Америкийн шинжлэх ухаан, танин мэдэхүйн “Popular Scince” сэтгүүл 2020 онд хүн төрөлхтнийг өөрчлөх шинэ бүтээлүүдийг нэрлэжээ.
Хүн төрөлхтнийг өөрчлөх хамгийн эхний шинэ бүтээл нь Саран дээр роботууд өөрсдөдөө зориулан станц барих гэнэ. Энэ төслийг Япон улс хэрэгжүүлнэ гэж эрдэмтэд үзэж байна. “Хэдийгээр сүйтгэлт газар хөдлөлт болон цунамигийн дараа сэргээн босгох үйл ажиллагаанд урт хугацаа шаардагдах боловч энэ төслийг хэдийнэ программчилсан бөгөөд дэлхийн аль ч улс ийм хүнд төслийг хэрэгжүүлж чадахгүй” гэж ирээдүйд болох өөрчлөлтүүдийн талаар судалгаа явуулдаг АНУ-ын Калифорни муж улсын “Institute For The Future” хүрээлэнгийн судлаач Майк Либхольд ярьжээ.
Хоёрдугаарт, Лондон болон Бээжин хотыг холбох хурдны галт тэрэгний төмөр зам хүн төрөлхтнийг өөрчлөх гэнэ. Европ, Ази тивийг холбох энэ замаар дэлхийн 17 орны галт тэрэг явах ажээ. Мөн 2020 он гэхэд автомат удирдлагатай болон нисдэг машинууд гарч ирж магадгүй. Түүнээс гадна, энэ хугацаанд хөрөнгөтэй чинээлэг хүмүүсийн хувьд сансарт нисэх явдал нь жирийн үзэгдэл болох бол био түлш нь нүүрстөрөгчийг орлох ажээ. Хүний тархинд шилжүүлэн суулгасан бичил чипний тусламжтайгаар зурагт, смартфон болон компьютерийг удирдаж чаддаг болохоос гадна бүх дэлгэц “Oled” технологи буюу цахилгаан гүйдэл гүйхэд өнгийг маш өндөр түвшинд ялгаруулдаг органик нэгдлээр бэлтгэсэн хагас дамжуулагчаар тоноглогдоно гэж шинжээчид үзэж байна. Харин Швейцарийн эрдэмтдийн үзэж байгаагаар 2020 он гэхэд хүний тархи шиг бодож сэтгэдэг хиймэл тархийг бүтээх ажээ.
Өмнө нь өнгөрсөн оны арванхоёрдугаар сард IВМ нэгтгэл “Next five in five” гэдэг нэртэй технологийн салбарын хөгжлийн хэтийн төлвийн талаарх таамаглалаа танилцуулжээ. Түүнд ойрын таван жилд хүн төрөлхтний аж амьдрал бүрэн өөрчлөгдөх боломжтой гэсэн байна.
Хүн төрөлхтнийг өөрчлөх шинэ бүтээлүүдийн дотор гурван хэмжээст гар утас шиг хүрээлэн буй орчны талаар тогтмол мэдээлэл авах боломжтой багаж хэрэгслүүд, агаараар цэнэглэгддэг зай хураагуур зэрэг багаж хэрэгслүүд орж байна.
Ингээд хүн төрөлхтнийг өөрчилсөн 10 бүтээлийг танилцуулья. Дашрамд дурдахад, зургадугаар сарын 26-нд зохион бүтээгчдийн мэргэжлийн баярыг тэмдэглэдэг байна.
1. Бичиг үсэг
Хүн төрөлхтөн балар эрт цагаас мэдээлэл дамжуулах аргуудыг хайж байжээ. Эртний хүмүүс янз бүрийн хэлбэрээр тухайлбал, нугалсан модны мөчир, түүдэг галын утаа, сум харвах зэргээр мэдээлэл солилцдог байв. Харин манай эрин эхлэхээс ойролцоогоор 4000 жилийн өмнө бичиг үсгийн анхны хэлбэр гарч хүн төрөлхтний хөгжилд эргэлт гарсан байна.
2. Ном хэвлэх суурь машин
Ном хэвлэдэг анхны суурь машиныг XV зууны дунд үед Германы зохион бүтээгч Иоган Гутенберг бүтээжээ. Түүний ачаар дэлхий дээр анхны Библ судар хэвлэгдэн гарсан билээ. Гутенбергийн бүтээл нь Сэргэн мандалтын үеийг эхлүүлэх "ногоон гэрлийг" асаасан юм.
З.Цемент
Чухам энэ материал нь барилгын салбарын түүхэнд хувьсгал болсон билээ. Эртний барилгуудыг бат бөх байлгахын тулд янз бүрийн арга хэрэглэдэг байжээ. Харин хятадууд Цагаан хэрмийг босгохын тулд шохой хольсон наалдамхай цагаан будааны агшаамал ашигласан байна. Дөнгөж XIX зуунд барилгачид цемент бэлтгэж сурчээ. 1822 онд Оросын зохион бүтээгч Егор Чилиев шохой, шаврын холимгоор цементийг бий болгосон байна. Үүнээс хоёр жилийн дараа Английн зохион бүтээгч Д.Аспинд цемент бүтээсний зохиогчийн эрхийг авчээ. Материалыг өнгө болон бат бэх чанараараа цементтэй төстэй чулуу болох портландцемент олборлож байсан Английн хотын нэрээр нэрлэхээр шийдсэн байна.
4. Микроскоп /бичил дуранбай/
Хоёр томруулдаг шилтэй анхны микроскопыг 1590 онд Холландын нүдний эмч З.Янсен зохион бүтээжээ. Гэхдээ бичил биетийг Холландын байгаль судлаач Антони ван Левенгук өөрийнхөө зохион бүтээсэн микроскопоор анх харсан байна. Тэрбээр худалдаачин байхдаа өнгөлөгч хийж сураад, нянгийн хэмжээг 300 дахин томруулдаг маш нямбай өнгөлсөн шилийг микроскопонд суурилуулжээ. Тэрбээр усны дуслыг микроскопоор харсныхаа дараа зөвхөн цай, дарс уудаг болсон гэдэг домог байдаг.
5. Цахилгаан эрчим хүч
Саяхныг хүртэл хүн төрөлхтөн хоногт 10 хүртэл цаг унтдаг байсан бөгөөд цахилгаан эрчим хүч бий болсноор хүмүүсийн орондоо өнгөрүулэх цаг нь багассан билээ. Анхны цахилгаан чийдэнг бүтээсэн Томас Альва Эдисоныг цахилгааны хувьсгалыг хийсэн гэж үздэг.
6. Телефон утас
Шууд л гайхамшгийн гайхамшиг гэгдэх болсон анхны телефон утсыг Бостоны алдартай зохион бүтээгч Белл Александр Греем зохион бүтээжээ. 1876 оны гуравдугаар сарын 10-нд эрдэмтэн хүлээн авалтын станцаар туслагч руугаа залгахад “Ноён Ватсон та хурдан ирээч, би тантай яаралтай ярилцмаар байна” гэж хэлэх нь харилцуураар маш тод сонсогджээ. Белл удалгүй зохиогчийн эрх авч, хэдэн сарын дараа бараг бүх айл утастай болсон байв.
7. Зургийн аппарат болон кино
Дүрс дамжуулах чадалтай төхөөрөмж бүтээхийн тулд үе үеийн эрдэмтэд хөдөлмөрлөж байлаа. XIX зууны эхээр Францын зохион бүтээгч Жозеф Ньепс дүрсийг сайн ялгадаггүй камераар өөриин урлангийн цонхноос харагдах дүрсийг төмөр хавтан дээр дүрслэн буулгажээ. Харин Луи-Жак Манд Дагер 1837 онд түүний бүтээлийг сайжруулсан байна.
Мөн зохион бүтээгч Том Эдисон хүн төрөлхтөн кинотой танилцахад үнэлж баршгүй хувь нэмрээ оруулжээ. Тэрбээр 1891 онд хөдөлгөөнтэй зургийг үзүүлдэг кинетоскоп гэдэг аппаратыг зохион бүтээсэн байна. Чухам энэ аппарат нь ах дүү Люмерийг кино бүтээхэд зоригжуулжээ. 1895 оны арванхоёрдугаар сард Парисын Капуцинов гэдэг гудамжинд анхны киног үзүүлсэн гэж үздэг.
8. Радио хүлээн авагч
Радио хүлээн авагчийг хэн түрүүлж зохион бүтээсэн талаар өнөөг хүртэл маргалдсаар байгаа билээ. Анхны радио хүлээн авагчийг Оросын зохион бүтээгч Александр Попов зохион бүтээсэн гэдэгтэй шинжлэх ухааны салбарынхны дийлэнх нь санал нэгддэг байна. Тэрбээр 1895 онд утасгүй цахилгаан мэдээний аппаратыг нийтэд танилцуулсан бөгөед дэлхий нийтэд “Генрих Герциг” хоёрхон үгтэй радио мэдээг дэлхий нийтэд илгээжээ.
9. Зурагт радио
Олон зохион бүтээгчийн хүчин чармайлтын дүнд телевизор бий болж улам боловсронгуй болсон билээ. Тэдгээр хүмүүсийн нэг нь Петербургийн Технологийн их сургуулийн профессор Борис Львович Розинг юм. Тэрбээр 1911 онд дүрсийг электрон туяаны хоолой ашиглан шилэн дэлгэцэн дээр үзүүлсэн байна. Харин 1928 онд Борис Грабовский зайнаас хөдөлгөөнтэй дүрсийг дамжуулах аргыг олжээ. Жилийн дараа АНУ-д Владимир Зворыкин гэдэг хүн кинескопыг зохион бүтээсэн бөгөөд хожим нь түүнийг сайжруулан телевизорт хэрэглэх болжээ.
10. Интернет
Дэлхийн нийтийг хэрсэн аалзны торыг 1989 онд Британийн зохион бутээгч Тимоти Жон Бернерс-Ли "сүлжжээ". Анхны вэб-сервер, вэб хуудас, вэб браузерыг зохион бүтээгчид цаг тухайд нь өөрийн бүтээлээ патентжуулсан бол дэлхийн хамгийн баян хүн болох байсан биз ээ. Харин интернетийг зохион бүтээсэн хүн нь Рыцарын
титэм болон Британийн хааны одон хүртэн, 1 сая еврогийн технологийн шагнал авчээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )