Өнөөдөр таван хүүхдийн нэг нь ил далд хэлбэрээр хүчирхийлэлд өртөж, нийгмийн дээд, доод давхарга гэлтгүй эмэгтэйчүүд нөхрийнхөө зодуурт байгаа тухай бид хэвлэл мэдээллээр, хөршийнхөө орилох чимээнээр сонссоор байгаа. Ганцхан жилд гэр бүлийн хүчирхийллээс болж 63 хүн амиа алдсан тун харамсалтай мэдээ байна. Харин удахгүй хаврын чуулганаар Гэр бүлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар бэлтгэж байгаа юм. Өчигдөр Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслөөр нээлттэй хэлэлцүүлэг хийж хууль, шүүх, хүний эрхийн байгууллага, хүчирхийлэлтэй тэмцэх байгууллага, эмэгтэйчүүдийн төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцож санал бодлоо хуулийн шинэчилэлд тусгалаа.
Ингээд дээрх хуулийн төслийн талаар Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн захирал Д.Энхжаргалаас тодрууллаа. Тэрбээр энэ хуулийг боловсруулах ажлын хэсэгт багтаж байгаа юм.
-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг шинэчлэн найруулж, батлах асуудал одоог хүртэл сунжирч байна?
-Дөрвөн жил болж байна. 2010 онд анх Засгийн газрын ажлын хэсэг байгуулагдсан. Салбар бүрийн төлөөлөлтэй, цагдаа, шүүх, прокурор, үйлчилгээ үзүүлдэг төрийн бус байгууллагууд гэх зэрэг. Тэгээд сая хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад багтсан байсан. Гэвч Засгийн газар солигдоод, үүнтэй холбоотойгоор хуулиудыг татаж авсан. Засгийн газар эргээд хуулийн төслүүдээ оруулж ирэхэд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль хаврын чуулганы хэлэлцэх асуудлын жагсаалтад багтаагүй. Тийм учраас эмэгтэйчүүдийн төлөөлөл “Эмэгтэйчүүдийн нүдээр төрийн хариуцлага” гэдэг чуулганд оролцсон 450 гаруй эмэгтэйчүүд ямар санал гаргасан бэ гэхээр Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийг хаврын чуулганаар яаралтай батлуулахад чиглэсэн акц хийе гэсэн. Энэ дагуу УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд хандаж захидал бичиж эхэлсэн. Тэр хүрээндээ бид Ерөнхийлөгчтэй уулзаад, энэ хуулийг яаралтай батлуулахад шахалт үзүүлээч, хэрвээ Засгийн газар оруулж ирэхгүй бол та өөрөө өргөн бариач гэдэг хүсэлтийг тавьсан. Ингээд Ерөнхийлөгч хуулийн төслийг өргөн барьж байна. Бидний хувьд энэ хуулийг хэн өргөн барьсан бэ гэдэг нь чухал биш. Энэ хууль 2015 оны хаврын чуулгандаа багтаж, яаралтай батлагдах нь л чухал байна.
-Хуулийг хэрэгжүүлэхэд хэдий хэмжээний зардал гарах тооцоо байгаа юу?
-Зардал тодорхой хэмжээнд гарна. Яагаад гэвэл зүгээр хоёр иргэний хоорондын асуудал эсвэл ямар нэг үйлчилгээ үзүүлэхтэй адил биш. Цаана нь дандаа хүний амь нас, эрүүл мэнд явж байдаг. Багахан сэрэмж алдахад л хүний амь насаар төлөгдөж байдаг. Тиймээс зардал гарч таардаг. Тэгэхээр бид хуулийн шинэчилсэн найруулгад өнгөц засвар хийж байгаагаар харахгүй байгаа. Яагаад гэвэл өнгөрсөн жил 61 хүн амь насаа алдлаа. Он гарсаар хоёр хүн хүчирхийллийн улмаас хорвоог орхилоо. Тиймээс их зоригтой өөрчлөлт хийе гэж бодож зоримог өөрчлөлтийн саналыг оруулж байна. Гэхдээ Улсын Их Хурал дээр хэлэлцэгдэх явцдаа ямар болж өөрчлөгдөхийг мэдэхгүй байна. Зөвхөн хүчирхийллийн тухай хуулийг дан ганцаар нь авч хэлэлцэх нь учир дутагдалтай. Ингэхээр бусад хуулиудтай хамт нь авч үзэхээр цогц тогтолцоо болно гэж харж байгаа.
- Хуулийн шинэчилсэн найруулгад ямар өөрчлөлтүүд орох вэ?
- Жишээ нь хүчирхийллийн болзошгүй байдалд амьдардаг, хэзээ нэг цагт хохирол амсах эрсдэл өндөртэй, мөн хүчирхийллийн эхний тохиолдолд гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулиараа арга хэмжээ авна.
Энэ нь бол үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудын үйл ажиллагааны бүтэц механизмуудыг хуульчилж байгаа. Өнөөдрийн байдлаар эмнэлэг дээр суурилсан нэг цэгийн үйлчилгээ хуульчлагдаагүй хэрнээ ажлаад дөрвөн жил, хамтарсан баг хороо сум ажлаад 10 жил болж байна. Энэ бүгдийн шинэчилсэн төсөл дээр оруул ирж байгаа.
- Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийг бусад хуулиудтай уялдуулж баталснаар тодорхой ямар зохицуулалтын боломжууд бий болох вэ?
- Эд нар хоорондоо уялдаатай ажиллахын тулд санхүүжилт хүртэл хуваагдаж таарна. Энэмэтчилэн хамтын ажиллагаануудыг хуульдаа тусгаж байна. Хэрэв тухайн үйлдэл гэмт хэргийн түвшинд хүрэхгүй тэгсэн хэрнээ үйлчилгээ үзүүлэхээс арай дээгүүр түвшинд байвал зөрчлийн тухай хуулиар зөрчил гэж үзээд байгаа юм. Өнөөдрийг хүртэл гэр бүлийн хүчирхийлэл бол гэмт хэрэг ч байсангүй зөрчилд ч тооцогдож байсангүй. Хоёр иргэн хоорондоо мөнгө өгөлцөж авалцдаг маргаан гэж тооцогдож ирсэн. Тэгэхээр энэ тогтолцоог үндсээр нь өөрчилж гэмт хэрэг, зөрчлийн тогтолцоонд гэр бүлийн хүчирхийллийн асуудлыг оруулж ирнэ.
Хуулинд ноцтой үр дагавар, байнга үйлдэгддэг үйлдлүүдийг тодорхой нэг бүрчлэн нэрэлж заагаад эрүүгийн хуулинд гэмт хэрэг болгож оруулж ирье. Тэгснээр гурван түвшинд гэр бүлийн хүчирхийллийг авч үзэж болно. Нэгт, урьдчилан сэргийлэх үйлчилгээний. Хоёрт, зөрчлийн. Гуравт, гэмт хэргийн гэсэн байдлаар. Үүнийг дагаад хариуцлага бол үе шаталсан байдлаар явна. Үйлчилгээний түвшинд байх юм бол илүү тэр гэр бүлийн гишүүн бүрт чиглэсэн үйлчилгээ үзүүлнэ. Зөрчлийн түвшинд байгаа тохиолдолд гэмт хэрэг болохоос нь өмнө урьдчилан сэргийлэх арга хэмжээ авна. Тэгснээрээ хүчирхийлэл үйлдэж байгаа хүнээ ч хамгаална гэсэн үг. Хамгийн сүүлийн шатанд гэмт хэрэг болоод ирсэн бол гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг гэж хуульчлаад үйл явцын хувьд хялбаршуулсан байхаар, ялын хувьд ялгамжтай байхаар авч үзэж байна.
-Хохирогч өөрийгөө хамгаалахын тулд хуулийн байгууллагад хандахад мөнгө төлдөг буруу тогтолцоо байдаг энэ тухайд?
Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулинд Гэр бүлийн болон хөдөлмөрийн маргаантай холбоотой хэргийг аль болохоор эвлэрүүлэн зуучил гэсэн заалт байгаа. Тэрэнтэй холбоотойгоор гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой хэрэгт 30200 төгрөг төлж байж, эвлэрүүлэн зуучлалд ордог. Тэгэхээр Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийг дагаж өөрчлөлт орох хууль бол энэ Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль. Үнэхээр энэ гэр бүл хүчирхийлэлд байна гэж үзвэл эвлэрүүлэн зуучлал шаардагдахгүй. Цаашилбал, иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулинд шүүхэнд хандах гэж байгаа тохиолдолд 70200 төгрөг төлж байгаа. Харин Гэмт хэрэг, Зөрчлийн тухай хуулийн процессоор явбал, хохирогч ямар нэгэн төлбөр төлөхгүй болчихно.
-Дөрвөн настай охины хэргээс гадна. Өөр бас нэг ноцтой хэрэг бүртгэгдсэн байгаа талаар цагдаагийн газраас мэдээ ирсэн.
Энэ хууль хэлэлцүүлэгийн шатандаа чамгүй хугацаа авлаа гэж байнашт. Тэгэхээр хэрэв батлагдсан байсан бол гэр бүлийн хүчирхийллээс болж амь насаа алдсан хүмүүст аврагдах боломж байсан уу. Энэ дээр жишээ дурьдвал.
-жишээ нь 22 настай эмэгтэй шүүх рүү очих замдаа нөхөртөө хутгалуулж амь насаа алдсан байгаа. Тэр эмэгтэй өөрийгөө аврахын тулд цагдаа шүүх, прокурор гээд бүх байгууллагад хандсан байдаг. Гэсэн ч өөрийгөө хамгаалж чадаагүй. Хэрвээ одоо боловсрогдож байгаа “Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийн шинэчилсэн найруулагад тусгагдсан заалтууд үйлчилж байсан бол шууд гэрч хохирогчийг хамгаалах хамгаалалтанд орох байсан. Адаглаад биечилсэн хамгаалалт дагаж явах боломжтой байсан.
- Шинэчлэгдээд батлагдсан хууль хэрэгжих боломж бололцоо нь ямар байх вэ?
- Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль 2004 онд батлагдахда маш муу хууль болсон. Хууль л гэсэн нэртэй. Үйл явц нь байхгүй, бусад хуулинд өөрчлөлт ороогүй. Мөн хуулийг хэрэгжүүлэхийн тулд маш олон нэмэлт журмууд гарсан байдаг. Харамсалтай нь цагдаагийн ажилтан дуудалганд явахдаа тэр журмуудыг авч явахгүй тэр журмыг мэдэхгүй. Тийм учраас сургамж дээрээ тулгуурлаад аль болохоор цагдаагийн ажилтанд стандарт болгож үйл явцыг суулгаж өгөх гэж оролдож байна. Хэрэв хуулинд заасан арга хэмжээгээ авахгүй байх юм бол хариуцлага тооцдог байх гэх мэтчилэн олон зүйл байгаа.
- Үр дүнг яаж харж байна вэ?
- Хэрэв яг эдгээр нэмэлтүүд ороод ирвэл үр дүнгээ өгнө. 1300 мянган үйлчлүүлэгчдийн биечлэн амссан тэр хуулийн цоорхойг бөглөнө гэсэн үг.
Сэтгэгдэл ( 4 )
Ажын байран дахь албан тушаалаа ашигласан бэлгийн дарамт, хүчирхийлэл, гэр орон дахь бэлгийн дарамт хүчирхийлэлийн тухай тодорхой заалт оруулах хэрэгтэй.
Маш яаралтай хуульд өөрчлөлт оруулж, гэр бүлийн хүчирхийлэлийг гэмт хэрэг гэж үзэх хатуу заалт оруулах хэрэгтэй. Бас бага насны хүүхдийг эдэлдэг педофил-үүдийн талаар мат тодорхой, хатуу заалт оруулах хэрэгтэй
за хуулинд ийм өөрчлөлт гаргаж болдог юм байна харин одоо бэлгийн дарамтанд байгаа болон хүний наймааны золиос болж байгаа болсон болох гэж байгаа хүүхэд эмэгтэйчүүдэд авах дараагийн үйл ажиллагаа чинь юу билээ.
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ Номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК _номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮