Удахгүй болох Сар шинийн баярыг угтан “Цагаан сар экспо-2015” албан ёсны нээлтээ өчигдөр Мишээл экспод хийлээ. Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор ес дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа тус үзэсгэлэнг үзэж сонирхохоор очиход хэдийнэ хөлд дарагдсан байлаа.
Зөвхөн Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнүүд тавигдаж байгаа гэдгээрээ онцлогтой “Цагаан сар экспо-2015”-д хэвийн боов, еэвэн, цагаан идээ, дээл, малгай, дайлан болон зочидод бэлэглэж болохоор бараагаар дүүрэн байна. Өмнөх жилүүдийг бодвол манай үндэсний үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнийхээ сав, баглаа боодолд анхаардаг болжээ. Тухайлбал, “Их тайга” цайны нэр төрөл олон болж, импортын ямар ч бүтээгдэхүүнтэй энэ зэрэгцэн өрсөлдөхүйц савлагаатай болсон байлаа. Ноос, ноолуурын салбарынхан мөн бүтээгдэхүүнээ өдөр тутмын хэрэглээнд илүү нийцүүлж, өнгө загварын хувьд өргөн сонголттой болгожээ.
Үзэсгэлэн худалдааг үзэж сонирхох хүмүүс хөл тавих зайгүй холхих авч худалдан авалт хийж байгаа хүн тун цөөн харагдсан. Үзэсгэлэнд оролцогчид “Өнгөрсөн жилийн худалдан авалтыг чамлаж байсан ч энэ жилтэй харьцуулахад хавьгүй дээр байсан. Эдийн засгийн хямрал үүнд нөлөөлж байх шиг байна” гэж байлаа. Хэдийгээр үйлдвэрлэгчид бараа бүтээгдэхүүнээ хямдруулж, үйлдвэрийнхээ үнээр худалдаалж байгаа гэж байсан ч иргэд юмны үнэ харьцангуй өндөр байна гэж байв.
Тухайлбал өнгөрсөн жил тус үзсэглэнгээс тавгийнхаа боовыг ширхэгийг нь 1800 төгрөгөөр худалдаж байсан иргэн энэ жил 2000-2500 төгрөгөөр худалдан авчээ. Энэ мэтчилэн цөөнгүй бараа бүтээгдэхүүний үнэ өссөнийг дурдаж байсан.
Үзэсгэлэнгийн үеэр "Монгол ноосон оймс”-ийг гэр бүлээрээ үйлдвэрлэн гаргадаг С.Нямаатай уулзсан юм. Эднийх 2006 оноос оймсныхоо үйлдвэрлэлийг эхэлжээ. Гэвч зээл авч үйлдвэрлэлээ хэрхэн өргөжүүлэхээ мэдэхгүй нэлээн цаг алдсан байна. Харин одоо бол зээл авч тоног төхөөрөмжөө сайжруулсан бөгөөд бүтээгдэхүүний гарц, чанар, нэр төрөл нь ч нэмэгдсэн байна. “Монгол ноосон оймс” бараагаа ихэвчлэн “Монголд үйлдвэрлэв” худалдааны төвд зардаг аж. Мөн “Шөнийн зах”-ыг эх орны үйлдвэрийн бүтээгдэхүүн худалдаалах төв болгохтой холбогдуулан лангуу авчээ. Харин бүтээгдэхүүний үнийн тухайд орсон орцоосоо шалтгаалаад 5.000-7.000 төгрөг, хүүхдийн оймс 4000 байдаг аж. Харин сарлагийн хөөврөөр хийсэн оймс 15.000 төгрөгийн үнэтэй. Энэ нь гадуур худалдаалагдаж байгаа импортын оймсуудтай харьцуулахад өндөр үнэ ч ноосны чанар мэддэг хүмүүс үнэтэй гэж хэлдэггүй аж.
“Цагаан сар 2015” үзэсгэлэн худалдаа ирэх сарын 4-ний өдрийг хүртэл “Мишээл экспо”-д үргэлжилнэ. Мөн “Драгон төв”, Үндэсний үйлдвэрлэлийн худалдааны төв буюу Шөнийн зах, нийслэлийн төвийн зургаан дүүрэгт цагаан сарын баяр хүртэл зохион байгуулагдаж байгаа юм. Үзэсгэлэн худалдаанд нийт 800 гаруй аж ахуйн нэгж оролцож байгаагаас “Мишээл экспо” 226, Үндэсний үйлдвэрлэлийн худалдааны төв буюу хуучнаар /Шөний зах/ 140, “Драгон” төв 40 гаруй, Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт 400 гаруй аж ахуйн нэгж тус тус оролцож байна.
Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат уг үзэсгэлэнгийн нээлтэд хэлсэн үгэндээ “Монгол Улс өнөөдөр гурван сая дахь иргэнээ өлгийдлөө. Хүн нэмбэл хүнс нэмнэ гэдэг. Тэгэхээр бид улам бүр өсөн нэмэгдэж буй хэрэгцээгээ дотоодын бүтээгдэхүүнээр хангаж, хамтдаа бүтээж, хамтдаа сайхан амьдарцгаая. Хэдийгээр эдийн засгийн хүндрэлтэй жил тохиосон ч энэ нь нэг талаараа бидэнд боломж олгож байгаа юм. Өөрөөр хэлбэл, энэ хүндрэлийг бид үйлдвэрлэгчдээ дэмжиж, хамтын хүчээр даван туулах болно” хэмээн онцолсон юм.
А.Алтаа
Сэтгэгдэл ( 2 )
urd zugiin eeven sar tsagaan sar yag adilhan bidnii ue ch gesen manjuudiin bayriig temdgelseer irj bn,ene bol suirel.*** tsagaan saraa
ЕР НЬ ЭНЭ ЦАГААН САР ГЭЖ БАЯЧУУД НЬ БАЯРХАН БӨӨЛЖИЖ, ЯДУУС, НАСТАНГУУД НЬ ХӨЛД НЬ ҮРЭГДЭЖ, ӨРӨНД ОРЖ, ЦУС ХАРВАЖ ХОРВООГ ОРХИДОГ БАЯР НЭРТЭЙ БАЛАЙ ЗАНШЛЫГ БОЛИМООР ЮМ ДОО. ҮР АШИГГҮЙ БӨӨН ЗАРДАЛ, ӨВГӨД НАСТАНГУУД, АВГАЙ ХҮҮХНҮҮДИЙГ ГАНЦ ТАМЛАДАГ БАЯР НЭРТЭЙ ХЭЛМЭГДҮҮЛЭЛТ ЮМ АА.