Баасанхүү шиг Их хурлын гишүүн гэж хаа байдаг юм, Баянсэлэнгэ сайд болчихлоо гээд л нийгмээрээ нэг их нервтэж, дургүйцсэн улс байх юм. Төөрсөн хүмүүс өнгөрснөө шүтэж, өнөөдрөө үзэн ядаж, ирээдүйгээсээ айдаг гэж Антон Чехов хэлсэн байдаг. Бас ямар ард түмэн байна, тийм л төр оршино гэлцдэг. Улсаа удирдахад ухаан нь үл хүрэх, төр барилцахад боловсрол, мэдлэг нь төө хир дутах олон “тэнэг” түшмэдүүдийг “дээшээ гаргасан” нь эцсийн дүндээ бидний л буруу. Бидний сонгосон энхрий хайрт Н.Энхбаяр даргын намын эдгээр хүмүүсээс гадна сонин хачин үг, үйлдлээрээ ард түмнээ ангайлгаж байдаг зөндөө олон гайхлууд Их хурал, төр засагт бий. Төмөр зам тавихаар танк орж ирнэ ч гэх шиг, туулай агнасаа түмэнд гайхуулж ч байх шиг.
Энэ бүхэн сонгогчийн боловсрол гэж маш чухал агуулгыг бид үл тоож, эс мэдэж хар ухаанаараа улс төрийн сонголт хийсээр өдий хүрсэний гай. Нэр дэвшигчдийн түүх намтар, ёсзүй, боловсрол мэдлэг, туршлагаас илүүтэй өнгө төрх, эд баялаг, эрх мэдэл, нутаг ус, намын харъяаллыг чухалчлан үзсээр ирсэн нь үнэн. Бас сонгууль бүрээр тэдний амладаг худал үгс, хэрэгтэй хэрэггүй ахуйн бараанд итгэл үзүүлдэг нь ч гашуун үнэн.
Нүдэнд дулаахан хүү байна билээ тэрийгээ л дэмжинэ, эртээр манайд орж ирээд гүймөн сайхан цаг өгсөн тэр хүүд л саналаа өгнө, тэтгэвэр нэмнэ гэсэн тэр сайхан амтай хүүгээ л дугуйлах минь гэсэн яриа таньд дэндүү танил сонсогдож байгаа биз?
Энэ бүхнээс ангижрах ганц гарц бол сонгогчийн сонгох боловсролыг сайжруулах явдал. Энд би сонгогч таны их дээд сургууль төгссөн эсэх тухай биш сонгогч хүний сонгох боловсрол гээчийн тухай яриад байгааг эрхбиш гадарлаж байгаа буй за. Жилээс жилд буурсаар байгаа сонгогчдын ирцээс л манай сонгогчийн боловсрол ямар доогуур түвшинд очсоныг харж болно. Сонгогчийн боловсрол дутмаг байдгаас бид сонгуульд хэрхэн яаж оролцохоо мэддэггүй, хууль бус үйл ажиллагаанд автан саналаа худалдах, авлигал авах, үзэмжээр сонголт хийх, бусдын үгэнд автах зэрэг алдаанууд гаргасаар ирсэн. Товчхондоо бидний алдааны үр дүнгүүд өнөөдөр УИХ-аар дүүрэн байгаа гээд хэлчихэд хилсдэхгүй. Тиймээс сонгогчийн боловсролын талаарх ойлголтыг өсвөр үеэс буюу дунд сургуулиас нь эхлэн эзэмшүүлж, сонгуулийн талаар зохих мэдлэгтэй, соёлтой, нийгмийн идэвхи бүхий шударга иргэнийг бэлтгэх хэрэгтэй. Хүүхдүүдэд багаас нь сонгогчийн боловсрол нь иргэний боловсролын нэг чухал бүрэлдэхүүн хэсэг болохыг сайтар ойлгуулах юм бол ядаж л бидний алдааг давтахгүй шүү дээ.
Нөгөө олон гадаадын донор байгууллагууд, холбогдох төрийн байгууллагууд, өөрсдийгөө тэмцэх, жагсахаас өөр ид шидгүй гэсэн “гаж” ойлголттой зарим төрийн бус байгууллагууд хамтраад ч болов энэ чиглэлээр системтэй цогц судалгаа явуулж, улс орон даяар төсөл хөтөлбөр хэрэгжүүлмээр санагдана. Учир нь дараагийн сонгууль юу юугүй хаяанд тулаад ирлээ. Явж явж одоо болохгүй бүтэхгүй гээд байгаа улс төрөө шинэчлэн сайжруулахын тулд хамгийн эхэнд хийх ёстой зүйл нь Сонгогчдын сонгох боловсролыг дээшлүүлэх явдал. Бид мэдлэг мэдээлэлгүй, мангар тэнэг, өнөөдрөө харсан, өглөг барьцанд автамхай байх тусам нөгөө “гайхлууд” л хожно. Тиймээс засаг төрөөс өнөөдрийг хүртэл энэ чиглэлээр юу ч хийхгүй , ямар ч бодлого хөтөлбөргүй байгаад гайхах ч юм алга.
А.Алтантуяа
Сэтгэгдэл ( 2 )
Зиа, намын жагсаалтаар хүчээр чихчихсэн нөхдүүд байна шүү. Ер нь улстөр гэдэг хэн бэлэн шааж чаддаг нь эрх мэдэлд хүрч баяждаг, угаасаа л хамгийн бохир бизнес гэдгийг иргэдэд үнэнээр нь ойлгуулах хэрэгтэй. Ялангуяа Монголд бол хамгийн ашиг орлоготой, амархан баяждаг бизнес шү дээ.
Сонгогчдийн боловсролыг дээшлүүлэх ч юуны өмнө хийх ажлын нэг ч яах аргагүй мөн шүү_Гэхдээ л одооны 60 аас дээш настангууд 25 аас доошхи насны бацаанууд,хялбархан амьдрахыг мөрөөдөж дарга нарын цүнх барьж гүйгчид алга болоогүй үед сонгууль гэдэг зүйл үнжн утгаараа явагдахгүйээ