500-800 дахин их хар тугалга агуулагддаг хуванцар савнаас татгалзъя

Автор | Zindaa.mn
2015 оны 06 сарын 20

Бид өдөр тутмынхаа амьдралд хэрэглэдэг ус, саалийн сүүний хуванцар савыг эрүүл мэндэд хортой гэдгийг мэддэг боловч хэрэглэсээр байдаг. Хорт хавдар үүсгэгч бодисыг өндөр хэмжээгээр агуулдаг хуванцар савыг манай улсын нийт хүн амын 42.7 хувь хэрэглэдэг болох нь судалгаагаар тогтоогджээ. Хуванцар сав нь нэгээс долоо хүртэл ангилалтай. Нэг буюу тав нь хүний эрүүл мэндэд хоргүй, харин үлдсэн ангиллуудыг хүнсэнд хэрэглэхийг Олон улсын хуванцарын үйлдвэрийн нийгэмлэгээс 1988 онд хоригложээ. Нэг буюу тав гэсэн ангилалтай нь ундаа, ам зайлах шингэн, ургамлын тос болон уух шингэн зүйлс, эм бэлдмэл, витамин савлахад хэрэглэдэг хуванцар юм. Харин хориотой хуванцар нь угаалгын нунтаг, шампунь, биеийн шингэн саван, ургамлын тос зэргийн савлагаа юм байна. Мөн шатах, тослох материал савласан хуванцаруудаас хорт хавдар үүсгэх хортой нэгдэл ялгардгийг олон улсын мэргэжлийн байгууллага судалжээ. Тиймээс хуванцар савнаас татгалзах бодлогыг Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас гаргаад байгаа аж. Тус яамнаас Хүнсний сав баглаа боодлын аюулгүй байдлын дэд хөтөлбөрийг 2018 он хүртэл хэрэгжүүлэхээр болсныг дэд сайд Б.Батзориг ярилаа.

Хөтөлбөрийн хүрээнд дотоодын үйлдвэрлэлийг дэмжиж, эрүүл мэндэд хоргүй хуванцарыг нийлүүлэх ажилд дэмжлэг үзүүлэх гэнэ. Энэ талаар тэрээр “Энэтхэг болон Кувейт улсаас манай улсад дэмжлэг үзүүлэхээр болсон. Санхүүжилтээс 200 сая ам.долларыг хүнс, хөдөө аж ахуйн салбарт зарцуулахаар болсон. Үүнээс тодорхой хувийг эрүүл ахуйн шаардлага хангасан хүнсний сав боодлын үйлдвэрлэлд зарцуулна. Мөн мэргэжлийн хяналт, гаалийн байгууллагатай хамтран энэ талд дээр арга хэмжээ авна. Төрийн зүгээс ийм бодлого баримталж байгаа бол иргэд ч өөрсдийн сайн дураар хуванцар савнаас татгалзахыг уриалж байна” гэсэн юм.

Ойрын хугацаанд МХЕГ-ын даргын зөвлөлийн хурлаар хуванцар савнаас татгалзах зөвлөмжийг гаргахаар болсныг тэрээр дуулгасан юм. Мөн гаалиар оруулж ирэхэд хяналт тавих тухай ч ярилаа. Манай сонин хуванцар сав хүний эрүүл мэндэд аюул учруулж байгааг хөндөж өнгөрсөн жилүүдэд  нийтлэл, сурвалжлага бэлтгэж байсан билээ. Тэгвэл төрийн зүгээс энэ асуудалд анхаарал хандуулж эхэлж байгаа нь сайшаалтай. Хамгийн гол нь иргэд өөрсдөө эрүүл мэндээ бодож хуванцар савнаас татгалзах цаг болжээ.

ДЭМБ-ЫН ЗӨВЛӨМЖИД

* Хуванцар саванд байх хар тугалганы хэмжээ 0.01 мг/л байх ёстой гэж заасан бол тосны канистерт 500-800, цэнхэр том саванд 60-72 дахих их

* Формальдегид хуванцар сав суулганаас химийн болисын хүнсэнд шилжих зөвшөөрөгдөх дээд хэмжээ тосны канистерт 1800-3900, цэнхэр том саванд 3600-6900 дахин их

* Формалины хэмжээ тосны канистерт 27.0-39.17 мг, цэнхэр том саванд 37.67-53.43 мг тус тус байдгийг онцолжээ

Зууны мэдээ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top