Өвөрхангайгаас танил маань ярьж байна. Дулаахан сайхан өвөл болж байна хэмээн дуулгав. Гэм нь цас байхгүй, ядахнаа малын хар туруу цастай бол малчин мал хоёрын аль алинд нь амар байхсан гэж байна. Хааяа цас хялмаалавч шувууны мөр гарахаас хэтэрсэнгүй хэмээн тодотгов. Өнгөрсөн өвөл цагаан сараас өрсөж Өмнөговь аймгийн Гурвантэс суманд аяны дөрөө мулталж билээ. Хөндлөн хөндлөн хөх уулсын нутаг огтхон ч цасгүй. Тэртээ хойно тэнгэр газрын заагаар Нэмэгтийн уулс л цайвалзаж харагдана. Нутгийнхан үүнийг саяхан хялмаалсан болоод тэгж харагдаж байгаа юм, тэгснээс цас гээд байх юм ороогүй гэцгээж байна. Сумынхан Нарийнсухайтын уурхайхантай хамтран хэдэн арван тонноор нь ус хөлдөөж уул руугаа зөөгөөд зав зайгүй байцгаана. Цас ороогүйгээс уулын ан амьтад, янгир аргаль тэргүүтэн олноороо үхэж үрэгдэж байгаа гэнэ. Тэгээд ан амьтандаа долоох мөс бэлдэж байгаа нь энэ аж. Энэ сумын малчин Ж.Тогтох гэж ануухан бууралтай уулзаж илүү үгэнд дурлавал “Одоо ч өвөл малгай буулгахаа байсан шүү дээ. Биднийг залууд манай энд цав цагаан өвөл болдог байлаа. Сүүлийн жилүүдэд цас мартагдах дээрээ тулаад байна. Хаа сайгүй л харын зуд нүүрлэх гээд байдаг болчихож” гэж байна. Иймэрхүү яриаг хөдөө нутагт сонссон нь ганц энэ биш.
Хэдхэн хоногийн өмнө Ус цаг уур, орчны шинжилгээний газраас нийт ард иргэддээ хандан сэрэмжлүүлэг гаргав. Энд дурдснаар “Монгол орны ихэнх гол, мөрөнд битүү мөсөн бүрхүүл тогтож жижиг гол мөрөн ёроолдоо хүртэл хөлдсөн хэдий ч зарим томоохон гол мөрөнд мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул ард иргэдийг мөс цөмрөх аюулаас урьдчилан сэргийлж, цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явахгүй байхыг онцгойлон анхааруулж байна” гэжээ.
Ес эхлээд гурав дөрөв хоночихлоо. Уг нь өдийд жавар тачигнаж байдаг сан. Харин энэ өвлийн тухайд Улаанбаатарт хасах 10 хэмээс доош градустай байна. Хэтрүүлж хэлбэл намраараа гэмээр. Цаг агаарын ойрын тав хоногийн мэдээнээс харвал зарим үед бүр хасах 6 градус хүрч “дулаарах” төлөвтэй. Харин ирэх долоо хоногийн мягмар гаригаас хүйтний эрч ялимгүй чангарч хасах 16 градус хүрэх бололтой. Өнгөрсөн зун НҮБ ойрын үед болж байгаагүй дулаан жил тохионо гэдгийг улс орнуудад хандан сануулж байсан нь бий. Тэр л ёсоор болж байх шиг байна даа.
Удахгүй идэр гурван ес эхэлнэ. Монголчууд үүниийг гунын эвэр хугармаар гурван есийн хүйтэн хэмээн тодотгодог. Аль хэр тачигнах бол гэсэн бодлоор ирэх нэгдүгээр сарын цаг агаарын төлөв байдлын зураглалыг харлаа. Эндээс харвал Монгол Улсын газар нутаг бараг тэр чигээрээ шахуу олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй байна. /Зургийг харна уу/
Зөвхөн Баянхонгор, Говь Алтайн урд хэсэг, Сэлэнгийн хойд хилийн дагуу болон Баян-Өлгий, Ховдын хойд хэсгээр л олон жилийн дунджийнхаа орчим хүйтрэхээр харагдаж байна. Түүнчлэн ирэх сарын эхний болон гуравдугаар арав хоногийн сүүлчээр хүйтний эрч ихэнх нутгаар суларна хэмээн мэдээлжээ. Нийслэлийнхэн хөдөөнийхнөөс дутахгүй цас хүлээж байна. Ядахад утаа тоос багасч, хэд хоногтоо агаар цэвэршинэ. Амралтынхаа өдрөөр Хандгайт, Богд уул руугаа гарч шинэхэн цасан дээр тоглож тонгочиж нэг өдрийг өнгөрөөхийг хүсч байгаа. Хүсэхэд хясах гэгчээр арванхоёрдугаар сард ийм боломж бүрдсэнгүй. Харин ирэх сард төвийн нутгаар олон жилийн дундаж орчмын цас орно гэсэн мэдээлэл байна. Ялангуяа Төв аймгийн нутгаар ахиу хэмжээний цас орохоор байна. Улаанбаатар хот энэ төвийн бүсэд, Төв аймагтай хааяа залган оршдог гэдгийг тодотгох юун. Дулаахан, тэгсэн хэрнээ цагаахан цастай өвөл ирж байгаа бол сайхан л байна.
П.Булган
Сэтгэгдэл ( 0 )