Э.Бат-Үүл дарга “бай”-гаа зөв онилчихжээ. Харин хэзээ хэрэгжих вэ?

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 10

“Талх тариатай бол дуу хууртай” гэсэн хэллэг нэг хэсэг моодонд орж байв. Түүн шиг газартай хүн өмчтэй гэсэн  ойлголт хандлага  сууж эхэлж байна. Нийслэлийн гэр хорооллынхонд байгаа ганц өмч гэвэл эзэмшиж байгаа газар нь.  Хананаасаа халдаг, крантны устай  орон байртай болох холын мөрөөдлийг нь ойртуулж харагдуулах тийм ид шид тэр эзэмшиж буй газарт нь бий.  

Баатар дарга Э.Бат-Үүлийн үед энэ газрынх нь үнэ өртөг өсч байгаа болохоор баяртай ч байдаг биз. Гэр хорооллын дахин төлөвлөлт газрын эрэлтийг нэмэгдүүлснээр үнэ өсч  байгаа хэрэг.  Өөрийн юм болохоор гайгүйхэн шиг үнэ хүргээд борлуулчих санаа оноо байгаа ч харамсалтай нь тэр бүр тохиролцож чадахгүй байгаа.  Зарим нэг нь ч хэтрүүлж аманд багтсан үнэ өртөг хэлдэг. Авч байгаа нь хямдхан хамчих гэдэг, өгч байгаа нь өндөр үнэ хүргэх гэсэн ийм эсрэг тэсрэг хоёр хандлагын алтан дунджийг олох нь төсөл хэрэгжүүлэгчдийн хувьд амаргүй байдаг биз.

Ганцхан жишээ хэлэхэд Чингэлтэй дүүргийн IX хороо буюу Дэнжийн мянгын цагаан байрны орчимд “Эрэл” компанийнхан дахин төлөвлөлт хэрэгжүүлэх гэж хэдэнтээ очиж, хэдэнтээ буцсаны эцэст оршин суугчдын дийлэнхи хувийн дэмжлэгийг арай гэж авсан сурагтай. Ганцхан айлын хашааны газар дээр наанадаж 40, 50 айлын орон сууцыг барьчих болохоор  төсөл хэрэгжүүлэгчид энэ дахин төлөвлөлт рүү хошуураад байгаа юм. Газартай байхын гайхамшиг нь энэ.

Гэсэн хэдий ч гэр хорооллынхон газрынхаа ид шидийг үзэж чадахгүй хэвээр байна. Иргэдийн  хувьд газраа арилжих гэхээсээ илүүтэй зээлийн барьцааны эх үүсвэр байлгах хүсэл бий. Газраа барьцаалаад банкны зээл авна гэдэг давдаггүй давааны нэг гэнэ.  Хотын “А” зэрэглэлийн бүсэд байгаа хашааны газраа дээр нь байгаа дан ч гэсэн байшинтайгаа  барьцаалаад 15 саяын зээл авах гэсэн залуу гутлынхаа улыг эргэтэл банк хэсээд хүссэн зээлээ авч чадсангүй. Харин эцэст нь нэг Банк бус санхүүгийн байгууллагад хандаж зээл авснаа ярьж байна билээ.  Уг нь газрыг эдийн засгийн эргэлтэнд оруулах тухай энэ намууд сонгууль бүрээрээ л яриад байдаг. Бүр газрын бирж байгуулах тухай санаа оноо ч байдаг. Тэр биржээр дамжуулж газраа арилжиж, бас авч болно гэсэн үг.  Хэрэв газрыг эдийн засгийн эргэлтэд идэвхтэй оруулаад эхэлбэл иргэд л хожино. Тэр хүсээд байгаа жижиг дунд үйлдвэр ч хөгжих боломжтой.

Газар дээрээ тохилог хаус барих, айл хөрш, ах дүү саднаараа хамтарч газраа нийлүүлж, ногоон байгууламж, ая тухтай орчин бүрдүүлэхийг илүүд үзэж байгаа

 Улаанбаатарын утааг бууруулах ганцхан арга зам нь гэр хорооллыг дахин төлөвлөх явдал гэж харвал өрөөсгөл. Энэ өнцгөөс нь илүү ач холбогдол өгч хэдэн үеэрээ амьдарсан газрыг нь ил далд шахалтаар авах гэх нь амьдрах газраа сонгох иргэдийн эрх чөлөөнд нь халдаж байгаа хэрэг. Ямартай ч одоогоор газар чөлөөлөх эрх зүйн хангалттай орчин байхгүй байгаа гэдгийг дуулгах нь зөв байх.

 

Газартай хүмүүсийн хувьд хэсэг бүлгээрээ нийлж байгаа газраа хамтаараа төлөвлөж бие даасан эсвэл төвлөрсөн дэд бүтцийг оруулах хүсэл эрмэлзэл түлхүү байна.

Харин сайшаалтай нь Хотын дарга иргэдийн энэ хандлагыг анзаарч ойлгож мэдэрч байгаа юм байна. Тэрбээр саяхан намынхаа 25 жилийн ойн хурлын индэр дээрээс “Баянхошуунд газар 5 сая төгрөгийн үнэтэй байсан бол өнөөдөр 30-60 сая төгрөгт хүрч байна. Цаашид газрыг эдийн засгийн эргэлтэд оруулна. Банкууд өнөөдөр газар барьцаалж зээл олгохгүй байна, уг нь эдийн засгийн эргэлтэд орох ёстой хөрөнгө юм.

Тиймээс 10 айл хашааны газраа барьцаалж 40 айлын хаус барьж илүүгээ бусдад зарж, тохьтой орчинд амьдрах боломжийг олгоно. Иргэн бүр баян болно. Энийг ганцхан манай нам хийж чадна. Эрх чөлөөг эдийн засагтай нь хамт иргэддээ өгөхийн төлөө хамтдаа тэмцье” гэлээ.  

Иргэдийн хувьд яг л ийм юмыг хүлээгээд байгаа юм. Газраа хэн нэгэн дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчдэд хямдхан өгч, санаанд нийцэх нийцэхгүй ганц хоёр өрөө байраар сольсноос байгаа газар дээрээ тохилог хаус барих, айл хөрш, ах дүү саднаараа хамтарч газраа нийлүүлж, ногоон байгууламж, ая тухтай орчин бүрдүүлэхийг илүүд үзэж байгаа юм. Энэ бол мөнөөх нийтийн олон давхар байр барих гэсэн дахин төлөвлөлтөөс арай л  өөр,  иргэддээ илүү наалдацтай хандлага л даа.

Э.Бат-Үүл дарга  хоосон хошгируулдаг хүн биш. Түүний үед эх орны нийслэлийн өнгө төрх өөрчлөгдөж буй гэдэгтэй хэн ч санал нийлэх байх. Тиймээс иргэддээ эрх чөлөөг эдийн засагтай нь хамт өгнө гэдэгт нь эргэлзэхгүй байна.

А.Алтантуяа

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
хариулах(108.66.135.20) 2015 оны 04 сарын 11

Уг нь тун ч зөв санаа Гэхдээ сонгууль ойртоод ирэхээр Батүүлийн шоу эхлэж байж ч мэднэ Хотын дарга болохдоо ёстой гоё амлалт өгчихөөд сүүлд нь шоу байсан шүү дээ Орон сууцжуулна гээд л дахин төлөвлөлт ч гэх шиг ард иргэдийн газрыг хуулинд оруулж байгаад л луйвардаад эхэлсэн Үүнийг ганцхан манай нам хийж чадна гэдэг нь ямар учиртай юм болоо НАМ ямар хамаатай байхав Дараагийн сонгуульд ялсан дарга өшөө гоё болгох санал гаргаж чаднаш дээ НО-той нь илэрчих шиг боллоо Манай хашаа байшин Баянхошуунд л даа Надад бол сайхан тохилог дэд бүтэц орсон хаус л чухлаас чухал байгаа юм Үнэхээр үнэн бол зүгээр

0  |  0
өндөр болгох нууц(112.72.13.169) 2015 оны 04 сарын 10

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
зочин(103.26.195.154) 2015 оны 04 сарын 10

Газрыг нь дээрэмдэх гэж хөөж тууж бөөн юм болж байна, яг үнэн байдал гэвэл, үнэгүй шах уу, авчих гэсэн сувдаг юмнууд бүүр амар заяа үзүүлэхээ байсан, худлаа битгий хошгоруулаад бай, бид Батүүлийг дахиж сонгохгүй

0  |  0
Top