Жилийн жилд л төлбөрөө нэмж, энэ байдлаа уламжлалт ёс шиг ойлгуулахаар аашлах болоод удаж буй их, дээд сургуулиуд энэ жил төлбөрөө арай хэтэрхий нэмснээс оюутан залуус бухимдаж болон тэдгээрийн эцэг эхчүүдэд ирэх дарамт улам ч нэмэгдэв. Өмнөх жилийн оюутны төлбөрийн зээлээ төлж дуусаагүй эцэг, эхчүүдэд энэ улам дарамт болох нь ойлгомжтой. Монголын Оюутны Холбоо /МОХ/-ноос их, дээд сургуулиудыг нэмсэн төлбөрөө эргэж харахыг шаардсан ч тусыг эс олов. Бүр Боловсролын сайд нь хүртэл 40 хүртэлх хувиар нэмээд буй их, дээд сургуулиудыг төлбөрөө 10 хувиар бууруулахыг уриалсан ч эс тоов. Үүн дээр нэмээд их, дээд сургуулиуд эн жил мөн дотуур байрныхаа төлбөрийг өмнөх жилүүдээс өндрөөр нэмсэн. Ингэхдээ инфляцийн өсөлтөөс хамаарч төлбөрөө нэмсэн гэсэн юм. Тэгэхээр улстөрчдийн үгүйсгээд, ард түмэнд мэдрэгдээд буй эдийн засгийн хямралыг их, дээд сургуулийн удирдах зөвлөл хүлээн зөвшөөрөөд байгаа юм биш үү. Монгол Улсад Хуулиараа бол Боловсролын сайд нь ч их, дээд сургуулийн төлбөрийн асуудалд оролцох эрхгүй байдаг аж. Ийм гажиг тогтолцоотой Монгол Улс шиг Боловсролын сайд нь хүртэл их, дээд сургууль, тэр тусмаа улсын сургуулийн асуудалд оролцож болдоггүй өөр ямар ч улс дэлхийд байхгүй биз. Ямартай ч, төлбөр нэмэгдсэнийг эсэргүүцсэн жагссан оюутнууд тэмцлийг нь үл тоож, нэмэгдсэн төлбөрийг хэдхэн хувиар ч болов бууруулах шаардлагыг нь хүлээж аваагүй их, дээд сургуулиудаа эсэргүүцэж хичээлдээ суухгүй хэмээв. Юутай ч, ирэх есдүгээр сарын 1-нд хичээлдээ суух ёстой хэдэн оюутан хичээл номоо таслах нь тодорхой байна. Нөгөө талаас тэднийг сургуулиас нь завсардуулсан хариуцлагаа их, дээд сургуулиуд үүрэхгүй л болов уу. Тиймээс хичээлдээ суухаас өөр аргагүйд хүрч байх шиг байна даа.
Э.Төгс
Сэтгэгдэл ( 1 )
ОЮУТНУУД АА ,ТӨЛБӨРӨӨ БИТГИЙ ТӨЛ МӨН ТӨЛБӨР НЭМСЭН ТУЗ ГИШҮҮДИЙГ ЗУУН ХУВЬ БҮГДИЙГ ОГЦОРТОЛ ЖАГС ТА НАРЫН АРД ТӨЛБӨРИЙН ЧИНЬ МОНГОЛЫН АРД ТҮМЭН ЗОВДОГ ЮМ