Үндсэн хуулийн өөрчлөлт хууль тогтоочдыг л хуяглах төдийхөн үү

Автор | Zindaa.mn
2015 оны 06 сарын 03

   Үндсэн хуулийг өөрчлөх сэдвээр манай улс төрчид сэц булаалддаг.  Олон жил явган ярьж байгаа сэдэв гэвэл энэ. Санаж байгаагаар өнөөгийн болон өмнөх парламент Үндсэн хуулийг өөрчлөх асуудлаар ажлын хэсэг байгуулж байв. З.Энхболдын тэргүүлсэн парламент Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулаад чамгүй хугацаа өнгөрлөө. Энэ ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Н.Батбаяр ахалж байна. Тэрбээр өчигдөр  Үндсэн хуулийг хэрхэн яаж өөрчлөхөөр санал боловсруулж байгаагаа намуудын бүлэгт мэдээлсэн юм.  Түүний мэдээллийн дараа  мөнөөх өөрчлөлт нь “ердөө л энэ үү” гэх харамсал  төрлөө. Уг нь энэ их том сэдэв, Монголын эрх ашгийн төлөөх асуудал учраас олон нийтийн хүлээлт дунд байгаа юм сан.

Ер нь үндсэн хуулийн өөрчлөлтийг арван хүнд даалгах уу аль эсвэл ард түмнээрээ шийдэх үү гэдгээ тодотгож тодорхойлох цаг болчихжээ.

 

Хэрэв ажлын хэсгийн ахлагчийн мэдээлж байгаагаар харвал дахиад л “Их санасан газар есөн шөнө хоосон хонох”-той адил болох юм байна.  Шуудхан хэлэхэд Үндсэн хуулийн өөрчлөлт Их Хурлын  76-г хуяглахаас хэтрэхгүй нь. Ингэж хардаж сэрдэх шалтгаанаа тодруулах гэж оролдоё.

Монгол Улс парламентын засаглалд шилжээд 25 жилийн нүүр үзлээ. Юу өөрчлөгдөв?

Энэ хугацаанд Засаг нь 14 удаа солигдож, улс төрийн тогтворгүй байдал, засаглалын хямрал жинхэнэ утгаараа нүүрлээд буй. Нам бүлгээрээ талцаж, танай манайдаа тулснаар Монголын нэгдмэл эрх ашиг, эв нэгдэл салхинд сарних үүл мэт салж бутарсан. Төрийн нэр хүнд унаж шавар шавхайтай хутгалдав. Төр эргэж, төлөг хургалж байх үеэс л яригдсан Тавантолгой мэтийн үндэсний том төслүүд өнөөг хүртэл хэрэгжсэнгүй,  үүн дээр эрх ашгаа булаалдан хэмлэлдэж байна. Төрөөс тэрбумтан төрдөг, төсвийн мөнгөөр өөрсдийгөө угждаг гаж тогтолцоог өлгийдөж өндийлгөлөө. Сүүлийн 20 гаруйхан  жилд 20 гаруй  тэрбум ам.долларын зээл авсан ч үлдэж хоцорсон, үзэгдэж харагдах үр дүн юу билээ.  Төрийн албанд хариуцлагын тогтолцоо гэсэн ойлголт байхгүй болсон. Учир нь төрийн албыг төрлийн алба, ач хариулах сануулгатай танил талаа дээш татах  бэлэг болгож  хувиргасан. Асуудал  энэ мэтээр хөвөрнө. Яагаад ийм болчихов гэхээр Үндсэн хууль, Засаглалын тогтолцоондоо байна гэж хариулдаг. Үүнийг л өөрчлөх гэж Үндсэн хуулийн ажлын хэсэг байгуулсан. Гэтэл мөнөөх ажлын хэсгийн танилцуулж буй өөрчлөлт  нүүрийг нь будах төдийгөөс нэг их хэтрэх янзгүй. Харин ч бүр дордуулж мэдэхээр юм байна.

 

Ерөнхийлөгчийг бүх ард түмнээс бус парламентаас сонгодог болно гэж хадуурч байна.  Ард түмний сонгох эрхийг энэ 76 булааж авах юм байна. Тэрчлэн парламентыг өргөжүүлэх тухай бас ярьж байна. 

 

Үндсэн хуулийн өөрчлөлтийг парламентын засаглалыг төгөлдөржүүлэхэд чиглүүлж байгаа гэнэ ээ. Энэ хүрээнд тэд эрх мэдлээ нэмэгдүүлж буй бололтой юм. Тухайлбал, Ерөнхийлөгчийг бүх ард түмнээс бус парламентаас сонгодог болно гэж хадуурч байна.  Ард түмний сонгох эрхийг энэ 76 булааж авах юм байна. Тэрчлэн парламентыг өргөжүүлэх тухай бас ярьж байна. Бодвол гишүүдийн тоо толгойг нэмэгдүүлэх гэсэн санаа байх.  Үе үеийн парламентын хамгийн их хэл ам таталдаг давхар дээлийн асуудлыг дахин хуульчлахаар зэхэж буй нь бүр харамсмаар. Тухайлбал, Засгийн газрын гишүүдийн гуравны нэгээс хэтрэхгүй хувь нь УИХ-ын гишүүн байж болохоор хуульчлах гэнэ. Намаар хуваагдаад байгааг буруутгасан хэрнээ харин яаж зохицуулахаа мэдээлсэнгүй. Энэ чиглэлээр ганцхан сумын Засаг даргыг шууд сонгодог болох тухай яригдав.

Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлнэ гэж байна. Гэхдээ яаж гэдэг нь бас тодорхойгүй. Ерөнхий сайд өөрчлөгдсөн ч танхимынх нь сайд нар огцоролгүй ажлаа үргэжлүүлээд явах бололтой юм. Тэгэхээр Ерөнхий сайд огцордогоороо огцорсоор л байна гэсэн үг үү. Энэ нь нэг талаар танхимаа байгуулах Ерөнхий сайдын эрх мэдлийг  хязгаарлаж байгаа ч юм шиг.

Үндсэн хуулийг хэрхэн яаж өөрчлөх талаар ажлын хэсгийнхнээс илүү ард түмэн сайн мэдэж байгаа байх. Энэ 76-г, тэр дундаа Үндсэн хуулийн өөрчлөлтийг боловсруулах ажлын хэсгийнхнийг ухааны туйл гэж харвал үүн шиг эндүүрэл үгүй. Давхар дээлийг тайлъя, хотын статусыг сэргээе, нийслэл, дүүрэг, сум багийн Засаг дарга нараа орон нутгийн иргэд шууд сонгодог байя, намаар нь талцуулдагыг зогсооё гэдгийг Их Хурлынхнаас өмнө иргэд л ярьж байсан шүү дээ.

Хэрэв өнгөрсөн түүхээ эргэн харвал анхны төрт улсын хойч үе бид. Төрийн минь сүлд өршөө хэмээн сүсэглэдэг ард түмэн гэвэл дэлхийд ганцхан Монгол байсан байх. Төр хэмээх энэ их хүндлэл, эрхшээл, нэр хүндийг парламентын засаглал бүр мөсөн унагаад байгаа. Парламентын энэ бүтэлгүйтэл иргэдийг Ерөнхийлөгчийн засаглалыг мөрөөдөхөд хүргээд байгаа нь нийгмийн сэтгэл зүйн өнөөгийн чиг хандлага мөнөөс мөн. Энэ талаар улс төрийн хүрээнийхэн дунд дуугардаг хүмүүс ч бас цөөнгүй бий. Ер нь Ерөнхийлөгчийн засаглалтай улс илүү хурдан хөгждөг, засаглалын хийгээд хууль хэрэгжих хариуцлага төдий чинээ өндөр байдгийг судлаачид тодотгосон байх юм билээ.  Ийм байсаар байтал Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсгийн 10 гишүүн энэ хандлага хүсэмжлэлийг огтхон ч хайхарч үзээгүй нь илт байна.

Ер нь үндсэн хуулийн өөрчлөлтийг арван хүнд даалгах уу аль эсвэл ард түмнээрээ шийдэх үү гэдгээ тодотгож тодорхойлох цаг болчихжээ.

Ажлын хэсгийнхэн Үндсэн хуулийн өөрчлөлтөөр зөвхөн хууль тогтоогчдыг л хуяглах гэсэн өөриймсөг нөхөрсөг хандлагаа илэрхийлсэн байна. Төрийн ажилд ингэж хандмааргүй байна.

П.Булган

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top