Эдийн засгийн өршөөлийн хууль “гудсан доорх” мөнгийг тэмтэрнэ

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 06

Хууль тогтоогчдын хүлээлгийн танхимд байгаа хуулиудын нэг нь эдийн засгийн өршөөл үзүүлэх хуулийн төсөл юм. Энэ хуулийн төслийг одоогоор Санхүүгийн өршөөлийн, Эдийн засгийн ил тод байдлын гэхчлэн нэрлэж буй. Монголд нүүрлээд байгаа эдийн засгийн хямралыг гэтлэн давах олон арга зам бий гэнэ. Тэдгээрийн нэг нь энэ өршөөл үзүүлэх явдал гэж байна. Ингэж өршөөж өмгөөлөх нь  хуучны танил “нүүр царай” гэж тодотгож болно. Учир нь 2008 оны хямралын үед эдийн засгийн өршөөл үзүүлж байсан удаатай. Харин энэ арга хэр бүтэлтэй, үр өгөөж нь  ямар байсныг барин тавин хэлэх хүн бараг үгүй байх. Баттай санаж байгаагаас өмнөх удаагийн өршөөлийн хуулийн араас сэтгэл гонсгор хоцорч буйгаа олон бизнес эрхлэгч илэрхийлж байсан юм даг. Хэрэв ингэж харвал өмнөх хууль нэг хэсгийг нь баярлуулж нөгөө хэсгийнх нь урмыг хугалсан гэсэн үг. Ялангуяа хуулийг хэрэгжүүлэх цаг хугацааны боломж дэндүү хязгаарлагдмал байсан гэх гомдол одоо ч сонсогддог.

Тэр үед  Өршөөлийн хуулийг зургаан сарын хугацаанд үйлчлэхээр гаргасан хэрнээ Сангийн яам хэрэгжүүлэх журмыг нь гаргаж өгөлгүй бүтэн дөрвөн сар болжээ. Тэгээд долдугаар сарын нэгэн хүртэл үйлчлэх хуулийн журам арай гэж дөрөвдүгээр сарын 13-нд гарсан байдаг. Ингэхээр хууль ердөө сар хагасын хугацаанд  хэрэгжсэн гэсэн үг. Тиймээс энэ хуулийн боломжийг олон компани аж ахуйн нэгж ашиглаж чадалгүй үлдсэн гэх баримт бий. Эдийн засагч Б.Лхагважавын тооцоолсноор 2008 оны өршөөлийн хуулийг 3000 компани ашиглаж, 40 мянган компани ашиглаж чадаагүй гэх юм билээ.  Өөрөөр хэлбэл, нийт компаниудын хоёрхон хувь нь л энэ хуулийг ашиглаж, тэрхүү 3000 компанийн дөрвөн тэрбум ам.долларын орлогыг ил болгожээ.

Хууль ингэж дутуу үйлчилснээс тэр 3000 компанийн монополь эрх манай зах зээлд хуваарилагдаад дуусч, сүүлийн дөрвөн жилд тэдгээр компанийн орлого 3-5 дахин нэмэгдсэн. Харин ашиглаж чадаагүй 40 мянган компанийн орлого 2-3 дахин буурсан хэмээн  эдийн засагч Б.Лхагважав нотолж байгаа. Тэрбээр  өмнөх жилүүдийг “Эдийн засгийн өршөөлийн жил” болгох саналыг нэг бус удаа гаргаж энэ нь улс орны хөгжилд чухал ач холбогдолтойг сануулж байсан нэгэн билээ.

 

2008 оны өршөөлийн хуулийг 3000 компани ашиглаж, 40 мянган компани ашиглаж чадаагүй гэх юм билээ. Өөрөөр хэлбэл, нийт компаниудын хоёрхон хувь нь л энэ хуулийг ашиглаж, тэрхүү 3000 компанийн дөрвөн тэрбум ам.долларын орлогыг ил болгожээ

 

Эх орны эдийн засгийн нөхцөл байдал энэ “Уучлал”-ын хуулийн төслийг хоёр дахь удаагаа өргөн барихад хүргээд байгаа ч нийгэм үүнийг олон янзаар харж байна. Хэн нэгний захиалгын, цагаан захтнуудыг өршөөх хууль гэхчлэн хардаж сэрдэх хэсэг байхад далд эдийн засгийг ил болгож, Монголын санхүүгийн систем шинэчлэгдэнэ, аж ахуйн нэгжүүд хоёр тайлан гаргахаа болино гэхчлэн өөдрөгөөр төсөөлж байгаа нь илүү олон бий.

Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн хүрээнд өргөн баригдсан энэ хуулийн төслийг эдийн засагт томоохон хөрөнгө оруулалтыг дотоодынхоо бололцоог ашиглан хийх боломж олгоно гэж байгаа.  Анх өргөн барьсан төслийн гол агуулга нь  2009 оны 01-р сарын 01 өдрөөс хойш  тайлагнах, мэдүүлэх ёстой байсан татвар ногдох орлого, татвар ногдох орлогоос бусад татвар ногдох зүйлс, цалин хөдөлмөрийн хөлс зэргийг харьяа татвар, нийгмийн даатгалын байгууллагад сайн дураар нөхөн мэдүүлэх тайлагнах, мөн гаалийн байгууллагад нөхөн мэдүүлсэн тохиолдолд уг хувь хүн, хуулийн этгээдийг хуульд заасан хариуцлага болон албан татвараас нэг удаа чөлөөлөх  тухай байсан. Энд бас нэмж хэлэх нэг зүйл бол оффшор бүсэд байгаа данс хадгаламжийг ил тод болгох тухай байв. Хуулийн төслийг өргөн барих үеэр хууль санаачлагчдын нэг, тухайн үеийн Сангийн сайд Ч.Улаан “хуулийн төслийн гол агуулга нь урьд өмнө ил тодоор эргэлтэд орж байгаагүй гадаад болоод дотоодод хадгалагдаж байгаа хөрөнгийг нэг удаа өршөөнө. Ингэхдээ элдэв татвар, хууль, мэргэжлийн байгууллагын шалгалт, энэ төрлийн дарамтыг огт үзүүлэхгүй байх. Тэрчлэн хаанаас, хэзээ, ямар арга замаар олж авсан бэ гэдгийг ч тодруулахгүй” гэж тайлбарлаж байсан. Ингэхээр хуулийн эхний эн тэргүүний зорилт бол “гудсан доорх” мөнгийг л ил гаргах явдал болохоос  хулгай хийж, худлаа ярьж олсон эсэх нь огт хамаагүй хэмээн төсөөлөгдөж байгаа юм. Дуулдаж буйгаар оффшор бүсэд хэн хэн данстай байсныг ч нууцлана гэж байгаа. Хэрэв хэн нэгэн, ялангуяа хэвлэл мэдээллийнхэн үүнийг олж мэдэж ил тод болгосон байх аваас бүр хариуцлага торгууль хүлээхээр журамлаж байгаа гэх.  Гэхдээ энэ бүх “нийгүүлсэл” тодорхой цаг хугацаа, зааг зурвастай.

УИХ-аар ойрын үед батлагдах хамгийн магадлалтай хууль нь эдийн засгийн өршөөлийн энэ хууль /Өргөн барьсан төслөөр бол Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль / байж магадгүй.

Нуугдаж байгаа хөрөнгийг ил гаргаж, айдасгүй болгох, эцсийн дүндээ баялаг бүтээгчид маань хуримтлал үүсгэсэндээ, бизнес эрхэлсэндээ, ажлын байр бий болгож ард иргэдийг орлоготой болгож байгаадаа өөрөө гэмт хэрэгтэн мэтээр буруутгах нөхцөл байдал руу оруулахгүйн тулд энэ хуулийг зайлшгүй батлах ёстой гэцгээж байна. Гэхдээ хамгийн гол зорилго нь эдийн засгаа шокноос гаргах явдал. Үүний төлөө л өршөөх үү, эс өршөөх үү гэдгээ  тунгаах болно.

П.Булган

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
retro(124.207.50.255) 2015 оны 01 сарын 07

ok gargah l yostoi gadnaas oruuldag baraa tavaar het ondor unetei baraandcyah argagui tatvar nemeh l heregtei

0  |  0
retro(124.207.50.255) 2015 оны 01 сарын 07

ok gargah l yostoi gadnaas oruuldag baraa tavaar het ondor unetei baraandcyah argagui tatvar nemeh l heregtei

0  |  0
өндөр болгох нууц(112.72.11.67) 2015 оны 01 сарын 06

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
Top