Өнөөдөр болох Засгийн газрын ээлжит хуралдаанаар Эдийн засгийн өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийн талаар Хууль зүйн сайд танилцуулга хийх аж. Ингэснээр энэ хууль Засгийн газрын гараас гарч парламентын босгыг давах бололтой. Хууль батлагдвал 2015 он “Эдийн засгийн өршөөлийн жил” болно гэсэн үг.
Хуулийн сураг эхэлж дуулдснаасаа хойш жил гаруй болж байна. Ингэж удаан хугацаанд дуншсан болохоор чамбай нямбай хууль болох байх гэсэн хүлээлт бий. Ийм хууль хэрэгтэй, хэрэггүй гэсэн санал зөрөлдөөн хугацаа сунжрах нэг шалтгаан болсон бөгөөд зүй нь 2014 онд багтаж гаргах ёстой байсан гэх хүн олон бий.
Эдийн засгийн өршөөлийн хууль гаргах нь хямралын өнөөгийн ийм үед жинхэнэ нүдээ олсон шийдэл болно хэмээн “лоббидох” хүн олон бий. 2008 онд бас нэг ийм хууль гаргаж байсан. Өмнөх хуулийн сураг тасраагүй байхад дараачийн хуулийг гаргаж байгаа нь бизнес эрхлэгчдийг муу занд сургаж байна, зөвхөн хэсэг бүлгийн эрх ашигт зориулж байна гэхчлэн шүүмжлэлийг дагуулж байна. УИХ-ын ихэнх гишүүн ардаа компанитай, тогтсон бизнестэй хүмүүс. Эдийн засгийн өршөөлийн хууль дахин дахин санаачилж батлаад байх нь өөрсөддөө зориулж байна гэх хар сэрийг дагуулахаас яах билээ. Өөрөөр хэлбэл ам ташсан хэрээ арвангурав дахив гэдгийг сануулдаг байх. Өмнөх хуулийн үйлчлэл үндсэндээ сар хагасын хугацаанд үйлчлээд дууссан байдаг. Тэр үед зөвхөн 3000 орчим аж ахуйн нэгж энэ өршөөлд хамрагдсан бөгөөд тэдгээр нь Монголын зах зээлийг үндсэндээ хувааж эзэмшсэн гэж яригддаг. Мэдээлэл сайтай нь түрүүлж энэ өршөөлийн шүхэр дор багтсан нь тодорхой. Одоо гарах хууль бас нэг иймэрхүү замаар будаа тээчих вий гэсэн болгоомжлол бий. Цагаан захтнууд, авлигчид, оффшор данстнуудын айдас хүйдсийг арилгаж, буруу гарын орлогынх нь зам мөрийг засаад орхих вий гэж хардаж байна.
Гэвч энэ бол асуудлын нэг тал. Шинээр батлагдах хуулийг улс төржүүлэхээсээ өмнө эдийн засгийнх нь үр өгөөж, массын ач холбогдлыг нь эхэлж харах учиртай. Өмнөх өршөөлийн хуулийн үйчлэл үүлэн чөлөөний нар шиг ахархан байсан ч үр өгөөж нь их байсан хэмээн эдийн засагчид тодотгож байгаа. Тухайлбал, тэр үеэр 3-4 тэрбум ам.долларын орлого ил болсноос гадна өршөөлд хамрагдсан компаниудын орлого сүүлийн дөрвөн жилд 3-5 дахин өссөн гэх өөдрөг мэдээлэл дуулдах юм билээ.
Монгол улсад эргэлдэж байгаа хөрөнгө санхүүгийн тодорхой хэсэг нь далд эргэлдэж байдаг. Нарантуулын захын наймаачны гудсан дор наанадаж 200 сая төгрөг хадгалагдаж байдаг гэх яриа бий. Энэ нуугдмал хөрөнгийг ил гаргаж эргэлтэнд оруулбал эдийн засгийн хүндрэлийн тодорхой хэсгийг сэргээж чадна гэж үзэж байгаа юм.
Гэхдээ орлогоо хааж нуудаг, далд эдийн засаг байна гэдэг бол Монголд эдийн засгийн эрх чөлөө хангалттай биш байгаагийн илрэл гэж олон хүн нотолдог. Бизнес эрхлэгчид хуримтлал үүсгэснийхээ төлөө, хүмүүсийг ажлын байраар хангасныхаа төлөө, бусдыг орлоготой болгосныхоо төлөө болгоомжилж хулгадаг, өөрөө буруутан болчих гээд байдаг, хэн нэгний дарамтанд ордог гэхчлэн хүсээгүй үр дагавраас халгаж залхдаг нь тодорхой.
Хэрэв энэ долоо хоногт өргөн баригдах гэж байгаа Эдийн засгийн өршөөлийн тухай хууль батлагдвал дор хаяж 4-5 тэрбум ам.долларыг далд эдийн засгаас олох боломж бүрдэх юм. Мөн гадаадын оффшор бүсэд нуугдсан их хэмжээний хөрөнгө Монголд орж ирнэ хэмээн эдийн засгийн шинжээчид харж байгаа юм. “Эдийн засгийн өршөөлийн жил”-ийн ач тус нь энэ байх болно.
П.Булган
Сэтгэгдэл ( 3 )
Зөв ш дээ, хурдан гараасай.
Өршөөлийн хууль дахин дахин гаргаад байдаг нь тийм ч таатай зүйл биш дээ. Захиалгын хууль гэж харагдаж байна
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮