Өнгөрсөн онд дэлхий даяар хэвлэлийн эрх чөлөөний байдал “улам бүр дорджээ”. Ийм дүгнэлтийг Америкийн хүний эрхийн “Фридом хаус” байгууллага жил бүр гаргадаг ”Хэвлэлийн эрх чөлөө” илтгэлдээ хийсэн байна. Дэлхий даяар үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжтой хүмүүсийн тоо цөөрч, 10 жилийн хугацаан дахь хамгийн доод үзүүлэлтэд хүрчээ. Одоогийн байдлаар дэлхий дээр зургаан хүн тутмын ердөө нэг нь хэвлэлийн эрх чөлөө хангагдсан оронд амьдардаг болохыг “Фридом хаус” байгууллагын шинжээчид тэмдэглэсэн байна. Тус байгууллагын шинжээчдийн гаргасан улс орнуудын хэвлэлийн эрх чөлөөний байдлын талаарх ангиллаас үзвэл, судалгаанд хамрагдсан 196 орноос ердөө 68 улсад хэвлэлийн эрх чөлөө жинхэнэ утгаараа хэрэгжиж байгаа бол, 65 улс хэвлэлийн “хагас эрх чөлөөтэй” орны тоонд орж байна. Үлдсэн 63 орон нь “эрх чөлөөгүйд” тооцогджээ. Илтгэлд тэмдэглэснээр, өнгөрсөн оны дүнгээр хэд хэдэн оронд тухайлбал, Египет, Гондурас, Унгар, Мексик, Өмнөд Солонгос, Тайланд, Турк, Украин зэрэг оронд хэвлэлийн эрх чөлөөний байдал мэдэгдэхүйц дордсон байна. Мексик болон Тайланд улсууд бүр “эрх чөлөөгүй” гэсэн ангилалд багтжээ.
Умард Солонгос /196 дугаарт/, Туркменистан, Узбекистан, Ливи, Эритрей, Мьянма, Беларусь, Куба, Иран, Гвиней зэрэг 10 оронд байдал туйлын хэцүү байна.
“Эдгээр улсад хэвлэлийн эрх чөлөө гэсэн ойлголт огт байхгүй бөгөөд хэвлэл мэдээллийн хэрэгслүүд эрх баригчдын дуу хоолой болж, ард түмнийг үнэн зөв мэдээллээр хангах явдал хязгаарлагдмал байна” гэж илтгэл бичсэн шинжээчид цохон тэмдэглэжээ.Шинжээчдийн үзэж байгаагаар, Финланд, Норвеги болон Швед улсад байдал хамгийн гайгүйд тооцогдож байна. Харин АНУ дээрх үзүүлэлтээр 17 дугаарт бичигджээ. Хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтаж байсан улсуудаас Эстони, Латви болон Литва улсын хэвлэл мэдээллийн хэрэгслэлүүд нь “эрх чөлөөтэйд” тооцогдсон бол Гүрж, Молдав болон Украин улс “хагас эрх чөлөөтэй” байна. Бусад улсууд, түүний дотор ОХУ “эрх чөлөөгүй” орнуудын жагсаалтад оржээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )