Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээ УИХ-ын босго давснаас хойш сар гаруй болчихлоо. Анх “Аль болох хурдан”хэлэлцэх хүсэлт гуйлттай хууль тогтоогчдод очсон гэрээ харин гишүүдийн гарт бус Ажлын хэсгийнхэн гэх арваад хүний гарт очоод таг чиг болсон. УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгээр ахлуулсан энэ ажлын хэсэг байгаа үгүй нь мэдэгдэхгүй байснаа хоёр хоногийн өмнө гэнэт хаалттай хуралдлаа. Энэ хурлын дараа Л.Эрдэнэчимэг “Тавантолгойн гэрээг Засгийн газарт буцаах байх” гэсэн бүдэг бадаг хариулт өгсөн байна лээ. Тэгэхээр гэрээг УИХ-аар хэлэлцэхгүй гэдэг нь тодорхой болж байгаа гэсэн үг.
Ажлын хэсгийнхний ярьж буйгаар энэ гэрээнд олон хуудастай дүгнэлт гаргаснаа онцолсон байна лээ. Маш сайн судалгаа дүгнэлт хийсэн гэсэн санаа бололтой. Тэрчлэн гэрээний англи хувилбарыг өгөхгүй байгаа гэх гомдол бас дагалдаж байгаа. Англи хэл дээрхи эх бол асуудал үүсч Арбитрийн шүүх дээрээ тулбал гол нотлох бичиг баримт болох учир харьцуулж харах нягтлах шаардлага байгаа нь тодорхой. Хэрэв Засгийн газар гэрээний англи эхийг өгчихвөл ажлын хэсгийнхэн 2-3 хоногт шийдвэрээ гаргах боломжтой гэж үзэж буй.
Ажлын хэсгийнхэн урьдчилсан байдлаар хийсэн нэг дүгнэлт гэвэл хэд, хэдэн зүйлд нэг компанийг шалгаруулах зорилгоор зарим нэг баримт бичигт өөрчлөлт хийсэн гэж үзэж байгаа. 2014 оны Засгийн газрын 268-р тогтоолоор Тавантолгойн орд газрыг шалгаруулах тендерийн долоон зүйлтэй шалгуур бий. Гэтэл энэ тогтоолыг батлах протоколыг Засгийн газар ажлын хэсгийнхэнд одоо болтол өгөхгүй байгаа юм байна. Дээрхи дүгнэлтийг хийх шалтгааны нэг нь энэ болж байна.
Түүнчлэн хөрөнгө оруулагчдын зүгээс санхүүгийн байдалд дүн шинжилгээ хийсэн бие даасан мэргэжилтнүүдийн дүгнэлтийг ирүүлээгүй байгааг ажлын хэсгийн ахлагч нотолсон.
Ажлын хэсгийнхэн одоогоор ямар дүгнэлтэд хүрээд байгаа вэ гэвэл “Монголын төмөр зам” компани 51 хувиа эзэмшээд Гашуун-Сухайт-Ухаахудаг чиглэлийн төмөр зам болон зүүн чиглэлийн 1300 км төмөр замынхаа асуудлыг хөрөнгө оруулагчид хамтад нь шийдэх ёстой гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл хөрөнгө оруулагчид зүүн чиглэлийн шинээр тавих төмөр замыг хамтад нь хариуцах нь зөв гэж байна. Энэ нь мэдээж эх орны эдийн засгийн эрх ашигт илүү нийцэх нь тодорхой. Үүний тулд Тавантолгойн хөрөнгө оруулалтын тендерийг дахин зарлах гарц үлдэж байх шиг байна.
Ажлын хэсгийнхэн 2010 онд шалгарсан зургаан компанидаа дахин хүсэлт эдгээрээсээ хамгийн эхэлж төмөр замд хөрөнгө оруулалт хийх компаниа шалгаруулъя. Тэр компанидаа Тавантолгойн олборлолт хийх эрхийг өгье гэдэг дүгнэлт гаргахаар төлөвлөж байгаа аж.
Тавантолгойн хөрөнгө оруулалтын одоогийн гэрээг гацаах нэг хүчин зүйл нь мөнөөх алдарт 1072 ширхэг хувьцаа болчихоод байгаа юм. Энэ бол нийт иргэдтэй холбоотой асуудал учраас популизмын бэлээхэн сэдэв болчихдог аюултай. Харин ажлын хэсгийнхэн энэ асуудлаар зарим нэг гаргалгааны боломж байна хэмээн үзэж байна. Тухайлбал, Тавантолгойн нийт 15 тэрбум хувьцаа гаргасан. Үүнийг нэрлэсэн үнээр нь тооцоход 14 их наяд төгрөгийн хувьцаа болно. 2.1 сая иргэн болон аж ахуй нэгжүүдийн хувьцаа 1.5 их наяд төгрөгөөр үнэлэгдэж байгаа. Гэхдээ Монгол Улсын Засгийн газар эзэмшиж буй хувьцаагаа хэнд, хэрхэн эзэмшүүлэх нь өөрийнх нь эрхийн асуудал. Тиймээс иргэдийн болон аж ахуй нэгжүүдийн хувьцааг цааш нь дамжуулан хэн нэгэнд ашиглуулах гэж байгаа бол зөвшөөрлийг нь авах ёстой. Эсвэл нөхөн төлбөрөө төлөх ёстой. Тиймээс Засгийн газар энэ хувьцааг 1.5 тэрбумаар худалдаж аваад, дараа нь хэрэгжүүлэгч компаниудад өгч болох юм гэж харж байгаа ажээ. 1072 хувьцааг амилуулах нэг аргыг ийм хувилбараар тооцож байна.
Харин энд нэг тодотгох асуудал бол шинэ хувилбараар Эрдэнэс Тавантолгой компани 51 хувийг дангаараа эзэмших бус хөндлөн чиглэлийн төмөр замыг барих 3.1 тэрбум ам.доллар, урагшаа чиглэлийн 268 км төмөр замыг барих нэг тэрбум ам.доллар гээд нийтдээ 4.5 тэрбум ам.долларыг төмөр замд гаргаж чадах тэр компаниудад Тавантолгой нээлттэй байхаар зохицуулалт хийх бололтой. Гэхдээ энэ бүхэн бол УИХ-аас байгуулагдсан ажлын хэсгийнхний боловсруулсан санал. Тэдний үзэж буйгаар одоо өргөн баригдаад байгаа Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээ маш олон хууль, тогтоомжийг зөрчсөн, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжүүд зэрэг 2010 оноос хойш гарсан олон хууль тогтоомжийг зөрчсөн гэрээний төсөл байгаа учраас аливаа хууль, тогтоомжийг зөрчсөн гэрээг УИХ-аар заавал хэлэлцэх шаардлагагүй гэж үзэж байгаа явдал юм.
Сэтгэгдэл ( 5 )
Ийм тэнэг хөрөнгө оруулагч Эрдэнэчимэгээс өөр олдох болуу даа
Tegdeg bol sain l bn harin tegej orj ireh kampani bhgui chuu dee malnuudaa
Тэгэхээр ямар хөрөнгө оруулагч олдох вэ дээ? Орос манай нүүрсийг тээвэрлэх үү?
Zugeer zasgiin gazariin chiidvereer yvah baisan ym teneg malnuudiin ugeer yvaad mongol tomrono gej bhgui
1072 хувьцааны оронд татвар, НД-ийн хөнгөлөлт үзүүлвэл ард түмэн болон бизнес эрхлэгчдэд илүү ашигтай болов уу