор жаахан толгойг тойрон гарч ирэхэд зайчилсан хоньд тэрүүхэндээ л цэгцгэр цагаан толгойтой таанан дунд гарсан нь “малын ухаан хүнийхээс дутуугүй шүү” гэж ирээд цүр цар хөхөрдөг Дагваа найзынх нь хэлдэг үг санагдаж, намар цагийн орог буурал зэрэглээтэй сүлэлдэн, өнгө зохицол өгч байлаа. Намар цагийн отрын нутаг гэж бодохоос цухалдсан хариугүй омог нь сарниж “чамайг даа” хэмээсэн зоргоор хөхийг уучилж, ховдог занг нь хөдөлгөөд тушгирахад сагсаг сагсаг гүйгээд ирдгийг нь санаад “эд минь сайхан тарга авч байна даа” гэж бодлоо. Тэгээд морио амгайчилж орхиод, газарт тухлан суув. Санчиг сэвэлзүүлэх салхи ч үгүй нам гүмхэн орчинд өмнө доор уужим тал мэлтийж, хонь ямаад хамраа шуухатнуулан хажуугаар нь өнгөрөхдөө зарим нь далбайтал хэвтэх нарны малгайг нь үнэртсэнээ өөрөө өөрөөсөө цочин сониучилна. Харин наран алс баруунаас мэлтрэх нь “чи наад малгайгаа зунжин л толгойноосоо салгахгүй юм шиг байсан даа. Одоо чиний зулайд удтал саатаж авъя. Чи бүр духаа өгч байгаа юмуу, бас хацраа ...” гэх шиг аальгүйтэн инээмсэглэх бүсгүйн харц шиг тусна. Мөнхлөн дөрвөлжилж эвхсэн сонинг дэлгээд үг үсэг үлдээлгүй уншив бололтой, тэнгэр ширтэн хэвтсэнээ тэгсхийгээд дуг хийжээ.
“... Чамайг би зөндөө их үнсэх юм. Намайг чи үнсээч... Ичиж байна гэж юу гэсэн үг вэ? Бид хоёроос өөр хэн ч байхгүй. За нэг үнсчих л дээ...” гэж гуйхад бүсгүй ичингүйрэн байж Мөнхлөнгийн баруун хацар дээр нь зөөлхөн үнсчихээд их л зориг гаргасан адил баясгалантай инээмсэглэхэд нь “нөгөө хацар дээр ... нэгийг нь үлдээвэл гомдоно шүү дээ” гэхэд охин учиргүй инээж “яасан зальтай амьтан бэ. Намайг гүйцэхгүй бол би дахиад чамд үнсүүлэхгүй шүү, гүйцээрэй дээ” гэж хэлээд таруу бэлчиж байгаа хонин дунд нь ороод, гараа алдлан гүйчих юм. “Хүүе... хоёулаа хонио үргээж болох... гүй ... дээ” гэж орилох гэтэл дуу нь гарсангүй, сэрчихлээ ... Мөнхлөн:
“Тийм дээ. Отрын нутагт байгаа шүү дээ. Хоньд сайхан тогтуун байна. Нар бүр хэлбийх нь. Намрын огтор шар наран чи зүүд адил богинохон юм даа ...” гэв үү, холын нутаг руу хараа тавихад “удахгүй отроос буух цаг ирэх нь дээ” гэсэн бодлыг тээсэн үү, хөл хөнгөн салхи дэргэдээс хөллөн дэгдэх нь намар цагийн гоёмсог өнгөний бүрдэл байсныг Мөнхлөн ажиж мэдсэн ажуу.
Сэтгэгдэл ( 0 )