Өвөрмонголын байгаль, малыг бэлчээр хэрхэн сүйдэж байгаа тухай мэдээлэл бидэнд сонин санагдахаа байжээ. Хэдэн жилийн өмнөөс өвөрмонголчууд малын бэлчээрийг нь эзэгнэж байгаа уул уурхайн компаний эсрэг тэмцэх болсон ч энэ бүхэн хэн нэг тэмцэгчийн үхлээр эсвэл хоморголсон баривчилгаагаар дуусдаг боллоо.
Дэлхийн зах зээл дээр нүүрс, байгалийн хийн үнэ өсөх тусам Хятадын Засгийн газар малчдыг улам шахан хавчих болжээ. Өвөрмонгол нүүрсний нөөцөөрөө Хятадад хоёрт бичигддэг бүс нутаг. Газрын ховор элемент болон байгалийн хийн арвин нөөцтэй. Тийм ч учраас Хятадын Засгийн газраас малчдыг бэлчээр нутгаас нь хөөх бодлого хүчтэй явуулж, хэрэгжүүлж байна.
Өвөрмонголд томоохон хөнгөн цагаан хайлуулах үйлдвэр байгуулагдсанаар түүний салхин доор байх бэлчээр нутаг үйлдвэрийн утаа, тоос тортогт дарагдах болжээ. Хэдэн жилийн өмнөөс мал өвчилж эхэлсэн бөгөөд эрүү нь өвчин орж өвс ч идэж чадахаа больсон аж. Удалгүй мал сүрэг нь хэдэн мянгаараа үхэж эхэлсэн ч малчдаас өөр хэн ч үл анхааран, хэн ч хариуцлага хүлээсэнгүй. Харин гомдол гаргасан малчдыг Хөлийнгол аймгийн цагдаа нар баривчилсан юм. Ийм түүх өвөрмонгол малчдад маш олон тохиолдож байна. 75 настай Ду Шаоцай бүх мал нь хордож үхсэнээс болж суурин газарт хүүхдүүд болон ач зээ нартайгаа өрөө хөлслөн амьдарч байна. Тэрбээр “Хонины шүд нь гаж хэлбэртэй болж, уруул нь сэтэрхий төрөх болсон учраас юм зажилж чадахгүй болсон.Үйлдвэрийн хорт хий, хаягдал хөрс, өвсийг бохирдуулснаас мал үхэж байгаа юм. Бид нутгаа орхихгүй гэж хичээсэн ч Засгийн газраас явахыг шаардсан” гэжээ.
Хөлийн голын ойролцоо амьдардаг Чаганбалынх 1000 гаруй хоньтой байжээ. Гэтэл хөнгөн цагаан хайлуулах үйлдвэр баригдмагц хуулийнхан тэднийг нүүхийг шаардсан бөгөөд малаа тал үнээр нь зараад хот руу явжээ.
Өдгөө бэлчээр нутгаа хамгаалахаар тэмцээд баривчлагдсан малчдын тоо 100 хол давлаа. Малгүй болж хот руу шилжсэн өвөрмонголчууд бүгд ядуучуудын эгнээнд нэгдэж байна. Учир нь тэд бусад шигээ боловсрол олж аваагүй, хураасан эд хөрөнгө ч байхгүй. Өвөрмонголчуудын багагүй хувь нь хятад хэл огт мэддэггүй байна. Тэгээд ч тэрбум хятадууд дотор боловсролгүй малчин өрсөлдөж амьдарна гэдэг хэцүү нь мэдээж. Өвөрмонгол 25 сая хүнтэй. Гэтэл яг өвөрмонгол гаралтай иргэд 17 хувийг эзэлж байгаа бөгөөд үлдсэн нь хятад үндэстнүүд болжээ. Ийнхүү Хятадын уул уурхай, үйлдвэрлэл бэлчээр нутагт довтолсоор, өвөрмонголчууд ядуучуудын эгнээнд шилжсээр байна.
Т.Гэрэл
Сэтгэгдэл ( 1 )
Японоос чөлөөлөх дайны үеийг ашиглаад 1500 айл өрх монголдоо эргэж орж ирсэн гэдэг тэр үед орж ирсэн бол ийм зүйл болохгүй байх байлаа