Нислэгийн үйлчилгээ үзүүлэгч компаниудын жагсаалтыг гаргадаг AirlineRatings.com вэб сайт дэлхийн хамгийн аюулгүй арван авиа компанийг нэрлэлээ. Энэхүү жагсаалтад Австралийн “Кантас” авиа компани тэргүүн байр эзэлжээ.
“Кантас компани нисэхийн салбарт 1995 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа ч хамгийн аюул багатай авиа компаниар нэрлэгдсэн хэмээн “AirlineRatings.com вэб сайтын редактор Жиофрэй Томас “CNN”-д ярьжээ.
Түүний хэлснээр агаарын тээврийн салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниудын нисэгчдийн ур чадвар, мөн тухайн компани хэр удаан тогтвортой аюулгүй нислэг үйлдсэнээр нь үнэлгээ өгдөг байна.
Мөн уг жагсаалтыг өнгөрсөн онд “Air New Zealand” (Шинэ Зеланд), “British Airways” (Их Британи), “Cathay Pacific Airways” (Хонконг), “Эмиратес”, “Этихад Эйрвэйс”, “EVA Air”, “Finnair”, “Lufthansa”, “Singapore Airlines” зэрэг компаниуд бүрдүүлжээ.
Жагсаалт гаргагчид “Энэхүү арван компани нислэгийн аюулгүй байдлаа хэрхэн хангадаг, мөн шинэ нисэх онгоцоор баазаа ямар хугацаанд шинэчилж байдаг гэх мэт шалтгаанаас үүдэн эрэмбэлсэн” гэв.
Одоогоор тус компани дэлхийн 449 компанид мониторинг хяналт үйлчилгээ явуулдаг төдийгүй тэдний 149 компанид долоон од бүхий нислэгийн аюулгүй байдлыг сайтар хангагч хэмээх үнэлгээ өгөөд байна.
Үүний сацуу нислэгийн аюулгүй байдалд хамгийн бага төсөв зарцуулдаг авиа компаниудыг ч зарлажээ.
Тэднийг “Air Lingus” (Ирланд) тэргүүлсэн бол удаах нь, “Alaska Airlines” (U.S), “Icelandiar” (Iceland), “Jetblue” (U.S), “Jetstar” (Australia), “Kulula” ( Өмнөд Африк), “Monarch Airlines” (UK), “Thomas Cook” (UK), “TUlfly” (Герман) болон Канадын “WestJet” компаниуд бүрдүүлжээ.
“Нислэгийн аюулгүй байдалд бага мөнгө зарна гэдэг нь эрсдэл төдий чинээгээр нэмэгдэж байгаа гэсэн үг. Эдгээр компаниудад Олон улсын Транспорт компаниудын аюулгүй байдлын аудитын холбооноос анхааруулга өгөх болно, тэд компанидаа илүү төсөв хаях ёстой” гэж мэргэжилтэн Томас ярьсан байна.
Гэхдээ 2013 онд дэлхийн авиа компаниуд нислэгийн аюулгүй байдлынхаа төлөө хамгийн их хөрөнгө хаясан жил байсан юм. Өнгөрсөн онд ч ялгаагүй Ази, Европ, Өмнөд Америкийн агаарын тээврийн компаниуд нисэх онгоцны техник хангамжийг шинэчилэх, системээ бүртгэлээ өөрчлөх сэргээх хэд хэдэн арга хэмжээ авсан байна.
Мөн өнгөрсөн онд дэлхий даяар 111 том, жижиг онгоцны осол бүртгэгдсэн бөгөөд энэ нь 1927 онд л ийм бага тооны осол гарч байсан гэнэ.
Өнгөрсөн онд бүртгэгдсэн ослууд орчин цагт агаарын тээвэр харьцангуй аюул бага болсныг гэрчлэх хэдий ч Малайзын иргэний агаарын тээврийн хоёр ч онгоцны осол ( Нэг онгоц өнөөг хэр олдоогүй), саяхан болсон Индонезийн сүйрэл гэх мэт зорчигчид олноороо үрэгдэх явдал ихсэх болсон байна.
Өнгөрсөн жил дэлхий даяар нийт 3.3 тэрбум зорчигч, 27 сая онгоцоор үйлчлүүлсэн гэх тоон үзүүлэлт гарчээ.
Өнгөрсөн 50 жилийн түүхэнд дэлхийд 87 онгоцны осол болж, 1597 зорчигч өөд болсон гэх харамсмаар үзүүлэлт гарч ирдэг ч энэ нь 141 сая зорчигчдийн 5 хувьд тохиолдож болох эрсдэл аж.
Гэхдээ 2014 он дэлхийн иргэний нисэхийн салбарт хамгийн гарзтай жилийн нэг боллоо. Малайзын иргэний агаарын тээврийн “MH 370”, “MH17” зэрэг онгоцуудын осол сүйрэл нийт 537 хүний амийг авч одсон. Тодруулбал, өнгөрсөн оны гуравдугаар сард Малайзын Куала Лумпураас Бээжинг зорьсон онгоц сураггүй алга болсон бөгөөд хөлгийн багийн 239 хүн онгоцны хамт өнөөг хэр нь олдоогүй.
Мөн оны долоодугаар сард тус улсын зорчигч тээврийн онгоцыг Украины дээгүүр нисч байх үед зэвсэгт босогчид пуужин хөөргөж 298 хүнийг хороожээ.
Энэ бүх ослууд AirlineRatings.com дэх Малайзын иргэний нисэхийн долоон одтой үнэлгээг тав болгон бууруулаад байна. Энэ бүгдээс шалтгаалан Малайзын иргэний нисэхийн салбар дэлхийн хамгийн аюултай авиа компаниудын нэг гэх тодотгол зүүсэн билээ.
Дэлхийн хамгийн аюултай авиа компаниуд
AirlineRatings.com дэлхийн хамгийн аюултай, үхлийн эрсдэл өндөртэй нисэхийн компаниудыг ч зарладаг. Энэхүү хар жагсаалтад сүүлийн арван жилд хамгийн олон осол, аваар бүртгэгдсэн аюул өндөртэй авиа компаниуд ордог байна.
AirlineRatings.com вэб сайтад 449 авиа компани байдаг. Тэдний 50 орчим компани гурван одтой буюу муу дүн авсан байна. Эдний хоёр нь Непалийн “Tara Air”, “Nepal Airlines” зэрэг компани. Мөн Казахстаны “Kazakhstans Scat Airlines”, Афганистаны “Kam Air” гэх компаниуд хамгийн аюултайд тооцогддог байна. Энэ дөрвөн авиа компанийн нисэх эрхийг Европын холбооны нислэгийн аюулгүй байдлын зөвлөл цуцалсан ч өнөөг хэр нь үйл ажиллагаагаа явуулсаар байгаа аж.
Т.Батсугар
Сэтгэгдэл ( 1 )
Avia bish nisehiin company gevel zuv bno