Иргэний Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг УИХ өнгөрсөн долоо хоногт шинэчлэн баталлаа. Тус хууль 2015 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх юм. Ингээд бид тус хууль орсон нэмэлт өөрчлөлтүүдийн талаар ЭМД-ын газрын Бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Ц.Ганцэцэгээс дэлгэрэнгүй мэдээллийг авсанаа хүргэе.
-ЭМД-ын хууль шинэчлэгдсэнээр иргэдэд хэрэгтэй нэлээд заалт орлоо. Үүний нэг нь гэр бүлийн гишүүд хоорондоо Эрүүл мэндийн даатгалаас авах хөнгөлөлтийг шилжүүлж болдог болсон явдал. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг өгөхгүй юү?
-ЭМД-ын тухай хуульд орсон нэг чухал шинэчлэл нь яалт ч үгүй өрхийн даатгалын асуудал. Энэхүү шинэчлэлийн гол зорилго нь ЭМД-ын шимтгэл төлөөд байгаа мөртлөө эмнэлгийн тусламж үйлчилгээ авахдаа нэмэлт төлбөр төлж байгаа даатгуулагчдын санхүүгийн ачааллыг хуваалцах. Хуульд тусгагдсанаар өрхийн гишүүд эрүүл мэндийн даатгалаа бүрэн төлсөн тохиолдолд хоорондоо харилцан зөвшөөрсны үндсэн дээр эрүүл мэндийн даатгалаас авах хөнгөлөлтөө нэгэндээ шилжүүлж болохоор болж байгаа юм.
Өөрөөр хэлбэл, тухайн гэр бүлийн нэг хүн нь өвчлөмтгий байгаад өөрийн даатгалын сангаас төлсөн төлбөр нь дууссан, мөн даатгалын сангаас төлж буй төлбөр нь хэтэрсэн бол гэр бүлийнхээ эрүүл мэндийн даатгал төлсөн гишүүний зөвшөөрөлтэйгөөр тухайн хүний Эрүүл мэндийн даатгалын төлбөрийг жилд нэг удаа шилжүүлэн авч хэрэглэх боломжтой болсон.
-Мөн Эрүүл мэндийн даатгалыг багцыг өргөтгөж, зарим өндөр өртөгтэй хагалгааны үнийг даатгалаас хөнгөлдөг болсон. Үүнийг иргэд нааштайгаар хүлээж авч байна. Харин хэчнээн төгрөгийн хөнгөлөлт үзүүлэх нь одоогоор тодорхойгүй байгаа. Үүнийг шийдсэн болов уу?
-ЭМД-тай даатгуулагчийн эмнэлэгт үзүүлэх эм авах зардлыг бууруулах зорилготойгоор ЭМД-ын сангаас төлбөрийг төлдөг тусламж үйлчилгээний хүрээг өргөжүүлж өгч байгаа. Тиймээс одоогийн хууль эрхзүйн орчинд үзүүлж буй тусламж үйлчилгээн дээр нэлээд хэдэн тусламж үйлчилгээ Эрүүл мэндийн даатгалаас санхүүжихээр нэмэгдэж орж ирж байгаа. Тухайлбал, хавдрын хөнгөвчлөх эмчилгээг өмнө нь төр хариуцдаг байсан бол одоо Эрүүл мэндийн даатгалаас хариуцдаг болж байна. Мөн хавдрын туяаны болон өдрийн эмчилгээг ЭМД-аас хариуцдаг болсон. 37 долоо хоног хүртлэх хугацаанд жирэмсэн эмэгтэйчүүд ямар нэгэн өвчтэй болбол эмчилгээ үйлчилгээний зардлыг төр хариуцаад явдаг бол одоо ЭМД-аас хариуцаар болж байна. Дээрээс нь өртөг өндөртэй мэс заслын тусламж үйлчилгээнд хэрэглэгдэх эмнэлгийн хэрэгслийн үнийн тодорхой хэсгийг даатгалаас төлөхөөр болсон. Түүнчлэн өрх, сумын эмнэлгүүдэд үзүүлж буй оношилгоо, шинжилгээ, гэрээр үйлчлэх эмчилгээ, түүнчлэн хиймэл эрхтний үнийг ЭМД-ын сангаас санхүүжүүлэхээр болж байна. Хууль нь ирэх долдугаар сараас хэрэгжинэ. Тиймээс бэлтгэл ажил нь хийгдэж байгаа учраас хөнгөлөлтийн хэмжээг одоогоор хэлэх боломжгүй байна.
-Эмийн үнийн хөнгөлөлт нэмэгдсэн гэж байна. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу?
-ЭМД-ын чухал үйлчилгээний нэг бол зайлшгүй шаардлагатай эмийн үнийн хөнгөлөлт байдаг. Одоогийн мөрдөж буй хууль тогтоомжоор зөвхөн өрх сум багийн эмчийн бичсэн жороор олгож байгаа эмийн жорт ЭМД-д үнийн хөнгөлөлт олгодог байсан. Харин хууль шинэчлэгдсэнээр аймаг, дүүргийн амбулаторын эмч нарын бичсэн эм, жор нь ЭМД-ын хөнгөлөлтөд орох нь. Тиймээс аймаг дүүргийн буюу хоёрдугаар шатлалын эмч нарын бичсэн жороор зайлшгүй шаардлагатай эмийг хөнгөлөлттэй үнээр авах боломж нээгдэж байна гэсэн үг юм.
-Хөнгөлөлттэй үнээр эм олгох эмийн сангуудыг хэрхэн сонгодог юм бэ?
-Эмийн сангийн хувьд Монгол Улсын эмийн санд тавигдах нийтлэг стандартад нийцэж байгаа эмийн сангийн жагсаалтыг нийслэл, аймгийн Эрүүл мэндийн газрууд баталж өгдөг. Тэдгээр эмийн сангуудтай Нийгмийн даатгалын байгууллагаас очиж танилцаад, стандартад нийцсэн, байршлын хувьд даатгуулагчийн хэрэгцээ шаардлагыг хангасан газар байвал гэрээ байгуулдаг юм. Ийм гэрээтэй эмийн сангуудаас даатгуулагчид маань эмчийн бичиж өгсөн эмийн бичгээрээ хөнгөлөлттэй үнээр эмээ аваад явна гэсэн үг.
-Улсын эмнэлгүүд хэт ачаалалтай байдаг тул иргэд хувийн эмнэлэгт хандах нь олонтаа. Энэ тохиолдолд эрүүл мэндийн даатгал төлсний хэрэг гарсангүй гэдэг. Энэ талаар ямар нэгэн зохицуулалт хийгдсэн болов уу?
-Улсын болоод төрийн өмчийн эмнэлгүүдийн хүчин чадлаас давсан илүү техник, технологи, орчин үеийн төхөөрөмж оруулж ирсэн магадлан итгэмжлэгдсэн, сонгон шалгаруулалтад тэнцсэн хувийн эмнэлгүүдтэй Нийгмийн даатгалын байгууллага гэрээгээр хамтран ажиллаж байгаа. Тийм болохоор Нийгмийн даатгалын байгууллагатай гэрээтэй хувийн эмнэлгүүдээр үйлчлүүлсэн тохиолдолд даатгуулагч маань оношийн бүлгээсээ хамаараад тодорхой хэмжээгээр төлбөрийн хөнгөлөлт эдлэх боломжтой.
Түүнчлэн одоогийн хуулиар даатгуулагч маань дараалсан гурван жилийн хугацаанд шимтгэлээ төлөөд Эрүүл мэндийн даатгалаас ямар нэгэн төлбөр аваагүй тохиолдолд урамшууллын үзлэгт орох эрхтэй байгаа. Энэ нь гурван төрлийн оношлогооны багцтай. Эдгээрт ердийн багц, хавдрын маркерийн шинжилгээ гуравдугаарт нь харшлын шинжилгээ орж байна. Эндээс даатгуулагч сонгоод 80 мянган төгрөгт багтах оношлогоо шинжилгээг ЭМД-ын гэрээтэй лаборатори бүхий хувийн хэвшил болоод улсын эмнэлгээс авах боломжтой байгаа.
-Хуулийн шинэчлэлийн хүрээнд яригдсан өөр нэг асуудал бол цахим карт. ЭМД-ын цахим карттай болохын давуу тал нь чухам юу вэ?
- Одоо ЭМД-ын гэрчилгээ гээд дэвтэр хэлбэрээр өгөөд тэрэн дээр нь шимтгэл төлснийг баталгаажуулаад эмнэлэг түүнийг нь хүлээж аваад даатгалаа төлж байна уу гэдгийг хараад явж байна. Гэхдээ эмнэлэгт үзүүлэх, хэвтэн эмчлүүлэхэд нь Эрүүл мэндийн даатгалаас хэдэн төгрөг төлж байгааг иргэд мэддэггүй.
Тэгвэл цахим карт нь даатгуулагч маань хэчнээн төгрөгийн шимтгэл төлсөн юм бэ, Эрүүл мэндийн даатгалын сангаас ямар хэмжээний төлбөр гаргуулах юм бэ, үүнээсээ одоо хэдийг нь гаргуулаад байгаа юм бэ, цаашид хэдэн төгрөг гаргуулах боломжтой байна гэдгийг мэдээлэх мэдээллийн хэрэгсэл болох юм.
Тиймээс эмнэлэг, эмийн сан, хувийн хэвшлийн эмнэлэг, рашаан сувилал болон Нийгмийн даатгалын байгууллагатай хамтран ажилладаг Эрүүл мэндийн газрууд маань тэр мэдээллийг үндэслээд маш түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэх боломж бүрдэнэ.
-Тэгвэл цахим картыг хэзээнээс тарааж эхлэх вэ?
-Ер нь бол хууль маань долоодугаар сарын нэгнээс эхэлж хэрэгжинэ гэсэн заалтад орсон байгаа. Одоо бэлтгэл ажил эхэлнэ. Тэгээд цахим картын асуудал яригдана.
-Хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэтгэврийнхэн гээд тодорхой хэсэг хүмүүсийн Эрүүл мэндийг даатгалын шимтгэлийг төр хариуцдаг. Гэтэл одоо төрөөс хариуцахаа болино гэсэн сураг дуулдаад байгаа. Шинэ хуулиар үүнийг хэрхэн зохицуулсан бэ?
-Хууль батлагдсанаар ЭМД-ын тухай шинэ хуулиар төрөөс шимтгэлийг хариуцдаг бүлгийг тодорхойлчихсон. Ингэхдээ хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настнууд, нярай хүүхдээ асарч буй эцэг эхчүүд, хүүхдүүд, нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай иргэн гээд энэ бүлгийн хүмүүсийн Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төрөөс хариуцаж буй нь хэвээрээ байгаа.
Харин одооны мөрдөж буй хуулийн дагуу МСҮТ-ийн оюутнууд үндэсний тэтгэлэг авдаггүй мөртлөө Нийгмийн даатгалын шимтгэлээ өөрсдөө төлдөг. Харин Их, дээд сургууль, коллежийн оюутнууд тэтгэлэгтэй мөртлөө шимтгэлээ төрөөр хариуцуулдаг байсан. Ийм ялгаатай зүйл байсан учраас үүнийг зохицуулж нэг мөр болгохоор оюутан суралцагсад ЭМД-ын шимтгэлээ өөрөө хариуцан төлнө гээд оруулж өгсөн байгаа.
Б.Энхзаяа
Сэтгэгдэл ( 1 )
26nas hyrtelh nasni oiutnyydiin daatgaliig tyr hariucah estoi,haa cz tiiim baidag,mongold adilhan baimaar um