Авдарны түлхүүр ард түмний хяналтад орж байна

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 30

Ирэх оны нэгдүгээр сарын эхний өдрөөс Шилэн дансны хууль хэрэгжиж эхэлнэ. 2015 оны  нийгэм эдийн засгийн амьдралыг өөдрөгөөр харах нэг шалтгаан энэ Шилэн данс болж байна. Энэ хууль 2015 оны онцлох үйл явдал болж үлдэх биз ээ.

Монголын төрийнхний чихэнд байнга уяастай явдаг хонх гэвэл төсвийн хөрөнгийг шамшигдуулсан, идэж уусан гэх  хар сэр. Нотлогдох нь цөөн ч төсөв захиран зарцуулагчдын хувьд сиймхий тааруулах, арга эвийг нь олохдоо гаргуун. Татвар төлөгчдийн мөнгө зориулалтын бус зүйлд гарын салаагаар урсчих гээд байдаг.  Энэ мэт явдлын сүүлийн нэг жишээ гэвэл өнгөрсөн зун Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчид  Бразильд хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн рүү “ком”-оороо явах гэж байгаад “гэрэл цохиулчихсан”.  Ерөөс олон нийтийн хараа хяналтаас хамгийн хол байсан зүйл бол төсвийн бор авдар маань байлааМонголд  бүх шатны  5000 төсөв захиран зарцуулагч байдаг. Тэдэн дээр , төрийн болон орон нутгийн оролцоотой компани, улсын үйлдвэрийн  газар зэрэг 360 байгууллагын дарга удирдлага нэмэгдэнэ. 

Шилэн данстай болсноор төсвийн мөнгийг  хэн хаана юунд хэрхэн зарцуулж байгааг иргэд интернэтээр хянаад байх боломжтой болно.  Нэг үгээр хэлбэл аудиторын үүрэг гүйцэтгэнэ гэсэн үг.

 Шилэн данстай болсноор төсвийн мөнгийг  хэн хаана юунд хэрхэн зарцуулж байгааг иргэд интернэтээр хянаад байх боломжтой болно.  Нэг үгээр хэлбэл аудиторын үүрэг гүйцэтгэнэ гэсэн үг. Иргэд зөвхөн мэдээлэл аваад зогсохгүй, эргэлзэж буй шийдвэр, төсвийн хөрөнгийн зарцуулалтын талаар Аудитын газраас шалгуулсан асуудлынхаа үндэслэлтэй эсэх талаар хариу авах боломжтой болж байгаа юм байна.

 

Төрийг хариуцлагатай болгох чиглэлээр сүүлийн 20 гаруй жилд хийгдэж байгаа  хамгийн том бас хамгийн үр дүнтэй байж мэдэх хууль энэ боллоо. Тиймдээ ч Шилэн дансны хуулийг “нийгмийн захиалга” байсан хэмээн тодотгож байгаа юм. Ерөнхийлөгчийн “Том төрөөс ухаалаг төр рүү”  бодлогын хүрээнд батлагдаж байгаа анхны хууль энэ болж байна. Хуулийн  төсөл Их Хурлын танхимд унасан ч дахин өргөн барьж батлагдсан.  Гишүүд нэрнээс  нь их жийрхэж байсныг санаж байгаа байх. Эндээс харахад энэ хууль иргэдийн хувьд хүлээлт байсан ч  батлагдах хүртлээ багагүй бартаа нугачаа давсан нь анзаарагдаж байна.  Эрх мэдэлтнүүдийн авч завших хүсэлд хязгаар тээг болж байгаа учраас энэ хууль нэг хэсгийнхний таашаалд огтхон ч нийцээгүй гэдэг нь тодорхой. Монголын хууль тогтоогчид хууль журам судалж байна гээд байнга л хилийн чанадад зорчиж  явдаг. Гэсэн хэрнээ тэр орнуудын Шилэн дансны тухай хуулийн хаагуур нь зөрөөд байсан юм бүү мэд, их л хожуу, тэр дундаа Ерөнхийлөгчийн санаачлагаар энэ хууль орж ирж батлагдлаа. Тодруулбал, яг ийм "Шилэн данс "гэсэн нэр томъёотой ойролцоо утга бүхий нэрээр  дэлхийн олон орон хуульчилсан байдаг  гэнэ.

Хууль хэрэгжээд ирэхээр төсвийн хөрөнгийн зарцуулалт, санхүүгийн сахилга батад  хувьсгал гарна хэмээн хүлээж байна.  Юм ил тод болоод ирэхээр төрөөс тэрбумтан төрдөг урьдын явдал ул болж үлдэнэ. Хамгийн гол нь татвар төлөгчдийн мөнгөний зарцуулалт илүү үр дүнтэй, бодитой болно. Энэ хуулийн үйлчлэл төсвийн төлөвлөлтийг боловсронгуй, бодитой болгож байгаа нь ил тод байдалтай эн зэрэгцэх ач холбогдолтой болж байна гэсэн үг.   

Хуулийн төслийн хэлэлцүүлэгт иргэд ач холбогдол өгч, Иргэний танхимаар хэдэнтээ яригдсаны учир энэ.  Энэ хуулийн талаар явуулсан санал асуулгад оролцогчдын 93  орчим хувь нь дэмжиж байгаагаа илэрхийлжээ.

Хуулийн зохицуулалтаар төр, засгийн болон төсвийн бүх байгууллага, төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, төсвөөс тендер авсан хувийн компани, байгууллага бүгд таван сая төгрөгөөс дээшхи гүйлгээ, бас ирээдүйд өрийн дарамт үүсгэж болзошгүй зээл, санхүүгийн баталгаатай холбоотой шийдвэрээ олон нийтэд заавал мэдээлдэг, бас бүртгүүлж байж хүчин төгөлдөр болдог  болж байгаа юм. 

Санхүүгийн сахилга батыг сахиулахад  Шилэн дансны хууль сонор соргог манаач болно гэсэн хүлээлт  төр засагт хаягласан монголчуудын улс төрийн уур бухимдлыг бага ч гэсэн зөөллөж байна.

А.Алтантуяа

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.126.89.176) 2014 оны 12 сарын 31

ХУлангийн саналыг дэмжиж байна

0  |  0
hulan(103.229.123.188) 2014 оны 12 сарын 31

Mongoliin ard tumen odoo bugd sanaa niilj hogiin uutnii mungiig tusvuur batluulsniig eserguutsej Bat -UULIIG ogtsruulii ene arai dendej bna

0  |  0
зочин(202.126.89.176) 2014 оны 12 сарын 30

Шилэн дансны хууль хэрэгжээд эхлэхээр төсөв зарцуулагчид яаж ийгээд л хэдэн төгрөг унагачих гээд үзэх байх даа

0  |  0
Top