Спортын төв ордон дахь бэлтгэлийн талбай. Заал руу орох үед халуун бүгчим агаар бүчиж авах нь тэр. Хөлсний үнэр талбай дүүрэн үнэртэнэ. Лут том талбайг матрассаар дүүргэн засчээ. Энэ бол жүдо бөхөөр хичээллэдэг залуусын бэлтгэлийн үеийн уур амьсгал. Зааланд 60 гаруй эр, эм холилдсон барилдааны өмсгөлтэй залуус хөлсөө дуслуулан бэлтгэлээ базааж харагдана. Хүнд дасгал олон цагаар хийсэн хэрнээ цааргалж, дургүйцсэн байдал огтоос алга. Харин ч нүүрэнд нь инээмсэглэл тодрон бие биетэйгээ нөхөрсгөөр хамтран дасгалаа хийнэ. Долоо наймхан настай бололтой бяцхан жаал өөрөөсөө төө өндөртэй ах, эгч нарыгаа эвлэгхэн гэгч нь мөрөө давуулан шидэх нь биширмээр. Ийм жаахан биед баймгүй чадал, ур бяр шүү. Энэ жаал ирээд хоёр гурван долоо хоног болж байгаа гэнэ. Багш нь түүнд кимоногоо хэрхэн эвхэхийг үлгэрлэн харуулна.
Энд хараалын элдэв үг урсгаж байгаа хүн ер байсангүй. Тэр ч байтугай бэлтгэл хийж буй дэвсгэр дээрээ гуталтай, тэргүүндээ тавьдаг малгайтай ч алхахгүй юм байна. Бэлтгэлээ хийж дуусмагцаа багшдаа бөхийн ёслоно. Мөн бэлтгэлийн талбайгаас буух үедээ хүндэтгэн ёслоно. Хувцсаа солиод үүдээр гарахдаа ч сурамгай ёслох юм. Энэ дэг жаяг нь жүдогийн тамирчдын тэмцээн уралдаанд амжилт гаргахад томоохон түлхэц болдог байх. Үндсэндээ жүдо бөхийн барилдааны ёсолгоо нь толгойгоо бөхийлгөж үйлддэг бөгөөд эхлээд дэвжээндээ дараа нь өрсөлдөгч бөхдөө, сүүлд нь шүүгчдээ ёслодог байна. Ёслохгүй бэлтгэлийн байрнаас гарсан хүүхэд огтоос харагдсангүй. Жүдогийн энэхүү дэг жаяг нь хүүхдүүдийг тэсвэр тэвчээртэй, ёс суртахуунтай болгон хүмүүжүүлдэг байна.
Энэ өдөр нэлээд хэдэн хүүхэд зиндаа ахиж шар өнгийн бүсээ авчээ. Бэлтгэлээ хийж дуусгасан хүүхдүүд бөөгнөрөн “Хөөх чи шар бүсээ авчихсан юм уу, Үгүй ээ манай найзынх. Би бэлтгэлээ сайн хийж байгаад удахгүй авна аа” гэх мэтээр шуугилдана.
Жүдогийн бүс нь чухал утга учиртай. Анхлан суралцагч нь цагаан өнгийн бүс бүсэлнэ. Улмаар “Кү дан”-ын шалгалт өгч шар өнгийн бүстэй болдог байна. Бүсний өнгө бүр нь тухай тамирчны ур чадвар, зиндааг илтгэнэ. Жүдогийн цол зэрэглэл нь зэргээс эхлэн дан болон өгсдөг. 1-р дан нь хар бүс гэдгээр нийтэд тархсан аж. Дээр үеэс жүдогийн бүсийг угаадаггүй, бэлтгэл сургуулилт хийн удах тусам бүс нь хар болдог байснаас үүдэн хар бүс нь тухайн хүний хүч чадал, чадварын илэрхийлэл болсон байна. 4-р зэргээс доош бол цагаан бүс, 3-1 хүртэл хүрэн бүс, 1-5-р дан хар бүс, 6-8-р дан улаан цагаан алаг бүс 8-с дээш улаан бүс авна. Гэхдээ 6-р дангаас дээших нь зөвхөн хар бүсээ бүсэлсээр байж болох аж.
Ингээд тэнд бэлтгэл хийж байсан ТСБТС-ийн харьяа дунд сургуулийн сурагч Э.Хишигдоржтой уулзаж ярилцлаа. Тэрээр байн байн багш руугаа харан “Юу гэж хариулах вэ” гэж асуух юм.
-Миний дүү жүдо бөхөөр хэр удаан хичээллэж байна вэ?
-Би жүдогоор хичээллээд гурван жил болж байна. Хичээллэж байх хугацаандаа хоёр тэмцээнээс хүрэл медаль авсан. Цэнхэр бүстэй.
-Яагаад энэ спортыг сонгож хичээллэх болсон юм бэ?
-Гоё санагдаад л энэ спортоор хичээллэх болсон. Ер нь бол жүдо хүнд тэсвэр тэвчээр, хүлээцтэй байдлыг сургадаг гоё спорт.
-Жүдогоороо цаашид тууштай хичээллэнэ биз дээ. Ер нь ямар амжилт гаргаж гэж боддог вэ?
-Хичээллэнэ. Би олимпийн аварга Н.Түвшинбаяр ахаар бахархаж өөрийн үлгэр дууриалал болгодог. Тэгээд ч Түвшинбаяр ах шиг сайн хичээллэж байгаад олимпт оролцож амжилт гарган олимпийн аварга болно.
Энэ зааланд бэлтгэл хийж байгаа хүүхдүүд бараг л бүгд амжилт гаргаж, алдартай тамирчин болно гэсэн мөрөөдөлтэй. Арга ч үгүй биз. Манай жүдо бөх дэлхийд данслагдаж, гадаадын орнууд түрүүчээсээ легионер тамирчин авч байна. Энэ бол бидний нэг бахархмаар амжилт гэж хэлж болно.
Заалан орж ирээд бэлтгэлээ базааж буй тамирчин залуусын нэг байна даа гэж харсан залуухан эмэгтэй бол ТСБТС дунд сургуулийн жүдо бөхийн багш дасгалжуулагч спортын мастер М.Батнасан байв. Энэ жил 26 хүрч яваа тэрээр улс, дэлхийн хэмжээний тэмцээнд өндөр амжилт үзүүлсэн тамирчин. Тиймдээ ч олон арван аавын хүү, ээжийн хүүхдүүдэд жүдо гэх эрхэм спортыг зааж байна. Шавь нар нь ч багшдаа хайртай юм. Багш харин “Энэхүү спортын төрөл нь манай улсад хурдацтай хөгжиж байгаа. Нэг нэгнээ хүндэтгэх, тэсвэр хатуужил гээд олон зүйлийг жүдо бөхийн спортоос харж болно. Тиймдээ ч хүн төрөлхтний эв нэгдлийн наадам болох олимпийн бөхийн төрөлд орсон байх. Жүдогийн уналт хүртэл техник байдаг. Бэлтгэлийн үеэр техникээ буруу эзэмшсэн тохиолдолд гэмтэл учирч болно. Гэхдээ эхнээс нь сайн эзэмшээд явчихвал бэртэл гэмтэл огт гарахгүй. Хүчний, хурдны, уян хатан гээд сайн жүдочин болоход хэрэгтэй дасгал хөдөлгөөн техникийг бүгд адилхан сурна. Жүдогоор хичээллэснээр хүнлэг, ёс суртахууны хувьд ч зөвөөр өсөж төлөвшдөг. Манай хүүхдүүд долоо хоногийн таван өдөр нь бэлтгэлтэй байдаг. Энэ зааланд нь өсвөрөөс авхуулаад залуучууд үндэсний шигшээ багийнхан бэлтгэлээ хийдэг. Өдөр бүр 130-аад хүүхэд бэлтгэлийн талбайд цугларна. Эдгээр хүүхдүүдийг хоёр ээлж болгон хувааж дасгал, сургуулилт хийлгэдэг. Дасгал, сургуулилт бэлтгэл хэр сайн хангагдсаныг улсын аварга болон нэрэмжит тэмцээнүүдэд оролцон шалгадаг. Өсвөрийн залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнээс алт, мөнгөн медаль авсан. Ер нь багаараа амжилт үзүүлэх нь элбэг байдаг.” хэмээн ярилаа.
Хоолой нь өвдсөн нэгэн хүү халуурч байсан ч бэлтгэлээ хийхээр иржээ. Түүнд багш нь “Амжилт гаргахад уйгагүй бэлтгэл сургуулилт хэрэгтэй ч өвчний үүр болж болохгүй. Маргаашийн бэлтгэлд битгий ирээрэй. Биеэ сайн тордож байгаад ирвэл бэлтгэлийн чинь үр дүнд ч сайн. Халуун сармистай шөл уу, биеэ тэнхрүүл” гээд явууллаа. Ийнхүү жүдогийн бэлтгэлийн зааланд хэдхэн хором саатахад энэ спортын ирээдүй болсон хүүхэд багачууд хэрхэн сэтгэлээсээ бэлтгэл, сургуулилтаа хийж, хэчнээн том мөрөөдлөөр ирээдүйг төсөөлж байгааг харж болохоор байлаа. Эндээс л ирээдүйн дэлхийн аварга, олимпийн аварга гээд тив дэлхийд алдраа дуурсгасан тамирчид төрөх нь дамжиггүй ээ.
Б.Энхзаяа
Сэтгэгдэл ( 1 )
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. ҮНэ: 22 000₮