Цэргийн хүний урмыг хугалах нь шинэчлэлийн зорилго болох учиргүй

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 06

Цэргийн хүний ажил хөдөлмөрийн онцлог нь юу вэ. Яагаад түүнд нийгмийн хамгааллын зарим нэгэн давуу байдал, илүү цалин хөлс, тэтгэвэр тэтгэмж, урамшуулал олгох учиртай вэ?

 Эртний суут сэтгэгч Платон, Аристотель нар цэргийн хүнийг эрхэлж буй ажил мэргэжлийн нийгмийн ач холбогдлыг нь өндөр үнэлж ‘’хамгаалагч‘’ хэмээх нийгмийн элит давхаргад хамруулж байжээ.


Дэлхийн ихэнх улс оронд төр улсынхаа гал голомтыг сахин хамгаалагчдын хөдөлмөрийг ихэд дээдэлж цэргийн хүнээ өнгөлөг жавхаалаг, сэтгэл тэнүүн аж төрөх нөхцөлийг нь өөр өөрийнхөөрөө бүрдүүлсэн байдаг ажээ. Тухайлбал Хятад, Солонгос, Тайланд, Япон  зэрэг Азийн (Дорнын) улсуудад цэргийн хүчнийхтэй дүйх цалин хөлстэй ажил, алба бараг л үгүй, даяар олноороо цэргийнхэнд гүн хүндэтгэлтэй ханддаг хүмүүжил, соёл төлөвшсөн байдаг ажээ.

Монгол Улсад ч бүр өвөг дээдээсээ эх орноо хамгаалагчдаа эрхэмлэн хүндэтгэж ирсэн нандин уламжлалтай. Монгол төрийн бичиг номын их хүмүүн Ү.Жүгдэр, Г.Сүхбаатар, Ч.Далай нарын бүтээлүүдэд Хүннү, Сүмбэ, Нирун, Их Монгол Улс, түүнээс хойшхи үеийн улсын хаад, ноёдууд цэргийн жанжин дарга нар цэрэг эрсээ хэрхэн сурган хүсүүжүүлж, яаж тэдэндээ итгэж хүндэтгэлтэй харьцдаг, яаж амьдрал ахуйг нь өөд татдаг, ивээл хамгаалалдаа байлгадаг байсныг тодорхой баримтаар нотлон харуулсан нь цөөнгүй. Тухайлбал: Ц.Жүгдэр абугай “Монголын феодализм тогтох үеийн нийгэм, улс төр, гүн ухааны сэтгэлгээ” бүтээлдээ Эзэн Богд Чингис хаан “Гадаад мянганы ноёдоос миний хишигтний (шадар торгон цэргүүд Н.Ж) ерийн хүмүүс (торгон цэрэг) бөгөөд... түмэн хишигтэнд миний хойно их суурийг залгамжилсан хөвгүүд, ургын урагт хүртэл миний гэрээс дурсгал мэт сэтгэж, аливаа гасланд хүргэлгүй сайтар асрагтун гэх мэтээр удаа дараа сурган анхааруулж байжээ. “ Их Засаг” хүүлинд зааснаар цэргийн хүн, жанжидын өмч хөрөнгө, нэр төрд халдах аваас үхэх ялтай байжээ. Тухайн цаг дор дайн тулаанд яваа цэрэг бүрийн гэр бүлийг уналга хөсөг, саалийн үнээ мал, эд хөрөнгөөр тэтгэдэг, гавьяа зүтгэл үлэмж жанжин дарга нарт өмч хөрөнгө газар нутаг, удам угсаа залгамжлах эрх мэдэл тэргүүтнийг насан туршид нь олгодог байжээ.

Богд Хаант Монгол Улсын үед цэргийн жанжин, зүтгэлтэн дарга, гавьяат цэргүүддээ цол хэргэм, хамжлагын ард, өмч хөрөнгө ихээр шагнаж үе залгамжлуулж байжээ. Монгол төрийн бүх л үед цэргийн хүн төр, түмнийхээ хамгийн хүндтэй эрхэм албат нь байсныг түүхийн олон баримт сэлт дурдан нотолж болох.

Шинэ цаг үед (XX, XXI Зуунд) Монголын төр цэргийн хүндээ бишгүйдээ анхаарч эрх зүйн болон нийгмийн баталгааг бүрдүүлэх арга хэмжээг тухайн цаг үеийнхээ боломж бололцооныхоо хүрээнд авч иржээ. Цэргийн даргын цалин өндөр, хангамж нь уух цай, татах тамхи хоол хүнс гэхчилэн бусадтай зүйрлэхээргүй сайн, сүр жавхаатай, нэр хүнд нь өндөр байсныг ахмад үеийнхэн мэднэ. Цэргийн хүнтэй хэн ч барьцдаггүй байж л дээ.

Цэрэг хүн бол эх орноо зэвсэг барин хамгаалах өндөр хариуцлага үүрсэн, амь биед нь эрсдэлтэй алба хашдагхэрэгтэй цагт дайсантай тулж ялан дийлэх, үүний тулд  өдөр шөнөгүй , уйгагүй, аливаа бэрхшээлээс үл шантаран сурч хөдөлмөрлөх хувь ногдолтой улс.

Анги, нэгтгэл, салаа салбарын захирагч офицерууд жилийн 365 хоногт ажлын 8 цагаар бодоход 700-800 хоногийн ажил үүрэг гүйцэтгэдэг, үүнийхээ 40-60 хувьд нь цэрэг дайчидтай хамт гэр орноосоо хол, хээр хөдөө тэсгим хүйтэн, аагим халуун, цас бороо, шороонд шуурганд өнгөрөөдгийг судлаачид тооцож тогтоосон.

Хээрийн сургууль, дадлага бол олон арван байлдааны машин техник хөдөлгөөнд орж, олон зуун, мянган цэрэг дайчид өдөр шөнөгүй буудаж, тэсэлж, дэлбэлж, жолоодож байна гэсэн үг л дээ. Өчүүхэн анхаарал, сонор сэрэмж дутвал хүний амь эрсдэх магадлал өндөр байдаг л ажил алба. Цаг ямагт өөрөө биеэр үлгэрлэж бодиотойгоор “ над шиг хий“ гэж үзүүлж харуулж байдаг алба. 1990-ээд онд цэргийн алба хаагчдын эрүүл мэндийн байдалд хийсэн судалгаагаар тэтгэвэрт гарах насны офицер, ахлагч нарын талаас илүү нь үе мөчний, доторын, ялангуяа элэг зүрх, бөөрний өвчин, эмгэгтэй гарч байжээ.

Бие сэтгэлийн хэт их ачаалал, халж даарч хөөрч, халуун хоол умдаан цаг нартай хэрэглэж байгаагүйн уршиг л даа. Хээрийн томоохон сургууль, байлдааны буудлагын үед хооллох ундаалахаа ч умартах нь энүүхэнд зүйл. Тийм цаг үед юун ор дэр хэрэглэн тав тухтай унтаж амрах тухай яриа байхав дээ. Босоо, суугаа зүүрмэглээд л болох нь тэр.

Энхийг дэмжих болон олон улсын ажиллагаанд оролцож буй энхийг сахиулагч офицер, ахлагч нар харийннутагт, элсэн цөл, аагим халуун орчинд, өдөр бүр, цаг мөч бүр хаанаас ч, хэзээ ч ирж мэдэх аюул заналын дор, анагаагдах, эмчлэгдэх арга ухаан нь олдохгүй элдэв хурц, онц аюултай өвчинд нэрвэгдсэн улс оронд албаа хааж буй билээ. Иракт олон улсын энхийг сахиулагч хүчний эсрэг террористуудын аюултай зэвсэгт халдлагыг эр зориг, ур чадвараараа таслан зогсоож мянга мянганзорилго нэгт нөхдөө аварсан цэрэг эрсийнхээ гавьяагаар монголын ард түмэн бахархаж байсан нь тун саяхан.

 Одоо цэргийн жинхэнэ албандаа байгаа генералууд, офицер, ахлагч нарын гуравны нэг хувь нь энхийг дэмжих ажиллагаанд оролцсон хүмүүс. Үнэхээр бахархмаар тоо баримт л даа. Цэргийн хүний амьдрал, албыг зээрийн нүүдэлтэй зүйрлэдэг нь оргүй зүйл ч биш юм. Хаана чиний хэрэгцээ, шаардлага байна чи тэнд л алба хаана. Санал асуух ч үгүй.

 Эдүүгээ анги, салбарын офицер, ахлагч нарын 30 гаруй хувь 2-3 гарнизон (хот, хөдөө, хангай, говь гээд л) дамжин алба хаасан, 40 шахам хувь нь орон сууцгүй байна. Цэргийн сургууль дүүргэсэн залуучууд 1-2 жилдээ айлд суух, эсхүл бөөнөөрөө (3-4 хүн) нийтийн байранд нэг орон гэрт амьдрах нь цөөнгүй. Хань ижил нь мэргэжлээрээ ажиллах боломжгүй, хүүхдүүд нь сургууль цэцэрлэг дамжсаар сурлага, хүмүүжлээр доголдох нь цөөнгүй. 30 жил (дунджаар) өдөр шөнөгүй зүтгэсээр 1-2өрөө байртай болох нь ёстой “ тэнгэрийн...“ гэсэн үг. Энэ бол бас офицер ахлагч бүрт тохиох аз жавшаан бас биш. Энэ хооронд үр хүүхэд нь өсч өндийн гал голомтоо асааж гэр бүл болно. Арайхийн олдсон ганц, хоёр өрөөгөө үр хүүхэддээ “алдаад” гудамжинд гарах дээрээ тулна. Эдүгээ мөнөөх 1-2 өрөөндөө хүргэн, бэр, ач зээ нартайгаа хутгалдан аж төрж буй генерал, хурандаа нар захаас аваад байна. Тэдэнд хурааж хуримтлуулсан эд хөрөнгө юу байхав дээ.

 Төр цэргийнхнийхээ ийм амьдралыг мэдрээд тэтгэвэртээ гараад ядахдаа 5 ханатай гэр, сольж өмсөх хувцастай ч болов болог, өвчин эмгэгээ эмчлүүлэг гээд л 36 сарын тэтгэлэг олгох болсон юм. Гэтэл энэхүү тэтгэмж чухамдаа барьцааны (хоорондоо барьцахын)зүйл болох нь тэр. Ер нь ардчилал, зах зээл монголчуудынбарьцах өвчинийг илрүүлэв. Цэргийнхнээ илүүд үзэж барьцацгааж эхлэв. Тэтгэвэр тэтгэмж, цалин хөлс, сүүлдээ бүр хувцас форм гээд цэргийн хүний хэнтэй ч булаацалдмааргүй зүйлүүд ч барьцааны зүйл болов. Багш, эмч, төрийн бусад алба хаагчид, шүүгчид, прокурор, гааль, татварын, нийгмийн даатгалын мэргэжилтэн байцаагч нар бүгд цэргийнхнээс дутахгүй хүнд бэрх, хариуцлагатай ажил тул “ онцгойлсон“ нэмэгдэл, 36 сарын тэтгэмжийг нэхэн бас санаандаа хүрцгээв. Бүгд амь бие, эрх, эрх чөлөөгөөрөө дэнчин тавьсан алба хашиж буй тул тангараг өргөн тусгай хувцас форм хэрэглэх болов. Багш, эмч, байцаагч, түшмэд, ИТХ–ынхан тангараг өргөцгөөж байна.

 Монгол Улсын төрийн алба хаагчдын хэдэн хувь тангараг өргөдөг (бараг л 100% байх шүү) тусгай хувцас, формтай түүнд хичнээн төгрөг зарцуулдаг тооцоо хийвэл их л сонин тоо гарна даа. Прокурор, гаалийнхан, комиссарууд (цагдаа, онцгой байдлын албаны) зарим төрлийн байцаагч нарын хувцас форм генерал, хурандаа нарынхаас ч сүрлэг, гоёыг нь яана. Ямар сайн даа нэг үе ОБЕГ-ын комиссарууд Зэвсэгт хүчний генералтай барьцаж яг адилхан дүрэмт хувцас өөрсдөө дураараа хийж өмсөж байсныг хууль гаргаж байж нэг юм зогсоосон бол саяхан Цагдаагийн комиссарууд цэргийн генералынхтай ижил мөрдэсийг мөн л мэдэн будилж зүүж байгаад Монгол Улсын Ерөнхийлөгчид зандруулэх вэ дээ?

 Монгол Улсад хуулт цаазат иргэний нийгэм байгуулж (цогцлуулж) эхэлсээр нийгмийн бараг бүх харилцаа хуулийн зохицуултад оров. Цэргийнхний эрх зүйн байдал ардчилсан бусад орны жишгийн дагуу тогтоогдов. Цэргийн жинхэнэ алба хаагчид сонгуульд саналаа өгөхөөс бусад хэлбэрээр улс төрд оролцохгүй болов. Цаашдаа цэргийнхнийг улс төрчидийн нөлөөнөөс найдвартай тусгаарлах, хамгаалах тогтолцоо, механизмыг бүрдүүлэхийн тулд сонгуулийн эрхийг нь ч хасахад гэмгүй гэж бодож байна.

 Цэргийн хүний эвлэлдэн нэгдэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэн, орших суух нутаг орноо сонгох зэрэг иргэний бусад эрх, эрх чөлөө нь хязгаартай. Энэ бүхнийг бичиж буй учир цэргийн бусдаас арай онцгой, эрсдэлтэй алба хашдаг төрийн албатууд, иймээс чухам үүний төлөө тэдэнд нөхвөрийг нь төр ямар нэг хэлбэрээр олгох ёстой гэдгийг нотлох гэсэн хэрэг. Төр, түмний халамж анхаарлаар арайхийн бий болгосон цэрэг хүний материаллаг хангалтын өчүүхэн давуу тал монголчуудын барьцах өвчин болон нийгмийн халамжыг хавтгайруулан тэгшитгэсний балгаар алдагдсаар байна. Зах зээлийн нийгэмд цэргийн хүний (цэргийн хүн гэдэгт Монгол Улсын зэвсэгт хүчний офицер ахлагч нар, хилчид, цагдаагийн жинхэнэ албыг хааж буй иргэнийг хэлж байна) нийгмийн хамгааллын давуу байдал: ахиухан цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмж, орон байртай болох итгэл найдвар, цэргийн хүний өнгө жавхаа, золбоо хийморь (хувцас, форм энд чухал), цэргийн албаны романтизм (бие сэтгэлийн хат, эх оронч үзэл, гадаад оронд энхийг дэмжих ажиллагаанд оролцох боломж, төр түмний онцгой хүндэтгэл, халамж анхаарал) зэрэг л залуу хүнийг эх орноо хамгаалах хүнд хүчир амь бие, эрх чөлөөнд эрсдэлтэй ажил мэргэжилд татах хүчин нь болж буй шүү дээ. Материаллаг хангалтын давуу байдал, тэтгэвэр,(36 сарын! тэтгэмж) энд онцгой чухал гэдгийг дахин давтан хэлэх байна.

 Энэ бол Зэвсэгт хүчин мэргэжил, боловсролтой шилдэг залуусаар эгнээгээ бэхжүүлж байх нэг чухал үндэс нь, үнэт зүйл юм. Цэргийн хүнээ гомдоож хохирсон шинэчлэл байх учиргүй. Үүний учрыг төрийн эрхэм түшээд сайн мэдэж буйд эргэлзэх юмгүй. Цэргийнхэнд төр, засгаасаа элдэв юм шаардах, шахах эрхгүй, зөвхөн гуйх, хүсэх л эрхтэй. Төрийн сүлд минь ивээг.

Бэлтгэл хошууч генерал, доктор, профессор Н.Жалбажав

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
NER TUR(203.91.112.115) 2015 оны 01 сарын 07

TURIIN GLBANII HUULIIG UURHILJ BOLNO. HARIN CERGIIN TETGVERIIN HUULID GAR HURJ BOLOLHGUI. 800 GARUI C.A.H NAR URGUDLUU UGSUN BAINA.

0  |  0
44444(203.91.112.115) 2015 оны 01 сарын 07

36 сарын тэтгэмжийг хасаж болохгүй

0  |  0
123(203.91.112.115) 2015 оны 01 сарын 07

Үнэн бичжээ.

0  |  0
зочин(103.229.120.236) 2015 оны 01 сарын 06

Үнэн бичжээ. Цэргийнхэн амь нас, эрүүл мэнд бүх юмаараа дэнчин тавьж энхийн ажиллагаанд үүрэг гүйцэтгэснээр НҮБ-аас олон зуун сая ам. доллар улсын төсөвт жил бүр оруулдаг. Тэдний нэг удаа хүртдэг 36 сарын тэтгэмжийг хасаж болохгүй байхаа

0  |  0
зочин(202.179.11.70) 2015 оны 01 сарын 06

үнэн шүү

0  |  0
Top