Засгийн газарт иргэд маань дүн тавьж эхэллээ. Жил бүр хийсэн ажлаа Засгийн газар нь УИХ-даа тайлагнадаг. Өнгөрсөн онд тайлангаа тавилгүй гүрийсэн тул санаачлагатай зарим нь энэ удаагийн дүн тавилтанд ажил хэрэгчээр оролцож байна. Мөрийн хөтөлбөртөө инфляцийг нэг оронтой тооноос хэтрүүлэхгүй, ядуурлыг бууруулна гэх зэрэг олон сайхан юм бичээд хуульчлан батлуулсан ч биелсэн нь тун бага ажээ. Гэмт хүн гилбэлзэнэ гэгчээр харин саяхнаас бонд гаргаж төсвийнхөө цоорхойг нөхөх, үйлдвэрлэлийг дэмжих, иргэдээ орон сууцаар хангах гэх мэт бас л лут юм яриад унав. Удахгүй бондоор бороо оруулах юм гэнэ. Энэ жилийн төсөв урьдынхаасаа илүү алдагдалтай болж, дотоодын нийт бүтээгдэхүүний 40 орчим хувьд тулж очсон. Үүний нэлээд хэсэг нь төрийн албан хаагчдыг тэжээж байна. Хэрвээ алдагдлаа багасгая гэвэл төрийн данхайсан том бүтцийг танаж цомхотгох боломж байж л байлаа. УИХ-ын гишүүн бүрийн нэрээр орон нутгуудад хуваарилсан 76 тэрбум төгрөгөөр хэн юу хийснийг тооцоход бас төвөгтэй байна. Зарим гишүүд тэрбум төгрөгөө салхинд хийсгэсэн тухай иргэд шуугиад байгаа нь үнэний ортой байх. Тухайлбал Сүхбаатар дүүрэгт С.Баяр хүүхдийн тоглоомын талбай, бяцхан цэцэрлэгт хүрээлэн байгуулсан сурагтай. Үүнд тэрбум төгрөг зарцуулагдаагүй болов уу. Үлдсэн мөнгө нь хаана байна гэхээр хариу огт алга. Юунд зориулснаа нуугаад байгаа нь тун сэжигтэй. Түүний адил энэ тухай ярихаас цээрлэн гөлийгөөд явж буй хүн цөөнгүй ажээ. Засгийн газар өөрөө мөнгө таригч биш. Мөнгөний машин бүр ч биш. Ямар нэгэн бизнес эрхэлж нэмүү өртөг бүтээдэггүй. Зөвхөн татвараар мундагдаж цуглуулснаа хувааж, үрж чаддаг. Тарааж хаяхдаа үнэхээр гаргууд. Тийм байж бонд гаргах гээд байгаа нь хачирхалтай. Хэдэн жилийн өмнө 80 тэрбумын бонд гаргаж төсвийн алдаглаа нөхөх гэсэн боловч түүнийг нь сүүлдээ худалдан авах аж ахуйн нэгж, хувь хүн олдохоо больсон гэнэ лээ. Угаасаа төр гэдэг маань хамгийн арчаагүй менежер гэдгийг дэлхий даяараа мэдэх болсон шүү дээ. Ялангуяа Монголын төр засаг бол бүр муу менежер гэдгээ алдагдал ихтэй төсөв баталдаг, төсвийн хуулиа зөрчдөгөөрөө харуулаад өгсөн. Аймшигт цунамид өртөж олон зуун мянган хүнээ ор сураггүй алдаж, эрэмдэг зэрэмдэг болгосон Японы засгийн газар 200 тэрбум шахам долларын бонд гаргаж байгаа нь өөр хэрэг. Тэд бол монголчууд биш. Зовж ч үзсэн, хийж бүтээж ч чаддаг, мөнгөний үнэ цэнийг яс махандаа шингээчихсэн ард түмэн юм. Авлигадаад алга хийчихдэггүй. Тэгвэл төсвийн сахилгаар нооль заачихсан хэрнээ Сү.Батболдын багийнхан бондоор тоглох гээд байгааг ойлгоход тун хэцүү байна. Энэ жил нийтдээ 127,5 тэрбум төгрөгийн бонд арилжаалахаар УИХ-д асуудал оруулж байгаа ажээ. Үүнээсээ 55,5 тэрбум төгрөгийн бондоор төсвийнхөө алдагдлыг нөхөхөөр тооцсон байна. Нөгөө 76 тэрбумыг нь алдагдал гэж үзвэл энэхүү бонд нь яагаад ч нөхөж чадахгүй юм. Бондын арилжаагаар үсрээд л 55,5 тэрбум төгрөг нь 60 тэрбум болох байх. Арилжаална гэж баахан лобби хийхээс өөр замгүй. Энэ нь манайдаа боловсон луйвар, авлига болдог уламжлалтай. Үндэсний хэдхэн том компани руугаа үнэт цаасаа шахна. Арилжааны нэрлэсэн үнэ нь олигтой ашиг дагуулахгүй бол компаниуд авах хэцүү, болих хэцүү юм болно. Тэгж явсаар МСS зэрэг лухгарууд маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушиг дээр гээд Засгийн газрын төсвөө нөхөх бондоос авахгүй байж ч мэднэ. Иймэрхүү арилжааны дундаас Хөрөнгийн бирж, брокер, диллерийн компаниуд бас олигтой юм долоохгүй. Хойноос ирээд хот манайх, хотонд ороод хонь минийх гэж давраад үнэт цаасны арилжааны хамаг хяналт, эрх мэдлийг нь хамж авахыг завдаж буй Лондонгийн биржийн бүлэглэлүүд үүнд дургүйцнэ. Амны бэлэггүй юм яриад байхаа болиоч гэж хэн нэгэн их мэдэгч бухимдах байх. Гэхдээ үнэнд арай ойрхон төсөөлөл гэж үүнийг хэлэх биз ээ. За, цааш нь одоо 72 тэрбум төгрөгийн өөр нэг бондын талаар яръя. Үүгээр иргэдийнхээ орон сууцны зээлийг дэмжинэ гэж байна. Зээл их урт хугацаатай байх бололтой. Нисээд л 15 жил. Жаахан ахиулбал 20 жил байж болох юм шиг байна. Сү.Батболд Сингапур улсаас нэлээд зүйл сураад авсан юм байлгүй. 40 гаруй сая хүн амтай энэ жижигхэн улс иргэдээ хэдхэн жилийн дотор орон сууцаар бүрэн хангачихсан. Яаж гэхээр бараг хүүгүй зээл өгсөн. Өгөхдөө орон сууцыг нь иж бүрнээр барьчихаад шууд л айлуудаа оруулаад байсан. Манай аваргууд шиг жилд 8-аас 10 гаруй хувийн хүү энд огт яригдаагүй. Тэгвэл Сү.Батболдын Засгийн газар Орон сууцны корпораци гэдэг тоглоомын байгууллагадаа дөрлүүлчихээд арилжааны банк, Хөрөнгө оруулалтын банкныхаа хүүнээс өөр юм бодохгүй байгаа ажээ. Тиймээс иргэдийн орон сууцны зээлийн хүүг 4-5 хувьд ч хүргэх зүрх зориггүй байна. Орон сууцыг моргейжийн зээлийн хэлбэрээр олгох тухай З.Энхболд гишүүн олон удаа ярьсан. Гэхдээ түүний хэлээд байгаа шиг 30 жилийн хугацаанд өндөр хүүтэй зээлийн барьцаанд суух нь хүмүүст төдийлөн таалагдахгүй байна. Ер нь моргейж гэдэг чинь “Үхтэл нь барьцаал” гэсэн үг шүү дээ. Монголчууд хэн нэгний барьцаанд амьдрах бүр ч дургүй. Нөгөөтэйгүүр банкууд маань яадаг билээ дээ. Айлын байрыг барьцаалж өндөр хүүтэй зээл олгомогцоо хугацаанаас нь өмнө ямар нэг асуудал босгож ирээд юун түрүүнд байрыг нь булааж авахыг оролддог. Ийм луйврын сүлжээнд орж сүйрсэн олон айл бий, хөөрхий. Орон сууцны корпораци ийм сүлжээ ашиглахгүй гэх баталгаа одоогоор алга байна. Тэгээд ч орон сууцны үнэ хэтэрхий өндөр тул нэг өрөө байр ч худалдан авах хүн ховор байгаа юм. Үүнээс болоод хэдэн зуун барилга боссон хэрнээ борлуулалтгүй сууж байгаа биз дээ. Худлаа баахан рекламдахаас өөр юмгүй байна. Харин гэр хорооллуудад жижиг сууцуудыг олноор бариад халуун хүйтэн ус татаад өгчихвөл амьжиргаанд нь илүү хожоотой болно. Иймэрхүү төсөл хийгээд байгаа нь бас сайшаалтай. Тэдгээр жижиг сууцуудыг шийдээд өгвөл хотын хаа нэгтээ өндөр үнэтэй байр авах гэж хүмүүс үйлээ үзэхгүй. Үнэ өсгөж, ашгаа нэмэх гэсэн барилгын компаниуд ч борлуулалтгүй байраа сахиад хэдий болтол суух вэ. Аяндаа шалдаа бууж үнэ унагахаас өөр гарцгүй болно. Гэвч Засгийн газрын бонд ийм чөлөөт өрсөлдөөнийг бий болгож чадах эсэх нь эргэлзээтэй хэвээрээ байна. Банкны зээлийн хүүд навсайтлаа дарагдаад, шинээр барьсан байраа ч борлуулж чадахгүй байгаа компаниуд бонд аваад босно гэвэл зангууны үлгэр болох байх аа.
Сү.Батболдын дараагийн бонд 110 тэрбумынх юм байна. Ноолуурын үйлдвэрлэлээ тэтгэхээр болжээ. “Буян”-гийн Жаргалсайхан тэргүүтэй ноолуурын боссууд нийлээд “Монгол ноолуур” нэгдэл байгуулан санхүүгийн шинэ боломжийг хайж эхэлсэн бололтой. Тэгтэл зам дээр нь Сү.Батболдын Засгийн газрын ийм том бонд тааралдав. Магадгүй Б.Жаргалсайхан “Та муусайнууд үндэсний үйлдвэрлэлээ дэмжсэнгүй. Ер нь авлигадахаас өөр юу хийж чадаж байгаа юм” хэмээн шантаажилсаар бонд гаргуулах болсон ч юм билүү. Ямартай ч хэдэн жилийн өмнө ямаанд мөнгө тараасан шигээ Сү.Батболд энэ удаа монгол ямааныхаа ноолуур руу үнэт цаасаа ийнхүү чулуудлаа. Гадаад зах зээл дээр монгол ноолуур толгой цохихыг харах үлдэж байх шиг байна. Гэхдээ урд хөршүүд маань үнээр цохиж авдагийг хаахгүй бол түүхий, угаасан аль ч ноолуурыг цөмийг хамж авсаар байх юм чинь дээ. “Буян”-гийн Жаргалсайхан мэтийн хүмүүс дахиад хушуугаа унжуулан хятадуудыг харааж эхэлнэ. Хаах юм аа хааж чадаагүй бол хохь нь гэдэг зах зээлийн хатуу хуультай тул яая гэхэв дээ. “Буян”-гийн Жаргалсайхан сүүлдээ бодлого муутай Засгийн газартайгаа зарга үүсгэхээс аргагүй болно. Өнөөдөр хятадууд ноолуурын чиглэлийн туулай үржүүлж ямааныхаас илүү жинтэй, нарийн тансаг ноолуураараа гайхуулж байна. Тэд хэдэн төгрөгөөр ч хамаагүй ямааны ноолуур манайхаас аваад туулайн ноолуураараа арвижуулдаг байхгүй юу. Дэлхийн зах зээлд тэдний ноёлдог нэг нууц нь эндээ байдаг юм. Манай ихийг мэддэг Сү.Батболд мэтийн безнесменүүд үүнийг сонссон байлгүй. Гэвч бонд төвлөрүүлэх талаар ярихдаа үүнийг хэн нь ч дурсахгүй байна лээ. Уг нь туулайн ноолуур ашиглах нь манайдаа цоо шинэ технологи байгаа юм. Ямаа шиг байгаль экологт сүйтгэл тарьдаггүй амьтан. Энэ мэтээр цэгнээд үзвэл тэрхүү 110 тэрбумын бонд дахиад будаа болох байх. Бонд нь бороо шиг шаагин асгарсан ч өнөөгийн гундуу амьдарлыг тэтгэж чадахгүй биз. Гэхдээ муу амлаад яахав, бонд бороо шиг орж, буянаа хайрлаг гэж ерөөе дөө.
Б.Отгонбаяр.Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )