Гурван сая дахь иргэнээ угтсан долоо хоног

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 02

Монголчууд гурван сая дахь иргэнээр бүл нэмснээ Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Балжинямтай өдрийн морин цагт  зарлан мэдээлсэн  гэгээлэг, өөдрөг сайхан нэгэн долоо хоног өнгөрлөө. 

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын иргэн Э.Хатанболдын ууган охин  гурван сая дахь иргэнээр тодорсон  бол нэгдүгээр сарын 24-нд мэндэлсэн 181 хүүхэд түүний чацуутан болов. Үүнээс Х.Монголжин охинтой цаг хугацааны хувьд хамгийн ойр  төрсөн 29 хүүхдийг улсаас 70 хүртэл сая төгрөгөөр урамшуулах бол бүх чацуутнуудад бэлэг дурсгал гардуулах юм. Монгол хүн билэгдлээрээ гэж үг буй. Гурван сая дахь иргэн охин хүүхэд байсан нь монголчууд өсч  өнөржихийн дохио тэмдэг гэцгээж байна. Мөн хамгийн ойрын чацуутнуудаар хоёр ч  ихэр хүүхэд мэндэлжээ. Өмнөговьчууд хотлоороо баярлаж байгаа аж.  Өмнөх долоо хоногийн турш говьчууд гурван сая дахь иргэнээ ярьцгааж, инээмсэглэл дүүрэн байсан гэнэ.

Иргэнээ их ярьсан ч эдийн засгаа мартаагүй долоо хоног хэмээн тодотгож болно.  Ерөнхий сайд Ч.Сайханбилэг  өнгөрсөн долоо хоногт цэнхэр дэлгэцээр шууд ярилцлага хийж Засгийн газрын чиг хандлага, улс орны эдийн засгийн байдлаар сэтгүүлчийн асуултад хариулав. Ерөнхий сайд энэ үеэр Монгол Улсын эдийн засгийг сэргээх хоёр хувилбарыг танилцуулж аль замаар явахаа ард түмний оролцоотой шийдвэрлэнэ хэмээв. 

Уул уурхайн мега төслүүдээ  урагшлуулж, ашигт малтмалын орд газруудаа ашиглах, гадаадын хөрөнгө оруулалтыг урих  нэг дэх хувилбараас гадна дотооддоо эдийн засгаа хумьж, хэмнэлт таналт хийх, хариуцлага, хэмжээ хязгаартай хэрэглээг төлөвшүүлж  өнөөдрийн хүндрэлээс өөрсдийн хүч боломжоороо гарах гэсэн хоёр  замын  алийг илүүд үзэж байгаагаа иргэд утсаар санал өгч байна. Өөрөөр хэлбэл Засгийн газартаа “Виз” олгож байгаа хэрэг. Засгийн газар хийж хэрэгжүүлэх томоохон  асуудлаар ард түмнээсээ санал авч байгаа анхны  алхам энэ болж байгаа ч  олон нийтийн санаа бодол  ороо бусгаа байх шиг анзаарагдаж байна.  Аливаад туйлын үнэн гэж үгүй, Ерөнхий сайдын энэ хоёр сонголтыг заавал аль нэгнээр гэх нь өрөөсгөл, зүй нь энэ хоёр арга замыг хослуулах учиртай гэцгээж байна. Өөрөөр хэлбэл,  мега төслүүдээ ч урагшлуулъя, уул уурхайгаа ч ашиглая,  дотооддоо хэмнэлт гаргаж  хариуцлага сахилгаа сайжруулъя гэж байна.  Юутай ч энэ санал асуулгын дүн өнөө маргаашгүй тодорхой болох байх.

УИХ  Нийтийн сонсголын тухай хуулийг хэлэлцүүлэгт бэлдэж эхэлсэн нь өмнөх  долоо хоногийн онцлох сэдэв байв. Ингэж онцлохын учир гэвэл  энэ хууль Монголын улс төрчид, тэр дундаа төрийн албан хаагчдын дунд хариуцлагын цоо шинэ тогтолцоог бий болгох гэдэг утгаар нь хэлж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Том төрөөс ухаалаг төр рүү” шилжих санаачилгын хүрээнд өргөн баригдаж байгаа хуулийн нэг нь энэ Нийтийн сонсголын тухай хууль юм. Төрийн үйл ажиллагааг иргэдэд нээлттэй, ил тод байлгах, төрийн шийдвэр боловсруулах, хэлэлцэх, батлах, хэрэгжилтийг нь хянах бүхий л үйл ажиллагаанд иргэд оролцож, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, шийдвэрт саналаа тусгах боломж, нөхцөлийг бүрдүүлэх хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагын улмаас Нийтийн сонсголын тухай хуулийн төслийг санаачлан боловсруулаад байгаа билээ. Хуулийг энэ долоо хоногт үргэлжлүүлэн хэлэлцэнэ.

УИХ хурал дээр өмнөх долоо хоногт яригдсан  чухал асуудлын нэг нь Гацууртын алтны ордыг ашиглах тухай байлаа. Энэ ордыг ашиглаж эхэлснээр гадаадын хөрөнгө оруулагчдад сайн дохио болж очино гэж  улс төрийн хүрээнд үзэж байгаа.

Харин Ноён уулын Сүжигтийн амын энэ ордыг ашиглаж эхэлвэл  тэнд байгаа Хүннү-гийн үеийн олон булш бунхан, түүхийн хосгүй дурсгалыг сүйтгэнэ хэмээн эрдэмтэн судлаачид, Иргэний хөдөлгөөнийхэн эсэргүүцэж байгаа юм. Энэ ордыг тойрсон халуухан маргаан энэ долоо хоногт үргэлжлэх бололтой.  

Өнгөрсөн долоо хоногт  хэлэлцэж эхэлсэн архи согтууруулах ундааны хуулиар АН бүлэг завсарлага авсан байгаа. Тэд архи худалдаалдах дэлгүүрийг хэтэрхий цөөлөх, үнийг нэмэх нь далд хэрэглээг үүсгэнэ хэмээн болгоомжилж байна. Яг энэ асуудлаар ОХУ-д нэлээд маргаантай байсан ч тэд эцэст нь ОХУ архи согтууруулах ундааны үнийг нь нэмэх бус хямдруулсан шийдвэр гаргасан гэдгийг дашрамд  дуулгая. 

Сүүлийн 10 жилийн турш зогсоогоод байсан ашигт малтмалын  хайгуулын лиценз олгох  бүртгэл өнгөрсөн долоо хоногоос  эхэллээ.  Нэг өнжөөд өдөрт 30  аж ахуйн нэгжийг бүртгэхээр зохицуулалт хийсэн. Гэвч энэ ажил нэлээдгүй маргаан хар сэр дагуулж эхлэв. Эхний өдөр цахим бүртгэлийн систем гацаж удааширсан гэх тайлбарыг АМГ-аас өгсөн ч дараагийн өдрийн бүртгэл мөн л бүтэлгүйтжээ.  Энэ удаад  урьд нь олгогдоод цуцлагдсан хайгуулын 106  лиценз дээр дахин сонгон шалгаруулалт явууж байгаа бөгөөд  “Урт нэртэй” хуулийг хэрэгжүүлэх журамд өөрчлөлт оруулж царцаагаад байсан ашиглалт олборлолт, хайгуулын зарим  зөвшөөрлийг эргүүлэн хүчин төгөлдөр болгох асуудал яригдаж байна.

Монголын сэтгүүлчдийн их хурал хуралдаж дөрвөн жилийн ажлаа дүгнэж дүрэм журмаа шинэчилсэн нь дөрөв дэхь засаглалынрны хувьд онцлох үйл явдал болов. Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Ерөнхийлөгчөөр Б.Галаарид улиран сонгогдлоо.

Өмнөх долоо хоногийн  эхээр нийслэл хотын Сонгинохайрхан дүүргийн есдүгээр хорооны нэгэн иргэний хашаанаас занданшуулсан шарил олдсон нь сонин содон мэдээлэл байв.  Завилж ном айлдаж байгаа байдлаар занданшуулсан энэ шарилыг наанадаж 200 жилийн настай хэмээн урьдчилсан байдлаар тогтоогоод байгаа бөгөөд зарим эх сурвалжийн мэдээллээр  Итгэлт хамбын багшийн  шарил байх магадлалтай гэсэн мэдээлэл буй. Итгэлт хамбын шарилыг 160 жилийн настай хэмээн тогтоосон.  Бурханч лам Г.Пүрэвбаатарын  тодотгож буйгаар энэхүү занданшуулсан шарил нь хутагт, гэгээнтэн  хүнийх байх боломжтой хэмээн үзэж буй. Шарилыг Ховд аймгийн нутгаас  /Зарим эх сурвалж Завханаас гэж буй/ олж хотод арилжихаар тээвэрлэн авчирсан гэх мэдээлэл байгаа. Энэхүү шарилыг  түүхийн чухал үнэт өв хэмээн судлаачид тодотгож буй бөгөөд энэ долоо хоногт судалгаа шинжилгээний талаархи мэдээлэл тодорхой болох биз ээ.   

П.Булган

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top