“Үхэл”-ийн импорт

Автор | Zindaa.mn
2015 оны 07 сарын 03

Мэргэжлийн хяналтын байгууллагынхан эм ханган нийлүүлдэг байгууллага, эмийн сангуудыг шалгажээ. Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа 60 гаруй байгууллага хамрагдснаас 20 хувь нь өндөр эрсдэлтэйд тооцогдсон хэмээн мэдээлэв. Эдгэнэ, эрүүлжинэ гэсэн итгэлээр зорьдог эмийн сангууд маань ийм эрсдэлтэй аж. Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, хаяг шошгоны зөрчилтэй, хугацаа нь дууссан эм, эмийн хэрэгслийг худалдаж байсан гэнэ.

Энэ оны эхээр Монгол дэлхийн хамгийн өндөр үнэтэй эм хэрэглэдэг 10 орын нэгээр нэрлэгдэв. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага ийн нэрлэсэн хэрэг. Монголд хамгийн ашигтайд тооцогдож байгаа хоёр  бизнесийн нэг нь эмийн худалдаа. Нөгөөх нь архины үйлдвэрлэл. Хаана ч байхгүй өндөр үнээр, хэд нугалж зардаг болохоор эмийн бизнес хамгийн ашигтайд тооцогдохоос яахав. Тэгээд ч бидэнд тогтож хэвшсэн нэг буруу дадал зуршил бол эмийг цай талх шигээ замбараагүй хэрэглэдэг явдал.

Монголчуудын амьдралын олон өнгө будгийн нэг хэсэг нь нэг иймэрхүү. Байнгын эрэлттэй байгаа хэрэглээ нь эргээд хуурамч эмийн арилжааг дэмжиж байна. Өнөөдөр монголын зах зээл дээр борлуулж байгаа эмийн чанарыг импортлогчдоос нь өөр хэн ч мэдэхгүй.  Эрүүл мэнд хийгээд эмийн чанар байдлын тухай асуудал үндэсний аюулгүй байдлын бүрдэл хэсэг болдог байж таарна.  Гэвч энэ хяналтыг хэдийнэ гарынхаа салаагаар асгаж алдаад зөнд нь орхичихсон.  

Монголчуудад нүүрлэж байгаа нэг гамшиг бол энэ хуурамч эм. Гунигтай ч гэх үү,  нэгэн тохиолыг санаж байна. Монгол Улсын эрүүл мэндийн сайд асан С.Ламбаа “Монголчууд хоолондоо хорддог байсан бол эмэнд хордож байна” хэмээн 2010 онд сайд байх үедээ ярилцлагадаа дурдаж байв. Сайд "Эмийн хяналтыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар тавьдаг, уг нь бол ЭМЯ-ны дэргэд байх ёстой” гэж  сануулж байсан. Эндээс импортлогч нарт өгдөг зөвшөөрөл, тэдэнд тавих хяналт хоёр нь салчихсан юм байна гэж ойлгогдож байгаа юм. Түүнээс хойш 5 жил өнгөрч байгаа ч ийм байдал, энэ тогтолцоо хэвээрээ л байна.

Манай ихэнх импортлогчид ОХУ-аас эмээ оруулж ирдэг. Гэтэл Оросоос орж ирж байгаа эмийн 80 хувь нь хуурамч байдаг гэсэн тоо баримт байх юм. ОХУ-ын эм ханган нийлүүлэгчид  харилцагчиддаа нэг эмийн хэдэн янзын хувилбар санал болгодог тухай сонсч байсан юмдаг.   Харах өнгө нь ялгах юмгүй ч харин эмчилгээний идэвхит бодисын агууламж нь харилцан адилгүй байдаг гэнэ. Мэдээж стандартаас бага хэмжээний идэвхит бодисын агууламжтай байна гэдэг хуурамч гэсэн үг. Хямд үнэ, унах ашгийг нь бодоод мөнөөх хуурамч руу хошуурна. Иймэрхүү янзаар л эмийн импорт хийгддэг байх магадлалтай. Харин стандарт хангасан хэсгээ хяналтынхны сорилтод өгч байхыг үгүйсгэх аргагүй гэсэн иргэдийн хар сэр байх юм билээ.

ДЭМБ-ын хэдэн жилийн өмнө гаргасан тооцоогоор хуурамч эмийн борлуулалт жил бүр 32 орчим тэрбум ам.доллараас давдаг гэжээ.

Ийм эмчилгээний идэвхит бодисын агууламж стандартаас доогуур байх нь  ихээхэн гай гамшигтай гэж байна. Тухайлбал ийм эм  өвчнийг эдгээхийн оронд өвчний бактерийг тухайн эмэнд тэсвэртэй болгон дархлаажуулдаг аж. Эмэнд дасамтгай сүрьеэ энэ тэр бол хуурамч эмийн гай бололтой юм.  Хуурамч эм ганц Монголын асуудал биш юм байна. Хараад эсвэл амсаад хуурамч эсэхийг нь ялгах аргагүй. Түүнийг танихын тулд нарийн технологи бүхий лабортори хэрэгтэй. 

ДЭМБ-ын хэдэн жилийн өмнө гаргасан тооцоогоор хуурамч эмийн борлуулалт жил бүр 32 орчим тэрбум ам.доллараас давдаг гэжээ. Эмийн дүүргэгч материал гэж байдаг. Тэр нь аюулгүй, экологийн түүхий эд, бүтээгдэхүүн байх учиртай. Тухайлбал шавар бол ширхгийн эмийн нэг дүүргэгч болдог. Гэтэл хуурамч эмийн бас нэг аюул нь дүүргэгч материалыг хүний биед хор хөнөөлтэй материалаар орлуулсан байдаг гэнэ. Хуурамч эм өвчнийг анагаахгүй, харин ч тэмээн дээр ямааны гарз гэгчээр харшил өгч, өөр өвчнөөр өвчлөх нэг шалтгаан болдог тухай ДЭМБ-аас анхааруулдаг. 

2012 онд Пакистанд 100 гаруй хүн хуурамч эм хэрэглэсний улмаас шууд нас барж байсан бол эмийн хяналт харьцангуй сайн АНУ-д гэхэд Бостон хотод 11 хүн нас барж 100 гаруй хүн өвчилж байсан тохиодол бий. Хавдраас хамгаалах нэгэн тунг шинжлэхэд эмчилгээний идэвхит болисын агууламж огтхон байгаагүй гэдэг. Энэ хуурамч эм Туркт үйлдвэрлэгдээд Швейцариаас Дани улс руу экспортлогдож,  тэндээсээ  дистрибьютораар дамжин АНУ-д импортлогдсон байх жишээний. Эндээс анзаарахад хуурамч эм хэд хэдэн орны нийлүүлэгчдийг дамжин зам мөрөө бүдгэрүүлдэг  болох нь тодорхой байна. Тэрчлэн АНУ-д 2007-2008 онд хуурамч эмийн улмаас 149 хүн амь насаа алдаж байсан баримт бий. Ийм олон хүний амь насыг авч одсэн тэр эм нь хууль журмын дагуу тус улсад импортлогдсон байсныг олж тогтоожээ. Эмийн хяналт гэдэг ийм амаргүй аж.

Өөр нэг аюултай жишээ байна. Ядуу буурай, эсвэл хөгжиж байгаа орнуудад гадаадын тусламжаар эм, урьдчилан сэргийлэх тарилга их нийлүүлэгддэг. Манайх ч бас нэг иймэрхүү замаар тухайн үеийн хэрэглээгээ хангаж байсан байх. Гэтэл тэр сайн санааны гэсэн тодотголтой тусламж дунд сайн саарын аль аль нь нуугдаж байдаг аж.

1995 онд Африкийн Нигер улсад дэгдсэн халдварт менингетийг дарахад хөгжилтэй орнуудаас вакцин хандивлажээ. Хандивлагч орнуудынх нь нэрийг сонсоход л найдвартай гэсэн итгэл төрмөөр байсан гэнэ. Гэтэл тэр дунд 50 000 тун вакцин нь хуурамч байсан бөгөөд үүний улмаас наанадаж 2500 хүн амь насаа алдаж байсан тохиолдол байна.  Африк тивд хумхаа өвчний улмаас жил бүр нэг сая орчим хүн амь насаа алддаг бөгөөд хэрэв чанартай, стандартын дагуу үйлдвэрлэсэн эм тан хэрэглэдэг бол тэдгээраас хамгийн багадаа гэхэд 200 мянган хүний амийг аврах боломжтой байдаг гэжээ. Эндээс юу харагдаж байна вэ гэхээр хуурамч эм бол ердөө үхэл л юм байна. Өөрөө хэлбэл эмийн сангаас үхэл худалдаж авч байгаагаас ялгаагүй аж.

2012 онд Пакистанд 100 гаруй хүн хуурамч эм хэрэглэсний улмаас шууд нас барж байсан бол эмийн хяналт харьцангуй сайн АНУ-д гэхэд Бостон хотод 11 хүн нас барж 100 гаруй хүн өвчилж байсан тохиодол бий.

ДЭМБ-ын тайланд дурдснаар ядуурал нь хуурамч эм үйлдвэрлэл, хэрэглээний үндсэн хүчин зүйл болж байгаа ажээ. Тухайлбал тус байгууллагын гаргасан тооцогоор хуурамч эмийн 60-аас доошгүй хувь ядуу буурай орнуудын зах зээл дээр борлуулагдаж байгаа гэнэ.

Манай улс хоёр их хөршийн дунд оршдог. Хоёр хөрш маань хуурамч эм үйлдвэрлэлээрээ хэн хэн нь нэг их хоцрохгүй. Гэхдээ урд хөршийн хувьд дотоодынхоо хуурамч эм үйлдвэрлэгчидтай хатуу тэмцэл явуулж байгаа. Хэдэн жилийн өмнө  тус улс хуурамч эм үйлдвэрлэдэг 1300 үйлдвэрийг илрүүлж хаасан тухай мэдээлж байсан. Тэдгээр үйлдвэр нь жилдээ 57 сая ам.долларын эм үйлдвэрлэж байсан гэдэг.

Байдал нэг иймэрхүү. Асуудлыг өөдрөгөөр харах ямар боломж байна вэ. Одоохондоо импортлогч нартаа итгэх итгэл, тэдний хүн чанарт л найдах л үлдэж байна. Эрүүл мэндийг эмийн сангаас худалдаж авдаггүй  гэж үнэн аж. 

 



 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top