Монголын үндэсний бөх дахиад л шүүхийн танхимд дуудагдлаа

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 29

Монголын үндэсний бөхийн ертөнцөд хэдэн жилийн өмнө нэгэн зөрчилдөөн үүссэн нь өнөөг хүртэл үргэлжилсээр байна. Саяхан анхан шатны шүүх Монголын Үндэсний Бөхийн Холбооны тэргүүн Р.Нямдоржийг ажлаа гүйцэтгэх эрхгүй гэсэн шийдвэр гаргасан тухай сонин хэвлэлүүдээр мэдээлэх болов.

 Р.Нямдорж тэргүүн Үндэсний бөхийн холбоог байгуулж, удирдаж эхэлснээс хойш даруй 20 жил өнгөрчээ. Энэ хугацаанд МҮБХ бөхчүүдээ барилдах өргөөтэй болгож өгсөн ачтай. Мөн малгайны залаа, тэмдгээс өгсүүлээд хичнээн ажлыг хийсэн гэхэв. Ахмад бөхчүүд төрийнхөө дансанд орсон мэт жилдээ цолны хишгээ авчихдаг уламжлалтай. Бөхчүүдийн бай шагнал ч нэг үеэ бодвол дээшилсэн гэж хэлж болно. Гэхдээ зөвхөн байнга дээгүүр барилддаг бөхчүүдийн хувьд л үүнийг хэлж болох нь үнэн.

Мөн наадмын үндэсний бөхийн барилдаан Монгол Улсын хуулийн дагуу зохиогдох боллоо. Харцага, гарьд хэмээх шинэ цол бий болж, бөхчүүдийг амжилтаар нь эрэмбэлэв. Энэ алхам бол монгол бөхийг шинэчлэн өөрчилсөн том үйл явдлууд.

“Найраа”-г үгүй хийх гэсэндээ дөрөв, зургаагийн давааг оноодог болсон. Хэдийгээр арга ядсан  гал унтраасан арга шиг харагддаг ч гэсэн цөөн хэдэн барилдааныг ч гэсэн шударга болгох зам энэ мөн байсан. Харин монгол бөх гэдэг өв соёл, философтоо энэхүү шийдлүүд хэрхэн нөлөөлснийг бид бус бидний үр хойч хэдэн жилийн дараа мэдэрч, шүүн тунгаах биз ээ.

МҮБХ-ны хийсэн ажлыг тоймлон тоочвол ийм билээ. Гэхдээ сайны хажуугаар саар гэж энэ МҮБХ-той холбоотой чамгүй сөрөг мэдээлэл бий болсны нэг нь Их Эе зүй ёсоороо хуралдаагүй, хуралдаж чадаагүй явдал гэнэ. Мөн Цэцдийн зөвлөлийн хурал журмын дагуу зарлагдан, хуралдаагүй. Энэ мэтээр МҮБХ эрх зүйн хувьд ажиллах чадамжгүй болсон гэж мэдэгдэх болов. Үнэхээр хуулийн дор амьдардгаас хойш болохгүй, бүтэхгүй зүйл байвал өөрчилж, засахгүй гээд яахав.

МҮБХ бол Японы мэргэжлийн сумо шиг мэргэжлийн холбоо биш. Энэ холбооны мэдэлд ард түмний хөрөнгийг татаж бүтээсэн Бөхийн өргөө бий. Мөн Бөхийн өргөөг босгоход улсын хөрөнгийг төрөөс “уярааж” авчирсан тохиолдол ч бий.

Хамгийн гол нь Монголын үндэсний бөхийн холбоо монгол бөхийг хөгжүүлэхийн тулд юу хийж чадаж байна вэ? л гэдэг асуудал байн байн тавигдах ёстой болов уу. Мөн монгол бөхчүүдийн эе эвийг хангах учиртай. Ингэж байж л энэ холбоо үйл ажиллагаагаа эрүүл нөхцөлд явуулж, ингэсэн цагт ажил нь ахицтай байж, монгол бөх хөгжлийнхөө замд орох учиртай.

Хэсэг бөхчүүд хурлаа хаяж гараад, шүүхэд нэхэмжлэл гаргаж, Бөхийн холбоо тэднийгээ эсэргүүцэж шүүхдэлцээд явахыг сүүлийн есөн жилийн турш бид харлаа. Үндсэндээ үндэсний бөх маань эрүүл саруулаар асуудлаа шийдэж чадахаа болиод зөвхөн шүүхийн тусламжтайгаар асуудлыг шийдүүлдэг уламжлал тогтжээ. Яг л бөхчүүд нэгнээ хаяж чадахгүй байвал барьц сонгуулдагтай нь адил. Уначихсан хэрнээ давсан бөхтэйгээ зэрэгцээд дэвдэгтэй ч төстэй юм шиг. Эсвэл нээх сайхан ханагар эр гарч ирчихээд шуудаг авмагцаа цавь руу хумслаад дараад байдагтай ч зүйрлэж болмоор. Ямартай ч энэ өрнөөд буй үйл явдлыг сайн сайхан гэж ойлгож буй хүн нэг ч үгүй болов уу. Гэтэл ийм байдал бүтэн 9 жил үргэлжиллээ. Одоо үүнд цэг тавих цаг болоогүй гэж үү?

 Анхан шатны шүүх өөрт нь шударга бус санагдвал дараагийн шатанд нэхэмжлэл гаргана. Тэгэхээр нь нөгөө тал нь дахиад шүүхэд хандана. Энэ мэтээр үргэлжилсээр энэ явдал өдийг хүрсэн. Одоо ч эргээд энэ замдаа оров бололтой. Үндэсний бөх ийнхүү шүүхийн танхимд хичнээн удаа дуудагдав даа.

 Шүүхийн шийдвэр шат болгондоо нэг өөр шийдвэр гаргаж, бантан хутгалгүй, үнэн нь үнэнээрээ гараасай гэж залбирах л үлдэж. Зарга хийж яваа зартай бөхчүүд, нэртэй тэргүүнээ харахаар харамсах сэтгэл эрхгүй төрнө.

Бөх.Ган-Дорж

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top