Ходоодны өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ?

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 01

Амралт, хоол хүнсээ зохицуулаагүйгээс ходоод өвчилдөг. Монголчууд дунд ходоодны өвчлөл харьцангуй өндөр байдаг. Тэгвэл яаж энэ өвчнөөс сэргийлэх талаар зөвлөгөө хүргэж байна.

Юуны өмнө хоол хүнсийг бага, багаар сайн зажилж ид. Багаар идэх нь их идсэнээс хялбар шингэнэ. Өөх тос, халуун ногоо, шарсан хайрсан, хуурсан хоолноос аль болох зайлсхийх. Хоолны хордлогоор байнга өвддөг, ходоодны өнгөр нь алга болж, үрэвсэлтэй болсон хүн шинэ хятад байцааг сүүдэр газар хатааж нүдээд аяга буцалсан усанд цайны халбагаар хийж таглан 5 минут хандлаад өлөн элгэн дээрээ ууна. Өдөрт 3 удаа хоол идэхийн өмнө уувал үр дүнтэй гэнэ.

  • Ходоод муутай хүн өглөөд өлөн элгэн дээрээ 1-2 түүхий өндөг уух хэрэгтэй. Өндгөө сайн угаагаад хөргөлгүй байх нь зохистой. Өндөг уусны дараа 30 минутаас доошгүй хэвтэнэ. Ийнхүү нэг сар өндөг уугаад дараагийн сард цэвэр зөгийн балыг хоолны халбагаар өглөө бүр өлөн элгэн дээрээ ууна. Хэрвээ ходоод тань нилээд муудсан байгаа бол жилийн туршид эмчилгээ хийхдээ 1 сар амарч, хавар намартаа хийвэл сайн.
  • Ходоод шархлах буюу хоол зохихгүй бол таван салааг хандалж ууна. Ходоод, цөсний өвчтэй хүмүүс байцааны хатуу голыг чанаж, шүүсийг нь уувал сайн. Мөн ходоодны архаг үрэвсэлтэй, хүчил багассан, ходоодны шархлаа, элэг дэлүүний өвчтэй хүмүүс гэрийн нөхцөлд бэлтгэсэн байцааны шүүснээс 3-7 хоногийн турш хагас аягаар өдөрт 2-3 удаа хоол идэхээс 40 минутын өмнө бүлээнээр нь ууна. Гаргаж авсан шүүсээ хөргөгчинд 2 хоногоос илүү хадгалж болохгүй.
  • Ходоодны салстах өвчний үед ногоон алим ид. Ногоон алимыг хальсалж, цэвэрлээд ногоо үрэгчээр үрж, исэлдэж харлахаас нь өмнө иднэ. Өвчин хүндэрсэн үед алим идэхээс өмнө ба хойно 5 цаг хоол идэхгүй. Харин гайгүй бол 4 цаг, өвчин эдгэрэх хандлагатай бол 3 цаг ямар ч хоол ундыг тэвчвэл зохино. Эмчилгээний явцад хоолны шингэц муудвал усаар бургуй тавина. Хамгийн чухал нь алимны нухаш идэхийн өмнө хоол хүнс хэрэглэхгүй байхыг анхаараарай.
  • Ходоодны хүчил ихтэй бол луувангийн шүүс уугаарай. Ходоодны хүчил хэдий их байх тусам машиндсан луувангийн шүүсийг төдий чинээ ихээр хэрэглэх нь зүйтэй. Ингээд нилээд хугацааны дараа шаналгаа арилж, өвчин дарагдаад ирэх үед луувангийн шүүсийг багасгах буюу зогсооно.
  • Ходоодны элдэв шарханд чацарганы тосыг хоолны халбагаар өдөрт 3 удаа уувал тустай.
  • Буцалсан усыг мөнгө ба зэс саванд хийж хонуулаад өглөө бүр нэг аягыг уувал цээж хорсож, хүчил ихдэх нь багасна.
  • Жамц давстай буцалсан усыг өглөөд нэг аягыг уувал ходоод гэдэсний хямралаас төдийгүй шархлаа өвчнөөс сэргийлж чадна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top