Гадаад хэлний мэдлэггүй бол оршин суугаа их хотынхоо гудамжинд төөрч орхихоор байна. Гэхдээ ганц англи хэл ч биш, япон, солонгос, турк, итали зэрэг бараг бүх орны хэлийг мэддэг байх шаардлагатай бололтой. Учир нь хотын төвөөр эцэс төгсгөлгүй үргэлжлэх албан байгууллага, зоогийн газар, дэлгүүр хоршоод гээд бүгд гадаад нэр хаягтайгаар дурайж байна. Эдгээр нь Монгол Улсад биш гадаадын аль нэг хотод явж байгаа мэт сэтгэгдэл төрүүлэх. Уг нь Монгол Улсын Засгийн газрын 2013 оны хоёрдугаар сарын 02-ны өдрийн 37 тоот “Монгол хэлбичгийн боловсролыг сайжруулах арга хэмжээний тухай” тогтоолд Хот, суурин газар төрийн болон хувийн хэвшлийн бүх байгууллагын хаяг, зар сурталчилгааг монгол кирилл бичгээр бичиж байхыг бүх шатны Засаг дарга нарт үүрэг болгосон байдаг. Түүнчлэн энэ оны нэгдүгээр сарын 17-ны өдөр НИТХ-ын тэргүүлэгчдийн 07 дугаар тогтоол батлагдсан билээ. Энэ хүрээнд Нийслэлийн худалдаа үйлчилгээний нийтлэг журмыг баталсан. Журамд худалдаа үйлчилгээний байгууллагын гадна хаяг нь монгол хэл дээр, кирилл үсгээр бичнэ гэж тусгажээ. Энэ журам одоо Нийслэлд хүчин төгөлдөр мөрдөгдөж байх учиртай. Гэвч монголын хууль гурав хоног гэгчийн үлгэрээр тухайн тогтоол болоод журмууд хэдийнэ хэрэгждэггүй хууль дүрмийн жагсаалтад багтсан байна.
Манай сурвалжлах баг бидний хэлж заншинаар Цэцэг төвийн уулзвараас Энх тайван найрамдлын ордон хүртэлх гудамжаар алхаж, замын хоёр талаар зогсолтгүй үргэлжлэх байгууллагуудын хаягийг сонжлоо. Restaurant pub, phone shop, Limitless pub, souvenir shop, cashemere house, goyo cashmere, Broudway, Mona Liza, Hot pot & pub Chinese dumpling, Capitron bank, Altai center гэх мэт төрөл бүрийн гэрэлтүүлгээр чимэглэсэн хаягууд зөндөө. Хуулинд дээр дурдсанчлан байгууллагын нэр Монгол кирилл үсгээр бичигдсэн байна, шаардлагатай тохиолдолд англиар, нэрний шрифтийн хоёрны нэгтэй тэнцэх хэмжээгээр бичиж болно гэсэн заалт байдаг. Гэтэл дээрх байгуулагуудын нэр бүгд англиар байх бөгөөд цөөхөн хэдэн байгууллагын хаягт тайлбар хийх шаардлагатай байсан уу, аль эсвэл монгол үг оруулахгүй бол болохгүй гэж бодсоных уу хаягаасаа хэд дахин бага шрифтээр монгол тайлбар бичсэн байлаа.
Ингээд бид зарим нэг байгууллагаар орж дээрх хууль, тогтоомжийн хэрэгжилтийг ямар учраас хангахгүй байгааг сонирхсон юм.
Хамгийн эхэнд тааралдсанаар нь MONA LIZA Shop гэх хаягтай дэлгүүр рүү орлоо. Эмэгтэй хувцас зардаг болохыг дэлгүүр рүү орж байж л бага сага гадарласан юм. Учир шалтгаанаа хэлж уулзах ёстой хүнтэйгээ уулзахад “Энэ талаар сонссон. Он гаргаад манайх дэлгүүрээ өргөтгөх гэж байгаа. Тэгэхээрээ хаягаа монгол болгож солино” гэсэн хариултыг өглөө. Дараагийнх нь “TUNA” electronics гэх хаягтай дэлгүүр. Тэнд худалдаа хийж буй залуустай мөнөөх л асуудлаараа ярилцахад нэг нь “манайх хаягаа солих гэж байгаа” гэхэд нөгөөх нь хажуунаас Монголоор л байгаа биз дээ, ганц electronics гэдэг үг л гадаадаар байгаа гэх аж. Тэгэхээр нь “TUNA гэдэг үг чинь Монгол уу?” гэж нэмж лавлахад “Монгол үг шүү дээ” гээд доог тохуу хийсэн янзтай инээлдсэн юм. Дэлгүүрийн хаягаа ямар хэлээр бичсэнээ ч ялгадаггүй хүмүүс л тэнд ажилладаг бололтой. Харин Hi Fi records-ийн салбар дэлгүүрийнхэн ийм хууль дүрэм байдгийг ч мэдэхгүй гэсэн хариултыг өгсөн юм.
Тэгвэл зарим үйлчилгээний газрууд хотын төв хэсгээр жуулчид их явдаг учир тэднийг татахын тулд хаягаа зориуд англи хэлээр бичсэн гэж байлаа. Тухайлбал, Pizzeria нэртэй итали зоогийн газрын хувьд саяхан тусгай зөвшөөрлөө сунгуулсан. Тэгэхэд ямар нэгэн Монгол үг оруул гэсэн шаардлагын дагуу ресторан гэдэг үгийг кириллээр бичсэн гэсэн юм. Харин Тurkish restaurant pub нэртэй зоогийн газарт ороход “Энэ хавьд хаягаа Монголоор бичсэн газар байхгүй, тэглээ ч манайх саяхан байгуулагдсан. Гаднах хаягаа сая гаруй төгрөгөөр хийлгэсэн учраас дахин хийлгэхэд санхүүгийн хувьд хүндрэлтэй.
Анхнаасаа чанга хатуу шаардлагаар барьж байсан бол бид ч гэсэн монгол хаягаа тавих байсан. Манай байгууллагын орчны хувьд аваад үзсэн ч жуулчид их явдаг учраас монголоор бичвэл гадаад иргэд ойлгохгүй” гэсэн юм. Харин “Монгол хүн гадаадаар ойлгохгүй байх хамаагүй юу? гэсэн миний асуултад “Цонх дүүрэн хоолны зураг байхад ойлгохгүй байна гэж юу байхав дээ” гэсэн хариулт өгөв.
Тэгвэл Broudway, Wendy, Modern Nomads гэх мэт сүлжээ зоогийн газруудын хувьд яг энэ хаяг нь үйлчлүүлэгчдийнх нь дунд таних тэмдэг болтлоо түгсэн, нөгөөтэйгүүр олон салбар байдаг учраас бүх хаягийг солино гэхэд хөрөнгө их шаардагддаг гэдгээ учирлаж байсан юм.
Хуулийг хэрэгжүүлэх ёстой иргэд ийм байр суурьтай байна. Тиймээс хуулийн хэрэгжилтийг хангуулж, хяналт тавьж ажиллах ёстой төрийн албаныхан ямар байр суурьтай байгааг сонирхохоор Хангарьд ордныг зорилоо. Ингээд Захирагчийн ажлын албаны Тохижилт, хог хаягдалын хэлтсийн мэргэжилтэн Х.Даваахатантай уулзаж хаягжилтын талаар тодруулсан юм.
- Аж ахуй нэгж байгууллагуудын гадна хаягийг нэг стандарттай болгох талаар өчнөөн яригдаж байсан. Гэсэн ч ажил хэрэг болсон нь үгүй. Танайхаас энэ тал дээр ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?
- Зар сурталчилгааны тухай хуулинд энэ аж ахуй нэгж байгууллагын гадна хаягтай холбоотой асуудалд тухайн орон нутгийн мөрдөх журмыг нутгийн захиргааны өөрөө удирдах байгууллага баталж, мөрдүүлж болно гэж заасан байдаг. Үүний дагуу НИТХ-аас гадаах хаяг, зар сурталчилгааг байрлуулах журам гэж гаргасан. Энэ журмын дагуу зохицуулах гэхээр яг өнөөдөр яригдаад байгаа хэл зүйн асуудал дээр тусгасан зүйл бага байдаг. Өөрөөр хэлбэл, хэл зүйн асуудлыг орхигдуулсан байдаг гэж хэлж болно. Харин байршлын асуудлыг нь илүү их тусгаж өгсөн байдаг. Тиймээс энэ орхигдоод байдаг хэл зүйн асуудал дээр нэмэлт өөрчлөлт оруулах уу?, нэмж тогтоол гаргах уу гэж удаан ярилцсаны эцэст нэмэлт тогтоол, журам гаргахгүй байхаар шийдсэн. Тэгэхдээ хотын Ерөнхий менежер есдүгээр сарын 19-ны өдөр А148 тоот тушаал гаргаж, тушаалын дагуу Улаанбаатар хотын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй байгууллага аж ахуй нэгжүүдийн гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах шаардлагыг боловсруулж батлуулсан байгаа. Баталсанаас хойш өнөөдрийг хүртэл хоёр сар гаруйн хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд тэрхүү шаардлагыг хэрхэн хэрэгжүүлэх талаар сурталчилах арга хэмжээ хийгдээд явж байна.
- Ямар замаар сурталчилна гэсэн үг вэ?
- Бүх дүүрэг хороодод өөрийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгж байгууллагуудад тус шаардлагыг сурталчилах, таниулах үүрэг өгсөн байгаа. Өнгөрсөн долоо хоногт хотын Ерөнхий менежерийн нэрэмжит шалгалтыг төвийн зургаан дүүрэг хороодоор явж хийлээ. Шалгалтын явцад зарим дүүрэг хороодын бүх аж ахуй нэгж байгууллага энэхүү тушаалын талаар тодорхой мэдлэг мэдээлэлтэй болсон байсан ч зарим дүүрэгт хорооны ганц нэг хүн мэдэж байсан тохиолдол гарсан. Тэгэхээр энэ ажлыг он дуустал явуулж, шинэ он гарахад нийслэлийн бүх аж ахуй нэгж байгууллага гадна хаягаа ямар байх ёстой вэ гэдэг талаар нэгдсэн ойлголтыг авсан байх ёстой.
- Өмнө нь бол Монгол хэлээр, кирилл үсгээр байна гэсэн шаардлага байсан шүү дээ. Энэ шаардлагыг яагаад хэн нь ч тоосонгүй вэ?
- Тиймээ, ийм шаардлага байсан. Гэхдээ тэр шаардлаганд зөвхөн Монгол үсгээр байна гэж байснаас давхар англиар байж болох эсэх тал дээр нарийн зүйл байхгүй байсан. Тэгэхээр иргэдээс маш олон асуулт ирж байсан л даа. Ганцхан Монгол хэлээр бичээд, гадаад хэлээр бичиж болохгүй юм уу? Гадаад хэл дээр байгаа нэрээ монгол руу утгачилж орчуулах юм уу, гэх мэт асуултууд ирж байсан. Энэ асуудлуудыг сая тусгай шаардлага дээр тодорхой тусгаж өгсөн байгаа.
- Тэгвэл ямар тохиолдолд гадаадаар бичиж болно гэсэн заалт орж ирсэн байгаа вэ?
- Гадаадаар зайлшгүй бичих шаардлагатай хэд хэдэн тохиолдлууд байдаг. Энэ нь юу вэ гэхээр дэлхийд танигдсан, хүлээн зөвшөөрөгдсөн нэртэй брендүүд байдаг. Тэдгээрийн нэрийг Монгол руу орчуулах, кирилл үсгээр бичих гэсэн ойлголт байхгүй. Тэгэхээр энэ байгууллагууд ямар нэгэн байдлаар Монгол тодотгол оруулах л хэрэгтэй. Жишээ нь Samsung гээд бренд байна. Үүний хажууд “электрон бараа” гэх тодотгол оруулж өгөх ёстой.
Холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, мөрдүүлэх ёстой албаныхан ийм мэдээллийг өгч байна. Гэтэл хуулийн этгээдийн нэр олгох журмын 3.3-д “Хуулийн этгээдийн нэр нь кирилл үсгээр илэрхийлэгдсэн байна” гэж заажээ. Харин 3.8-д “Гадаад хэлний үсгүүдийг кирилл дуудлагад шилжүүлснээр хуулийн этгээдийн нэр тодорхой утга илэрхийлэхгүй, товчилсон утга илэрхийлж, дан үсгээс бүрдэж болох бөгөөд энэ тохиолдолд нэг, нэг тэмдэгтийн зайтай том үсгээр эхэлж бичнэ” хэмээн тусгасан байх юм. Түүнчлэн “Төрийн албан ёсны хэлний тухай” хуулийн 5.7-д Хот, суурин газрын гудамж, талбайн нэр, хаяг, төрийн байгууллагын нэрийг төрийн албан ёсны хэлээр бичнэ. Эдгээр нэрийг англи хэлээр давхар бичиж болно”, 5.16-д “Төрийн албан ёсны хэлээр гарч байгаа олон нийтэд зориулсан хэвлэл, мэдээлэл нь орчин цагийн монгол утга зохиолын хэлний хэм хэмжээ, нэр томъёог баримтална” гэсэн нь бий. Мөн бүртгэл мэдээллийн нэгдсэн тогтолцоог бий болгох үндэсний хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын хаягжилтын нэгдсэн стандарт боловсруулах мэргэжлийн байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг байгуулагдан “Нэгдсэн хаягжуулалт. Хаягийн бичвэрт тавих шаардлага” MNS 6275:2011 стандартыг боловсруулжээ. Энэ стандартаар дотоодын болон олон улсын хэмжээнд төрийн болон ТББ, хуулийн этгээдийн хаягийг тодорхойлох, хаягийн бичвэрт агуулагдах мэдээлэл, бүтцийг тогтоосон бий. Энэ бүгдээс харахад хууль, тогтоомжийг хэрэгжүүлэх ёстой төрийн албаныхан ажлаа хийж чаддаггүй, шаардлагаа тавьж мэддэггүй болох нь харагдаж байгаа юм. Нөгөөтэйгүүр нэгэнт л мөрдүүлж чадахгүй бол ийм олон хэрэггүй дүрэм журам гаргаж ажил хийсэн болж харагдах нь хэнд хэрэгтэй билээ. Хэрвээ эдгээр дүрэм журам нь хоорондоо авцалдаагүй, холбогдох мэргэжилтний хэлснээр зарим зохицуулалт нь дутуу байдаг бол үүнийгээ нэг тийш нь цэгцлэх цаг нь болжээ. Тэгэхгүй бол Монгол Улсын иргэд улсынхаа нийслэлд төөрч мэдэхээр энэ байдал цаашид хэдэн жил үргэлжлэхийг хэлэхэд хэцүү юм. Үүнийг хотынхон анхааралдаа авна биз ээ.
Ж.Тэргэл
Сэтгэгдэл ( 3 )
Ayandaa tsegtserne,ene bol tiim surtei asuudal bish!
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮
Xarin ch MGL-chuudiin xelnii tovshin ter chineegeer saijiraad baigaa yum bish vv.