Монголоос олсон 10 гаруй муми хадгалагдаж байна

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 03

Улаанбаатар хотын нэгэн айлын хашаанаас занданшуулсан шарил олдсон нь олны сониуч занг оволзуулж орхилоо. Энэхүү шарилыг Ховд аймгийн нэгэн агуйгаас олж  авчирсан гэх мэдээлэл түлхүү дуулдаж байсан. Завханаас олдсон гэх яриа ч бас чих дэлссэн юм даг. Харин хамгийн сүүлд  дуулдаж буйгаар бол Архангай аймгийн Цахир сумаас  олдсон гэж яригдаж байна. 

Урьдчилсан байдлаар наанадаж 200 жилийн настай хэмээн тооцож буй энэхүү занданшуулсан шарил сайтар хадгалагдснаас гадна түүний завилгаа суудлын байдал илүү анхаарал татаж, хэн байсан бэ гэдэг талаар таамаг хэдийнэ гараад байна.  Ямар ч байсан энэ бол жирийн бус хутагт гэгээнтэн байсан байх гэсэн таамаглал бий. Бурханч лам Г.Пүрэвбат “Уг шарил нь очир завилгаар суулган, зүүн мутрыг тэгш , баруун мутрыг цээжиндээ ном номлохын судартайгаар зохих журмын дагуу сайтар занданшуулсан шарил байна” гэж хэлсэн.  Дээрх байдлаар эрт үед хутагт, дээдсийг занданшуулдаг ёстой байжээ.

Буддын лам нарын хэлж буйгаар гарын ийм барилт нь дотооддоо энергиэ нэг дор, нэг шугамд хураан төвлөрүүлэх нэг  төрлийн бясалгал үйлдэж буй хэлбэр гэнэ. Гүн самадид орж, ном ёсоороо жанч халсан хүний шарил хэмээн тодотгож байгаа юм. Жирийн хүний цогцос ингэж үлдэхгүй. Маш сайн хадгалагдсан, илжрээгүй, бас гар хуруу, хөлийн хэсэг гэмтээгүй, чих нь тасраагүй, үс нь хүртэл хэвээр хадгалагдсан гэж тодотгож байгаа.

Гүн бясалгалд орсон лам хүн өөрийнхөө дотоод энергийн хүчээр биеэ муудуулахгүй хэдэн мянган жил ийм байдлаар оршиж чаддаг гэнэ.  Тэгэхээр энэ шарилыг  Итгэлт хамбын шарилтай эн дүйхүйц өв олдвор хэмээн үзэж байна. Тусгай сүм бариулж сайн арчилж тордоод  Монгол хүний чадамжийг таниулах, судлагдахуун болгох хэрэгтэй гэсэн санаа ч дэвшүүлжээ.

Далайчойнхор вангийн Гэсэр ламын шарил уу  

Энэ нууцлаг шарил  хэнийх вэ гэдэг л анхаарал хамгийн ихээр татаж байна. Хэрэв түүний хэн болохыг тогтоочихвол олон зүйл  тодорхой болно. Анх олдсон газар нутаг нь хэн байж болохыг илтгэх  хамгийн анхны баталгаа нотолгоо байх учиртай. Тэр ч утгаараа олдсон газрыг нь үнэн зөв тогтоох  нь юунаас ч  чухал. Архангай аймгийн Цахир сумын нутгаас олдсон гэх яриатай зэрэгцэн  Далайчойнхор вангийн Гэсэр ламын шарил мөн байх магадлалтай гэсэн иргэдийн таамаг  цахим ертөнцөөр аялж явна. Үнэхээр мөн бол энэ хүн Итгэлт хамбатай адил зиндааны хүн байсан байх учиртай гэж санаа бодлоо илэрхийлж байна. Энэ яриа хэр бодитой эсэхээс хамааран  “нутгийн индианууд туглын пүнз шиг нэг юмыг тойруулж ухаад шороог нь аваад байдаг” тухай тодруулж шалгамаар мэдээлэл ч бас байна.  Олны үг ортой гэдэг үүднээс энэ мэт ярианы үнэн худлыг шалган тогтооход гэмгүй мэт. Мөн Гэсэр богд гэгээнийх гэсэн таамаг ч гараад байна.

Занданшуулсан шарил Улаанбаатараас олдсон тухай мэдээлэлтэй зэрэгцэн ОХУ-ын “Asiarussia” цахим сайт “Монголоос Итгэлт хамбын багшийн шарил олдлоо”  гэж мэдээлсэн. Гэхдээ энэ бол таамаглал.

Юутай ч энэ шарил  1979 онд бясалгал хийж байгаад  өөд болсон Тайландын Луан Фо Даэн нэртэй ламынхаас илүү үнэ цэнэ, сонирхолтой  гэж онцолж байгаа юм. Учир нь  хамгийн багадаа 200 жилийн турш маш сайн хадгалагдаж чадсан.  Энэхүү Тайланд ламын мумми эдүгээ тус улсын  Самуй арлын Буддийн сүмд шилэн хоргонд  хадгалагддаг бөгөөд  жуулчдын сонирхлыг ихээр татдаг гэж байна.    

Монголоос олдсон мөсөн мумми дэлхийн шилдэг нээлтээр нэрлэгдэж байв

Занданшуулсан шарил олдох нь шинжлэх ухааны талаасаа хэр сонирхолтой вэ, ер нь ховор тохиолдол уу гэх асуулт гардаг.  Занданшуулах ёсыг ихэвчлэн  эртний Египетийн хаад ноёдтой холбох гээд байдаг. Занданшуулсан шарил нь цаг хугацаагаараа болон түүхийн ямар үед хамаарах байдал,  хэнийх болох,  ямар арга маягаар хатаасан бэ  гэхчилэн судлагдахуун талаасаа ихэд сонирхолтой өвд тооцогддог.  Монголд ийм хатаасан шарил олдож байсан нь ганц энэ удаагийнх биш юм байна.  ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн сан хөмрөгт одоогийн байдлаар 10 гаруй хатмал шарил буюу муми байгаа гэнэ. 

Тус хүрээлэнгийн  секторын судлаач Ц.Амгалантөгсийн хэлснээр  2006 онд  Монгол-Орос-Германы хамтарсан экспедицийн  Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын нутаг Олон гүүрийн голоос  малтсан  Пазырыкийн үеийн (МЭӨ VII-III зуун)-ийн цэвдэгийн булшнаас илэрсэн мөсөн муми хамгийн эртнийх нь гэнэ. Тухайн малтлагаас олдсон хүний ясны арьс, үс, мах зэрэг зөөлөн эдүүд нь тодорхой хэмжээгээр хадгалагдан үлдсэн  байжээ.  Энэхүү дурсгал 2006 онд  АНУ-ын "Discovery" сэтгүүлээс  дэлхийн шилдэг 10 нээлтийн нэгээр нэрлэгдэж байсан  гэнэ. Ингэхээр Монгол бол энэ талын баялаг өв олдвортой нутаг байж таарах  гээд байна.   

2004 онд Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Хэцүү уулын агуйгаас  олдсон нэг настайгаас 60 орчим насны хүүхэд, том хүн нийлсэн есөн хүний хатмал шарилыг  АНУ-д нарийвчилсан судалгаа хийлгэхэд энэ нь  цаг хугацааны хувьд 1300-1470 онд хамаарахыг тогтоожээ.  Хатмал шарилуудын  арьс, үс, яс, булчин, ходоод, гэдэс дотор зэргээс дээж авч ДНХ-ийн судалгаа хийхэд нэг гэр бүлийн хүмүүс гэдгийг тогтоосон байна.  Энэ мэт сонирхолтой нууцлаг олдворууд нэг биш байгаа аж.

Төв Азийн өндөрлөг, тэр дундаа өнөөгийн Монголын нутагт хүн анх үүссэн байх магадлалтай  гэсэн таамаг байдаг. Баянхонгор аймгийн Баянлиг сумын Цагаан агуйд хийсэн Америк, Орос, Монголын эрдэмтдийн хамтарсан экспедицийн олсон олдвор нь одоогоос 750 000 жилийн тэртээ Монгол нутагт хүн амьдарч байсныг нотолжээ.   

Монголчууд энэ мэт өв соёлоороо гадны жуулчдын сонирхлыг татах боломж их бий.

П.Булган

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mmm (202.126.89.152) 2015 оны 02 сарын 04

unheer gaihaltai yuma

0  |  0
Mumi(103.229.122.152) 2015 оны 02 сарын 03

Itgelt hamba shig juulchid tatdag eh uusver bolgoh heregtei bolov uu.

0  |  0
chemi(122.201.22.52) 2015 оны 02 сарын 03

Yamar ch bsn hundetgeltei handmah heregtei.Mongol hun burhan bolson huniihee tuhai muu muuhai yaria garahad l etseg ovgodiin yasiig ondolzuuleed gj zemledeg btal bur uhaj gargaad tsaasan hairtsagt hiigeed zarah gj bhda ch yahav dee arai uvaigui muuhai bna daa.

0  |  0
ө(112.72.13.201) 2015 оны 02 сарын 03

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
BB(119.83.71.246) 2015 оны 02 сарын 03

Mungunii tuluu yu ch hiihees butsahgui boljee.

0  |  0
bulgan(27.123.214.122) 2015 оны 02 сарын 03

Pvnz gej yu gesen vg ve.manai nutgiin ard tvmnii gants tom shvteen yum.manai nutgiin geser lamiin zahisaar bol ug shariliig hunduhgvi gej zahisan baidag.herew iim baidlaar shariliig hundsun bol aldas boloh baihdaa

0  |  0
Top