МАН засгаас гарах уу?

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 09

Монголын улс төрийн амьдрал 2015 оныг тийм ч таатай мэдээгээр угтсангүй. УИХ-ын гишүүн Ц.Нямдорж "Ч.Сайханбилэг гарын  үсэг зурж, засаг байгуулсан зүйлээсээ ухарвал МАН засгаас гарахаас өөр гарцгүй байдалд орно" гэсэн үг оны эхний сануулга болж байв. Тэр энэ сануулгаа өнөөдөр бас дахин давтав.

Их хурлынхан өдгөө 2015 оны төсвийн тодтголыг хэлэлцэж байна. Энэ хүрээнд гурван их наяд төгрөгийн зээлийг нэмж авах асуудал яригдаж байгаа юм. Эвссэн хоёр намын санал зөрөлдөөн, салж тусгаарлах эсэх нь үүнийг хэрхэн шийдэхээс л шалтгаалж магадгүй  нөхцөл байдал  үүсчихээд байна. Энэ асуудалтай холбогдуулан Ц.Нямдорж “АН, МАН-ын хооронд хийсэн санамж бичигт гадаад өрийг одоо байгаа хязгаараас нь нэмэгдүүлэхгүй гэж заасан. Тухайн үеэд гадаад өрийн хэмжээ ДНБ-ийн 49 хувьтай байна гэж танилцуулж байсан. Гэтэл өнөөдөр энэ хувийг 70 хувьд хүргэнэ гэж байна. Тохиролцооноос ухарвал МАН нь засгаас гарах чиглэлтэй шүү. Ийм баримт бичиг байсаар байтал гэрээний заалтыг зөрчсөн төсөв оруулж ирж байгаа юм” гэв.

Үүнийг ганц Ц.Нямдоржийн үг гэж хүлээж авч болохгүй.  Шийдлийн Засгийн газрын тэргүүний өрийн таазыг нэмэгдүүлэх хуулийн төслөө татаж авахгүй бол  Ч.Сайханбилэгийн Засгийн газраас гарахаар МАН-ын удирдлагын хүрээнд яригдсан тухай  мэдээлэл өчигдөр түгсэн.  Өчигдрийн энэ мэдээллийг Ц.Нямдоржийн өнөөдрийн сануулга дахин нотолж байна. 

Хоёр нам хамтраад сар гаруйхан болж байна. Гэвч энэ хугацаанд салж сарних тухай сануулга ирж байгаа нь ганц энэ удаагийнх биш. 

Хоёр нам хамтраад сар гаруйхан болж байна. Гэвч энэ хугацаанд салж сарних тухай сануулга ирж байгаа нь ганц энэ удаагийнх биш.  Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг хэлэлцэж байх үеэс МАН ийм хонх жингэнүүлж эхэлсэн.  Дараа нь яамдуудын төрийн бичгийн даргын томилгоон дээр хонхоо дахин дуугаргаад авсан юмдаг.  МАН-ын хувьд хамтрагчаа айлгах бэлээхэн “Хадны мангаа”-тай болсноороо   өөрсдийнхөө үнэ цэнийг нэмж,  АН-ыг “чих зөөлөн”-тэй  байхад сургаж байх шиг байна даа.  Дуулгаваргүй байсных нь хариу шанг хэрхэн яаж барьдагаа  Н.Алтанхуягийн Засгийн газарт үзүүлсэн сүр бараа нь  Ч.Сайханбилэгийн зүрхийг чичрүүлэхгүй байж чадна гэж үү дээ.

“Хадны мангаа”-тай болсноороо   өөрсдийнхөө үнэ цэнийг нэмж,  АН-ыг “чих зөөлөн”-тэй  байхад сургаж байх шиг байна даа.

Сонгууль ойртож байгаа энэ цаг үед МАН мэдээж улсын өрийн хэмжээг нэмэгдүүлсэн  “автор” болох хүсэлгүй байгаа нь тодорхой. Харин ч өрийн таазыг өндөрсгөхийг  таслан зогсоовол  алдсан нэр хүндийнхээ нэгээхэн хэсгийг эрүүлэн олно гэж тооцож байхыг үгүйсгэхгүй. Олон нийтийн хувьд өр нэмэхийг  төдийлөн таашаахгүй.  Нийгмийн ийм уур амьсгалын чиг хандлагад тэдний баримталж буй бодлого ташуур өгч мэдэх юм. Нөгөөтэйгүүр  АН алдаа оноогоо үүрснээрээ үүрэх ёстой, Н.Алтанхуягийн шавхрууг долоох хэрэггүй байсан гэсэн санал бодол, шүүмжлэл намын жирийн гишүүдийн дунд  цөөнгүй бий.  Дараагийн сонгууль хүртэлх  энэ жил гаруйхны хугацаанд эдийн засаг сэргэх магадлал бага. Тийм болохоор сонгуулийн өмнө хуваалцах гавьяа гэх юм юу байх билээ.  Аягүй бол хамтарсан хэрнээ эдийн засгаа өндийлгөж чадаагүй гэсэн ял зэм толгой дээр нь бууна. “Төвөөс  зугатах” энэ мэт олон хүчин МАН-ыг Засгаас  хөндийрөхөд  өдөөж мэдэх л юм.

Тэгээд ч эдүгээ эрх барьж байгаа улс төрийн голлох хоёр хүчний хувьд аль аль нь Засгаа нурааж “тоглохоо” юман чинээ бодохгүй. Хэн хэн нь энэ талаар гаршсан гэж тодотгож болно.

Өмнөх түүхийг эргэн санахад 2004 оны сонгуулийн үр дүнгээр Их эвслийн Засгийн газар байгуулагдаж байв.  Ц.Элбэгдоржийн тэргүүлж байсан энэ Засгийн газрыг 2006 оны эхээр  танхмынх нь 10 сайд огцрох өргөдлөө өгснөөр “ноосыг нь тушаалгаж”  байв.  Эдгээр  сайн дураараа огцрогч сайдууд бүгд МАХН /хуучин нэрээр/-аас томилогдсон эрхмүүд байв. Намын удирдах зөвлөлийн хүрээнд  бодож олсон Засгаа унагах арга нь энэ байсан юм.

Дараа нь 2008 оны сонгуулиар МАН хамтрах саналаа АН-д бас илгээв. Өмнөх сургамжаас  АН хаширч халгасангүй өвөрт нь давхиад орчихсон юм даг. Гэвч 2012 он гарахаас өмнөхөн буюу ээлжит сонгуулийн босгон дээр Н.Алтанхуяг хамтарсанаа алдаа байлаа хэмээн хэлээд  Засгаас гарч байсан. 

Ийм ээлж халаатай ханилж, салж байсан зам мөртэй намуудын энэ удаагийн тэврэлт хэр удаан үргэлжлэх нь тодорхойгүй ч хэврэгхэн “хайр” гэдгээ хэн хэн нь мэдэхийн дээдээр мэдэрч байгаа.

П.Булган

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Irgen(27.123.214.123) 2015 оны 01 сарын 10

Yana da ard tumen mini.

0  |  0
Халаг(103.23.51.2) 2015 оны 01 сарын 09

Засаг унах яах вэ. Байх хугацаандаа гаргах шийдвэрүүдийнх нь балаг хэцүү. Ээ дээ, Энэ Сайханбалаг уу!

0  |  0
sochin(202.126.89.176) 2015 оны 01 сарын 09

MAN songuuliin umnu Zasgaas garah ni barag todorhoi baih aa

0  |  0
badrakh(150.129.143.220) 2015 оны 01 сарын 09

Ёстой гоё удахгүй энэ засаг унана ура ...............

0  |  0
иргэн(103.229.120.48) 2015 оны 01 сарын 09

Монгол улс хөгжлийн ямар замаар хаашаа явахыгаа ерөөсөө тодорхойлоогүй, зөвхөн засгийн эрхийг л авч ажилтай болох зорилго агуулж байсны гор нь гарч байгаа юм.

0  |  0
өндөр болгох нууц(112.72.11.67) 2015 оны 01 сарын 09

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МАЖЕСТИК, МИР,АЗХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. ҮНэ: 22 000₮ө

0  |  0
Top