Холливудад Оросын иргэн Светлана Паршинагийн бүтээл болох Сталины охины тухай “Светлана Светланагийн тухай” хэмээн баримтат киноны дэлхийн хэмжээний нээлт болсон билээ. Тэгвэл уг киноны найруулагч бүсгүй “Труд” сонины сурвалжлагчид өгсөн ярилцлагандаа Светлана Аллилуевыг хэрхэн олж ярилцлага авч чадсан болон сонирхосон асуулт болгондоо хариулт авах боломжийг хэрхэн бүрдүүлсэн талаараа анх удаа илэн далангүй өгүүлсэн байна.
-Та яагаад Светлана Аллилуевагийн тухай кино хийх болсон юм бэ?
-Би 10 настай байхдаа түүний бичсэн “Найздаа бичсэн 20 захидал” гэдэг номыг нь уншсан юм. Тэгэхэд надад түүний бас нэгэн шинэ найз нь болох юмсан гэдэг сэтгэгдэл төрсөн. Мэдээж тэр үед би түүний талаар болон аавынх нь тухай маш бага мэддэг байлаа. Сталины цаг үед миний гэр бүлийнхэн хэрхэн зовж зүдэрч байсан гээд… тэгтэл өнгөрсөн онд би Аллилуеваг Америкт амьдардгийг мэдсэн. Би өөрөө ч тэнд найман жил амьдарсан шүү дээ. Тэгээд бид хамтдаа нэг улсад амьдарч байсан болон Сталины үр хойчоос цор ганцаараа үлдсэн гээд олон зүйл сонирхлыг маань улам нэмсэн дээ.
Шууд л Светлана Питерсийг /энэ овог нь түүний америк нөхрийн нэр юм. орч/ Эрж хайж байна гэх утгатай зарлал шиг юм Craigslist.org гэдэг томоохон сайтад байрлууллаа. Тэр зарын дагуу нэг хүн түүний Ричмонд дахь хаягийг өгдөг юм байна. Гэтэл Светлана тэр хаяган дээрээ байгаагүй. Дараахан нь би эрэн сурвалжлах ажлаа хийж байхдаа түүнийг байнга шилжин нүүдэг болохыг мэдсэн. Тэр бүхний эцэст би хувийн мөрдөгчөөрөө дамжуулан түүний хөршийн утсыг олоод залгалаа. Хөршид нь би утсаа өгөөд Светланаг над руу яриарай, уулзах хэрэг байна гэж хэлүүлэв.
Тэгтэл хоёр өдрийн дараа утас дуугарахад “-Лана Паршина юу? Та Лана Питерстэй ярихыг хүссэн үү?” гэдэг байгаа. Би ч маш гайхсан шинжтэй хариуллаа. Тэр их л яарч тэвдсэн дуугаар “-Та хэн бэ? Та намайг яагаад зүгээр байлгахгүй байна?” гэв. Би багадаа түүний номыг уншиж байсан, одоо бол уулзахыг сэтгэл догдлон хүлээж байна гээд бүх тайлбараа тавилаа. Түүний хариуд тэр ”-Би хэнд ч ярилцлага өгөхгүй. өөрийнхөө кинонд хөгшин надаас арай өөр сонирхолтой хүн олохгүй юу. Би амар амгалан амьдармаар байна” гэж хэлсэн. Тэгэхэд би “-Ойлгооч, миний амьдралыг хүүхэд насанд минь өөрчилж чадсан тэр л хүнийхээ тухай кино хиймээр байна. Энэ нь миний кино ертөнцөд орох цорын ганц боломж юм л даа” хэмээн гуйж гарлаа. Тэгтэл ашгүй Светлана бага зэрэг зөөлрөөд сонирхож байгаа асуулт, мэдэх гэсэн зүйлээ эхлээд захидал бичиж ирүүл гээд хаягаа өглөө. Тэрээр Висконсин мужийн Мэдисон хотоос холгүйхэн амьдардаг байжээ.
Дараагийн өдөр нь би захидал илгээснээ хэлсэн. Бид бараг хоёр цаг утсаар ярилцахад тэр бараг надаас ярилцлага авчих шиг болсон. Ингээд ярианыхаа төгсгөлд надтай уулзахад бэлэн гээд түүний нэг хатуу болзлыг хүлээн авахад хүрдэг юм байна. Тэр нь би араасаа ямар нэгэн “сүүл” дагуулахгүй байх шаардлага байлаа. Би ч тэгэхгүй гэж амлалаа...
-Түүнтэй уулзаж байхад таны сонирхлыг юу хамгийн ихээр татсан бэ?
-Гэрт нь яваад ороход л яг л барын торонд орсон мэт санагдсан. Түүний талаар өмнө нь элдвээр л бичиж байсан. Тэр ч утгаараа би нэгэн солиорсон хөгшин гарч ирэх байх хэмээн хүлээж зогсов. Тэгтэл намхан биетэй, буурал үстэй эмэгтэй гарч ирээд шууд л “-Алив хоёулаа хооллоцгооё. Би одоохон котлет шараад, суп хийгээдэхье” хэмээн надад хандлаа. Бид дээд давхарт байх түүний өрөөнд ороход гал тогооны өрөө нь залгаатай юм. Би болж байгаа явдалд итгэж ядаж байв. Сталины охин надад котлет шарж өгөөд, замдаа ядраагүй биз хэмээн надаас асуусан гээд бодохоор…
Лана ширээг маш сайхан зассан бөгөөд тэр бүх амттангуудын дунд би өөрийн авч очсон нэг шил “Киндзмараули” болон Бруклины орос дэлгүүрээс авсан шоколадны набороо гаргаж тавив. Бид сайхан хооллосон....
...Эхний танилцах уулзалт дуусаад тэр намайг гаргаж өгөхдөө “-Маргааш камераа аваад яг есөн цагт ирээрэй. Би яг тэр үед кофегоо уудаг юм шүү” гэж хэллээ. Би ч хариуд нь “-Би өөрөө бүхнийг хийчихэж чадна нь л даа. гэхдээ ярилцлагандаа анхаарлаа хандуулах талд жаахан төвөг гараад байж магадгүй. Тиймээс надад зураглаач дагуулж ирэхийг зөвшөөрөөч” хэмээн түүнээс гуйлаа. Тэр ч зөвшөөрлөө. Тэгээд шууд нөгөө сайтдаа орж Мэдисоноос холгүй ажиллах зураглаач хэрэгтэй байгаагаа зарлаж гарав. Нэгэн залуу хандлаа. Түүнд Сталины охины зургийг авна гэдгээ хэлсэн чинь нүд нь орой дээрээ гарчихаад түүнийг Америкийн гүнд амьдардаг байсан гэдэгт итгэхгүй байгаагаа хэлж байсан.
Хэд хэдэн удаа Светланад эцгийн характер илэрч байсан
-Тэр чухам ямар хүн шиг санагдсан бэ? Эцэгтэйгээ адилхан юм уу?
-Миний анзаарснаар тэр нэг тийм ойлгомжгүй хүн шиг санагдсан. Хүмүүсийн бодож байсан шиг биш гэх юм уу даа. Түүнийг төрсөн цагаас нь л эхлэн “Сталин охин” гэдэг тамга дарчихсан. Тэр үүнтэйгээ бүх насаа барж байна. Түүнээс зайлж, хувь заяагаа өөрчлөх гэж нөхрөө солин, нэр, хаяг болон амьдардаг эх орноо ч сольж үзжээ. Энэ бүхэн түүнд сайнаар нөлөөлөөгүй нь л лавтай.
Хэд хэдэн удаа Светланад эцгийнх нь характер ажиглагдсан шүү. Миний асуулт түүнд таалагдаагүй үед тэрээр над руу маш ширүүн, сэжигтэй нь аргагүй харна. Түүний гэрэл зургийн цомогт байсан Бериятай хамт авахуулсан зургийнх нь талаар асуухад Светлана шууд уурлаад надтай харьцахаа болчихов. Тэгснээ хэсэг хугацааны дараа эргээд ирсэн. Хэрвээ тэр хүнийг гомдоовол миний төлөвлөгөө бүр мөсөн нурна гэдгийг би сайн мэдэж байсан. Тэр өмнө нь хэд хэдэн удаа маш өндөр гонорартай ярилцлага өгөөч гэсэн саналуудыг буцааж байсан гэдгээ надад хэлсэн. Гэхдээ надад сэтгүүлчийн хувьд асууж сонирхох зүйл их байсан шүү дээ.
-Киноны зураг авалт хэрхэн болж өнгөрсөн бэ?
-Светлана эхнээсээ л эцгийнх нь тухай элдвийг асуух, түүнийг муулахгүй байх талд шаардлага тавьж байсан. Би уг нь хэлсэндээ хүрсэн ч тэр өөрөө эцгийнхээ талаар дурсаж эхэлсэн. Ярилцлага жаахан нуршиж, буу халах хэлбэртэй болсон ч би үүнд их баяртай байлаа. Гэрээс нь гараад бид голын эрэг дээрх нэгэн кафед ланчинд оров. Тэр усны гялбаа руу их л уйтгартайгаар харж байснаа “-Би загасны орд болоод ч тэрүү усанд их дуртай. Завиар зугаалмаар л санагддаг. Гэвч намайг хэн урих вэ дээ. Тэгээд хөгшин намайг хэн тоохов” хэмээгээд санаа алдав. Би түүнд бие засаад ирье гэж хэлээд кафеныханд завь захичихаад буцаж ирээд түүнд “-Алив, хамтдаа завиар зугаалья” гэв. Светлана маш их баярласан. Тэр торгон агшины кадр болгон нь миний тархинд үлдсэн. Тэр мөчийн зургийг авах санаагаа би түүнд хэлж чадаагүй ээ. Гэхдээ зураглаачтай болсон надад өөр олон агшныг хальсандаа буулгах завшаан тохиосон юм. Намайг зураг авалтаа дуусгаад буудалдаа ирээд байхад Светлана утасдаад “-Охин минь камераа мартаагүй биз. Би мэдэхгүй байна. Одоо надад хэдэн жилийн нас үлдсэнийг. Тэгэхээр би чамд нэг зүйлийг хэлэх гэсэн юм. “Охидын яриа” гэх үү дээ. Энэ бичлэгээс болж юу болохыг би хэлж мэдэхгүй. Та үүнийг банкинд хадгалуулаад эсвэл тэр киногоор хийгээрэй. Ер нь бол юу ч болсон бай энэ бичлэгүүд таны гарт хадгалагдаж байх хэрэгтэй шүү” гэж хэлээд утсаа тавингуут нь би чангаар “-Ура!” гэж орилсон. Энэ бол надад түүнээс өгсөн том шагнал юм...
-Кинон дээрээ хэрхэн ажилласан бэ?
-Шуудхан хэлэхэд бит өөрийгөө муугүй продюсер гэж үнэлдэг. Тэгвэл найруулагч байж чадах уу гэдгээ би энэ удаад туршсан. Кино маань ердөө 44 минут л үргэлжилнэ. Гэхдээ нэг өдөр нь би түүнийг сайхан ааштай байхад бараг хоёр цаг хагасын бичлэг хийчихсэн байсан. Би гол зүйлүүдийг нь л сонгосон. Түүний ээж Надежда Аллилуева нь охиноо дөнгөж зургаан настай байхад нь амиа хорлосон юм билээ. Үүний дараахан тэрээр өөрийн ах эгч болох Йосиф, Екатерина нарын хамт Баруун руу дүрвэжээ. Тэр цагаас хойш ах дүүсийн харьцаа бүрмөсөн тасарсан байна. 1967 онд Светлана Энэтхэгт нэгэн найз дээрээ сар болоод нутаг буцья гэж бодож байсан гэсэн. Тэгтэл Баруунд л түүний хайж байгаа эрх чөлөө байгаа гэдгийг мэдсэнээр тэр эх орондоо эргэн очихыг хүсээгүй. Ингээд Лана маань ах Йосифоороо дамжуулан Швейцарьт байдаг нэгэн танил руугаа захидал өгүүлсэн байна. Гэтэл яагаад ч юм тэр захидал эзэндээ очоогүй юм байна лээ…
Одоо түүнийг бага охин Ольга нь асарч тойрдог. Зарим нэгэн үзэгчийн хэлснээр бол Сталины охины тухай кино маш энгийн, тайван хэлбэрээр хийгдсэн бололтой. Тэр бусдаас ялгараад, онцгойроод байх эмэгтэй биш. Бидний ээжтэй л адил нас тогтсон орос бүсгүй. Тиймээс түүнийг одоо болтол “сталинизмаар” нь дуудаж бас ойлгох хэрэггүй л болов уу. Ингээд одоо та бүхэнд баримтат кинонд Сталины охины зарим нэгэн сонирхолтой яриануудын хэсгээс түүвэрлэн хүргЭе л дээ. Сонирхол татах байх аа.
Светлана Питерс /Аллилуева/:
-Бүгд л намайг Америкт коммунизмын талаар лекц уншина хэмээн хүлээдэг байлаа. Аав маань намайг томоохон уулзалтууддаа авч явдаггүй байсан. Ялтад Черчилль, Рузвельт хоёр охидуудаа авчраад амарч байхад би л тэнд байгаагүй. Тэр намайг дагуулж ирээгүйгээ зочдод тайлбарлахдаа охин их ухаантай, тэгээд ч хичээл ихтэй байгаа мэтээр ярьчихдаг. Магадгүй ингэж их суралцуулах нь удахгүй намайг тэдгээр зочидтой англиар ярьдаг болчих байх гэж бодсоных байх л даа. Тэр өөрөө англи хэл огт мэддэггүй байсан шүү дээ. Нэг удаа аав намайг хэрхэн машин жолооддог талаар асуув. Би ч “эмка”-ны жолооны ард суухад хажууд аав, ард нагаантай хамгаалагч суудаг юм байна. Тэгтэл юу болсон гээч, тэр машин барьж чаддаггүй харин би чадаж байлаа.
Аав миний анхны нөхөр болох Григорий Морозовтай танилцахыг огт хүсдэггүй байсан. Би ч танилцуулах гэж улайраагүй. Яагаад гэхээр Григорий еврей мөртлөө байлдахыг огт хүсээгүй юм. Амьдралын сүүлчийн мөчид тэр гэр бүлээсээ удирдагч төрнө гэдэгт итгэдэггүй, хүлээн зөвшөөрдөг ч үгүй байв. Миний хүүхдүүдтэй ч маш цөөхөн уулзсан даа. эгч Катяд огт анхаарал тавьдаггүй мөртлөө Йосифт болохоор тун сайн. Бүр “-Йосиф үнэхээр гайхалтай нүдтэй шүү” гэж бидэнд ярьдаг байсан даа. тэр ч утгаараа Йосиф эцгээ огт мартдаггүй бөгөөд жинхэнэ “сталинист” байсан юм шүү дээ.
Ах маань эхнэрүүдээ бүгдийг нь “-Ээж!” гэж дууддаг байв
…Вася ээжийн хамгийн хайртай хүүхэд нь байлаа. Гэтэл түүнийг 11-тэй байхад ээж өөрийгөө буудан амиа хорлсон. Тэр маш их гашуудсан даа. Вася дөрвөн удаа гэрлэсэн бөгөөд эхнэрүүдээ бүгдийг нь “-Чи миний ээж” хэмээдэг байв. Тэдгээрээс Катя Тимошенкогоос бусад нь ээжтэй огт адилгүй байсан юм. Ах маань хөгжимд дуртай, урлагт хайртай нэгэн байж дээ. Аав арми түүнийг эр хүн болгоно гэж байснаас болж тэр агаарын нисэх хүчнийг сонгосон. Тэгтэл тэр сургуульд нь очоод л ууж эхэлсэн. Бүгд уудаг байсан. Нислэг болгоныхоо дараа уудаг уламжлал тогтсон. Архи түүнийг маш амархан өөрчилсөн шүү. 1930-аад онд Вася танихын аргагүй өөр хүн болчихсон байлаа. Хүүхдүүд нь хүртэл түүнээс айгаад л.. Вася уухаараа тэднийгээ мод бариад л элдээд хөөчих нь шүү дээ...
Төвд рүү нүүх хэрэгтэй байсан
…Аавыг нас барахад би 27-той байлаа. Би юу ч ойлгохоо болчихож билээ. Хожим нь Энэтхэгийн соёл, ёс заншил манай гэрийг бүр мөсөн эзэмдсэн үед би энэтхэгийн гүн ухаанд суралцаж эхэллээ. Миний хувьд бурханд хүрэх гэх бүх шашин адил мэт санагддаг. Эмнэлэгт ажиллаж байхдаа би Энэтхэгийн коммунист Сингхтэй танилцаж амьд индусийн талаар хэлэлцдэг болов. Яг одоо таньтай ярилцаж байгаа шиг. Түүнийг нас барахад би Энэтхэгт очиж Ганга мөрний эрэг дээр хоёр сар болж билээ. Миний оюун ухаанд нэг л зүйл өөрчлөгдөөд байлаа. Би Орос руугаа, Суслов руу, Косыгин руу буцах уу? Үгүй ээ. Зугатахаар шийдлээ…
Ингээд намайг Америкт ирээд байхад бүгд л энд коммунизмын талаар лекц унших байх гэж бодож байсан юм. Эцгийнхээ алдааны талаар шүү…
Намайг ЗХУ-аас зугатахад хүйтэн дайн эхэлж байлаа. Атомын бөмбөг Америкийнх ч байна уу, ЗХУ-ынх ч байна уу би түүнийг бүрэн эсэргүүцэгчийн нэг байсан. Тэгээд байдал улам хэцүү болох үед би Каулягийн зөвлөснөөр /тэрээр Москва дахь Энэтхэгийн элчин сайд байсан бөгөөд Светланагийн “найздаа бичсэн 20 захидал” номыг ЗХУ-аас нууцаар гаргасан хүн юм/ Түвдийн ууланд очиж амьдрах ёстой байлаа. Гэвч тэгж амжаагүй. Гэтэл би нөгөөх айхтар Америкийн атомын бөмбөг дунд амьдарсаар…
Сталины охин винтов буутай, түүгээрээ тааралдсан америкийг буудна гээд л миний талаар цуурхал их гарсан даа. Энд, Америкт 40 жил амьдрахад энэ улс надад юу ч өгөөгүй ээ. Би чек хүртэл ашиглаж сураагүй гээд бод доо. Би англиар бичиж, англиар бодож бас зүүдэндээ бүх зүйлийг англиар хардаг. Орос орон ч намайг мартсан. Залуу байсан бол амьдрах хүч байх л байсан. Одоо юу ч үлдсэнгүй. Ольгагийнхаа гар дээр энэ Америкт л үхэх байх даа. Аав баярлахгүй байсан болов уу…
Р.Слава
Сэтгэгдэл ( 2 )
Хөөрхийдөө жаргал үзэлгүй насыг барах нь дээ...
buur nulims garchihlaa