Өрийн таазыг өндөрсгөх, намсгах асуудал эрх баригч хоёр хүчний маргалдааны сэдэв болоод байна. Өр бол өглөг гэдэг нь тодорхой. Өргүй бол баян гэсэн монгол сэтгэхүй талаас нь харвал хүсээд байх зүйл огтоос биш. Гэхдээ мөнгөгүй, хөрөнгөгүй байна гэдэг үүнээс бүр долоон дор. Эдийн засагт юм бүхний илэрхийлэл толь болж байдаг Дотоодын нийт бүтээгдэхүүн /ДНБ/ гэсэн ойлголт буй. Үүнийг энгийнээр илэрхийлбэл тодорхой хугацаанд тухайн оронд бүтээгдсэн бараа үйлчилгээний зах зээлийн үнэлгээний нийлбэр юм байна. Гэтэл бид энэ хийж бүтээж байгаагийнхаа тэн хагасаас илүү буюу 55.2 хувьтай тэнцэх хэмжээний өр тавьчихаад сууж байна. Оны эхний байдлаар Монгол Улсын нийт гадаад өр 19 тэрбум орчим ам.долларт хүрээд байсан. Үүнээс Засгийн газрын гадаад өр 4.5 тэрбум ам.доллар гэж мэдээлж байсан юм даг. Энэ тоо хэмжээ нэмэгдсэн үү гэхээс буураагүй байх.
Хэрэв Сангийн сайдын саяхны ярилцлагаас анзаарвал Монголын өр жил сараар бус өдөр хоногоор өсч байгаа юм байна. Тухайлбал, МАН Ардчилсан намтай гэрээ байгуулж байх үед улсын өрийн хэмжээ ДНБ-ний 49 хувь байсан гэнэ. Ж.Эрдэнэбатыг Сангийн сайдын ажил авах үед энэ өр 53 хувьд хүрсэн бол өчигдрийн байдлаар 55.2 хувьтай байгааг сайд хэлжээ. Ердөө сар гаруйхан хугацааны дотор л улсын өрийн хэмжээ ийн 6.2 хувь өсчихсөн гэсэн үг.
Шийдлийн Засгийн газар одоо үүнийг бүр өсгөж 70 хувьд хүргэхээр төлөвлөж байна. Нэмж нэг тэрбум ам.долларын зээл авах сураг шар ордоноор бас шуурч байна. МАН засагт хамтрахаасаа өмнө өрийн таазыг нэмэхгүй байхыг сөрөг хүчнээсээ шаардаж шахаж байсан. Аз болоход тэдний энэ байр суурь хамтарлаа гээд нэг их өөрчлөгдөөгүй байгаа бололтой. Өчигдөр МАН-ын бүлэг өрийн таазыг өндөрсгөхийн эсрэг байгаагаа мэдээллээ.
Анх хоёр нам хамтран ажиллах гэрээ байгуулахдаа өрийн таазыг нэмэгдүүлэхгүй гэдэг дээр байр сууриа нэгтгэсэн гэж байв. Гэтэл АН энэ гэрээний заалтаа зөрчиж, өрийн босгыг 70 хүргэх төсөв оруулж ирснийг МАН дэмжихгүй, цаашид ч өр нэмэхгүй гэсэн байр сууриндаа байхаа МАН-ын бүлгийнхэн илэрхийллээ. Ингэхээр өрийн таазыг өндөрсгөх эсэх асуудал эвлэлдэж эвсэлцсэн хоёр намын хооронд хэрүүлийн алим болж мэдэх юм. Ер нь АН-ынхан өр зээлээс айдаггүй, олдож л байвал хүртэж байх сонирхолтой.
Өрийн удирдлагын тухай хуулийн төслийг өргөн бариад чамгүй хугацаа өнгөрч байна. Энэ хуулийг өнгөрсөн хаврын чуулганаар батлах гэж байсан ч парламентад суудалтай намууд байр сууриа нэгтгэж чадаагүйгээс хойшлогдоод байгаа билээ. Хуулийн төсөлд улсын өрийн хэмжээг ДНБ-ий 90 хувьд хүргэх заалт байсан нь УИХ дахь МАН-ын бүлгийнхний гэдэнг хөдөлгөчихөөд байгаа.
Нэг тэрбум ам.долларын зээл авбал өрийн тааз 70 хувь хүртэл өндөрсөх юм байна. Энэ бол нэг их хүсээд байх хэм хэмжээ биш юм байна. Уг нь энэ босгыг тогтоож өгсөн хууль эрх зүйн зохицуулалт байхгүй биш, байгаа. Тухайлбал, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 19.3-т 2014 оноос эхлэн улсын өрийн хэмжээ ДНБ-ий 40 хувиас хэтрэхгүй байхаар заасан. Олон улсын валютын сан/ОУВС/-гаас гаргасан тайланд манай улсын өрийн хэмжээ хуульд заасан энэ босгыг давчихсан гэдгийг сануулаад байгаа. Гэтэл одоо “өр мянга хүрэхээр цайрдаг” гэдэг шиг хуульд заасан хувь хэмжээнээс хэдийнэ хэтэрчихсэн өрийнхөө таазыг бүр өндөрсгөхөөр хичээж байна.
Сангийн сайд саяхны ярилцлагадаа “Эдийн засгаа тэлье гэж бодож байгаа бол урт хугацаатай хөнгөлөлттэй зээлийг авч ашиглах ёстой” гэжээ. Ингэхээр Шийдлийн Засгийн газрын сайд намынхаа бүлгийн байр сууринаас арай өөр чиг хандлагатай байгаа нь анзаарагдана.
Харин энэ зуур яригдаж байгаа нэг “таалагдах” асуудал бол зээлийн чанар, оновчтой байдлын тухай юм. Тодруулбал, богино хугацаатай өндөр хүүтэй арилжааны зээлээс аль болох татгалзах гэнэ. Хэрэв ийм хувилбарыг сонгох юм бол зээлийн үйлчилгээний төлбөртөө төсвийн 50-60 хувийг суулгах шаардлагатай болно гэдгийг сануулжээ. Сангийн сайдын хэлснээр бол гадаадын санхүүжүүлэгч байгууллага, улс орнуудаас урт хугацаатай, тухайлбал хоёр хүртэл хувийн хүүтэй, 20 гаруй жилийн хугацаатай хөнгөлөлттэй зээл олгох санал тавьж байгаа аж. Аль ч талаас нь харсан зээлийн хэрэгцээ, шаардлага байгаа нь үнэн. Авъя, өгье гэсэн аль аль тал, боломжийн нөхцөл болзол нь бас байгаа юм байна.
МАН-ын бүлэг нэг, хоёр удаа өрийн таазыг нэмэхээс татгалзаж чадна. Харин гурав дахь удаагаа яах бол? Хамтарсан эрх ашиг гэж бас бий.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Өрөнд оруулах асуудал сайдын суудлаар солигддог” гэж шүүмжилсэн. Үнэн байдлаас нэг их хол зөрөхгүй байж мэдэх л юм.
П.Булган
Сэтгэгдэл ( 2 )
Өрийг нэмэхгүй гэсмэн МАН-ын байр суурийг дэмжих хэрэгтэй
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮