Хэдхэн хоногийн өмнө Уул уурхайн сайд Р.Жигжид мэдээлэл хийх үеэрээ хайгуулын тусгай зөвшөөрлийн талаар дурдсан. Ашигт малтмалын хэрэг эрхлэх газраас хайгуулын тусгай зөвшөөрлийг ном журмын дагуу олгож байгааг дурдаад харин орон нутгийн удирдлагууд нутаг усандаа ямар нэг лиценз олгохыг дэмжихгүй байгааг онцолсон юм. Хууль номоороо бол ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзсэн тохиолдолд АМГ тухайн хайгуул хийгдэх аймгийн Засаг даргад бичгээр мэдэгдэж, төлөвлөгдсөн үйл ажиллагааны дэлгэрэнгүй тодорхойлолт болон талбайн зургийг хавсаргах заалттай. Харин тухайн шатны Засаг дарга энэ мэдэгдлийг хүлээн авмагц ИТХ-аас саналыг нь авч 30 хоногийн дотор АМГ-т хариу өгнө. Дүрэм журам нь ийм. Гэвч хуулийн энэ заалт дээр л жинхэнэ гацаа үүсч, орон нутгийн ноёдууд толгой гэдэгнүүлээд эхэлдэг. Одоо байдал яг ийм дээрээ байна.
Монгол Улс сүүлийн таван жилийн турш хайгуулын тусгай зөвшөөрөл олгоогүй. Энэ хугацаанд ирсэн нь явж, эндэх нь хий эргэлдсэн. Хөрөнгө оруулалтыг “хөргөсөн” энэ шийдвэр зугуухандаа эдийн засгийн өнөөгийн уналтыг эхлүүлсэн билээ. Ийм алдаагаа олж харж, засч залруулах эхлэл нь хуулийн орчиндоо хийсэн өөрчлөлт байв. Таван жилийн “тайм” авсан хайгуулын тусгай зөвшөөрлийг энэ оны нэгдүгээр сарын 26-аас эхлэн олгож эхлээд байна.
Тусгай зөвшөөрөл хар сэр, хэл ам дагуулсан хэцүү ажил. Лиценз олгох ажиллагааг танил талын улаан нүүр, хэн нэг эрх мэдэлтний захиалга, даалгавраас хол байлгах зорилгоор цахим бүртгэлийг нэвтрүүлээд байгаа. Ашигт малтмалын газраас зохион байгуулж байгаа цахим системд долоо хоногийн турш нэвтрэх эрх авахад 500 мянган төгрөг, хэрэв нэг сарын турш бол хоёр сая төгрөгийн хураамжтай. Мөн цахимаар нэвтэрч, өргөдөл гаргах дугаар авсан аж ахуйн нэгж, хувь хүний өргөдлийн үйлчилгээний хураамж нь 250 мянган төгрөг гэнэ. Тодорхойгүй аз эзийн өмнө энэ байтугай зарлага, гарз гаргаж байгаа лиценз хүсэгчдэд хүндэтгэлтэй хандах шалтгаан ганц ийм биш.
Долоо хоногт 120 өргөдөл хүлээн авдаг. Хамгийн гол нь тухайн хүний санал болгосон талбайн кординат бусадтай давхцаагүй байх учиртай. АМГ өргөдлийн хариуг ажлын 20 хоногт багтаан өгөх журамтай. Харин одоогийн явцаас харахад энэ хугацаандаа багтаж өргөдөл гаргагчид хариуг нь өгөхгүй байна. Учир шалтгааныг нь тодруулахаар аймаг, орон нутаг хариу өгөөгүй, эсвэл дэмжээгүй гэнэ. Ингэснээр өдий төдий жил хүлээсэн зөвшөөрөл хүсэгчдийн өмнө хөх чулуу хөндөлсчихөөд байна. Эрх зүйн зохицуулалт тодорхойгүй, төр нь сул дорой, орон нутгийн эрх мэдэлтнүүд Засгийнхаа жинхэнэ хөл гар болж чадахгүй байгаагийн наад захын жишээ энэ л дээ.
Хайгуулын лиценз авахаар өргөдөл гаргаж байгаа аж ахуйн нэгж, хувь хүн хэн байлаа ч гэсэн тодорхойгүй, энд хайгуул хийгээд үзье гэсэн мэргэжлийн мэдрэмж, дээрээ түшиглэн тухайн талбайг сонгодог. Ийм аз сорьсон талбайд бүх эрсдлээ өөрсдөө үүрнэ. Гэтэл бөөн ажил, зардал чирэгдэл, цаг заваа баран байж онилсон талбайг нь нь орон нутгийнхан олгохгүй, дэмжихгүй гэсэн хариу ирүүлж “том толгойлж” байгаа нь хамгийн том тээг саад болоод байна.
Уг нь хувь хүн, аж ахуйн нэгжийн гаргасан өргөдөлтэй танилцаад орон нутаг нь зөвшөөрвөл 30 хоногийн дараа тусгай зөвшөөрлийг нь олгох журамтай байдаг. АМГ бусад хуультай зөрчилдөх талбайд хайгуулын тусгай зөвшөөрлийн өргөдөл хүлээж авахгүй байгаа болохоор орон нутгаас зөвшөөрөхгүй гэсэн хариу ирэхгүй хэмээн анх тодотгож байсан билээ. Үнэхээр ч тус газрынхан хүлээн авч буй өргөдөлдөө хатуу шүүлтүүр тавьж байгаа гэх юм билээ. Гэтэл “их санасан газар есөн шөнө” гэгч болчихоод байна. Дуулдаж буйгаар Говь-Алтай, Завхан зэрэг аймаг орон нутагтаа ганц ч лиценз эзэмшүүлэхгүй гэж байгаа бол Баянхонгор зөвхөн нэг л өргөдлийг дэмжсэн хариу ирүүлсэн гэнэ. Харин Ховд аймгийн хувьд байдал арай өөр, дэмжихээ дэмжинэ гэж байгаа сурагтай. Саяхан нэг сонинд бичсэнээр 219 хайгуулын тусгай зөвшөөрлөөс ердөө есөн лицензийг тухайн орон нутаг зөвшөөрсөн хариу ирүүлсэн гэх мэдээлэл байна. Тэр ч байтугай хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл хүлээн авсныхаа дараа тухайн талбайг сөргүүлээд улсын тусгай хамгаалалтандаа авах хүсэлт гаргасан тухай дуулдаж байна. Ийм хүсэлт гаргах эрх нь нээлттэй ч аливаа юманд дараалал, эрэмбэ гэж бий. Өргөдөл аваад л улсын хамгаалатанд авах уул устайгаа санасан бололтой юм.
Энэ ч бас бага хэрэг. Ийм нэгэн түүхийг хайгуул, ашиглалтын нэгэн компанийн захирал залуу ярьсан юм. Тэрбээр нүүрсний илэрц бүхий газарт хайгуулын тусгай зөвшөөрөл авахаар тухайн газраа хэрхэн нэрлэдэгийг нутгийнхнаас асууж сурагласан боловч мэдэх хүн байсангүй. Өргөн уудам газар нутаг бүхий тэр орчмыг нэлэнхүйд нь нэг л нэрээр нэрлэдэг аж. Тэгэхээр нь тухайн газраа тодотгох зорилгоор нийтлэг байдгийг нь харгалзаад “Овоот” гэсэн зохиомол нэр өгөөд өргөдөлдөө дурджээ. Гэтэл үүний дараа тухайн аймгийн ИТХ-ын шийдвэр гарч “Овоот” хавийн газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авахаар шийдвэрлэсэн байжээ. Харамлах, хав дарах гэсэн сэтгэхүй нь ийм.
Улсын тусгай хамгаалалттай эсвэл тендерийн тусгай талбай гэж бий. Түүнчлэн орон нутгийн тусгай хэрэгцээний газар гэж бас байгаа. Үүнээс бусад талбайд хайгуул хийх эрх уг нь нээлттэй. Харин орон нутгийн саналыг урьдчилан авсны үндсэн дээр хайгуулын эрх олгох талбайг тогтож товлодог эсэх нь тодорхойгүй. Гэхдээ хайгуулын тусгай зөвшөөрлийг Монгол Улсын нутаг дэвсгэрийн 19.9 хувь буюу 31 сая га талбайд олгоно. Хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хориглосон буюу хязгаарласан талбай Монгол Улсын нутаг дэвсгэрийн 71.5 хувийг эзэлж байна. Энэ бол хуулиар тогтоосон хэм хэмжээ. Одоо энэ 20 хүрэхгүй хувьд л олгогдож байгаа зөвшөөрлийн тухай яригдаж байгаа хэрэг.
Гэтэл яг цаг нь болж өгч авах дээрээ тулахаар орон нутгийнхан ийн бодлого, нэгдмэл эрх ашгаасаа буцаж, урваж шарваж эхэлдэг юм байна. Ингэж орон нутгийн удирдлагууд гэх эрх мэдэлтэн цөөн хүний хүсэл зорилго, хүнд суртлаас хамаарч энэ ажил цалгардах дээрээ тулаад байна. Засгийн газрынхаа шийдвэрийг Засаг дарга нар нь хэрэгжүүлэхээс татгалздаг, төрийн ажлын уялдаа холбоо байхгүй, захирах захирагдах ёс алдагдсан зэрэг нь Монгол төрийн сульдааны өнөөгийн илэрхийлэл болж байна.
Монгол Улсын эрх ашиг бол нэгдмэл нэг цул юм. Эх орны эрдэс баялгаа ашиглах, эргэлтэнд оруулж эдийн засгаа сэргээх нь нийтлэг зорилго. Нөгөөх гасалж гийнаад байгаа гадаадын хөрөнгө оруулалтыг татах нэг боломж нь бас энэ тусгай зөвшөөрөл. Ийм улс орны нийтлэг эрх ашгаа салж сарниагаад байвал Монгол хөгжих бус хоцрогдоно. Маргах аргагүй үнэн гэвэл энэ байх.
А.Алтантуяа
Сэтгэгдэл ( 4 )
nurang uusgeheer uurhai
АЛТНЫ ШОРООН ОРД АШИГЛАХЫГ БОЛИУЛАХ ХЭРЭГТЭЙ байгаль орчин гол усны гольдролыг маш их сүйтгэдэг шүү Ялангуяа малчид орон нутгйин удирдлагууд хараандаа авч нутаг орноосоо үтэр түргнэ хөөж гаргах хэрэгтэй
орон нутгаас нь эхлээд та нар хаана хаана зөвшөөрөх вэ гэж асуучаад зөвшөөрөлтэй талбайнуудад хайгуулын лиценз олгосон бол дээр байждээ. Гэхдээ мөнгөгүй төр албаар хүмүүсийг гэнэдүүлж мөнгийг нь аваад хохироож байгаа юм шиг байна. АМГ гэж толгойгоо сайн ажиллуулж чаддаггүй дарга мэргэжилтнүүдтэй байхаа даа.
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ ,ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай_. Үнэ: 22 000₮