Business Insider гээд нэг сайт Монгол Улсыг дэлхийн хамгийн өрөвдөлтэй 18 улсын тоонд оруулчихжээ. Гэхдээ тэд зүгээр нэг таамгаар ийм жагсаалт хийсэнгүй, 2014 оны CIA World Factbook мэдээллийг ашиглан гаргасан гэнэ. Энэ жагсаалт дунд Монгол маань мөнөөх иргэний дайнд нэрвэгдэж буй Сири, Йемен, санхүүгийн дампууралд орчихоод байгаа Грек зэрэг оронтой эн зэрэгцэн бичигдсэн байна. Сүүлийн үед гадаадын хэвлэл мэдээлэл Монголыг “Азийн Грек” хэмээн нэрлэх болсныг та бүхэн анзаарсан байх. Ер нь бол 2016 оны хавар дампуурах магадлалтай гээд урд хөршийн дэлхийд нэртэй том агентлаг Монголыг маань зарлачихсан шүү дээ.
Гадаад талдаа бидний илэрхийлэл нэг иймэрхүү байна. Ийм байхад гадаадын хөрөнгө оруулалт энэ тэр бол зүгээр л мөрөөдөл байхаас яаж хэтэрхэв. Эрхбиш алт зэсийн арвин нөөцтэй аварга том орд нь Монголын говьд байгаа болохоор Рио Тинто далд уурхайдаа хөрөнгө босгохоос өөр гарцгүй. Зүгээр ч нэг хөрөнгө оруулахгүй, Монголын Засгийн газраар буулт хийлгэж, гэрээгээр баталгаажуулж баймаажин Дубайд үзэглэсэн. Одоо энэ гэрээ нь популистуудын эх орончоо илэрхийлэх гайхалтай сэдэв болчихоод байгаа.
Гэтэл муу дээрээ муухай, муухай дээрээ улцан харагдах гэж байгаа юм шиг манай хууль тогтоогчдын баталсан Өршөөлийн тухай хууль гадаад ертөнцөд Монголын нэр нүүрийг нэгмөсөн улалзуулж байна. Ийм хууль баталсаных нь төлөө олон улсын Транспэрэнси Интернэшнл байгууллагын Берлин дэх төв оффис Монгол Улсын Ерөнхийлөгчид эмгэнэл илэрхийлсэн гэдэг. Монголд хаягласан эмгэнэл үүгээр дууссангүй. Өнгөрсөн сарын сүүлч, энэ сарын эхээр Малайзийн Куала-Лумпур хотноо Авлигын эсрэг олон улсын чуулган болж өнгөрсөн. Энэ чуулганд дэлхийн 100 гаруй орны 300 гаруй төлөөлөгч оролцжээ. Тэгвэл энэ чуулганы төлөөлөгчдийн олонхийн саналаар манай Улсын Их Хуралд хандан бас эмгэнэл илэрхийлсэн гэнэ. Ер нь дэлхийн олон орон Монгол Улс авлигачдыг өршөөсөн хууль баталсаныг харамсан буруутгаж байгаа аж. Энх тунх, элдэв гамшиг, осолгүй байгаа мөртлөө хуудуутай хуулийнхаа төлөө бусдаас эмгэнэл хүлээж авна гэдэг жинхэнэ эмгэнэл тэр болох байх.
Тэгвэл Олон улсын хамтын нийгэмлэг буюу НҮБ манай Өршөөлийн хуульд дүн шинжилгээ хийж санал дүгнэлтээ ирүүлжээ. Бүр тодруулбал, НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албаас Монгол Улсын Өршөөлийн тухай хууль Авлигын эсрэг НҮБ-ын конвенцтэй нийцэж буй эсэх талаар хийсэн албан ёсны дүгнэлтийг ирүүлсэн байна.
Энэ захидалд дурдснаар “Монгол Улсын Өршөөлийн тухай хууль нь бүрэн өршөөл үзүүлэх, авлигын гэмт хэргийг оролцуулан гэмт хэргийн ангиллыг бүхэлд нь ял шийтгэлээс чөлөөлөх, мөн холбогдох мөрдөн байцаах, шүүх ажиллагааг зогсоохоор заасныг тодотгож, энэ нь Конвенцид заасан зарим үүргийг зөрчихөд хүргэж болох эргэлзээтэй нөхцөл байдлуудыг үүсгэж буй”-г цохон тэмдэглэсэн байна. Ингээд доорхи асуулга анхааруулгыг өгсөн байна. Үүнд:
-Нийтийн албан тушаал хашиж байгаа гэм буруутай этгээдүүдийг мөрдөн шалгах ажиллагаа, ял шийтгэлээс чөлөөлөх болсон шалтгаан юу вэ? (Авлигын эсрэг НҮБ-ын конвенцийн 30 дугаар зүйлийн 7 дугаар догол мөр)
-Авлигын гэмт хэргийн хохирогч, түүний хор уршигийг амссан этгээдүүдийн эрхийг хэрхэн хангах вэ? (Авлигын эсрэг НҮБ-ын конвенцийн 35 дугаар зүйл)
-Дотооддоо болон олон улсын түвшинд авлигын гэмт хэргийн гаралтай хөрөнгө орлогыг битүүмжлэх, хураах, буцаан авах чиглэлээр явуулж байсан эрүүгийн мөрдөн байцаах ажиллагааг зогсоосны улмаас үүсэх үр дагавар ямар байх вэ? (Авлигын эсрэг НҮБ-ын конвенцийн 31 дүгээр зүйл)
Авлигын эсрэг НҮБ-ын конвенцийн үнэлгээний тайланд дурдсанаар бол авлигын холбогдолтой гэмт хэрэгт баривчлах ял авсан этгээдүүдийн ялын хугацааг нь бүрэн дуустал эдлүүлж, зөвхөн цөөн хэдэн тохиолдолд холбогдох заалтыг хэрэгжүүлж болох талаар зарим улс орнууд зарчмын хувьд тусгаж өгсөн байдаг гэнэ. Эндээс харвал авлига албан тушаалын хэрэгт оноосон ялыг өршөөлд хамруулахгүй хугацааг нь дуустал эдлүүлдэг болох нь харагдаж байна.
Түүнчлэн авлигын эсрэг НҮБ-ын конвенц нь хугацаанаас нь өмнө ялаас чөлөөлөх, батлан даалтад гаргах ажиллагааг явуулахдаа гэмт хэргийн хор уршигт тохирсон шалгуур тавьж, улс төрийн шинжтэй асуудал дээр ял шийтгэлгүй байдлыг үүсгэж, урвуугаар ашиглахгүй байхыг шаарддаг аж. Тэгвэл манай хууль тогтоочдын баталсан Өршөөлийн хууль НҮБ-ын энэ шаардлагын яг эсрэг гарч, улс төрийн нөлөөлөл эрх ашгаар хандсан нь анзаарагдана.
Ер нь гуя дагуулж хүзүү гэдэг шиг албан тушаалтнуудыг өршөөхийн тулд бусад жижиг гарын хэргүүдийг дагалдуулаад хууль гаргачихсан юм шиг байна даа.
А.Алтантуяа
Сэтгэгдэл ( 8 )
Монголын оршоолийн хууль гадаадыханд ямар хамаатай юм вэ? Битгий суржигнэ за!!!! Муу лаларууд
Оршоолийн хуулийн хориг тавиагуй хэсгийг хэрэгжуулээчээ!!! Ард тумний дунд хулээлт уусээд байн ш дэ!!!!!
Ene huuliig batlah gej ulaij baigaa Oyunbaatar Bayanselenge nart shagnal bolgoj said egch baihaar olon ulsiin davtsand ner hund unagasan gej hariutslaga tootsoh heregtei
hohiroloo baragduullaa urshuuluu boloo shvv dee.
Eronhiilogch mn horigoo sn taviad bgaarai.
Iim huuli batlaad suuj bgaa erhem gishyyd bol zygeer l emgenel
Энэ бол хэн нэгэн хүнд зориулж гаргасан хууль гэнэ гэж хүмүүс ярьж байгаа нь ортой байх. Харин ингэж зүтгүүлсэнийхээ төлөө санаачлагчид юу хүртэх бол. Харин энэ хямралтай үед Эдийн засгийн өршөөлийн хууль баталсан бол ядарсан ард түмэнд хэрэгтэй байсандаа. Тэр хууль яагаад чимээгүй болчихвоо
Эмэгнэлтэй