УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын цалин, тэтгэлэг, тэтгэмж, нийгмийн баталгааны тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Ерөнхийлөгчийн санаачилсан уг хуулийн төслийг гишүүдийн ихэнх нь дэмжиж байлаа. Гэвч хавтгайруулан олгох нь эдийн засгийн сөрөг нөлөөтэйгөөс гадна залуусыг ажил хийх сонирхолгүй, ямар нэгэн сургуульд оюутан нэрээр тэтгэмж авч байх үндэслэл болох вий гэсэн болгоомжлол байгааг зарим гишүүн санууллаа. Мөн цалин олгох гэсэн нэр томъёоллоос татгалзаж, тэтгэмж гэж өөрчлөхөөр болсон юм. Боловсролын болон Дээд боловсролын тухай хуулийг 1995 онд баталж, 2002, 2006 онд нэмэлт өөрчлөлт оруулсан байна. Гэвч эдгээр хууль боловсролын санхүүжилт, сургалтын төлбөр, хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламж, суралцагчдын нийгмийн баталгаанд хамаарах заалтууд нь дээд боловсролын өрсөлдөх чадвар, чанарыг сайжруулах хөшүүрэг, зохицуулалт болж чадахгүй болжээ. Ерөнхийлөгчийн санаачилсан энэ хуулийн төсөл нь зургаан бүлэг, 20 зүйл, 160 заалт бүхий бүрэлдэхүүн хэсэгтэй. Хуулийн төсөлд Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 10 сарын тал хувьтай тэнцэхүйц хэмжээний мөнгийг нэг оюутанд олгохоор заасан байна. Энэ нь сар бүр нэг оюутанд 70 мянган төгрөгийн тэтгэмж олгох тооцоо аж. Иймээс жилд 130 орчим тэрбум төгрөгийг төсвөөс санхүүжүүлэх болох нь. 70 мянган төгрөгийг хуулийн төсөлд үндэсний тэтгэлэг гэж заажээ. Сурлагын амжилтаас хамаараад нэрэмжит, тусгай тэтгэлэг олгохоор тусгахын зэрэгцээ амьжиргааны, онцгой нөхцлийн тэтгэлэг олгох аж. Тухайлбал, өнчин, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд амьжиргааны тэтгэлэг, онцгой гавьяа, амжилт гаргахад мөн зохих тэтгэлгийг олгох юм байна. Харин онц сурсан оюутанд олгох тэтгэмж, оройн ангийн оюутанд олгох эсэхийг тусгай журам гаргаж мөрдөх гэнэ. Тэтгэмжийг хавтгайруулан олгохоос сэргийлж ийм заалтуудыг тусгасан тул ийм амжилт гаргасан оюутнууд 70 мянган тэтгэлэг дээрээ нэмж авах бөгөөд хууль батлагдсанаар оюутнуудын тоо өөрчлөгдөхгүй гэсэн тооцоо гарчээ. Учир нь БСШУЯ-наас элсэлтийн квотыг хянахыг салбарын сайд Ё.Отгонбаяр хэлсэн юм. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүд төсөл санаачлагчдаас сонирхсон асуултууддаа хариулт авч саналаа хэлсэн юм.
УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин:
-Оюутнуудыг дэмжиж тэтгэлэг өгөх учиртай. Гэхдээ хавтгайруулахгүй, сурлага сайтай оюутанд өгч болохгүй юу. Бид 9.9 хувийн алдагдалтай төсөв баталсан. Төсөвт хүндрэл учруулах юм биш үү?
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Баттулга:
-Тодорхой үнэлгээ шалгуурууд тавигдана. Нийт оюутнуудад тэтгэлэг өгөхөөр төлөвлөгдсөн. Төсөвт дарамт учруулахгүй.
УИХ-ын гишүүн Д.Оюунхорол:
-Боломжийн амьдралтай гэр бүлийн хүүхдүүд гадаадад суралцдаг. Монголын ирээдүй болсон залуусыг дэмжиж тэтгэлэг өгөх нь зөв. Цалин гэж болмооргүй байна. Оюутнуудыг ялгаварлахгүйгээр тэгш шударга олгох шаардлагатай.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт:
-Оюутнуудыг цалин, тэтгэлэгтэй болгох хэр зэрэг зөв алхам бэ. Гадаадад суралцдаг оюутнуудад тэтгэлэг дэмжлэг үзүүлдэг үү?
БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр:
-Сургалтын төрийн сангаас гадаадад суралцагсдад дэмжлэг өгдөг, Засгийн газар хоорондын гэрээгээр суралцдаг оюутнуудад тэтгэлэг олгодог.
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр:
-Тэтгэлгийг хавтгайруулах шаардлагагүй юм. Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн оюутнуудад өгөх тэтгэлгийг нэмээд дэмжих хэрэгтэй.
УИХ-ын дэд дарга Н.Энхболд:
-Аливаа хууль цаанаа агуулгатай байх учиртай. Өмнө нь их сургууль төгссөн залуусыг хэрэгцээтэй газар руу томилж, тухайн хүн ч хариуцлагаа мэдэрч ажилладаг байсан. Тэгвэл одоо татвар төлөгчдийн мөнгөөр сурсан хүмүүс ямар хариуцлага үүрэх вэ. Энэ тогтолцоог хуулийн төсөлд тусгаж өгөх зүйтэй гэсэн юм.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )